Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02158

 

 

 

С.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01631 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Баасанжавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 452 161 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Баасанжав нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан Улаанбаатар хотын банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажилд орсон. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр захирлын Б/353 тоот тушаалаар С.Баасанжавыг ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01789 тоот шийдвэрээр тогтоосон. Шийдвэрт хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК нь гомдол гаргасны үндсэн дээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 тоот магадлал гарсан. Тус магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн магадлалд хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 00299 тоот тогтоол гарсан. Тогтоолоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-д нэхэмжлэгч С.Баасанжавыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 1 035 606 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг. Уг 1 035 606 төгрөг нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговор гэж шийдвэрлэсэн. Шийдвэр, магадлал, тогтоол хүчинтэй болсноос хойш хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас С.Баасанжав нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагын захирлын ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарч, ажилдаа орсон. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр захирлын ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарах хүртэл хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч С.Баасанжав нь ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс аваагүй зэргээр хохирсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу хариуцагчаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 10 сар 10 хоног буюу 179 ажлын өдрөөр ажилгүй байсан гэж үзэн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалин хөлсийг 30 459 төгрөгөөр тогтоосноор тооцож, нийт 5 452 161 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас тус төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон 2018 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 сар, 10 хоног буюу нийт 179 ажлын өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 5 452 161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Баасанжав нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд банканд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Баасанжав нь ажилд эгүүлэн тогтоох тухай Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 299 дугаартай тогтоол гарснаас хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банканд илэрхийлээгүй, уг асуудлыг шийдвэрлэх боломжийг банканд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан. Улаанбаатар хотын банк ХХК нь хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Баасанжавт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан хэмжээгээр олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, улмаар 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гарч, нэхэмжлэгч С.Баасанжавтай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 5 452 161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баасанжавт олгож, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-иас 102 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баасанжавт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Баасанжавын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01631 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн дүнд нь тохируулан олгоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Баасанжав нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүртэлх хугацаанд банканд ямар нэгэн ажил, хөдөлмөр хийж гүйцэтгээгүй байх тул дээрх хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Баасанжав нь ажилд эгүүлэн тогтоох тухай Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ажилд эргэн орох хүсэл зоригоо банканд илэрхийлээгүй, уг асуудлыг шийдвэрлэх боломжийг банканд олгоогүй зэрэг ажилд эргэн орох хугацааг өөрөөс хамаарах байдлаар хойшлуулж байсан. Анхан шатны шүүхээс Улаанбаатар хотын банкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 5 452 161 төгрөгийг гаргуулж С.Баасанжавт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч С.Баасанжав 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинг нэхэмжлэхдээ ажлын өдөрт ногдох цалингаар тооцож нэхэмжилсэн. Ийнхүү нэхэмжлэхдээ ажлын хоногийн хугацааг буруу тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэл хамаарах хугацаанд нийт 173 ажлын хоног байснаас үзвэл нэхэмжлэгч 173 ажлын өдрийн цалин нэхэмжилсэн байхад шүүх "амралтын өдрүүдийг хасах ёсгүй" гэж тайлбарлаж 179 өдрийн цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө нэмэгдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсгийн агуулгыг зорчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01631 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Баасанжав нь хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 452 161 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Баасанжав нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотын банк ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн боловч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01789 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2321 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00299 дүгээр тогтоолоор С.Баасанжавыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-12 дугаар тал/

 

Хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/329 дүгээр тушаалаар С.Баасанжавыг тус банкны хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтны албан тушаалд томилсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч С.Баасанжавын эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 13 дугаар тал/

 

Харин анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааг нийт ажлын 179 хоногоор тооцож хариуцагчаас 5 452 161 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй. Тодруулбал, анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалыг үндэслэл болгохдоо сарын дундаж цалинг тухайн сарын ажлын хоногт хувааснаар ажлын өдрүүдийн дундаж цалингийн хэмжээ өсөж гарах замаар шингээж тооцно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаа нь ажлын нийт 173 хоног байх тул 1 өдрийн цалин 30 459 төгрөгт тооцоход нийт 5 269 407 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Баасанжавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 182 754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01631 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-иас 5 269 407 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баасанжавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 182 754 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтын ... хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-иас 102 190 төгрөгийг ... гэснийг хариуцагч Улаанбаатар хотын банк ХХК-иас 99 260 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ