Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/02156

 

 

 

Э.Тайванжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Тайванжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Тайванжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Тайванжаргал нь тус байгууллагад 2014 онд дэд захирлаар ажилд ороод салбар номын сангийн эрхлэгчээр ажиллаж байхдаа сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Шинэ захирал 2 сард ирснээс хойш захиргааны дарамтыг учруулах болсон бөгөөд үүний нэг жишээ нь гэвэл 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр томилогдоод тооллогын комиссын даргаар ажиллаж байхад нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-нымягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого явагдаж байх үед зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн явдал юм. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр цайны цаг болсон ч тус байгууллагын өндөр настан хоёр ахмад настан хоол цайтай ирнэ гэсэн болохоор цайндаа оролгүй ажлаа хийж байтал нь 14.30 цагийн орчимд өндөр настан Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар З кг бууз, чихэр болон 1 шил архи, ундаа авч ирсэн байдаг. Хоолны дараа цүнхнээсээ авч ирсэн архиа гарган задалж, ойр зуур ярилцангаа тэнд байсан бүх хүнд хундагалан өгснөөс амсах нь амсаж, уруулдаа хүргэх нь хүргээд өгсөн. Ахмад хүн юм өгөөд байхад гээд байсан болно. Тэнд Э.Тайванжаргал, Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа, Л.Шинэцэцэг, Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Д.Цэцэгмаа, О.Долгорсүрэн, Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар байсан. Ингээд сууж байтал 16:00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр гарч утсаар ярьснаа Төв рүү уншигчаас архи ууж байна гэсэн мэдээлэл очсон гэж хүний нөөц Ж.Золбоо утсаар ярьж байна, одоо очлоо гэж байна гэсээр орж ирсэн. Дундаас дээш шил архийг 2 ахмад цүнхлээд явсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал нь хүний нөөц Ж.Золбоо орж ирэн нэг ч үг ярилгүй гарсан ба харин Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаярын өрөөнд орж архи уусан хүний нэр бичиж өг гэж тулгасан байдаг. Маргааш өдөр нь цайны цагийн дараа Хан-Уул дүүрэг дэх салбарын эрхлэгч Б.Батбаяр фондод орж ирэн Ц.Цэрэннадмид, Л.Шинэцэцэг, О.Энхмаа нарыг нэр цохон дуудаж байна, явж уулзаад ирье гэсэн байна. Тэр өдөр Л.Шинэцэцэг байгаагүй тул түүний оронд тус салбарын номын санч Ц.Бямбаа тэдэнтэй хамт явсан. Хэсэг хугацааны дараа Ц.Бямбаа ном бүрдүүлэгч Э.Дэлгэрмөрөнгийн утсаар залгаж Д.Энхтуяатай ярьж, Индра та нарыг бүгдийг чинь ажлаас хална гэж байна. Тэнд болсон зүйлийг бичиж өг гээд загнаад байна. Би юу гэж бичих юм бэ? гэж сандарч айсан шинжтэй хоолой чичрүүлэн ярьсан байсан. Түүний яриаг чанга яригч дээр тавьж бүгдэд нь сонсгоод бүгдээрээ болсон үйл явдлыг үнэнээр нь бич гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ц.Бямбаа дахин залгаад Тайванаа дарга, Д.Цэцэгмаа эгч та гурвыг голлож асуугаад байна, миний ойлгосноор гол зорилго нь та гурав юм шиг байна гэсэн. Бүгдээрээ ярилцаад тэдний эсрэг баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгон очиж уулзаж учраа ололцъё гээд 17:30 цагийн үед төв номын сан дээр очсон. Очиход нь нарийн бичгийн өрөөний үүд, захирлын өрөөний үүд хоёулаа нээлттэй байсан ба захирал Д.Индра хүний нөөцийн өрөөнөөс гарч ирэхэд нь тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас тэднийг хүлээж авахгүй гэсэн. Араас нь дагаж өрөөнд нь орвол Уянгаа манаачаа дуудаад эд нарыг хөөж гарга тантай уулзъя гэхэд ажлын цаг дууссан учраас биднийг хүлээж авахгүй гэсэн. Нарийн бичиг жижүүр рүү ярьж дуудсан боловч жижүүр тэднийг хараад буцаад явсан. Захирал Д.Индра нарийн бичиг Энх-Уянгыг дуудаж тэднийг ирэхээс өмнө Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, Ц.Бямбаа, О.Энхмаа нараар бичүүлсэн бичгээ авч тэдэнд холоос харуулан та нартай архи уусан, сөнг чинь түшиж өгсөн, уусныг чинь харсан хүмүүсийн бичиж өгсөн зүйл энэ байна. Энэ бол баримт. Та нар үгүй гэх үү гэсэн. Тэд ахмад настнаа хүндлээд хөөгөөд явуулж болоогүй ээ гээд учраа хэлж, яагаад бүгдийг нь дуудаж асуухгүй, дөрвийг нь дуудаж, тэдний эсрэг юм бичүүлж байгаа юм бэ гэхэд нь Би уугаагүйг нь дуудаж асуусан гэх мэтээр маргалдсан байдаг. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Э.Тайванжаргалыг дуудаж уулзаад Энхбаатар, Энхтуяа, Тайванжаргал гэсэн 3 хүний халагдах тушаал байна. Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн гэсэн 3 хүнд цалинг хасах сахилгын шийтгэл оноож байгаа. Гэхдээ өөрийг чинь хүнээр яриулсан болохоор чинь үлдээе гэхэд нь Э.Тайванжаргал захирлын шийдвэр шударга байх ёстой, бүгдэд нь ижилхэн арга хэмжээ авч болохгүй юу гэж хэлсэн байдаг. Тэгэхэд Д.Индра өөрт чинь боломж олголоо шүү өөрөө л мэд, яагаад Д.Энхтуяа, Э.Энхбаатар нарыг хамгаалаад байгаа юм, энэ хоёртой үүрд хамт байх уу та гэж хэлээд эсвэл халагдах, эсвэл салбарын эрхлэгчээрээ үлдээд 20% хасуулах сонголт өглөө, өөрөө сонго гэхэд нь хамт л байсан, адилхан шийтгэл авъя, гэхдээ ямар ч шийтгэл байсан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тэнд байсан 10 хүний гурав Э.Энхбаатар, Д.Энхтуяа, Э.Тайванжаргал нарыг ажлаас халж, Д.Цэцэгмаа, Ц.Бямбаа, О.Долгорсүрэн нарыг гурван сар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл авч, үлдэх Б.Батбаяр, Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Л.Шинэцэцэг нарт ямар ч шийтгэлгүй үлдээсэн. Ингэхдээ ажил олгогч нь захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй, хамтын гэрээнд зааснаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөөгүй, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд заасан ижил зөрчилд адил арга хэмжээ авах заалтыг зөрчсөн. Үүнийг ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэж байна. Архи уугаагүй байхад хүний үгээр уусан гээд ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Архидан согтуурах гэдэг бол архи ууж, түүний нөлөөгөөр нийгмийн хэв журам зөрчсөн байхыг хэлэх байх. Иймд Э.Тайванжаргалыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажиллаагүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 426 206 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт энэ тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимын номын тооллогыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд явуулахаар тооллогын комисс томилж тооллогын ажил явагдсан. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх салбар номын санд архидалт болж байна гэсэн уншигчийн гомдол утсаар ирсэн. Гомдлын дагуу шалгалтаар очиход Хан-уул дүүрэг дэх салбар номын сангийн жижүүр Э.Энхбаатар, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Э.Тайванжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Д.Энхтуяа, Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн номын санч Д.Цэцэгмаа, Төв номын сангийн ном зүйч О.Долгорсүрэн, номын санд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан номын санчид болох Ж.Цогзолмаа, Ж.Энхтуяа нар архи уусан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлага тавигдаагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр Э.Тайванжаргалыг ажлаас нь халсан, тухайн өдөр 12 хүн байсан нь үнэн. Э.Тайванжаргалын гомдлоос үзвэл анхнаасаа архи уугаагүй гэж маргахгүй байгаагийн зэрэгцээ ижил зөрчилд адил арга хэмжээ авах байсан гэж маргаж байгаа нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа явдал болохыг шүүх анхаарна уу. Э.Тайванжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж түүнийг ажлаас нь халсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Э.Тайванжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм журамд нийцүүлэн гэрээг дуусгавар болгож байгаа тушаал шийдвэрээ гаргах ёстой. Тус салбар номын сангийн эрхлэгч буюу хариуцагчийн хүсэлтээр гэрчээр орж байгаа н.Батбаяр нь ажилдаа ирэхгүй байсан тул түүний ажлыг өмнөөс нь хийж байсан нэхэмжлэгч ажлын шаардлагаар өрөөнд нь өдөр бүр орж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны мягмар гарагт Хан-Уул дүүрэг дэх салбар номын сангийн нийтийн уншлагын танхимд ажил хүлээлцэх номын тооллого хэвийн явагдаж байсан. 14.30 цагийн орчимд өндөр настан н.Цогзолмаа. Ж.Энхтуяа нар ирсэн. Хоол идэх зуур ахмадууд архи гарган задлах гэхэд нь нэхэмжлэгч тооллогын комиссын ахлагч, салбарын эрхлэгчийн хувьд ажлын цагаар болохгүй гэхэд нь ахмад настангууд идээний дээж, ёслоод өгчих гээд задалсан. Нэхэмжлэгч бусдадаа зохих шаардлагыг тавин хянаж байгаад ажилтнуудыг ажилд нь оруулсан байдаг. Хариуцагчийн хэлж байгаа шиг болон анхан шатны шүүх хуралд гаргасан нэхэмжлэлдээ уусан буюу ууснаа хүлээн зөвшөөрсөн зүйл огт байхгүй болно. Зөвхөн тэнд байснаар нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм бол бүгдээрээ байсан гэж маргасан атал анхан шатны шүүх архи ууснаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч нь архи уусан байна гэж хардаж байсан бол, тухайн үед цагдаа дуудаж баримтжуулсан бол ямар нэгэн маргаан гарахгүй, ялгаварлан гадуурхсан шийдвэр гарахгүй байх байсан. Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3.3-д Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах. Мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм. Иймээс тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзнэ" гэж заасан байгааг анхаарч үзнэ үү. Монгол Улсын Үндсэн хуульд "Монголын ард түмэн бид ... шударга ёс ... эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг зөрчөөд өмнө нь хэл ам гаргаад удирдлагын зүй бус үйлдлийг шударгаар ажил олгогч буюу хариуцагчид шаардлага тавьдаг учраас салбарын эрхлэгч байж архи уусан гэдэг үндэслэлээр ажлаас халлаа гэдгээ захирал Д.Индра хүртэл өөрөө хэлж байсан бөгөөд ийнхүү албан тушаалаар ялгаварлагдан халагдсанд гомдолтой байна гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн гаргаж тавьж буй архи уусан гэх үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад тус шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа шалгалтаар очиход дараах хүмүүс архи уусан байдалтай байсан гээд нэр бүхий 6 хүний нэрийг дурьдаад хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцаж, гэрч болон ажилчдыг дуудаж тайлбар бичүүлж авсан гэж тайлбар гаргасан байсан. Үүний дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоогийн бичсэн зөрчлийн тодорхойлолттой танилцахад он, сар нь уг үйл явдал болсон 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр биш 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу үйл явдал болсноос хойш 2 өдрийн дараа байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Гэрч нар болон нэхэмжлэгч нарын гаргаж байгаа тайлбар дараах нэг зүйл дээр тохирдог. Хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Золбоо биднийг ажлаа хэвийн хийж байхад ирсэн хэрнээ шүүхэд хариу тайлбар гаргахдаа "архи ууж байгаа байдалтай байсан" гэдэг. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ц.Цэрэннадмид тухайн архи уусан гэх асуудалд огт оролцоогүй ажлаа хийж байсан юм бол хэн хэн архи уусан гэх байдлыг хэрхэн мэдэж байгаа юм бэ? Мөн гэрчээр асуугдсан н.Энхмаа нь бууз жигнээд тухайн өрөөнд байгаагүй орж гарч байсан. О.Энхмаа нь тэнд байсан хүмүүс бүгд архи усан нь харваас мэдэгдэж байсан гэж мэдүүлсэн нь архи уусныг тогтоох багаж хэрэгслийн үүрэг гүйцэтгэсэн болж байна. Мөн гэрчээр асуугдсан гэх зөрчлийн тухай тэмдэглэл бичсэн Б.Батбаяр бол тухайн өрөөний эзэн буюу тус архи уусан гэх үйл явдал болсон салбарын эрхлэгч, хариуцлагатай албан тушаалтан нь болно. Тухайн үйл явдалд хамт байсан н.Батбаярт хариуцагч ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулалгүй өнгөрөөж байгаа нь хачирхалтай. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хүсэлтээр асуугдсан н.Бямбаагаас захиргааны зүгээс дарамт байсан эсэх тухай асуухад "нэг шил архиа хоёр шил архи болгож бичиж өг" гэсэн байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Мөн гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо цаг хугацааны хувьд болон хүний тоо, үйл явдал зөрж байгаа ч ганцхан н.Золбоог ирэхээс өмнө тухайн үйл явдал болсон гэх өрөөнөөс гарч, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг дээр тохирч байгаа нь уг архи уусан гэх үйл явдал нотлогдохгүй байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй. Тухайн өдөр архи уусан гэх үйл явдалд хариуцагчийн гэрч нарын мэдүүлгээр тэтгэвэрт гарсан 2 ахмад настантай нийлээд 8 хүн байсан гэх, хэргийн материалд нотлох баримтаар өгсөн тодорхойлолтууд болон миний 5 гэрч асуулгах хүсэлтээс н.Бямбаа болон Ж.Энхтуяа нарыг гэрчээр асуухад тэтгэвэрт гарсан хүмүүстэй нийлээд 12 хүн байсан гэж мэдүүлсэн байдаг. Ингэж гэрч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад зөвхөн хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлгийг шүүхээс үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн 8 байна уу, 12 байна уу ялгаагүй нэхэмжлэгч Э.Тайванжаргал, Д.Энхтуяа нарыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаад, н.Цэцэгмаа, н.Долгорсүрэн, н.Бямбаа нарт цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулснаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүмүүс архи ууснаа хүлээн зөвшөөрсөн тул ажлаас халаагүй гэсэн байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн, дотоод хяналт шалгалтын комиссын дарга Ж.Золбоо шалгаад зөрчлийн тодорхойлолт хийгээд уг гарсан зөрчлийг баталгаажуулан авсан юм бол яагаад 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр баталсан А/24 тоот тушаал болох Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баримтлаагүй юм бэ? Өөрөөр хэлбэл хариуцагчаас эхлээд өмнөх хойшилсон шүүх хурал дээр байхгүй гээд гаргаж өгөөгүй боловч сүүлд нь гаргаж өгсөн баримт болох 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/33 тоот тушаалаар баталсан 5 гишүүний 4 гишүүн нь ямар үүрэгтэй тус комисст оролцож байгаа нь тодорхой бус, тус журмын 2.3, 2.6, 3.7, 3.8, 3.9, 8.6-д заасныг зөрчсөн байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй тул дан ганц нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд давж заалдах гомдлоо гаргаж байна. Иймд тус шүүх магадлалдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Тайванжаргал нь хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Тайванжаргал нь 2014 оноос Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ажиллаж эхэлсэн бөгөөд захирлын 2017 оны 5 сарын 4-ний өдрийн Б/39 тоот тушаалаар Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчээр томилогдож, ажил олгогчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8 дугаар тал/

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Тайванжаргалын нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээний 3.2, хөдөлмөрийн дотоод журмын 12.4.3-т ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, танхайрсан, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, бусдыг уриалан дуудсан, архидан согтуурах нөхцөлөөр хангасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. /хх-ийн 5-7, 21-24 дүгээр тал/

 

Ажил олгогч нь ажилтан Э.Тайванжаргалыг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын байранд согтуу байсан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн боловч тухайн үйл баримттай холбоотой 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зөрчлийн тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр Э.Тайванжаргалыг ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг эргэлзээгүй нотлогдсон гэх үндэслэлгүй болно. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Цэрэннадмид, О.Энхмаа, Б.Батбаяр, Э.Энхбаатар, Ц.Цэцэгмаа, Д.Энхтуяа, Ж.Энхтуяа нар гэрчийн мэдүүлэг өгсөн боловч дээрх мэдүүлгүүд нь зөрүүтэй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 2.6 дах хэсэгт зааснаар тайлбарлаж, ноцтой зөрчил гаргасан байдлаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч нь тайлбартаа нэхэмжлэгч Э.Тайванжаргалыг өөрөө архи уугаагүй гэдгээ нотлоогүй гэх боловч нотлох үүргийн хуваарилалтын хувьд ажил олгогч нь ажилтныг зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлох үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн гэм бурууг баримтаар нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч Э.Тайванжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э.Тайванжаргалыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 121 хоногийн цалин нийт 4 495 271 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/01759 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Э.Тайванжаргалыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 4 495 271 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тайванжаргалд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас 86 874 төгрөгийг гаргуулан улсын төсөвт /Улаанбаатар хотын банк 2611192214 тоот данс/ оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ