Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 02661

 

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/02661

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дүгээр байрны  тоотод оршин суух, Х овогт Н.Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж,   оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Н.Ц гийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Н.Ц гийн өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ц  нь өөрийн өмчлөлийн орон сууцанд үнэлгээ хийсэн шинжээч “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон мэдэгдэлтэй 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр анх танилцаж, улмаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 55.7 дугаар зүйлд “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Н.Ц гийн өмчлөлийн орон сууцанд шинжээчээр үнэлгээ хийлгэсэн тайлан болон тус үнэлгээний талаарх мэдэгдлээ өмчлөгч, төлбөр төлөгч болох Н.Ц д мэдэгдэлгүй, танилцуулалгүй хуулиар тогтоосон журмаа ноцтойзөрчсөн байна. Мөн  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Н.Ц гээс өөрийнх ньөмчлөлийн орон сууцанд үнийн санал авалгүй, улмаар талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ хийлгүй, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Тухайлбал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг хураан авч, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилж, шинжээч нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны үнэлгээ гаргаж, улмаар 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулж, зарсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан Н.Ц гийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ хийлгэх, дуудлага худалдаа зарлах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг аль ч ажиллагаандаа өмчлөгч, төлбөр төлөгч Н.Ц г огт оролцуулаагүй, тухайн ажиллагаануудын талаар Н.Ц д огт мэдэгдэж байгаагүй. Тэгсэн хэрнээ тухайн ажиллагаануудын талаар Н.Ц д мэдэгдэж байсан мэтээр албан бичиг үйлдэж, тэмдэглэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэгт хийж, хууль бус ажиллагаануудаа зөв болгох гэж хэлбэрдсэн байна. Учир нь Н.Ц  нь Баянгол дүүрэг, дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт оршин суух иргэний бүртгэлтэй боловч Н.Ц  нь Улаанбаатар хотод байдаггүй. Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах “Шаргалжуут” рашаан сувилалд байнга байрлан, тус байгууллагын тамгын газрын даргаар ажилладаг.

Мөн Н.Ц гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н.Ц гийн өмчлөлийн тус 2 өрөө орон сууц нь зах зээлийн бодит үнэ ханшийг үндэслэн тооцоход багадаа л 90,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээнд байна. Гэтэл шинжээч “Д ” ХХК нь Н.Ц гийн орон сууцны үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар буюу 67,000,000 төгрөгөөр үнэлж, өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж, ихээхэн хохирол амсах байдалд шууд хүргэж байна. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээг үндэслэн, түүний 70 хувиар тооцон 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаанд оруулж, зарсан явдал нь Н.Ц гийн өмч хөрөнгийг улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст Н.Ц  эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд хүрлээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 07/10 тоот тогтоол гаргасан байдаг боловч энэ тогтоол болон дуудлага худалдааныхаа талаар өмчлөгч, төлбөр төлөгч Н.Ц д огт мэдэгдээгүй. Мөн орон сууц битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх зэрэг бүх ажиллагаа нь хууль зөрчиж явагдсан байх тул тэдгээр хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндсэн дээр явагдсан анхны албадан дуудлага худалдаа ч өөрөө хууль бус байх учиртай гэж үзэж байна. Н.Ц  нь дээр дурдсан шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч хүлээн аваагүй тул энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэгдүгээрт, Н.Ц гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. Хоёрдугаарт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Н.Ц гийн өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:

1/ Н.Ц гийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах.

2/ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Н.Ц гийн өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах.

Манай шаардлагын гол үндэслэл нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч буюу Н.Ц г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зохих ёсоор оролцуулаагүй. Тухайлбал, эд хөрөнгийг буюу Н.Ц гийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэхдээ нэхэмжлэгчийг байлцуулаагүй. Мөн эд хөрөнгийг хураахдаа Н.Ц г оролцуулаагүй. Эд хөрөнгийг буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр шинжээч томилохдоо Н.Ц д ямар нэг байдлаар мэдэгдээгүй, түүнээс үнийн санал аваагүй. Энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчсөн. Тус байгууллагаас томилогдсон шинжээч нь дүгнэлтээ ирүүлсэн. Гэтэл уг дүгнэлттэй нэхэмжлэгч огт танилцаагүй, танилцах боломжийг хариуцагч олгоогүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн хэрэг болсон. Эцэст нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж зарсан. Шинжээч байгууллага нь угаасаа үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж гаргасан, уг үнэлгээг нь нэхэмжлэгчид мэдэгдээгүй явдал нь өөрөө хуульд нийцээгүй. Нэгэнт хуульд нийцээгүй үнэлгээнд суурилж явагдсан албадан дуудлага худалдаа нь өөрөө хууль зөрчинө. Иймд шүүхэд бичгээр гаргасан хоёр шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2336 дугаар шийдвэрээр Э.Цэндсүрэнгээс 50,000,000 төгрөгийг гаргуулж Д.Бямбацогзолд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Ц-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх талаарх лавлагаа холбогдох газруудаас авахад улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар хороолол дүгээр байр тоот орон сууц гарсан байна. Мөн төлбөр төлөгчийн банк дахь дансуудын зарлагын гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлсэн боловч дансны үлдэгдэлгүй байсан. Иймд Н.Ц гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол  дүгээр байр  тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Д ” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 67,000,000 төгрөгийн 70 хувь болох 46,900,000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/10100 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Тус албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад мэдэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 56,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2018/02336 дугаар захирамжаар Н.Ц  50,000,000 төгрөгийг Д.Б-д төлөх тухай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. 

 

Уг захирамжийг үндэслэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18250481 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Ц гийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байрны  тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 18250481/02 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжилжээ /хх 8 хуудас/. 

 

Улмаар дээрх  үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18250481/01 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор хураан авсан ба энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгүүдэд нийцсэн байна /хх 9 хуудас/.  

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцсоноор, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтоохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан.

 

Төлбөр авагч, төлбөр төлөгч нар анхны дуудлага худалдааны санал болгох үнийг харилцан тохироогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүрэг гүйцэтгүүлэгч талын хүсэлтийг үндэслэж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 144 дүгээр тогтоол гаргаж Н.Ц гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг шинжээч томилон тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсгүүдийг зөрчөөгүй байна /хх 56-58 хуудас/.

 

Дээрх хуульд заасан ажиллагааны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр ажилласан “Д ” ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 67,000,000 төгрөгийн 70 хувь болох 46,900,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарласан ба 56,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар болжээ /хх 68, 69 хуудас/.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай болон дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Н.Ц д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлж байжээ. Тодруулбал, хариуцагчийн тус байгууллагад мэдүүлсэн ажлын болон гэрийн хаягуудаар холбогдох албан мэдэгдлүүдийг хүргүүлсэн байна /хх 51, 61, 62, 65-67 хуудас/. 

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дээр дурдсан байдлаар хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын “...хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ мэдэгдээгүй”, “...анхны албадан дуудлага худалдаанд оруулахдаа өмчлөгчид мэдэгдээгүй, түүнээс үнийн санал аваагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн “...шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн” гэх үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нотолж чадаагүй байна.  

 

Иймд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 4 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 29 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шүүхийншийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Н.Ц гийн өмчлөлийн орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Н.Ц гийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, дүгээр байр,  тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцанд хийсэн “Д ” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 7дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Н.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

     

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ