Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02464

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02464

 

 

 

Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэртэй, Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох, тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, Б.Зоригтбаатар, Т.Батжаргал, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Их цавчир ХХК-д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаартай шүүгчийн захирамжаар 387 594 447 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаар бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Олимпын гудамж, 23 дугаар байр 1 тоот хаягт байршилтай 214 мкв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол 8 байр 21 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийн сайн дураараа биелүүлээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4234 дугаартай шүүгчийн захирамж, 429 дугаартай гүйцэтгэх хуудас гарч 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш нийт 388 642 408 төгрөг төлөхөөс 100 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 288 642 408 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны үл хөрөнгө эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу битүүмжлэн, үнэлгээ тогтоох зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 дахь дуудлага худалдаа явагдсан ч үнийн санал ирээгүй тул 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр санал болгох ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар буюу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/34 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн авлаа. Дээрх тогтоолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр төлөгч Их цавчир ХХК-ийн худалдан борлуулагдаагүй хөрөнгийг төлбөрт тооцон санал болгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтад нийцээгүй гэх үндэслэл дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 6 дугаар сард шинээр батлагдсантай холбоотойгоор дуудлага худалдаа явуулах журам, хөрөнгийн үнэлгээ, төлбөрт тооцож өгөх ажиллагааны журам өөрчлөгдсөн ба дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх өмнөх хуулийн дагуу явагдсан байсан. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр нь уг ажиллагаанд шинэ хуулийг ашиглах шаардлагатай гэж үзсэн агуулгатай байх ба үүний улмаас дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцож өгөх үнэлгээ өөрчлөгдсөн, энэ нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулсан агуулгатай байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг, ялангуяа шинэ хуулийн дагуу дахин явуулахад төлбөр авагчид ашиггүй цорын ганц шатыг дахин явуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинэ хуулиар уг ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байгаа бол уг ажиллагааг эхнээс нь явуулж үнэлгээний шатанд, дуудлага худалдааны шатанд тус тус хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг төлбөр авагчид олгох гэж үзэж байна. Мөн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод зогсохгүй, 1 дахь заалтаар санал болгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхээс хэтэрсэн, хөтөлсөн шинжтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тогтоолыг, мөн шийдвэр гүйцэтгэлийн 6281221 дугаартай ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар захирамжаар хариуцагч Их цавчир ХХК нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжилсэн 387 594 447 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 23-1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 8-21 тоот 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 23-1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгоход 535 000 000 төгрөгөөр үнэлэгдэж, албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлогдоогүй хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлбөрийн үнийн дүн болох 388 642 408 төгрөгийн хэмжээгээр төлбөр авагчид санал болгосон. Төлбөр төлөгч Их цавчир ХХК-аас тус албанд хандаж гаргасан гомдлоор бүртгэлийн 16281221 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хянаж, санал болгох ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь заалтыг зөрчсөнийг тогтоож, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.2, 271.3.3-т заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот тогтоолоор санал болгосон ажиллагааг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар захирамжаар хариуцагч Их цавчир ХХК нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжилсэн 387 594 447 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Олимпийн гудамж, 23 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Ү- 2204000976 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол 8 дугаар байрны 21 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Их цавчир ХХК-ийн захиралд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Долгормаа өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Олимпийн гудамж, 23 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 214 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 153/11/30 тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 153/11/30 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөнд талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 535 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн зах зээлийн үнэлгээ болох 535 000 000 төгрөгийн 70 хувь 374 500 000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээчийн тогтоосон үнэ болох 535 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 267 500 000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт тооцож төлбөр авагчид шилжүүлсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаар тогтоол, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батжаргал давж заалдах гомдолдоо: Улаанбаатар хотын банк ХХК нь шүүхэд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж шүүх үзсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагын талаар дүгнэсэн боловч маргаан бүхий тогтоолын талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх агуулга, шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Еранхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь өмнө хийгдсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсгийг зөрчсөн байх тул хүчингүй болгох тухай агуулгатай буюу өмнөх ажиллагаа мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсгийг зөрчсөн бол тогтоол үндэслэлтэй, зөрчөөгүй бол тогтоол үндэслэлгүй гэж дүгнэх байсан. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна, Хариуцагч нарын явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ... хуулийн 5.1 дэх хэсэгт нийцсэн байна гэсэн учир шалтгааны хувьд зөрүүтэй 2 дүгнэлтийг хийсэн. Мөн 2002 оны болон 2017 оны хуулиуд дахь шинжээч, үнэлгээ зэрэг зохицуулалтуудын агуулга, хэрэглэдэг хүрээ өөрчлөгдсөн, энэ агуулгынхаа хүрээнд 2002 оны хуулийн дагуу тогтоогдсон, тухайн хуулийн дагуу явагдах холбогдох ажиллагаанд хэрэглэгдэх үнэлгээ-г 2017 оны хуулийн дагуу явуулах ажиллагаанд шууд дүйцүүлэн хэрэглэх боломжгүй. Энэ нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг илэрхий доройтуулсаар байтал хуулийг буцаан хэрэглэх тухай заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ..

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан тогтоолыг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 500 дугаар захирамжаар Их цавчир ХХК нь Улаанбаатар хотын банк ХХК-д 387 594 447 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1 047 961 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 23 байр, 1 тоот 214 м.кв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204000976 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 8 байр, 21 тоот 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 16281221 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 31, 66 дугаар тал/

Зохигчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу Их цавчир ХХК нь төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д 100 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Их цавчир ХХК-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203014256 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 23 байр, 1 тоот 214 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хураасан болох нь зохигчийн тайлбар, Эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдсон бөгөөд уг ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй болно. /хх-ийн 19-20, 32 дугаар тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасанд нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нь үнийн саналыг ирүүлээгүй байна.

Хэргийн баримтаар 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 108 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй. /хх-ийн 37 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 23 байр, 1 тоот 214 м.кв талбайтай орон сууцыг 535 000 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 36 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Их цавчир ХХК, Д.Долгормаа нарт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус мэдэгдэж, албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг 374 500 000 төгрөгөөр тогтоох болсон тул энэ талаар хариуг бичгээр ирүүлэх тухай мэдэгджээ. /хх-ийн 40-44 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 23 байр, 1 тоот 214 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ цэнэ болох 535 000 000 төгрөгийн 70 хувь болох 374 500 000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 535 000 000 төгрөгийн 50 хувь болох 267 500 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болох нь хэргийн баримтаар нотлогдожээ.

Хэргийн 57, 59-61 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтэгчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагаа болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/34 дүгээр гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.2, 271.3.3-т заасантай нийцсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Тодруулбал, дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох ажиллагаа нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр явагдсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг /2017 оны/ мөрдөж эхэлсэн цаг хугацаанд болсон тул нэхэмжлэгчийн ... 2017 оны хуулийг хэрэглэх боломжгүй гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ