Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01699 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Скайтел ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ганболдын Баясмаа нь Скайтел ХХК-д Санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежер албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд эгүүлэн орсон болно. Ажлаас үндэслэлгүй халсан тухайд нэхэмжлэгч Ганболдын Баясмаа нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежер ажлыг хүлээн авсан. Ажил олгогч ажилд эгүүлэн авсан даруйд ажлын байранд дарамт үзүүлэх, хамтран ажиллах боломжгүй талаар мэйлээр мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч Г.Баясмаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас хойш 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цалинг нэхэмжилсний дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-600 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан зочид буудлын зардлаас хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Баясмаа нь зочид буудлын зардлыг хувьдаа завшсан зүйл байхгүй болно. Иймд дараах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэжээ.

 

Хариуцагч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Баясмаагийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Г.Баясмааг Скайтел ХХК-ийн санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр томилж, мөн өдөр түүнтэй хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Санхүү бүртгэлийн албаны захирлын 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан орон нутгийн салбаруудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт шалгалтын удирдамжийн дагуу Г.Баясмаа нь 2017 оны 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 05-ны хооронд орон нутагт албан томилолтоор ажиллахдаа зочид буудлын төсөвт компаниас нийт 460 000 төгрөг /Хөвсгөл-90 000 төг, Булган-45 000 төг, Дархан-50 000 төг, Тариалан-25 000 төг, Увс-90 000 төг, Тосонцэнгэл-25 000 төг, Завхан-45 000 төг, Архангай-90 000/ төсөвлөн хүлээн авсан. Гэвч Г.Баясмаа нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-127 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Албан томилолтын журмын 6.5.2-д байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг /ДДТДТБ/ авна гэж заасны дагуу дээрх аймгуудад байрласан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтуудыг авч ирээгүй болно. Энэхүү зөрчлийг компанийн санхүү, хуулийн асуудал хариуцсан нэгжээс шалгаж, ДДТДТ-ийн баримтыг бүрдүүлэхэд 125 000 төгрөгийн зөрүү үүссэн бөгөөд уг зөрүү мөнгийг Г.Баясмаа нь гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А-857 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн дотоод дүрмийн 6.2.9-д Бэлэн мөнгө авсан ажилтан зарцуулалтыг нотлох АШБ-ыг ажлын 3 хоногт багтаан кассанд хүлээлгэн өгч, зөрүүг тушаана гэж заасны дагуу компанийн кассанд тушаагаагүй, хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Үүнд: Дархан-Уул аймгийн Дархансантайн ХХК-ийн Рич /Rich/ зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар 45 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 5 000 төгрөг/, Увс аймгийн Баялаг-Од ХХК-ийн толгой компани болох Увс шилтгээн ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар нийт 70 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 20 000 төгрөг/, Архангай аймгийн Ихсандил Уул ХХК-ийн Ундрам зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 15 000 төгрөг/, Архангай аймгийн Буянттовгор хайрхан ХХК-ийн Буян зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 15,000 төгрөг/, Булган аймгийн Шим булаг ХХК-ийн зочид буудлаас 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн цахим шуудангаар 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Г.Баясмаа нэртэй зочин бүртгэгдээгүй, тооцооны хуудас дээрх үнэ болон өрөөний дугаар манайд байхгүй, санхүүгийн тэмдэгтэй баримт яаж олж авсныг мэдэх шаардлагатай байна гэсэн мэдээллийг ирүүлсэн. /олгосон томилолт 45 000 төгрөг/, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зочид буудалд буудалласан тухай баримт огт байхгүй. /олгосон томилолт 25 000 төгрөг/, Дээрх зөрчлийн талаар Г.Баясмаатай уулзаж тайлбар авахад зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болно. Иймд Г.Баясмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Г.Баясмаатай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 2017/53 дугаар Хөдөлмөрийн гэрээ-ний 6.1-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасны дагуу дараах тохиолдлуудыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ, 6.1.3 Ажил олгогчийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б-600 дугаар тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчид зөрүүгээ тайлбарлах боломжийг хангалттай олгосон. И-мэйл хаягаар тухайн зөрчлийг тус бүрээр нь ийм асуудал байна гэдгийг тайлбарлахыг, няцаах боломжийг Г.Баясмаад олгосон. Харамсалтай нь энэ хугацаанд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг нотолж чадаагүй учраас компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан үндэслэлээр, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчлийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу хөрөнгө завших гэдэг үйлдэл байж болно гэж үзээд гомдол гаргасан байгаа. Үүнийг харъяаллын дагуу Булган аймгийн цагдаагийн газарт шилжүүлээд тус аймгийн мөрдөгч Батдоржоос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шалгаад харъяаллын дагуу шилжүүлсэн тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолд 2007 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Булган зочид буудалд 50 000 төгрөг өртөг бүхий хоносон гэх хуурамч баримт бүрдүүлэн мөнгийг нь хувьдаа завшсан гэж зөрчил үйлдсэн болох нь Скайтел ХХК-иас бичгээр гаргасан хүсэлт, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчийн өгсөн мэдүүлэг, компаниас гаргаж өгсөн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Булган аймагт 50 000 төгрөг завшсан гэдэг нь хэрэг бүртгэгчийн тогтоолоор тогтоогдсон байгаа. Ингээд харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлээд хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор н.Бат-Очироос манай компанид хариу ирүүлэхдээ зөрчлийн тухай хуулийн 1.5.2 хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол гэдэг үндэслэл бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Булган аймагт 50 000 төгрөг завшсан гэдэг нь тогтоогдсон, гэхдээ зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр энэ хэргийг шийдвэрлээгүй явсан байгаа. Манай компанийн албан томилолтын журам гэж байгаа. Энэ журмыг Г.Баясмаа нь маш сайн мэдэж байгаа. Энэ журмын хэрэгжилтийг маш сайн хангаж ажиллах ёстой хүн. Г.Баясмаа нь энэ орон нутгаар ажиллахдаа энэ зөрүү болох 125 000 төгрөгийн зөрүүг компанид тушаагаагүй. Зохих ёсоор тайлагнаагүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баясмааг хариуцагч Скайтел ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Скайтел ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31 986 363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баясмаад олгож, хариуцагч Скайтел ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 41-р зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Скайтел ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 317 881 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01699 дугаар шийдвэрийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон ажилтанд хууль ёсны шаардлага тавих, дотоод журмыг мөрдүүлэх эрхийг үгүйсгэж, улмаар ажилтны хууль бус үйлдлийг өөгшүүлсэн, хамгийн ноцтой нь албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг хууль ёсны төлбөрийн баримт олгохоос татгалзах, хууль ёсны орлогоо нуун дарагдуулж албан татвар төлөхөөс зайлсхийж болох үр дагавартай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2-т зааснаар албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй байх ба албан татвар суутган төлөгч болох Архангай аймаг дахь "Ихсандил Уул" ХХК-ийн "Ундрам" зочид буудал болон "Буянттовгор хайрхан" ХХК-ийн "Буян" зочид буудал, Булган аймаг дахь "Шим булаг" ХХК, Дархан-Уул аймаг дахь "Дархансантайн" ХХК-ийн "Рич" зочид буудал, Увс аймаг дахь "Увс шилтгээн" ХХК-иас дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олгоогүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д "Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй." гэж заасны дагуу Г.Баясмаа нь тухайн зочид төлбөрийн баримтыг буудлуудаас шаардан авах, өгөөгүй тохиолдолд харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүргээ ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримтыг олгох нөгөө талаас татвар төлөгч нь түүнийг шаардан авах, олгохоос татгалзсан бол харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүргийг хуульчилсан байхад нэхэмжлэгчийг энэхүү үүргээ зөрчсөн үйлдлийг анхаарч үзээгүй төдийгүй нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг компанийн дотоод үйл ажиллагаандаа мөрдүүлэх зорилгоор Гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-127 тоот тушаалаар "Албан томилолтын журам"-ыг баталсан бөгөөд журмын 6.5.2-д Албан томилолтоор ажилласан ажилтан "байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авна." гэж тодорхой заасан. Мөн Архангай аймаг дахь "Ихсандил Уул" ХХК-ийн "Ундрам" зочид буудлаас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот албан бичиг, "Буянттовгор хайрхан" ХХК-ийн "Буян" зочид буудлаас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 016 тоот албан бичиг, Дархан-Уул аймаг дахь "Дархансантайн" ХХК-ийн "Рич" зочид буудлаас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг, Увс аймаг дахь "Увс шилтгээн" ХХК-ийн "Баялаг од" зочид буудлаас ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан бичгүүдэд "дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг олгох хэрэглэгчийн системийг бүрэн нэвтрүүлж, төлбөр тооцоо хийсэн даруй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу худалдан авагчид тухай бүр олгож байна. Бидний зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.5-д "Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно" гэж заасныг аливаа хэлбэрээр зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болно" гэсэн. Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 10/1716 дугаар албан бичигт "дээрх зочид буудлууд нь албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн, төлбөрийн баримтыг олгох нөхцөл хангагдсан" гэж дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олгохгүй байх үндэслэлгүй талаар дурдсан баримтууд байгааг шүүх огт анхаарч үзэлгүй хуулийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь байрласан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт шаардан аваагүй, энэ тухай харьяа татварын албанд мэдэгдээгүй болох нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэлээр тогтоогддог. Тодруулбал дээрх тэмдэглэлд "Скайтел ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн Компанийн албан томилолтын журмын дагуу та байрласан зочид буудлаасаа дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримт авчрах ёстой. Тэрийг та мэдэж байсан уу?" гэж асуухад, хариуцагч Г.Баясмаа нь "Наадуул чинь захирал, нягтлан байхгүй гээд янз янзын юм яриад өгдөггүй шүү дээ... Нөхөж авах ажиллагаа хийгээгүй нь миний алдаа" гэж төлбөрийн баримт авчраагүй буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг огт үнэлээгүй байна. Ийнхүү хариуцагчийн зүгээс Г.Баясмаагийн байрласан зочид буудлуудаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтуудыг гаргуулан авахад зөрүү үүсч, компанид мөнгөн хөрөнгийн хохирол учруулж завшсан болох нь баримтаар илэрхий байгааг анхан шатны шүүх огт үнэлээгүй байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагч нэхэмжлэгч нь Булган аймаг дахь "Шим булаг" ХХК, Завхан аймагт буудаллаагүй гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь Булган аймаг дахь "Шим булаг" ХХК-ийн төлбөрийн баримтын хуулбар, Г.Баясмаагийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 5-ны хооронд орон нутагт ажилласан томилолтын буудлын зардлын гүйцэтгэлийн хяналтын хуудасны хуулбараар үгүйсгэгдэж байна" гэжээ. Хариуцагчийн зүгээс Г.Баясмаагийн гаргасан зөрчлийг шалгуулахаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Зөрчлийн талаар мэдээлэл өгөх тухай" гомдол гаргасны дагуу 1715000155 дугаар зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулсан ба нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд Булган аймагт албан томилолтоор ажиллана гэж компаниас зочид буудлын зардалд 450 000 төгрөг хүлээн авсан боловч тус аймгийн төвийн "Шим булаг" ХХК-ийн зочид буудалд байрлаагүй, төлбөр тооцоо хийгээгүй талаар тус компанийн ерөнхий нягтлан бодогч Ж.Туяагийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн "гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл"-д "... манай буудлын баримт мөн хэрнээ өрөөний дугаар, үнийн тариф нь манайх биш байхаар нь Скайтел-н Эрдэнэбаттай утсаар яриад өрөөний дугаар, үнийн дүнгийн талаар хэлсэн. Яагаад гэвэл би бүртгэлээ үндэслэж ингэж хэлээд байна." гэж мөн тус мэдүүлэгт гэрч Ж.Туяагаа "танай буудалд буудаллаж байгаа иргэдийг бүртгэдэг үү гэх асуултад Бүртгэдэг, бүртгэлийн дэвтэртэй" гэж, мөн "тооцоогоо ямар хэлбэрээр хийдэг вэ гэх асуултад сардаа нэг юм уу хоёр удаа очоод бүртгэлийн дэвтрээрээ тооцоогоо хийдэг, өглөө болгон утсаар мэдээ авдаг, хэдэн зочин хоносон, хэдэн төгрөгийн орлого орсон, хэдэн төгрөг нь бэлнээр орсон гэдгийг асуудаг, Танай буудлын өрөөний тариф хэд вэ гэх асуултад 30 000, 40 000, 60 000, 80 000 төгрөг гэсэн тарифтай. Хэрвээ хямдрал үзүүлэх бол манай ажилчид надруу заавал залгаад асуудаг, наад Скайтел-ийн хувьд ямар ч хямдрал яригдаагүй, бүртгэлээс үзэхэд Г.Баясмаа гэж хүн манай буудалд хоноогүй байгаад байгаа" гэж мэдүүлсэн. Г.Баясмаагийн ирүүлсэн буудлын баримт дээрх үнийн дүн 50 000 төгрөг гэж бичигдсэн нь тус буудалд байдаггүй өрөөний тариф бөгөөд тус буудалд буудаллаж төлбөр тооцоо хийгээгүй болох нь гэрч Ж.Туяагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тус хэрэгт нотлох баримтаар цугларсан гэрч О.Отгончимэг нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ "Та 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд ажилтай хоносон уу?" гэх асуултад "Би 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ээлжинд гарч хоносон" гэж, "2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө буудалд хоносон иргэдийг бүгдийг нь бүртгэсэн үү? Г.Баясмаа гэж хүн хоносон уу?" гэх асуултад "Тэр өдөр манай буудалд буусан иргэдийг бүгдийг нь бүрэн бүртгэсэн байгаа. Бүртгэлгүй үлдээсэн хүн байхгүй" гэж тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан О.Отгончимэг мэдүүлж Г.Баясмааг буудалд байрлаагүй болохыг нотолсон. Мөн Гэрч Ж.Туяагаас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг бүртгэгчид гаргаж өгсөн Булган зочид буудлын 2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнийн бүртгэлийн баримтаас үзвэл холбогдогч Г.Баясмаагийн бүртгэл байхгүй болох нь тодорхой харагдаж байна. Мөн Булган аймаг дахь Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Ж.Батдоржийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал" -д "2017 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудалд 50 000 төгрөгийн өртөг бүхий өрөөнд хоносон гэж хуурамч баримт бүрдүүлэн мөнгийг нь хувьдаа завшсан гэх зөрчил үйлдсэн нь Скайтел ХХК-иас бичгээр гаргасан хүсэлт, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирогчоор өгсөн мэдүүлэг, компаниас гаргаж өгсөн баримтууд, Булган зочид буудлын үйлчлэгч А.Монголхатан, ресепшн О.Отгончимэг, О.Сарантуяа, Б.Дүүриймаа, З.Оюунчимэг гэх гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна" гэж зөрчил үйлдсэн болохыг харьяаллын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагааг гардан явуулсан эрх бүхий албан тушаалтан, түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хариу мэдэгдэх хуудаст "Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн уг асуудалд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжгүй" гэсэн нь Г.Баясмааг зөрчил үйлдсэн гэдгийг тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй" гэж заасны дагуу эцсийн шийдвэр болсон. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд албан томилолтоор ажиллана гэж компаниас буудлын зардалд 25 000 төгрөгийг хүлээн авсан боловч байрласан зочид буудлаас ямар ч баримт авчраагүй. Өөрөөр хэлбэл Тосонцэнгэл суманд буудалласан буудал түүнээс олгосон тооцооны хуудас байхгүй. Хариуцагч талаас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буудаллаагүй төлбөр тооцоо хийгээгүй талаар хариу тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж мэтгэлцсэн. Харин Завхан /аймгийн төв Улиастай сум/ аймагт буудалласан эсэх дээр маргадаггүй. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг зөвхөн Завхан аймаг гэж тодорхойлж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэл болгосон Г.Баясмаагийн үйлдсэн бүрдэл дутуу, албаны захирал нь хүлээн авч хянаж баталгаажуулаагүй 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн "албан томилолтын ажил гүйцэтгэлийн үнэлгээний хуудас"-ны Тосонцэнгэл салбарыг шалгасан тайлан хэсэгт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагт "Завхан аймаг луу явав" гэж бичсэнээс үзэхэд тус суманд огт хоноогүй төлбөр тооцоо хийгээгүй болох нь илэрхий нотлогдож байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч нь дээрх зочид буудлуудад хоноглосон талаарх төлбөрийн баримт буюу төлбөр төлсөн талаарх анхан шатны баримтуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь Архангай аймаг дахь "Ихсандил Уул" ХХК-ийн "Ундрам" зочид буудал болон "Буянттовгор хайрхан" ХХК-ийн "Буян" зочид буудал, Булган аймаг дахь "Шим булаг" ХХК, Дархан-Уул аймаг дахь "Дархансантайн" ХХК-ийн "Рич" зочид буудал, Увс аймаг дахь "Увс шилтгээн" ХХК-ийн тооцооны хуудасны хуулбар, Г.Баясмаагийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны хооронд орон нутагт ажилласан томилолтын буудлын зардлын гүйцэтгэлийн хяналтын хуудасны хуулбараар тогтоогдож байна." гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ирүүлсэн "зочид буудлын тооцооны хуудас" гэх /мөнгө өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй/ үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хууль тогтоомж, ажил олгогчийн дотоод журамд заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосныг үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.8-д "зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах" үйл ажиллагаанд албан татвар ногдуулна гэж заасан бөгөөд мөн хуулийн 17.3-д "Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ, 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно.", мөн хуулийн 17.4-д "Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна.", 17.5-д "Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.", 4-р зүйлийн 4.1.21-д "хэрэглэгчийн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг.", 4.1.14-д "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг" хэлнэ гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох хууль ёсны баримт нь дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим төлбөрийн баримт байна. Нэхэмжлэгч нь албан томилолтоор ажиллахдаа зочид буудлын зардалд хариуцагч компаниас нийт 460 000 төгрөгийг хүлээн авсан боловч хүлээн авсан мөнгөний зөрүүг эгүүлж тушаагаагүй 125 000 төгрөгийг завшсан болохыг нотлох зочид буудлуудын дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтууд, хариуцагчтай хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэл, хариуцагчийн үйлдсэн зөрчлийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Скайтел ХХК-ийн Хуулийн хэлтсийн дүгнэлт, санал, мөн хариуцагч Г.Баясмаад холбогдуулан үүсгэсэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн "Авлагын үлдэгдлийн үүссэн огноогоор тайлан", гэрч "Скайтел" ХХК-ийн албан томилолтын зардлын хяналт хариуцсан нягтлан бодогч М.Бүтэмсайгийн өгсөн: "...НӨАТ-н и-баримт авч ирж өгөх ёстой байдаг. Нийт 125,000 төгрөгийн зөрүү үүссэн..." гэх мэдүүлэг, гэрч Скайтел ХХК-ийн Санхүү бүртгэлийн албаны захирал Г.Уранчимэгийн өгсөн: "...Томилолтоор ажилласан ажилтан нь дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар /О.Н/ кодтой НӨАТ-ын баримт өгөх ёстой. Г.Баясмаа нь томилолтын буудлын зардлын 125,000 төгрөгийг завшсан тооцоотой гэх мэдүүлэг зэрэг хангалттай нотлох баримтууд байсаар атал анхан шатны шүүх тооцооны хуудас гэх эргэлзээтэй баримт, бүрдэл дутуу буюу албаны захирал нь хянаж баталгаажуулаагүй, томилолтын удирдамж зөрчсөн "албан томилолтын ажил гүйцэтгэлийн үнэлгээний хуудас" зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж улмаар "хариуцагчийн нэхэмжлэгч нь 125 000 төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна." гэж дүгнэсэн нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Нэхэмжлэгч Г.Баясмаа нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан албан томилолтын тайландаа "Гэнэтийн хяналт шалгалтын нууцлал алдагдсан тул Дархан салбарын санхүүгийн үйл ажиллагааны дотоод хяналт шалгалтыг хийгээгүй" гэж өөрийн хариуцлагагүйгээс Дархан-уул аймагт албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгээгүй, томилолтын зардал үргүйдүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх огт судлаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн байрласан зочид буудлуудын дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг үнэлээгүйн улмаас хариуцагч "Скайтел" ХХК нь албан татвар төлөгчийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д "энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох" 15 дугаар зүйлийн 15.3-д "Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно 15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх, 15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх" гэж заасны дагуу татварын буцаан олголтыг авч чадахгүйд хүрч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөхөөр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт "Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй." бол мөн хуулийн 6-р зүйлийн 6.2. дахь хэсэгт "Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ...хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй." билээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч буюу ажил олгогчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэхээр баталсан Албан томилолтын журмаар ажилтанд хүлээлгэсэн "байрласан зочид буудлаас дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг авах" гэсэн үүргийг үгүйсгэж, нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг өөгшүүлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдаж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01699 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баясмаа нь хариуцагч Скайтел ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь зааснаар нэхэмжлэгч Г.Баясмааг хариуцагч Скайтел ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Скайтел ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31 986 363 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баясмаад олгуулах, хариуцагч Скайтел ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 12ы өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын байгуулагдсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31 986 363 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг дүнгээс зохих шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийж, үлдэх олговрыг нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Г.Баясмаа нь Скайтел ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Г.Баясмаа, хариуцагч "Скайтел" ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/01699 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Баясмаа нь хариуцагч "Скайтел" ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Скайтел ХХК нь Г.Баясмаад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31 986 363 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг дүнгээс зохих шимтгэл, хураамжийг төлж, дэвтэрт бичилт хийж, үлдэх олговрыг нэхэмжлэгчид олгохоор тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ