Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор С.Цэрэндалай,

          шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Т.Мд холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Туулын Т.М, 1997 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Клоун Ах” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Т.М нь эрүүгийн .................... дугаартай хэрэгт шалгагдаж байсан, хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Т.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн Боржигин овогт Туулын Т.Мд холбогдох эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Мг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн 1807002160063 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.М нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан, хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүний ятгалгаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон байна.

Налайх дүүргийн прокурорын газраас Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Мд холбогдох эрүүгийн 1807002180063 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд гэрч Б.Энхтөр, Т.М, Э.Халиунаа нарын “...миний урьд өгсөн мэдүүлэг худлаа”, гэрч З.Мөнхтуяагийн “2017 оны 08 дугаар сарын сүүлчээр Т.М нь манай гэрт ирээд надад тантай Б.Бат-Ирээдүй ирж уулзсан уу, таны нөхрийн бүх хохирлыг барагдуулна, худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад байхаар нь Э.Халиунаа, Ө.Энхтөр бид нар хараагүй, мэдэхгүй” гэж мэдүүлсэн, гэрч Б.Бат-Ирээдүй нь “би Б.Энхтөр, Т.М, Э.Халиунаа нарыг 2017 оны 07 дугаар сарын үед болсон явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч, би хохирогчийн хохирлыг барагдуулна” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Т.М нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2017 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг санаатай нуун дарагдуулсан, үнэнийг гуйвуулсан, Б.Бат-Ирээдүйд ял завшуулахаар зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнээд “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан энэ үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй” гэж дүгнээд гаргасан 44 дугаартай цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

- Гэрч З.Мөнхтуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...2017 оны 08 дугаар сарын сүүлээр Т.М нь манай гэрт ирээд, тантай Бат-Ирээдүй ирж уулзсан уу, таны нөхрийн хохирлыг барагдуулна, худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад намайг Энхбаатар ахыг цохисныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Халиунаа, Энхтөр бид гурав 2017 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон явдлыг хараагүй, мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн гээд байсан” /хх-ийн 2 х/

- Гэрч Бат-Ирээдүй 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн ....Би Халиун, Энхтөр, Т.М нарт 2017 оны 07 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч, би хохирогчийн хохирлын асуудлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм. ...” /хх-ийн 5-6 х/

- Гэрч Ө.Энхтөрийн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Бат-Ирээдүй, Т.М, Халиунаа бид дөрөв М клубийн ард очиж тамхи татаагүй, болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа. Бат-Ирээдүй нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа, би Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормооргүй байна, Халиунаа, Т.М бид гурвыг Энхбаатар ах намайг нэг удаа цохисон, тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубийн арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубийн тийш явсан, та нар араас ирэхэд зодоон дууссан байсан, хараагүй гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. ...” /хх-ийн 16-17х/

- Гэрч Т.Мгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Бат- Ирээдүй нь 2017 оны 07 дугаар сараас хойш Энхтөр, Халиунаа бид гурвыг миний талд ороод Энхбаатар ахыг намайг зодсон үйл явдлыг хараагүй, өөр газар байсан, зодоон дууссаны дараа ирсэн гээд худлаа мэдүүлэг өгөөч гээд бараг өдөр болгон тэгж гуйдаг байсан. Тэгээд Бат-Ирээдүй нь Халиунаа, Энхтөр бид гуравт М клубээс гарч ирээд Энхбаатар ахтай муудалцаад, тэгээд та гурав намайг салгаад Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би Отгоноо эгчтэй уулзаад ирье гээд явсан, тэгээд та гурав тамхи татчихаад миний араас ирсэн, тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй гээд гуйгаад байсан. Тийм учраас Халиунаа, Энхтөр бид гурав зодооныг хараагүй гээд мэдүүлэг өгчихсөн юм. ...” /хх-ийн 22-23 х/

- Гэрч Э.Халиунаагийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа, Бат-Ирээдүй 2017 оны 07 дугаар сарын үеэр Т.М, Энхтөр бид гурваас Энхбаатар ахын хохирлыг нь барагдуулсан ч ял авах юм шиг байна. Та нар намайг Энхбаатар ахыг цохихыг хараагүй гээд хэлээд өгчих, өөр газар тамхи татаж зогсож байсан. Тэгээд ирэхэд зодоон болоод дуусчихсан байсан гээд хэлээд өгөөч, би тэгвэл Энхбаатар ахын хохирлыг асуудалгүй барагдуулна. Та нар л миний хэлснээр мэдүүлэг өгөөч гээд нилээн олон удаа гуйсан. Тэгэхээр нь Бат-Ирээдүйгээс чи яг хохирлыг нь барагдуулсан юм уу гэж асуухад тэгнээ гээд гуйсан. Тэгээд Энхтөр, Т.М бид гурав ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй, хол очиж тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм. ...”  гэх мэдүүлгүүд /хх-ийн 10- 11 х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад баримтууд, Б.Бат-Ирээдүйд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 201701080221 дугаартай эрүүгийн хэрэгт Боржигон овогт Туулын Т.Мгийн дээрх үйлдлийг “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүх яллах дүгнэлтэнд авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан атлаа яллах баримтуудыг үндэслэн цагаатгасан. Цагаатгах үндэслэлээ тайлбарлаагүй, хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг” гэж үздэг. Харин хор уршгийн тухайд авч үзвэл, мэдүүлэг өгч буй гэрч нь сэдэлт, санаа зорилгын хувьд “болсон асуудлыг би гэрчлэх боломжтой” гэж хүлээн зөвшөөрчихөөд, “мэдэж байгаа зүйлээ үнэн зөв хэлнэ” гэж баталгаа гаргачихаад нөхцөл байдлын талаар зориуд төөрөгдүүлж буруу ойлголт өгөхөд чиглүүлэн мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа субъектив шинжээрээ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж үзэж байна. Объектив шинжийн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн /мөрдөгч, прокурор, шүүх ... гэх мэт/ үйл ажиллагаанд халдаж байгаагаар илэрхийлэгдэж байна.

Т.М нь дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн.”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан зэргээр Т.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, хэргийн хохирогч нь хохирч үлдэх зэрэг хохирол, хор уршиг гарч байгааг харгалзан үзээгүй.

Иймээс Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Мгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх шийдвэр гаргасан. Улсын яллагч хэрэгт авагдсан баримтыг өөрийнхөө яллах талын баримт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эсэргүүцэлдээ цагаатгах үндэслэлийг тайлбарлаагүй байна гэсэн. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгасан. Энэ үндэслэл нь шүүхийн хийсэн дүгнэлтээс арай өөр буюу эргэлзээтэй. Гэхдээ үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийнхөө байр суурь, саналаа илэрхийлсэн шинжтэй асуултууд асуусан гэж прокурорын эсэргүүцэлд дурдагдсан. Гэвч хэргийн нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүгч асуулт асуусан болохоос биш байр сууриа илэрхийлж байгаа илэрхийлэл биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Т.Мд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

 

Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд “...Т.М нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан, хамт ажилладаг Б.Бат-Ирээдүйн нөлөөнд автаж түүний удаа дараа ятгасан ятгалгын дагуу 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэжээ.

 

Гэтэл Т.М нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр /хх 19-20/ болон 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр /хх 21-23/ тус тус гэрчээр мэдүүлэг өгсөн байхад прокурор нь мэдүүлэг өгөөгүй өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийг хэзээ” үйлдсэн байдлыг зөв тогтоон яллаагүй байх тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн яллах дүгнэлтэд, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж мэдүүлэг өгөхдөө” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээлгэх хууль зүйн зохицуулалт байхгүй болно.

 

Т.Мгийн яг юу гэж мэдүүлсэн нь худал мэдүүлсэн мэдүүлэг болж байгаа талаар яллах дүгнэлтэд дурдагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

Хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад анхан шатны шүүх нь ямар нотлох баримтанд үндэслэн ямар үйл баримтад дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй буюу гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв. 

 

Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаар прокурор дүгнэлт хийж, яллах дүгнэлт үйлдээгүй байхад анхан шатны шүүх ямар үйл баримтад дүгнэлт хийн Т.Мг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Мөн хавтас хэргийн 142 дугаар хуудсанд, хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд авагдсанаар хавтас хэргийн материалыг яллагдагч Т.Мд биш Халиунаа гэх хүнд танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхээр дамжуулан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Д.МЯГМАРЖАВ

 

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ