Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “С” ХХК/РД: /-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат, өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Ганболдын Б нь С ХХК-д Санхүү Төлөвлөлтийн Газрын Санхүү Бүртгэлийн Албаны Дотоод хяналтын менежер албан тушаалд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд эгүүлэн орсон болно.

Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай

Нэхэмжлэгч Ганболдын Б нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Санхүү Төлөвлөлтийн газрын Санхүү Бүртгэлийн Албаны Дотоод хяналтын менежер ажлыг хүлээн авсан. Ажил олгогч ажилд эгүүлэн авсан даруйд ажлын байранд дарамт үзүүлэх, хамтран ажиллах боломжгүй талаар мэйлээр мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч Г.Б нь анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас хойш 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цалинг нэхэмжилсний дараа буюу 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр С ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б-600 тоот тушаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтаар ажлаас чөлөөлсөн.

Ингэхдээ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан зочид буудлын зардлаас хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь зочид буудлын зардлыг хувьдаа завшсан зүйл байхгүй болно. Иймд дараах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх.” гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Бгийн “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх“ тухай нэхэмжлэлийн шаардлагагыг эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Г.Бг “С” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны “Дотоод хяналтын менежер”-ийн албан тушаалд 2017 оны 7-р сарын 27-ны өдөр томилж, мөн өдөр түүнтэй Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан.

Санхүү бүртгэлийн албаны захирлын 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Орон нутгийн салбаруудын санхүүгийн үйл ажиллагаанд хийх дотоод хяналт шалгалтын удирдамж”-ын дагуу Г.Б нь 2017 оны 8-р сарын 15-аас 9-р сарын 5-ны хооронд орон нутагт албан томилолтоор ажиллахдаа зочид буудлын төсөвт компаниас нийт 460 000 төгрөг /Хөвсгөл-90,000 төг, Булган-45,000 төг, Дархан-50,000 төг, Тариалан-25,000 төг, Увс-90,000 төг, Тосонцэнгэл-25,000 төг, Завхан-45,000 төг, Архангай-90,000/ төсөвлөн хүлээн авсан.

Гэвч Г.Б нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн А-127 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Албан томилолтын журам”-ын 6.5.2-д “Байрласан зочид буудлаас Дахин давтагдашгуй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг /ДДТДТБ/ авна” гэж заасны дагуу дээрх аймгуудад байрласан зочид буудлуудаас Дахин давтагдашгүй төлбөрийн дугаартай баримтуудыг авч ирээгүй болно. Энэхүү зөрчлийг Компанийн санхүү, хуулийн асуудал хариуцсан нэгжээс шалгаж, ДДТДТ-ийн баримтыг бүрдүүлэхэд 125,000 төгрөгийн зөрүү үүссэн бөгөөд уг зөрүү мөнгийг Г.Б нь Гүйцэтгэх захирлын 2013 оны 11-р сарын 15-ны өдрийн А-857 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн дотоод дүрэм”-ийн 6.2.9-д “Бэлэн мөнгө авсан ажилтан зарцуулалтыг нотлох АШБ-ыг ажлын 3 хоногт багтаан кассанд хүлээлгэн өгч, зөрүүг тушаана” гэж заасны дагуу компанийн кассанд тушаагаагүй, хувьдаа завшсан болох нь тогтоодсон. Үүнд:

1. Дархан-Уул аймгийн “Дархансантайн” ХХК-ийн “Рич”/Rich/ зочид буудлаас 2017.09.08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар 45 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт,/олгосон томилолтын зөрүү 5 000 төгрөг/,

2. Увс аймгийн “Баялаг-Од” ХХК-ийн толгой компани болох “Увс шилтгээн” ХХК-иас 2017.09.08-ны өдрийн ДДТД-тай төлбөрийн баримтаар нийт 70 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 20 000 төгрөг/

3. Архангай аймгийн “Ихсандил Уул” ХХК-ийн “Ундрам” зочид буудлаас 2017.09.09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 15 000 төгрөг/

4. Архангай аймгийн “Буянттовгор хайрхан” ХХК-ийн “Буян” зочид буудлаас 2017.09.09-ний өдрийн ДДТД-тай баримтаар 30 000 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримт, /олгосон томилолтын зөрүү 15,000 төгрөг/

5. Булган аймгийн “Шим булаг” ХХК-ийн зочид буудлаас 2017.09.11-ний өдөр ирүүлсэн цахим шуудангаар “2017.08.18-19-нд шилжих шөнө Г.Б нэртэй зочин бүртгэгдээгүй, тооцооны хуудас дээрх үнэ болон өрөөний дугаар манайд байхгүй, санхүүгийн тэмдэгтэй баримт яаж олж авсныг мэдэх шаардлагатай байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн. /олгосон томилолт 45 000 төгрөг/

6. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зочид буудалд буудалласан тухай баримт огт байхгүй. /олгосон томилолт 25 000 төгрөг/

Дээрх зөрчлийн талаар Г.Бтай уулзаж тайлбар авахад зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Г.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Г.Бтай 2017 оны 7-р сарын 27-ны өдөр байгуулсан 2017/53 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.1-д заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасны дагуу дараах тохиолдлуудыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ, 6.1.3 “Ажил олгогчийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан” гэсэн үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2017 оны 9-р сарын 29-ний өдрийн Б-600 дугаар тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчид зөрүүгээ тайлбарлах боломжийг хангалттай олгосон. И-мэйл хаягаар тухайн зөрчлийг тус бүрээр нь ийм асуудал байна гэдгийг тайлбарлахыг, няцаах боломжийг Г.Бд олгосон. Харамсалтай нь энэ хугацаанд ямар нэгэн байдлаар энэ асуудлыг нотолж чадаагүй учраас компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан үндэслэлээр, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст зөрчлийн тухай хуулийн 8.7-д заасны дагуу хөрөнгө завшах гэдэг үйлдэл байж болно гэж үзээд гомдол гаргасан байгаа. Үүнийг харъялалын дагуу Булган аймгийн цагдаагийн газарт шилжүүлээд тус аймгийн мөрдөгч Батдоржоос 2017.12.01-ний өдөр шалгаад харъялалын дагуу шилжүүлсэн тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолд 2007 оны 08-р сарын 18-с 19-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Булган зочид буудалд 50 000 төгрөг өртөг бүхий хонсон гэх хуурамч баримт бүрдүүлэн мөнгийг нь хувьдаа завшсан гэж зөрчил үйлдсэн болох нь “С” ХХК-иас бичгээр гаргасан хүсэлт, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зохигчийн өгсөн мэдүүлэг, компаниас гаргаж өгсөн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Булган аймагт 50 000 төгрөг завшсан гэдэг нь хэрэг бүртгэгчийн тогтоолоор тогтоогдсон байгаа. Ингээд харъялалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлээд хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Бат-Очироос манай компанид хариу ирүүлэхдээ зөрлийн тухай хуулийн 1.5.2 хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол гэдэг үндэслэл бидний гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Булган аймагт 50 000 төгрөг завшсан гэдэг нь тогтоогдсон, гэхдээ зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр энэ хэргийг шийдвэрлээгүй явсан байгаа. Манай компанийн албан томилолтын журам гэж байгаа. Энэ журмыг Г.Б нь маш сайн мэдэж байгаа. Энэ журмын хэрэгжилтийг маш сайн хангаж ажиллах ёстой хүн. Г.Б нь энэ орон нутгаар ажиллахдаа энэ зөрүү болох 125 000 төгрөгийн зөрүүг компанид тушаагаагүй. Зохих ёсоор тайлагнаагүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Б нь хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан байна гэж үзэж байна. Хуулийн маргааны гол хууль зүйн үндэслэл бол талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.3 гэдэг заалтыг зөрсөн байна гэж үзэж байна. Талуудын хооронд маргахгүй хэдэн зүйл байгаа. Хөдөлмөрийн гэрээг талууд байгуулсан. Тушаалын үндэс болоод байгаа 6 дугаар хуудас, хөдөлмөрийн гэрээний 20 хуудасны 6.3-т Г.Б гарын үсгээ зурсан нотариатаар батлуулсан байна. Энэ дээр тухайн нөхцөл байдалтай танилцсан байгаа. Байгууллагаас юм завшиж болохгүй гэдгийг ойлгосон байна. Маргаанд дурдагдаад байгаа 8 аймагт явж ажилласан талаар маргахгүй байгаа. Зочид буудлын нийт зардалд зориулж 460 000 төгрөг авсан гэдэг дээр Б маргадгүй. Албан томилолтын журамтай танилцсан талаар маргадаггүй. Харин авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан уу, хувьдаа завшсан уу гэдэг нь гол маргааны зүйл юм. Бгийн албан томилолтоор ажилласан буудлын зардлын гүйлгээний хяналт гэсэн зүйл байгаа юм. Зөрүү гарвал буцааж 3 хоногийн тодор тушаана гэсэн байгаа. Б нь хөдөлмөрийн гэрээний 6.1.3-т заасан зөрчлийг гаргасан байна гэж “С” ХХК-с үзэж байгаа. НӨАТ-ы баримт 2016 оны эхний хагас жилдээ багтаад бүх байгууллагад орсон байгаа. Энэ буудлууд нь бүгд НӨАТ-ын баримтаа шивээд Бд өгсөн байдаг. Төлбөр төлөгч нь Б биш С ХХК учраас С ХХК-ийн регистерийн дугаар дээр төлбөр төлөгдөж байгаа. Жишээ нь Г.Б нь Дархан-Уул аймгаас 80 000 төгрөгийн баримтыг авчирсан. Гэтэл цаанаа шивигдсэн дүн нь 45 000 төгрөг. Гэтэл энэ хүн бүртгэл тооцоог зөв хийж байна уу, орлого зарлагаа зөв бүртгэж байна уу гэж хүмүүс энэ бүгдийг зөвлөж явах ёстой хүн нь өөрөө аймгуудаар очоод хувийн шуналын зорилгоор “С” ХХК-ийн томилолтоор олгосон мөнгийг хувьдаа завшсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 6.3-т зааснаар ажил олгогчийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан бол хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болно гэж заасан байдаг. Энэ үйлдлийг нь цагдаагийн байгууллага тогтоосон. Иймд Г.Бгийн ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “С” ХХК нь Г.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” буюу ажил олгогчийн өмч хөрөнгө болох 125 000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг хувьдаа завшсан гэж маргасан.

 

2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нарт 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4-ийн 4.7-д зааснаар магадлагаа нь дугаартай байх шаардлагад нийцэхгүй байна.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс хариуцагчийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 2017/53 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б-457 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.1.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс цуцалсан болох нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б-600 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг .... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.1.3-т “Ажил олгогчийн өмч хөрөнгийг хувьдаа завшсан ... болох нь тогтоогдсон,” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Архангай аймаг, Булган аймаг, Дархан-Уул аймаг, Завхан аймаг, Увс аймаг, Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллах зардалд нийт 460 000/дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан талаар зохигчид маргахгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Албан томилолтын журам”-ын 6.5.2-д “Байрласан зочид буудлаас Дахин давтагдашгуй төлбөрийн дугаартай төлбөрийн баримтыг /ДДТДТБ/ авна” гэж заасныг зөрчин 125 000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг хувьдаа завшсан гэж маргаж байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;” гэж заасан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2-т зааснаар албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй байх ба албан татвар суутган төлөгч болох Архангай аймаг дахь “Ихсандил Уул” ХХК-ийн “Ундрам” зочид буудал болон “Буянттовгор хайрхан” ХХК-ийн “Буян” зочид буудал, Булган аймаг дахь “Шим булаг” ХХК, Дархан-Уул аймаг дахь “Дархансантайн” ХХК-ийн “Рич” зочид буудал, Увс аймаг дахь “Увс шилтгээн” ХХК-иас дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан төлбөрийн баримтыг нэхэмжлэгчид олгоогүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх зочид буудлуудад хоноглосон талаарх төлбөрийн баримт буюу төлбөр төлсөн талаарх анхан шатны баримтуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь Архангай аймаг дахь “Ихсандил Уул” ХХК-ийн “Ундрам” зочид буудал болон “Буянттовгор хайрхан” ХХК-ийн “Буян” зочид буудал, Булган аймаг дахь “Шим булаг” ХХК, Дархан-Уул аймаг дахь “Дархансантайн” ХХК-ийн “Рич” зочид буудал, Увс аймаг дахь “Увс шилтгээн” ХХК-ийн тооцооны хуудсын хуулбар, Г.Бгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны хооронд орон нутагт ажилласан томилолтын буудлын зардлын гүйцэтгэлийн хяналтын хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг ... төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь нэр дурдсан зочид буудлуудад хоноглосон төлбөрийн зөрүү гэх нийт 125 000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн анхан шатны баримтуудыг хариуцагчид хүлээлгэж өгсөн байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь Булган аймаг дахь “Шим булаг” ХХК, Завхан аймагт буудаллаагүй гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь Булган аймаг дахь “Шим булаг” ХХК-ийн төлбөрийн баримтын хуулбар, Г.Бгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны хооронд орон нутагт ажилласан томилолтын буудлын зардлын гүйцэтгэлийн хяналтын хуудсын хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь 125 000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу хариуцагчийн өмч хөрөнгө болох 125 000/нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 3 100 000/3100000+3100000+3100000=9300000, 9300000:3=3100000/ /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 140 909/3100000:22хоног=140909/ /нэг зуун дөчин мянга есөн зуун ес/ төгрөг болох нь № 2017/53 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.

         

          Нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажлын 7/долоо/ хоног, 10/арав/ сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 31 986 363/7х140909=986363, 10x3100000=31000000, 986363+31000000=31986363/ /гучин нэгэн сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах үндэслэлтэй байна.

 

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг хариуцагч “С” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “С” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31 986 363/гучин нэгэн сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, хариуцагч “С” ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бг хариуцагч “С” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны дотоод хяналтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “С” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31 986 363/гучин нэгэн сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгож, хариуцагч “С” ХХК-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 41-р зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 317 881 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ХИШИГБАТ