Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02565

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02565

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Энхтөрд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 030 101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Н.Энхтөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.Энхтөр нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 73 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр 10 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 13 тоот гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 5 000 000 төгрөгийг тус тус хувийн хэрэгцээнд зориулж авсан. Н.Энхтөр нь зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин сар болгон хугацаа хэтрүүлж улмаар ангилал бууран чанаргүй ангилалд шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 57 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 6 431 728 төгрөг, зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 8 030 101 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Н.Энхтөртэй байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 73 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 13 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж үндсэн зээл 6 431 728 төгрөг, зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 8 030 101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Энхтөр шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Энхтөр нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Капитал банкны 21 дүгээр хороолол салбараас 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нэмж 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан болно. Тухайн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилладаг байсан тул цалингийн зээл авахаар хүсэлт гарган гэрээ байгуулан цалингийн зээлийг хуулийн дагуу авч 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж байсан. Уг зээлийн маань барьцаа эргэн төлөлт хийх эх үүсвэр нь миний ажлын хөлс, цалин хөлс болохоор ажлаас халагдаж ажилгүй болсноор уг зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэргүй болж зээлээ төлж чадахгүй байсан. Миний бие хэдийгээр ажилгүй болсон ч гэр бүлийнхээ дэмжлэгээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 560 000 төгрөг, бусдаас зээлж 12 дугаар сарын 28-ны өдөр 1 450 000 төгрөгийг зээлэндээ төлж байсан. Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар тогтоол гарснаас хойш Эрүү мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд ажилд эргүүлэн томилохгүй 7 сар гаруй хугацаа өнгөрч, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарзын шаардлагаар 8 дугаар сарын 28-нд ажилд маань эргүүлэн томилсон бөгөөд нөхөн олговрыг одоог хүртэл олгоогүй байна. Капитал банк надаас үндсэн зээлд 6 431 728 төгрөг, зээлийн хүүнд 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 266 396 төгрөг нийт 8 030 101 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Н.Энхтөр миний бие 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Капитал банкинд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 13 356 245 64 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу үүнээс 8 568 272 төгрөгийг үндсэн зээлд, 4 722 093 төгрөгийг зээлийн хүүнд, 65 130 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлж одоо үндсэн зээлд 6 431 727 94 төгрөг төлөхөөр байгаа нь үнэн болно. Зээл эргэн төлөлтийн хуваариар зээлийн хугацаанд зээлийн хүүнд 4 576 481 төгрөг төлөх ёстойгоос хугацаа хоцроож төлж байснаас болж зээлийн үндсэн хүүнд 145 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65 130 төгрөг нийт 210 742 төгрөгийг одоогийн байдлаар зээлийн гэрээний дагуу төлөхөөс илүү төлөөд байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, ард иргэдийн ядуурал зэргийг харгалзан банкнаас нэхэмжлээд буй уг зээлийн хүү 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөг нийт 1 598 373 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Энхтөрөөс 5 915 178 57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 114 922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтөрөөс 109 592 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан давж заалдах гомдолдоо:

... 2014 оны 7 дугаар сарын 10 өдрийн дугаар 73 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн 13 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 8 030 101 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хүүний тооцооллоос нэмэгдүүлсэн хүүг тооцоод Капитал банкны нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 266 396 төгрөгөөс 27 780 төгрөгийг хасч, нийт нэхэмжлэлийн шаардлагаас 2 114 922 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ-13 тоот зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг зээлдэгч нь зээлдүүлсэн боловч өмнөх зээлийн үлдэгдлийг тооцон 10 000 000 төгрөгөөр тооцон зээлийн хүүг тооцоолоогүй бөгөөд 2 зээлийн тус бүрийн үлдэгдлээс зээлийн хүүг тооцсон тооцоолол юм. Дээр дурдсан 2 зээлийн гэрээний сарын хүүгийн хэмжээ нэгэн адил сарын 2 хувийн хүүтэй тул 2 зээлийг зээл тус бүрээр нь тооцох, 2 зээлийн нийлбэр дүнгээр нь тооцоход тооцооны үр дүн нэгэн ижил гарна. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 7 дугаар сарын 7-ний өдрөөс зээлийн хүүнд 1 129 501 27 төгрөг төлөхөөс 2 851 691 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 1 722 190 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзсэн нь зөвхөн 2017 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн 13 тоот зээлийн гэрээний хүүг тооцсон байна. Харин 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдрийн 73 тоот зээлийн гэрээний хүүнд төлөх 1 722 190 төгрөгийг тооцолгүй шууд хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 2 114 922 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Н.Энхтөрд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 6 431 728 төгрөг, зээлийн хүүд 1 331 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 266 396 төгрөг, нийт 8 030 101 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 73 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 11-17 тал/

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагчид 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно./хх-ийн 19 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Н.Энхтөрөөс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн өдрийн хоорондох зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч Н.Энхтөр 8 568 272 төгрөг төлсөн байна. /хх-ийн 20-23 тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд талууд гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч Н.Энхтөрд 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг зээлүүлсэн атлаа өмнөх зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөгөөс зээлийн хүүг тооцоолсон нь үндэслэлгүй, зээлийн хүүд 1 129 501 27 төгрөг төлөхөөс 1 722 190 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэн үндсэн зээлээс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/03563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО