Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02157

 

 

 

Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02661 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Цэндсүрэн нь өөрийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийсэн шинжээч Дамно ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон мэдэгдэлтэй 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр анх танилцаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн орон сууцанд шинжээчээр үнэлгээ хийлгэсэн тайлан болон тус үнэлгээний талаарх мэдэгдлээ өмчлөгч, төлбөр төлөгч болох Н.Цэндсүрэнд мэдэгдэлгүй, танилцуулалгүй хуулиар тогтоосон журмаа ноцтой зөрчсөн байна. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Н.Цэндсүрэнгээс өөрийнх нь өмчлөлийн орон сууцанд үнийн санал авалгүй, улмаар талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ хийлгүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Тухайлбал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хураан авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилж, шинжээч нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны үнэлгээ гаргаж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулж, зарсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан Н.Цэндсүрэнгийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ хийлгэх, дуудлага худалдаа зарлах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг аль ч ажиллагаандаа өмчлөгч, төлбөр төлөгч Н.Цэндсүрэнг огт оролцуулаагүй, тухайн ажиллагаануудын талаар Н.Цэндсүрэнд огт мэдэгдэж байгаагүй. Тэгсэн хэрнээ тухайн ажиллагаануудын талаар Н.Цэндсүрэнд мэдэгдэж байсан мэтээр албан бичиг үйлдэж, тэмдэглэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэгт хийж, хууль бус ажиллагаануудаа зөв болгох гэж хэлбэрдсэн байна. Учир нь Н.Цэндсүрэн нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 7 тоот хаягт оршин суух иргэний бүртгэлтэй боловч Н.Цэндсүрэн нь Улаанбаатар хотод байдаггүй. Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах Шаргалжуут рашаан сувилалд байнга байрлан, тус байгууллагын тамгын газрын даргаар ажилладаг. Мөн Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцанд хийсэн Дамно ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн тус 2 өрөө орон сууц нь зах зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн тооцоход багадаа л 90 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч Дамно ХХК нь Н.Цэндсүрэнгийн орон сууцны үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшнаас хамаагүй багаар буюу 67 000 000 төгрөгөөр үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж, ихээхэн хохирол амсах байдалд шууд хүргэж байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дамно ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг үндэслэн, түүний 70 хувиар тооцон 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаанд оруулж, зарсан явдал нь Н.Цэндсүрэнгийн өмч хөрөнгийг улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст Н.Цэндсүрэн эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд хүрлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 07/10 тоот тогтоол гаргасан байдаг боловч энэ тогтоол болон дуудлага худалдааныхаа талаар өмчлөгч, төлбөр төлөгч Н.Цэндсүрэнд огт мэдэгдээгүй. Мөн орон сууц битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх зэрэг бүх ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан байх тул тэдгээр хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндсэн дээр явагдсан анхны албадан дуудлага худалдаа ч өөрөө хууль бус байх учиртай гэж үзэж байна. Н.Цэндсүрэн нь дээр дурдсан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч хүлээн аваагүй тул энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэгдүгээрт, Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205004868 дугаарт бүртгэлтэй, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн Дамно ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Хоёрдугаарт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2336 дугаар шийдвэрээр Э.Цэндсүрэнгээс 50 000 000 төгрөгийг гаргуулж Д.Бямбацогзолд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Цэндсүрэнгийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх талаарх лавлагаа холбогдох газруудаас авахад улсын бүртгэлийн Ү-2205004868 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 4 дүгээр байр 7 тоот орон сууц гарсан байна. Мөн төлбөр төлөгчийн банк дахь данснуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлсэн боловч дансны үлдэгдэлгүй байсан. Иймд Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205004868 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 4 дүгээр байр 7 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Дамно ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 67 000 000 төгрөгийн 70 хувь болох 46 900 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10100 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Тус албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад мэдэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 56 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205004868 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд хийсэн Дамно ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02661 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ төлбөр төлөгч буюу өмчлөгч Н.Цэндсүрэнг шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаанд хэлбэр төдий оролцуулж, түүнд хуулиар олгогдсон эрхээ эдлэх бодит боломжийг олгоогүйн улмаас нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлж чадаагүй гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь 102/ШШ2018/02661 дугаартай шийдвэртээ нэхэмжлэгч Н.Цэндсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгчийн зүгээс эдлэх ёстой хуулиар олгогдсон эрхээ бодитой эдэлж чадсан эсэх асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан Н.Цэндсүрэнгийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ хийлгэх, дуудлага худалдаа зарлах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг ажиллагаандаа нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн эрхийг бүрэн хангаж, бодитой оролцуулаагүй, түүнд тухай бүр нь албан ёсоор мэдэгдэж байгаагүй хэрнээ тухайн ажиллагаануудын талаар Н.Цэндсүрэнд мэдэгдэж байсан мэтээр албан бичиг үйлдэж, тэмдэглэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэгт хийсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд Н.Цэндсүрэнгийн бодит оролцоо байсан эсэхийг нягталж, тогтоолгүйгээр, зөвхөн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн мэдэгдэл, тэмдэглэл зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн орон сууцны үнэлгээ тогтоох ажиллагааг явуулахдаа өмчлөгч Н.Цэндсүрэнгээс үнийн санал авалгүй, улмаар талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр шууд шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн явдал нь Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлд "Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй үнэлгээг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно" гэж заасныг баримталсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Н.Цэндсүрэнгээс үнийн санал авсан, талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзэж буйд гомдолтой байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Н.Цэндсүрэнгийн өмчлөлийн орон сууцанд шинжээчээр үнэлгээ хийлгэсэн хэрнээ шинжээчийн тайлан болон үнийг нэхэмжлэгч Н.Цэндсүрэнд мэдэгдэлгүй, танилцуулалгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзэж буйд гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр орон сууц хураан авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилж, шинжээч 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны үнэлгээ гаргаж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулж, зарсан байна. Энэхүү бүх процессын ажиллагаанд нэхэмжлэгч Н.Цэндсүрэнг албан ёсоор оролцуулж, түүний эрхийг хангаагүй байдаг. Н.Цэндсүрэн нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг байрлах "Шаргалжуут" рашаан сувилалд байрлан, ажиллаж байсан болох талаар ажил олгогч байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдсан. Энэхүү баримт нь Н.Цэндсүрэнг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй болохыг батална. Гэтэл анхан шатны шүүх нь уг баримтыг огт харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 07/10 тоот тогтоол гаргасан байдаг боловч энэ тогтоол болон дуудлага худалдааныхаа талаар өмчлөгч, төлбөр төлөгч Н.Цэндсүрэнд огт мэдэгдээгүй. Мөн орон сууц битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх зэрэг бүх ажиллагаа хууль зөрчиж явагдсан байх тул тэдгээр хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндсэн дээр явагдсан анхны албадан дуудлага худалдаа ч өөрөө хууль бус байх учиртай гэж үзэж байна. Иймд Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02661 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2018/02336 дугаар захирамжаар Н.Цэндсүрэн нь 50 000 000 төгрөгийг Д.Бямбацогзолд төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 16 дугаар тал/

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Ү-2205004868 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 7 тоот орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн, 2018 оны 6 сарын 5-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргажээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналд талууд тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дамно ХХК-нийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 7 тоот орон сууцыг 67 000 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 58-61 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, нэхэмжлэгчээс үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн гэх боловч хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болон эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг нэхэмжлэгчийн хүү Б.Эрдэнэбилэг, бэр А.Бүрэнхолбоо нарт мэдэгдсэн нь эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-ийн 49-50-р тал/

Мөн албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10100 дугаар албан бичгээр, дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2018 оны 6 сарын 21-ний өдрийн 4/10567 дугаар албан бичгээр болон баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн байна. /хх-ийн 62-63, 67-68-р тал/

 

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/02661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ