Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 3563

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К...ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8,030,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Э нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 73 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 24 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр 10,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 13 тоот гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 5,000,000 төгрөгийг тус тус хувийн хэрэгцээнд зориулж авсан байдаг. Н.Э нь зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин сар болгон хугацаа хэтрүүлж улмаар ангилал бууран чанаргүй ангилалд шилжсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 57 хоног хугацаа хэтэрч үндсэн зээл 6,431,728 төгрөг, зээлийн хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Н.Этэй байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 10-ны 73 тоот болон 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 13 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус санаатайгаар зөрчин, биелүүлэхээс зайлсхийж банкийг илтэд хохироож байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж үндсэн зээл 6,431,728 төгрөг, зээлийн хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Н.Э нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Капитал банкны 21 дүгээр хороолол салбараас 10 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нэмж 5 сая төгрөгийн цалингийн зээл авсан болно. Тухайн үед миний бие Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилладаг байсан тул цалингийн зээл авахаар хүсэлт гарган гэрээ байгуулан цалингийн зээлийг хуулийн дагуу авч 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж байсан. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр намайг хөлөө гэмтээн эмнэлэгт эмчлүүлж байхад НДЕГ-аас тамгын газрын дарга Д.Мэндбаяр, ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ нар удаа ярьж дарамтлан ажлыг минь хууль бусаар аваад НДЕГ-т шилжүүлж ажиллуулахаар тушаал гарсан боловч ажилд авалгүй бараг 3 сар болсны дараа 9 дүгээр сарын 28-нд цалин бууруулан мэргэжилтнээр ажилд авсан. Тэгээд зогсолгүй улс төрийн шалтгаанаар байнга дарамтлан өргөдлөө өгөөд ажлаасаа гар гэж шахаж дарамталж явсаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тушаал гарч 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болон өмчийн харилцааны мэргэжилтний ажлаас маань дахин үндэслэлгүйгээр халсан. Капитал банк намайг зээл авснаасаа хойш байнга зээлийн гэрээгээ зөрчин сар болгон хугацаа хоцроож төлж байсан гэжээ. Миний хувьд 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу хугацаанд нь зээлээ төлж байсан, цөөн тохиолдолд аргагүй байдлаас болж ганц хоёр хоногоор хоцроож байсан. Уг зээлийн маань барьцаа эргэн төлөлт хийх эх үүсвэр нь миний ажлын хөлс, цалин хөлс болохоор ажлаас халагдаж ажилгүй болсноор уг зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэргүй болж зээлээ төлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч 570 хоногоор хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээ зөрчсөндөө Капитал банкны хамт олноос уучлал хүсэж байна. Миний бие хэдийгээр ажилгүй болсон ч гэр бүлийнхээ дэмжлэгээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 560,0 мянган төгрөг, бусдаас зээлж 12 дугаар сарын 28-ны өдөр 1 сая 450 мянганийг зээлэндээ төлж байсан. Энэ хугацаанд банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардаж байсан боловч тухай бүрд нь учир явдлаа хэлж тайлбарлаж байснаас биш утсаа авахгүй юм уу олдохгүй зугтаж, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийж яваагүй болно. Миний хувьд уг цалингийн зээл нь тухайн үедээ миний амьдралд тус нэмэр болсон гэж бодож, аль болох зээлээ барагдуулахыг хүсэж чармайж ирсэн. Өнгөрсөн хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаа шүүхээр нотлуулж, эргэн ажилдаа орж, ажилгүй байсан хугацааныхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, 3 шатны шүүхээр орж үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тогтоогдож, 2017 оны 2 дугаар сарын10-ны өдрийн Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 52 дугаар тогтоол гарснаас хойш ЭМНДЕГ-ын удирдлагууд ажилд эргүүлэн томилолгүй 7 сар гаруй шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон ШШГГ-ын шаардлагыг биелүүлэлгүй явсаар 8 дугаар сарын 28-нд аргагүй эрхэнд ажилд маань эргүүлэн томилсон бөгөөд нөхөн олговрыг одоог хүртэл олгоогүй байна. Миний бие ажилгүй байсан хугацааныхааа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг цалингийн зээлийн гэрээгээ зөрчин, зээлээ төлж чадалгүй өдийг хүрч, шүүхийн өмнө буруугаа хүлээн зогсох болсондоо хэдийгээр харамсаж байгаа ч тухайн үед ажлаасаа халагдаж ийм хүнд байдалд орно чинээ санаагүй.

Капитал банк иргэн надаас үндсэн зээлд 6,431,728 төгрөг, зээлийн хүүнд 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Н.Э миний бие 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Капитал банкинд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт нийт 13,356,245.64 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу үүнээс 8,568,272 төгрөгийг үндсэн зээлд, 4,722,093 төгрөгийг зээлийн хүүнд, 65,130 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлж одоо үндсэн зээлд 6,431,727.94 төгрөг төлөхөөр байгаа нь үнэн болно. Зээл эргэн төлөлтийн хуваариар зээлийн хугацаанд зээлийн хүүнд 4,576,481 төгрөг төлөх ёстойгоос хугацаа хоцроож төлж байснаас болж зээлийн үндсэн хүүнд 145,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 65,130 төгрөг нийт 210,742 төгрөгийг одоогийн байдлаар зээлийн гэрээний дагуу төлөхөөс илүү төлөөд байна. Иймээс өнөөгийн төр нийгмийн тогтоворгүй байдал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, ард иргэдийн ядуурал зэргийг харгалзан үзэж банкнаас нэхэмжлээд буй уг зээлийн хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 1,598,373 төгрөгөөс чөлөөлж өгч тус болно уу. Өнөөдрийн энэ хямралтай хүнд хэцүү үед ганц ашигтай ажиллаж байгаа бизнесийн салбар нь арилжааны банкны салбар байгаа болохоор Капитал банкныхан энэхүү аргагүй байдлыг бодолцон үзэж хатуурхахгүй байх гэж найдаж байна. Өнөөдөр аль ч банкны цалингийн зээлийн хүү сарын 1.5 хувь болж буурсан байгаа. Өмнө нь миний бие эх орныхоо төрийн албанд хөдөлмөрлөж, цалингаас цалингийн хооронд хоёр идэхгүй хоосон хонохгүй гэгчээр гэр бүлээ тэжээгээд амьдарч ирсэн болохоор ажлаасаа халагдан орлоггүй болсноор өнөөдөр өрнөөс өрний хооронд тэсэн ядан амь зууж байгаадаа маш их эмзэглэж, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна. Миний бие хууль бусаар ажлаас халагдсанаа тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандан үндэслэлгүйгээр ажлаас халагдсанаа тогтоолгон эргэн ажилдаа орсноор өнөөгийн манай шүүхийн байгууллагад үнэнч, мэдлэгтэй шудрага шүүгчид ажиллаж ард иргэдийнхээ төлөө үнэнч шудрага шийдвэр гаргадагт итгэлтэй болсон тул эрхэм шүүгч таныг энэхүү хэрэг дээр үнэн зөв шийдвэр гаргана гэдэгтээ итгэж байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К...ХХК нь хариуцагч Н.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,431,728 төгрөг, зээлийн хүү 1,331,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,396 төгрөг нийт 8,030,101 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрээний хугацаа дууссан тул хүү тооцох үндэслэлгүй, үнийн дүн өндөр гэж тайлбарлан маргасан.

 К...ХХК нь Н.Этэй 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 73 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн талаарх гэрээг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 11-18 дугаар тал/

2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэрээг байгуулсан боловч бодитоор 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан мемориалын баримт, зээлийн гүйлгээ хийх шийдвэр зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 19 дүгээр тал/

Гэрээнд зохигчдийн хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь үндсэн зээл болох нийт 15,000,000 төгрөгөөс 8,568,272 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгээгүй. /х.х-ийн 20-23 дугаар тал/

Хариуцагч өмгөөлөгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний хугацаа дууссан тул төлөх үндэслэлгүй, хүүнд суутгасан мөнгөн дүнг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлтэй гэж маргасан.

Зээлийн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд оногдуулж буй тохиролцсон хариуцлага юм.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл аижллагааны тухай хуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулснаар хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэгч нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зохицуулсан зохицуулалт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох зорилготой тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 73 тоот цалингийн зээлийн гэрээний 2.10, ЗГ-13 тоот цалингийн зээлийн гэрээний 2.9-т заасан үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.

2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-13 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг зээлдэгч нь зээлдүүлсэн боловч өмнөх зээлийн үлдэгдэлийг тооцон 10,000,000 төгрөгөөр зээлийн хүүг тооцолсон нь үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс зээлийн хүүнд 1,129,501,27 төгрөгийг төлөхөөс 2,851,691 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 1,722,190 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүнд 266,396 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээр дурдсан хүүгийн тооцоололоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэг болон зээлийн гэрээнд зааснаар тооцоход 238,616 төгрөг гарч байх тул илүү нэхэмжилсэн 27,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Н.Эөөс үндсэн зээлийн үлдэгдэл 4,709,537.49 төгрөг, зээлийн хүүнд 967,025.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 238,616 төгрөг, нийт 5,915,178 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,114,922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Эөөс 5,915,178.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К...ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,114,922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч К...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эөөс 109,592 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К...ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ