Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02179

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02179

 

 

Шинэ шинэчлэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01853 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Шинэ шинэчлэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Назу проперти ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37 015 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ундрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК нь Назу проперти ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БН-2015/01 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, нийт 158 546 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Үүнээс 46 389 000 төгрөгийг бэлнээр, бартераар 43.74 м.кв 2 өрөө байрыг гэрээ ёсоор 87 480 000 төгрөгт тооцож авсан. Үлдэгдэл 24 677 000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байгаа болно. Иймд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцно гэсэн заалтыг үндэслэн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 24 677 000 төгрөгөөс хэтэрч байх тул 24 677 000 төгрөгийн 50 хувь болох 12 338 500 төгрөгийг алдангид нэмж нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Назу проперти ХХК-иас нийт 37 015 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид үндсэн төлбөр болох 24 677 000 төгрөг дээр эвлэрэх боломжгүй. Барилгын салбарт ажиллаж байгаа бүх компани бэлэн мөнгөний гачигдалд орсон, энэхүү 3 жилийн өмнөх 24 677 000 төгрөгийн үнэ цэнийг одоогийнхтой харьцуулах аргагүй тул бид алдангиас татгалзах боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани үндсэн төлбөр болох 24 677 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манай компанийн хөрөнгө оруулагч 2018 оны 9 дүгээр сард Монголд ирээд дээрх мөнгийг бэлнээр төлнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй учир нөхцөл байдал хүнд хэцүү байна. Энэ хугацаанд компанийн удирдлага 2 удаа өөрчлөгдөөд өрний асуудлыг шийдэж чадаагүй, нэхэмжлэгч компаниас өөр байгууллагуудад ч гэсэн өртэй байгаа. 2018 оны 8 дугаар сараас гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхээр болж өрний асуудлыг удирдлагууд шийдэхээр болсон. Манай компаниас блок өгч өрийг барагдуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч байгууллага зөвшөөрөхгүй. Иймд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 24 677 000 төгрөгийг төлж, харин алдангийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Назу проперти ХХК-иас 37 015 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Назу проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 343 027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шинэ шинэчлэлт ХХК-ийн нэхэмжлэлтэй Назу проперти ХХК-д холбогдох иргэний хэргийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01853 тоот Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Назу проперти ХХК-д холбогдох гэрээний үүрэгт төлөх дүнг алдангийн хамт нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК-д олгохоор шийдвэрлэснийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Назу проперти ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 12 388 500 төгрөгийн алданги гаргуулсанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК нь хариуцагч Назу проперти ХХК-д холбогдуулан худалдах, худалдан гэрээний үүрэгт нийт 37 015 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Шинэ шинэчлэлт ХХК нь хариуцагч Назу проперти ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Шинэ шинэчлэлт ХХК нь 727 м3 бетон зуурмаг нийлүүлэх, Назу проперти ХХК нь 106 869 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 158 546 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, үүнээс хариуцагч Назу проперти ХХК нь 46 389 000 төгрөгийг бэлнээр төлж, 87 480 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, 24 677 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн тээврийн мэдээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-9, 13 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байх бөгөөд хариуцагч нь гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөр 24 677 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг алданги 12 338 500 төгрөгийн хамт нийт 37 015 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо алдангийг зөвшөөрөхгүй гэх боловч талуудын байгуулсан гэрээний 6.3-т хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/01853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ