Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00497

 

Д.Ц-, Б.А- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02468 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2491 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Ц-, Б.А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц-, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6629 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч миний хилээр гарах эрхийг хааснаар өр төлбөрөө төлөх боломжийг хязгаарлан, эрхэлж байсан худалдааг зогсооход хүрсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгчөөс 300 000 000 төгрөг гэж санал өгсөн. Намайг дуудлага худалдаанд оролц гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Ганчимэг утсаар дуудсаны дагуу очиход 300 000 000 төгрөгөөр үнэлсэн байрыг Улаанбаатар хотын банкны 79 942 249 төгрөгийн зээлд тооцож шууд өгөх болсон тухай надад хэлээд одоо санал болгох комиссын хурал болно гэж шууд тулган хэлсэн. 

Дуудлага худалдаа явуулах тухайгаа шийдвэр гүйцэтгэгч нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн өмнө мэдээлж, төлбөр төлөгчид ч мөн адил мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг ч зар гараагүй юм. Миний байр 120 м.кв бүхий 5 өрөө орон сууц бөгөөд банк анх байрыг 204 000 000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьж байсан. Бид өөрийн орон сууцыг өөрсдөө худалдан борлуулж зөрүү мөнгөө олж авах боломжтой байтал бидэнд мэдэгдэлгүйгээр банкинд шууд өгөх үйл ажиллагааг хийж байгаад гомдолтой байна. 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Шүүхийн 6629 дугаартай шийдвэрээр Д.Ц-, Б.А- нараас зээлийн гэрээний үүрэгт 79 942 249 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгох, зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв талбайтай, Ү-2204019622 дугаартай 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт сайн дураар биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 167/01 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 167/02 дугаартай тогтоолоор хураан авч төлбөр төлөгч нар үл хөдлөх эд хөрөнгөө 300 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Иймээс санал болгох хурлаар төлбөр авагчид нэхэмжилсэн үнийн дүн болох 79 942 249 төгрөгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02468 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6629 дугаартай шийдвэрээр Д.Ц-, Б.А- нараас зээлийн гэрээний үүрэгт 79 942 249 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгох, зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам 253/1 дүгээр байрны 47 тоот 120 м.кв талбайтай, Ү-2204019622 дугаартай 5 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2491 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хуулийн” гэсний ард “/2002 оны/” гэж нэмж, “122 дугаар зүйлийн 122.5” гэснийг “143 дугаар зүйлийн 143.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хурааж, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан хүртэлх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т заасны дагуу явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа болон уг ажиллагааны үндсэнд явагдсан санал болгох хурлыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй талаар дурдсан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхэд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулж бусад хэсэг заалтыг хэвээр үлдээсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж байгаа болохыг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3/13757 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчдийн оршин суух хаягийн дагуу /2002  оны  ШШГТХуулийн  20 дугаар  зүйлийн  20.3-т зааснаар/ баталгаат шуудангаар хүргүүлсэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Өнөөдөр” сонины дугаарт мөн тус газрын цахим хаягаар нийтэд мэдээллэсэн болох нь тогтоогдсон, хоёр дахь албадан дуудлага худалдаа болон түүний үндсэнд зохион байгуулсан санал болгох хурал хуулийн дагуу явагдсан байх тул төлбөр төлөгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулсанаас гадна шийдвэрт хууль хэрэглээний засвар оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Д.Ц-, Б.А- нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, санал болгох хурал, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Д.Ц-, Б.А- нар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6629 дүгээр шийдвэрээр “Улаанбаатар хотын банк” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 79 942 249 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Уг төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт заасан байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, төлбөр төлөгч болон төлбөр авагч тал үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон тул уг үнийн 70 хувиар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон байна. Шийдвэр гүйцэтгэлийн эдгээр ажиллагаанд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй байхад анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан ажиллагааг хууль зөрчсөн гэж үзсэн, ийнхүү үзэхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг анхааралгүй, хэргийн нөхцөл байдлын талаар бодит бус дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заасан байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааны талаар төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй, нийтэд мэдээллээгүй, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан зөрчлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд илрүүлэн тогтоож, улмаар дээрх ажиллагаа болон дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагааг хууль бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3., 177 дугаар зүйлийн 177.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ажиллагаа цаг хугацааны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн үйлчлэлд хамаарч байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуулийг буцаан хэрэглэсэн нь алдаатай болсон ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2491 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН