Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02567

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02567

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Наранхандад холбогдох

 

Албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цэндзаяа

Хариуцагч: Б.Наранханд

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Б.Дашхүү нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар төмөр зам нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглах ТК00215 тоот эрхийн бичгийг үндэслэн Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний үндсэн дээр Б.Наранханд нь Улаанбаатар төмөр замын Тээвэрлэлт удирдлагын төвийн ахиран зохицуулах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байшингийн 1 дүгээр орцны 29 тоот 1 өрөө 25.2 м.кв талбайтай сууцыг ашигладаг байсан. Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний 2.1.1-д Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглах журам, УБТЗ-ын орон сууцны дүрмийг мөрдөж, тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэн өгөх-өөр талууд харилцан тохиролцсон. Б.Наранханд нь Улаанбаатар төмөр замын Тээвэрлэлт удирдлагын төвийн Захиран зохицуулах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны  9 дүгээр сарын 4-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг, 2.12-т Албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ажилтан энэ журмын 2.9-д зааснаас бусад үндэслэлээр буюу захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр Улаанбаатар төмөр замын байгууллага, салбар нэгжтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгон ажлаас халагдсан тохиолдолд албан тушаалын орон сууцыг хөлслөн ашиглах гэрээний дагуу 1 сарын дотор уг орон сууцыг үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй.

Тээвэрлэлт удирдлагын төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/242 албан бичгээр Орон сууцны төв комисст мэдэгдсэний дагуу Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Орон сууцны төв комиссын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Б.Наранханд нь өөр ажил, албан тушаалд шилжсэн учир Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 83 дугаар байр, 29 тоот Захиран зохицуулах хэлтсийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглуулахаар 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ОСТК-оос Б.Наранхандад олгосон ТК00007 дугаартай эрхийн бичгийг хүчингүй болгож цуцлан, Улаанбаатар төмөр замын ХНН-ийн албан тушаалын орон сууцыг ашиглах журмын дагуу орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэхээр, оронд нь шинээр томилогдсон Х.Мөнхбатад Захиран хуваарилах хэлтсийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглах эрхийг шинээр олгохоор шийдвэрлэсэн болно. Орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу Б.Наранхандад 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 тоот Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн ба Б.Наранханд нь дээрх мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч одоог хүртэл албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд Б.Наранхандын ашиглаж байгаа Баянгол дүүргийн дугаар хорооны Төмөр замын 83 дугаар байрны, 29 тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.Наранханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 1991 онд УБТЗ-ын техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж, 1991-1993 онд Салхит өртөө-нд өртөөний жижүүр /ДСП/, 1993-2005 онд Замын-Үүд өртөөнд өртөөний жижүүр /ДСП/хөдөлгөөний техникчээр /ДСЗт/, 2005 оны 1 дүгээр сарын 15-нд Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтэст галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/ томилогдон ирсэн. Томилогдон ирсэн цагаас өөрийн гэсэн тогтсон орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байх хугацаандаа Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын Нийгмийн  асуудал хариуцсан замын орлогч даргад 2006 оны 1 дүгээр сарын 19-нд, 2007 оны 2 дугаар сарын 13-ны ТЗБ-ын албаны дарга Г.Ганболдын удирдан хийсэн хурлын шийдвэрээр 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг олгохоор шийдвэрлэж 2007 оны 7 дугаар сарын 10-ны ТК00215 тоот эрхийн бичгийг олгосон. Тус 83 дугаар байрны 88 оршин суугчийн байр 2006 онд ашиглалтанд орж 2007 онд хувьчлагдах асуудал яригдахад 78 оршин суугчийн орон сууцыг эзэмшигчидэд үнэ төлбөргүйгээр хувьчилж, галт тэрэгний зохицуулагчийн гэх 10 байрыг хувьчлахгүй үлдээсэн. Миний бие 2005 оны 1 дүгээр сараас 2015 он хүртэл 10 жил галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой төмөр замын гол амин судас болох хуучнаар ТЗБ албаны Захиран хувиарлах хэлтэст 6 жил галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/, 4 жил галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 14-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хөдөлгөөний бус ажилд тэнцэнэ гэсэн эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан. 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Орон сууцны төв комиссын даргын 27 тоот албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг 3 дугаар сарын 1-нд хүлээн авсан. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Орон сууцны төв комиссын дарга Л.Халтарт хандсан боловч миний үгийг сонсоогүй, өргөдөлийг хүлээн аваагүй. Иймд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга асан X.Эрдэнэд өргөдөл гаргасны дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-нд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 71 тоот  Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, Улаанбаатар төмөр замын ХНН-ын Ерөнхий хорооны орлогч дарга Г.Ганболд, гишүүн Д.Наранпүрэв, гишүүн Ч.Сүрэнхорлоо, Замын эдийн засаг, Санхүү эрхэлсэн орлогч дарга бөгөөд СНББ-ийн албаны дарга Усольцева С.Я, Хууль зүйн албаны дарга Яковенка Е.Р нарт хүргүүлсэн ба мөн өдрийн 21 цаг 30 минутанд телевизийн ETV сувгийн Тод мэдээгээр дээрхи асуудлаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга асан X.Эрдэнэ мэдэгдэл хийсэн. Тус Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 9 айлын орон сууцыг хувьчлах асуудал нь 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын протоколд тусгагдсан ба миний амьдарч буй 1 орон сууцыг үлдээсэн билээ. ДГ-ийн гэх 10 байранд 7 ажилтан нь ДНЦ, ДГП нар амьдарч байгаад хувьчилж авсан. Одоо эрүүл мэндийн хувьд тухайн галт тэрэгний зохицуулагчийн ажилд тэнцэхгүй болж, өөр ажил гүйцэтгэх болсноор орон сууцгүй болгож чөлөөлүүлэхийг үндэслэлгүй, хууль бус асуудал ба үндсэн хуульд заасан ард иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж үзэж байна. Иймд миний бие нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дахь заалт, 9 дугаар зүйлийн 9.1 дэх заалт, Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтууд тус тус зөрчигдөж байна үзэж байгаа тул дээрх асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг Б.Наранхандын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч  Б.Наранхандаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Наранханд давж заалдах гомдолдоо:

... Уг шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд ирээгүй, би өмгөөлөгчтэй хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Шүүх хуралдааны завсарлаж эргэн ороход миний гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 2.14 дэх хэсэгт "...хууль зүйн туслалцаа авах... эрхтэй" гэж заасныг зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт ...нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүгч нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ" гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй болно. Харин ч нэхэмжлэгч тал хариуцагчийн хүсэлтээр өмгөөлөгчтэй оролцоход татгалзах зүйлгүй гэж дэмжсэн байхад шүүх хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж дураар хурлыг үргэлжлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг баримтлан тайлбарлаж, урьд нь танай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан, одоо хойшлуулах боломжгүй, хэргийн хугацаа дууссан гэж хэлсэн нь өмгөөлөгчийн эрх зүйн асуудалд холбоотой бөгөөд үйлчлүүлэгч, хэргийн оролцогчийн эрхийг шууд хохироох үндэслэл болохгүй. Энэ нь хариуцагч миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.7-д заасан эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууц нь хувьчлагдаагүй, албаны орон сууц мөн эсэх талаар зохигчид маргаагүй гэж дүгнэжээ. Гэтэл уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 5 тоот Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны ээлжит бус хурлын тэмдэглэлийн 2 дугаар хавсралтын 4 маргаантай байрыг X.Мөнхбатад хувьчлахаар нэрийг нь заасан байдаг боловч регистерийн дугаар нь Б. Наранханд миний ЧЕ72032869 дугаар ард нь бичигдсэн байдаг. Энэ нь хувьчлах шийдвэр надад эсхүл н.Мөнхбатад олгосон гэдэг нь эргэлзээтэй маргаантай байтал шүүх үүнийг маргаангүй гэж худал дүгнэсэн. Маргаж буй 83 дугаар байр нь 2006 онд ашиглалтанд орж, 2007 онд 78 оршин суугч нь орон сууцаа үнэ төлбөргүй хувьчилж авсан, үлдсэн 10 орон сууцыг хувьчлахгүй үлдээсэн бөгөөд уг байрыг албан тушаалын байр гэж тодорхойлсон тушаал шийдвэр хурлын тэмдэглэл огт байдаггүй. Харин хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А-38 тоот тушаалд уг байрыг албан тушаалын байр гэсэн жагсаалтанд оруулсан болохыг маргаан үүсэх үед мэдсэн. Үүнээс өмнө уг тушаалыг бидэнд танилцуулж байгаагүй, уг тушаал гарсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул бидний зүгээс гарах үр дагаварыг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Гэтэл олон жил ээлжийн, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж бие эрүүл мэндийн хувьд уг ажилд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсны дагуу ажлын байраа өөрчилснөөс 4 сарын дараа миний амьдарч буй орон сууцыг бусдад эзэмшүүлэн хувьчлах шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна. Би Улаанбаатар төмөр замаас халагдаагүй, аливаа зөрчил гаргаагүй, төмөр замд 26 жил тасралтгүй ажилласан ба үүний 22 жилд нь хөдөлмөрийн хэвийн бус, хүнд нөхцөлд ажилласан байтал өнөөдөр хувьчлагдсан орон сууцыг 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А-38 тоот тушаалыг баримталж амьдарч буй орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэж буй хууль бус гэж үзэж байна. Гэтэл маргаан бүхий орон сууц нь 2016 оны 12 дугаарс арын 9-ний өдрийн 05 тоот Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны ээлжит бус хурлын шийдвэр гарснаар албаны орон сууц байхаа больж, хувьчлах шийдвэр гарсан байгаа нь уг байрыг албаны байр биш гэдгийг нотолж байна. Ерөнхий хорооны хурлын хувьчлалын шийдвэрийн протоколд Х.Мөнхбатын нэр, Б.Наранханд миний регистерийн дугаар бичигдсэн байхад ач холбогдол өгөөгүй. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь Б.Наранханд намайг байрнаас албадан гаргах хуулийн хамааралтай заалт биш. Учир нь Ерөнхий хорооны хурлын протоколоор миний нэрийг орхигдуулж миний регистерийн дугаараар шийдвэр гаргасан байхад энэ маргааныг шийдвэрлэлгүйгээр намайг хууль бус эзэмшигч гэж үзэж байгаа нь учир дутагдалтай болсон. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасныг Улаанбаатар төмөр замын удирдлагууд зөрчиж, оршин суугч нарт ялгавартай хандсан гэж үзэж байна. Улаанбаатар төмөр замын даргын 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А-38 тоот тушаал нь зарим албан тушаалтанд үйлчлэхгүй, зөвхөн надад зориулагдсан тушаал мэт харагдаж байгааг шүүх анхааралгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулан өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Б.Наранхандад холбогдуулан албан тушаалын орон сууцнаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн байрыг хувьчилж өгөөгүй хууль зөрчсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын даргын 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн А-38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг ашиглах журам-ыг, хоёрдугаар хавсралтаар УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаалтны жагсаалт-ыг баталсан байна. /1хх-ийн 8-43 тал/

 

Нэхэмжлэгч байгууллагын БОС-алба нь хариуцагч Б.Наранхандтай 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 29 тоотод байрлах 25.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг ашиглуулах эрхийн бичгийг олгосон байна./хх-ийн 48-55 тал/ Хариуцагч Б.Наранхандын өмнө эрхэлж байсан галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчийн албан тушаал нь орон сууцыг ашиглах эрх бүхий албан тушаал байжээ.

 

УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний 1.1-д орон сууц хөлслөн ашиглагч нь УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах журам, УБТЗ-ын орон сууцны дүрмийг мөрдөж, албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу хүлээлгэн өгөх, 2.1-д УБТЗ-ын орон сууцны төв комиссын шийдвэр, тогтоолын үндсэн дээр олгосон албан тушаалын орон сууц ашиглуулах эрхийн бичгийг үндэслэн 7 хоногийн дотор УБТЗ-ын БОС-ын даргатай гэрээ байгуулж уг орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ. Орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу Б.Наранхандад 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 27 тоот Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлж Б.Наранханд нь дээрх мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байна. /1хх-ийн 125 тал/

 

Хариуцагч Б.Наранханд эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт удирдлагын төвийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 85 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөр цуцалжээ. /1хх-ийн 7 тал/

 

Нэхэмжлэгч байгууллагын гаргасан нотлох баримт болох УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг ашиглах журамд зааснаар тээвэр зохион байгуулалтын албанд хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч, ачаа тээвэр хариуцсан байцаагч, галт тэрэгний зохицуулагч нар хамрагдаж байгаа бөгөөд хариуцагч Б.Наранханд өөрийн хүсэлтээр ажлаа өөрчлөн өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа, уг албан тушаал нь орон сууц ашиглах дээрх журамд заасан орон сууц эзэмших эрхгүй албан тушаал байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Наранхандын нөхөр Ж.Агваансамбуу мөн тус байгууллагад ажилладаг бөгөөд тэрээр Замын-Үүд, 1 дүгээр баг, 109 дүгээр байрны 7 тоот орон сууцыг хувьчлан авсан гэсэн тайлбар гаргаж, нотлох баримтыг шүүхэд ирүүлснийг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагч өөрийн хүсэлтээр өөр ажил албан тушаалд шилжсэн, тухайн байрыг хувьчилж авах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хариуцагчийн албан тушаалын орон сууцнаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. /1хх-ийн 210-214 тал/

 

Хариуцагч Б.Наранханд давж заалдах гомдолдоо ...хувьчлагдаж байгаа орон сууцны жагсаалт гэх бичгийн баримтад Х.Мөнхбатын регистрийн дугаарын хэсэгт миний регистрийн дугаар бичигдсэн байгаа нь маргаан бүхий байдлыг үүсгэж байна гэсэн үндэслэл зааж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага уг жагсаалтад техникийн алдаа гаргасан гэсэн тайлбар гаргасан, мөн Х.Мөнхбатын регистрийн дугаар буруу бичигдсэнээр уг байрны хувьчлалын асуудлыг маргаантай гэж үзэхгүй юм. /1хх-ийн 177 тал/

 

Хариуцагч Б.Наранханд тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гэрээний дагуу эзэмшиж байгаад гэрээ дуусгавар болсноор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасны дагуу орон сууцыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх өмчлөгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах эдийн баялгийн эрх зүйн зохицуулалт болох Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон байна.

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/02687 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

...Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.Наранхандад даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Наранхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                          Ц.ИЧИНХОРЛОО