Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1853

 

 

 

 

 

     2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01853

                Улаанбаатар хот

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г, 507 тоотод байрлах “Ш”ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж-19/1, Хөнгөн бетон ХК-ийн байранд байрлах “Н”ХХК /РД: /-нд холбогдох,

        худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37.015.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн төлөөлөгч Б.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч “Ш” ХХК нь “Н”ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр БН-2015/01 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, нийт 158.546.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Үүнээс 46.389.000 төгрөгийг бэлнээр, бартераар 43.74 м.кв 2 өрөө байрыг гэрээ ёсоор 87.480.000 төгрөгт тооцож авсан. Үлдэгдэл 24.677.000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байгаа болно. Иймд гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэсэн заалтыг үндэслэн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 24.677.000 төгрөгөөс хэтэрч байх тул 24.677.000 төгрөгийн 50 хувь болох 12.338.500 төгрөгийг алдангид нэмж нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н”ХХК-иас нийт 37.015.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид үндсэн төлбөр болох 24.677.000 төгрөг дээр эвлэрэх боломжгүй. Барилгын салбарт ажиллаж байгаа бүх компани бэлэн мөнгөний гачигдалд орсон, энэхүү 3 жилийн өмнөх 24.677.000 төгрөгийн үнэ цэнийг одоогийнхтой харьцуулах аргагүй тул бид алдангиас татгалзах боломжгүй гэв.

            Хариуцагч “Н”ХХК-ийн төлөөлөгч Б.Ундрах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани үндсэн төлбөр болох 24.677.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манай компанийн хөрөнгө оруулагч 2018 оны 09 дүгээр сард Монголд ирээд дээрх мөнгийг бэлнээр төлнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани сүүлийн 2 жил  үйл ажиллагаа явуулаагүй учир нөхцөл байдал хүнд хэцүү байна. Энэ хугацаанд компанийн удирдлага 2 удаа өөрчлөгдөөд өрний асуудлыг шийдэж чадаагүй, нэхэмжлэгч компаниас өөр байгууллагуудад ч гэсэн өртэй байгаа. 2018 оны 08 дугаар сараас гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхээр болж өрний асуудлыг удирдлагууд шийдэхээр болсон. Манай компаниас блок өгч өрийг барагдуулах санал тавьсан боловч нэхэмжлэгч байгууллага зөвшөөрөөхгүй. Иймд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 24.677.000 төгрөгийг төлж, харин алдангийг төлөх боломжгүй гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Ш”ХХК нь хариуцагч “Н”ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37.015.500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба  уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ. 

            Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч “Ш”ХХК-иас М250 маркийн 727м3 бетон зуурмагийг 1м3-ийг 147.000 төгрөгөөр тооцон нийт 106.869.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийн 20 хувь болох 19.389.000 төгрөгийг бэлнээр, төлбөрийн 80 хувьд 43.74 м.кв 2 өрөө байр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-9/

            Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “Ш” ХХК нь М250 маркийн бетон зуурмагийг үйлдвэрлэж, захиалагч “Н” ХХК-нд шилжүүлсний үндсэн дээр хөлс авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байгаа боловч гэрээний зүйл болох М250 маркийн бетон зуурмаг гэсэн төрлийн шинжээр тодорхойлогдох 727 м3 бүтээгдэхүүнийг Монгол улсын стандарт нийцүүлэн үйлдвэрлэж, өөрийн нэрлэсэн үнээр нийлүүлж байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

          Нэхэмжлэгч “Ш”ХХК нь “Н”ХХК-нд дээрх худалдах, худалдан авах гэрээгээр 106.869.000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон боловч 158.546.000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн байх ба уг бүтээгдэхүүний төлбөрөөс хариуцагч “Н”ХХК нь 46.389.000 төгрөгийг бэлнээр, 87.480.000 төгрөгийн үнэ бүхий 43.74 м.кв 2 өрөө байрыг тус тус төлж, үлдэгдэл 24.677.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон тооцоо нийлсэн баримт зэргээр нотлогдож байна. /хх-13/

            Нэхэмжлэгч “Ш”ХХК нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн бүтээгдэхүүний  үлдэгдэл төлбөр 24.677.000 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 12.338.500 төгрөг, нийт 37.015.500 төгрөгийг шаардаж байх ба харин хариуцагч байгууллага дээрх худалдан авсан бүтээгдэхүүний үндсэн төлбөрийн үлдэгдэл 24.677.000 төгрөгийг зөвшөөрч, алданги 12.338.500 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь  хариуцагч “Н” ХХК-иас гэрээний үүргээ зөрчиж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 19.389.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, нийт 46.389.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 87.480.000 төгрөгийн үнэ бүхий 43.74 м.кв 2 өрөө байрыг тус тус нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 24.677.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь худалдсан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 24.677.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

            Мөн талуудын хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т  захиалагч тал нь төлбөр хийх хугацааг 3-аас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги нэмж тооцон төлбөрийг төлнө гэж заасан байх тул хариуцагч нь үлдэгдэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй 2015 оны 10 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны алданги төлөх үүрэгтэй байна.

            Гэвч зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар тооцсон алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг багасгаж 12.338.500 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

            Хариуцагч “Н” ХХК-ийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь компани үйл ажиллагаа явуулалгүй 2 жил болсоноос нөхцөл байдал хүндэрсэн гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

            Учир нь компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343.027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 343.027 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.     

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н”ХХК-иас 37.015.500 /гучин долоон сая арван таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш”ХХК-д олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 343.027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 343.027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш”ХХК-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР