Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02491

 

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02491

 

 

Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02468 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6629 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч миний хилээр гарах эрхийг хааснаар өр төлбөрөө төлөх боломжийг хязгаарлан, эрхэлж байсан худалдааг зогсооход хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгчөөс 300 000 000 төгрөг гэж санал өгсөн. Намайг дуудлага худалдаанд оролц гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Ганчимэг утсаар дуудсаны дагуу очиход 300 000 000 төгрөгөөр үнэлсэн байрыг Улаанбаатар хотын банкны 79 942 249 төгрөгийн зээлд тооцож шууд өгөх болсон тухай надад хэлээд одоо санал болгох комиссын хурал болно гэж шууд тулган хэлсэн. Дуудлага худалдаа явуулах тухайгаа шийдвэр гүйцэтгэгч нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн өмнө мэдээлж, төлбөр төлөгчид ч мөн адил мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч зар гараагүй юм. Миний байр 120 м.кв бүхий 5 өрөө орон сууц бөгөөд банк анх байрыг 204 000 000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьж байсан. Бид өөрийн орон сууцыг өөрсдөө худалдан борлуулж зөрүү мөнгөө олж авах боломжтой байтал бидэнд мэдэгдэлгүйгээр банкинд шууд өгөх үйл ажиллагааг хийж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Шүүхийн 6629 дугаартай шийдвэрээр Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас зээлийн гэрээний үүрэгт 79 942 249 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгох, зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв тайлбайтай, Ү-2204019622 дугаартай 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт сайн дураар биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167/01 тогтоолоор битүүмжилж , 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 167/02 дугаартай тогтоолоор хураан авч төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгөө 300 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул анхны болон хоёр дах дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Иймээс санал болгох хурлаар төлбөр авагчид нэхэмжилсэн үнийн дүн болох 79 942 249 төгрөгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6629 дугаартай шийдвэрээр Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас зээлийн гэрээний үүрэгт 79.942.249 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгох, зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв тайлбайтай, Ү-2204019622 дугаартай 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуульд мэдэгдэх хуудсыг заавал хүргүүлэх талаар тусгагдаагүй бөгөөд талуудын эрх, үүргийг тусгайлан дурьдсанаас эрх, үүрэг танилцуулах талаар тусгаагүй. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан хураахдаа хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний 167/02 тоот тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэхдээ төлбөрийг бүрэн төлөх хүртэл хугацаанд битүүмжилж байгааг тогтоолд дурьдаж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167/01 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийг барьцаалан хураах болон төлбөрийг төлж барагдуулах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тогтоосон байна.

Тус албанаас нэгдсэн журмаар албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлдэг бөгөөд төлбөр төлөгчид мэдэгдлийн хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний шуудан сонины 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 069 /2766/ дугаарт зарлуулж нийтэд мэдээллэсэн. Мөн төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Монголын мэдээ сонины 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 089 /4703,4704/ дугаарт зарлуулж нийтэд мэдээллэсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагааны 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7 дах хэсэгт зааснаар төлбөрт санал болгосон талаар тусгаж төлбөр төлөгчид 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3/17053 дугаартай мэдэгдэл өгсөн байна. Төлбөр төлөгч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нарын нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон байхад хэргийг харьяалал зөрчин шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хийвэл зохих дүгнэлтийг хийсэн боловч зарим дүгнэлтийг залруулах, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6629 дугаар шийдвэрээр Д.Цэрэнням, Б.Алтан-Өлзий нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 79.942.29,98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгох, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв тайлбайтай, Ү-2204019622 дугаартай 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх барьцаа хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 167/02 тоот тогтоолоор хураасан, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах барьцаа хөрөнгийг буюу үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг 300 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/18 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тус тус тогтоогджээ. /хх-29, 32, 36, 37/

Хариуцагч байгууллагын явуулсан дээрх ажиллагаанд нэхэмжлэгч нар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан хугацаанд ахлах гүйцэтгэгчид болон шүүхэд тус тус гомдол гаргаагүй тул анхны албадан дуудлага худалдаа явагдах хүртэлх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцсон /хх-ийн 29, 32/ байхад оролцоогүй гэж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон болон дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн талаарх шуудангийн дардас бүхий баримт хэрэгт авагдсан /хх-ийн 37, 40/ байхад хүргэгдээгүй гэж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээллэсэн баримт /хх-39/ байхад мэдээлээгүй гэж дүгнэсэн буруу болно.

Анхны албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дах хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5/43 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх боловч энэ талаар төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийтэд мэдээлсэн гэх баримт хэрэг авагдаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу өмчлөгчийн дуудлага худалдаанд оролцох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт заасан эрхийг хариуцагч байгууллага зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй тул уг ажиллагааны үндсэн дээр явагдсан санал болгох комиссын хурлын шийдвэр буюу барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн төлбөрт шилжүүлэн өгөх шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Нөгөө талаар дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр төлөгчид санал болгох нь заавал хийгдэх ажиллагаа биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэ, төлбөрийн хэмжээ илт зөрүүтэй байхад албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагааг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт заасан агуулгад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч нэхэмжлэгч нар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад уг хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх шүүх хоорондын харьяалалтай холбоотой заалтыг баримталж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч нар нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж байх үед албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ажиллагааны /хх-ийн 42, 57-58/ талаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэний дагуу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж үзнэ. Ийнхүү гомдлоо гаргаснаас хойш уг хууль хүчингүй тохиолдолд түүний хуульд заасан журмын дагуу гаргасан гомдлыг шийдэхгүй байх үндэс болохгүй.

Дээр дурдсан үндсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн гэсний ард / 2002 оны/ гэж нэмж, 122 дугаар зүйлийн 122.5 гэснийг 143 дугаар зүйлийн 143.3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Н.БАТЗОРИГ