Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 20

 

  С.А-, Г.М- нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч С.А-н өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар магадлалтай, С.А-, Г.М- нарт холбогдох 1825006870460 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн  2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, барилгын өрлөгчин мэргэжилтэй,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр суллагдсан, Б овогт С-н А,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр суллагдсан,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр суллагдсан, И овогт Г-н М.

С.А-, Г.М- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 18-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нэр бүхий 5 иргэний орон байранд нэвтэрч, эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч нийт 3,882,081 төгрөгийн,

С.А- нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 10-аас 2019 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр нэр бүхий 3 иргэн, 1 үйлчилгээний газарт нэвтэрч, эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч нийт 1,669,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

мөн С.А- нь яллагдагчаар татагдан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байр руу хуяглан хүргэх явцад автомашинаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх шүүгдэгч С.А-г бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, яллагдагчаар цагдан хоригдсон үедээ оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.М-ыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 7 жил хорих ял, мөн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А- оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч Г.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол С.А-, Г.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд :

Шүүх Г.М-ын мэдүүлэг болон өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн хүсэлтийг тус тус хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар зүйлийг баримтлан туршилт хийсэн нь мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг шинжлэн судлах ёстой байтал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд туршилт хийгээгүй, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдлыг өөрөө санаачлан шинээр тогтоон шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.М- нь тухайн гутлыг багтахгүй байхад нь хүчээр өмсөж байгаа нөхцөл байдал байсаар байтал түүнд дүгнэлт хийлгүйгээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн туршилтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн болох нь шүүх хуралдааны бичлэгээс харагдаж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.А-н 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдрөөс хойш үйлдсэн гэх хулгайн гэмт хэрэг нь үргэлжилсэн гэмт хэрэгт хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч С.А- нь 2017 оны 10 сараас 2019 оны 03 сарын 04-ний өдрийн хооронд Г.М-тай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр, ганцаараа 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд С.Атар-Эрдэнийн дээрх 9 үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан, халдлагын обьект, зүйл нэгтэй нэг төрлийн гэмт хэргийн давталт буюу тусгай давталттай хэрэг юм.

Энэхүү шинжээрээ С.А- нь нэг төрлийн гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа /9 удаа/ үйлдсэн нь байнга гэсэн шинжийг илэрхийлж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.А-н өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцлийг хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад онцгой ач холбогдол бүхий баримтуудад харилцан зөрүүтэй нөхцөл байдал үүссэн бөгөөд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой. Г.М- тухайн гутлыг өмсөөгүй гэж худал мэдүүлсэн, хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хувийн таарамжгүй харьцаатай байсан учраас худал хэлсэн гэдгээ хэлж, гутлыг өмсөж үзүүлэх хүсэлт илэрхийлсэн. Энэ ажиллагааг хуулиар хориглосон заалт байхгүй.

С.А- нь 9 удаагийн үйлдэлтэй гэж байгаа боловч 5 үйлдлийг нь Г.М- гүтгэсэн гэсэн. Мөн цагдаагийн ажилтны хууль бус ажиллагаа байсан нь тогтоогдсон бөгөөд түүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар авснаас болж оргож, уулнаас бууж айлаас идэх юм авах гэж орсон үйлдлүүд байдаг. Эдгээр хохирлыг бол бүгдийг нь төлсөн.

Иймд нэмэлт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.А-н өмсөж явсан гэх гутлыг Г.М- өмсөж туршилтыг үгүйсгэсэн. Мөн Г.М- хэргийг ганцаараа үйлдсэн гэх асуудал яригддаг. С.А-, Г.М- нарын үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. С.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял авч, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан бөгөөд холбогдсон хэргийн эхний үйлдлийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийсэн байгаа нь хулгайн үйлдлээс өөрөөр амьдралаа залгуулахгүй гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.А-, Г.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.А-, Г.М- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 18-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нэр бүхий 5 иргэний орон байранд нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлан, бусдад 3,882,081 төгрөгийн хохирол учруулсан, С.А- нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 10-аас 2019 оны 03 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр эд зүйлийг нь хулгайлан авч бусдад 1,669,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн С.А- цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа цагдан хорих байр руу хуяглан хүргэх явцад автомашинаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.А-, Г.М- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Атар-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Г.М-ын үйлдлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байна.

Шүүгдэгч С.А-н тухайд үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулсныг буруутгах үндэслэлгүй болно. 

Мөн шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн талаар дурдсан байх боловч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал тус эрхээ хэрэгжүүлэлгүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч С.А-, Г.М- нарт холбогдох энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 7 жил хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдал зэргийг харгалзан үзэж 5 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд шүүгдэгч С.А-н ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй...”, 3 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр мөн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ялаар тогтоосугай”, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А- оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

                                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН