Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2687

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02687

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  УБТЗ  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н холбогдох,

 

Албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Д, хариуцагч Б.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар төмөр зам” ХНН нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. Б.Н нь УБТЗ-ын “Тээвэрлэлт удирдлагын төв”-ийн “Захиран зохицуулах хэлтэс”-ийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах ТК00215 тоот эрхийн бичгийг үндэслэн “УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-ний үндсэн дээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байшингийн 1-р орцны 29 тоот 1 өрөө 25.2 м2 талбайтай сууцыг ашигладаг байсан. “УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-ний хоёр /Орон сууц хөлслөн ашиглагч Б талын үүрэг/ -ийн 1.1-д УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах журам, УБТЗ-ын орон сууцны дүрмийг мөрдөж, тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон. Б.Н нь УБТЗ-ын “Тээвэрлэлт удирдлагын төв”-ийн “Захиран зохицуулах хэлтэс”-ийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2015 оны  9 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-38 тушаалаар “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-ыг баталсан байдаг. Энэхүү журмын 1.3.1-д “УБТЗ-ын албан тушаалын орон сууц” гэдэгт УБТЗ хөрөнгөөр буй болсон тус нийгэмлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тухайн ажилтанд албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан Төв комиссын шийдвэрийг үндэслэн, албан тушаалын орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны үндсэн дээр албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг, 2.12-т “Албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ажилтан энэ журмын 2.9-д зааснаас бусад үндэслэлээр буюу захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр УБТЗ-ын байгууллага, салбар нэгжтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгон ажлаас халагдсан тохиолдолд албан тушаалын орон сууцыг хөлслөн ашиглах гэрээний дагуу 1 сарын дотор уг орон сууцыг үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй”, 2.13-т “Албан тушаалын орон сууц ашиглаж байсан албан тушаалтан ажлаас өөрчлөгдсөн, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дараагийн ажилтныг томилсон тухай бүр энэ талаар ажлын 5 хоногт баггаан харьяа алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд нь Төв комисст бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг хавсарган ирүүлнэ” гэж тус тус заасан. Тээвэрлэлт удирдлагын төвийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3/242 албан бичгээр Орон сууцны төв комисст мэдэгдсэний дагуу “УБТЗ” ХНН-ийн Орон сууцны төв комиссын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Б.Н нь өөр ажил, албан тушаалд шилжсэн учир Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 83 дугаар байр, 29 тоот “Захиран зохицуулах хэлтэс”-ийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглуулахаар 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ОСТК-оос Б.Над олгосон ТК00007 дугаартай эрхийн бичгийг хүчингүй болгож цуцлан, “УБТЗ” ХНН-ийн албан тушаалын орон сууцыг ашиглах журмын дагуу орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэхээр, оронд нь шинээр томилогдсон Х.Мөнхбатад Захиран хуваарилах хэлтсийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглах эрхийг шинээр олгохоор шийдвэрлэсэн болно. Орон сууцны төв комиссын шийдвэрийн дагуу Б.Над 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 тоот “Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлсэн ба Б.Н нь дээрх мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч одоог хүртэл албан тушаалын орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Иймд Б.Нын ашиглаж байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Төмөр замын 83 дугаар байрны, 29 тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан албан тушаалын орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагаагаар хангах зорилгоор зарим хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албаны орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг. Б.Н нь УБТЗ-ын тээвэрлэлт удирдлагын захиран зохицуулах хэлтсийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Баянгол дүүргийн, 6 дугаар хороо, 83 дугаар байрны 1-29 тоотын 25.2 мкв талбайтай орон сууцыг ашигладаг байсан. 2007 оны 02 сарын 01-ний өдөр Наранхандтай байгуулсан албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээний 2-т зааснаар УБТЗ-ын орон сууц ашиглуулах журмыг мөрдөж, тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд үл маргах журмаар орон сууцыг чөлөөлж өгнө гэж талууд харилцан тохиролцож орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээг байгуулсан. Б.Н нь УБТЗ-ын тээвэрлэлт удирдлагын төвийн захиран зохицуулах хэлтсийн гал тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагч гэсэн албан тушаалыг хашдаг байсан бөгөөд өөрийн хүсэлтээр 2015 оны 9 сарын 04-нд хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. УБТЗ-ын даргын 2012 оны  3 дугаар сарын 06-ны өдрийн А38 тоот албан тушаалын орон сууц ашиглах журмын 1.3.1-д зааснаар “Албан тушаалын орон сууц” гэдэгт УБТЗ-н хөрөнгөөр бий болсон тус нийгэмлэгийн хөрөнгөнд бүртгэлтэй тухайн ажилтанд албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан төв комиссын шийдвэрийг үндэслэн албан тушаалын орон сууц ашиглах эрхийн гэрчилгээг олгож гэрээ байгуулсны үндсэн дээр албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг хэлнэ гэж заасан байдаг. Тээвэрлэлт удирдлагын хэлтсийн даргын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 3/242 тоот албан бичгээр УБТЗ-ын орон сууцны төв комиссын 2017 оны 12 сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Б.Нын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцны эрхийн бичгийг хүчингүй болгон цуцалж шинээр дараагийн хүн болох н.Мөнхбатад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Б.Н нь тус комиссын шийдвэрийг биелүүлээгүй. 2016 оны 01 сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдлийг хүлээж авч гарын үсэг зурсан байдаг. Гэтэл одоог хүртэл бусдын өмчлөлийг хууль бусаар өөрийн өмчлөлд байлгаж байна. Иймд Наранхандын хууль бус эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н миний амьдарч буй УБТЗ-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот 1 өрөө 25.2 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасантай танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 1991 онд УБТЗ-ын техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж, 1991-1993 онд “Салхит өртөө”-нд өртөөний жижүүр /ДСП/, 1993-2005 онд “Замын-Үүд” өртөөнд өртөөний жижүүр /ДСП/, хөдөлгөөний техникчээр /ДСЗт/, 2005 оны 01 дүгээр сарын 15-нд “УБТЗ”-ын даргын тушаалаар “Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтэс”-т галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/ томилогдон ирсэн. Томилогдон ирсэн цагаас өөрийн гэсэн тогтсон орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байх хугацаандаа “УБТЗ”-ын “ХЭГ”-ын Нийгмийн  асуудал хариуцсан замын орлогч даргад 2006 оны 01 дүгээр сарын 19-нд, “УБТЗ”-ын Нэгдүгээр орлогч даргад 2006 оны 02 дугаар сарын 02/-нд тус тус орон сууцаар хангаж өгөх талаар өргөдөл өгсний дагуу 2006 онд шинээр ашиглалтанд орох 88 айлын орон сууцанд манай албанд хувиарласан 10 орон сууцнаас УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга орон сууцанд оруулахаар цохолт хийсэн боловч “УБТЗ” Нийгэмлэгийн орон сууцны төв комиссын 2006 оны 02 дугаар сарын 25-ны хурлын шийдвэрт байрны очерийн дараалалд миний ард байсан Б.Эрдэнэхүү, ДНЦв Э.Эрдэмбадрал нарыг танил тал, арын хаалгаар оруулсан. Мөн миний бие 2005 онд ирсэн даруйдаа УБТЗ-ын удирдах газрын ажилтан нарын орон сууцны дарааллын 21 дүгээрт бүртгүүлсэн боловч тухайн үед дараалалд байсан Б.Эрдэнэхүү, огт дараалалд бүртгэлгүй Э.Эрдэмбадрал нар шинээр ашиглалтанд орсон 83 дугаар байранд орсон нь хууль бус үйлдэл гэж үзэн хүний нөөцийн албаны даргад 2006 оны 12 дугаар сарын 13-нд гомдол гаргасан боловч тухайн үед “дараагийн байрнаас эхний ээлжинд олгоно” гэсэн хариу өгсөн тул үргэлжлүүлэн айлын байр түрээслэн амьдрах болсон. 2007 оны 02 дугаар сарын 13-ны ТЗБ-ын албаны дарга Г.Ганболдын удирдан хийсэн хурлын шийдвэрээр 2006 оны 11 дүгээр сард УБТЗ-ын хэмжээнд гарсан ноцтой гологдол зөрчилд хамрагдан “Сахилгын шийтгэл”-ээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн С.Жаргалын амьдарч байсан 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг олгохоор шийдвэрлэж 2007 оны 7 дугаар сарын 10-ны ТК00215 тоот эрхийн бичгийг олгосон. Гэсэн хэдий ч С.Жаргал нь байраа чөлөөлж өгөхгүй, “УБТЗ”-ын “Орон сууцны төв комисс” болон ангийн зүгээс тухайн байрыг чөлөөлүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч өгөхгүй 2009 оны 6 дугаар сарыг хүргэсэн. Энэ үед миний бие хүүхэд асрах чөлөөтэй Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 73 дугаар байрны 409 тоот байрыг түрээслэн амьдарч байсан ба С.Жаргалын “...энэ байр хувьчлагдах асуудал яригдаж байгаа боловч надад эрх нь үүсэхгүй. Тиймд би Толгойтод өөрийн эзэмшлийн хашаандаа байшин барьж байгаа, надад мөнгө их хэрэгтэй байна, чи надад 6,000,000 төгрөг өгвөл би чамд байрыг чинь суллаж өгөөд тохиролцож болох юм” гэж санал болгосны дагуу цаашид уг байр хувьчлагдах асуудал яригдаж байсан тул “өөрийн гэсэн орон сууцтай болох юм байна” гэж бодон С.Жаргалд 6,000,000 төгрөгийг өгч  уг байранд 2009 оны 7 дугаар сард орсон. Ингээд миний бие 2005 оны 01 дүгээр сараас 2009 оны  7 дугаар сар хүртэл 4 жил 6 сарын хугацаанд айлын байр түрээслэн амьдарч цалингийн тодорхой хувийг хөлсний байранд төлж цаашилбал тухайн албан тушаалын гэх байранд хүртэл мөнгө төлж орж одоог хүртэл амьдарч байна. Тус 83 дугаар байрны 88 оршин суугчийн байр 2006 онд ашиглалтанд орж 2007 онд хувьчлагдах асуудал яригдахад 78 оршин суугчийн орон сууцыг эзэмшигчидэд үнэ төлбөргүйгээр хувьчилж, галт тэрэгний зохицуулагчийн гэх 10 байрыг хувьчлахгүй үлдээсэн. Энэ цагаас эхлэн үе үеийн “УБТЗ”-ын удирдлага болон “УБТЗ”-ын ҮЭ-ийн 9 хороонд хувьчлуулах талаар 10 ажилтны гарын үсэг бүхий өргөдөл гомдол, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “ҮЭ”-ийн 9 хорооны даргын гарын үсэг бүхий “МТЗ”-чдын ҮЭ-ийн холбоонд гаргасан 01 тоот шаардлага, “ТЗБА”-ны даргын 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/295 тоот “Орон сууц хувьчлах саналын тухай” албан тоот, Удирдах газрын ҮЭ-ийн хорооны даргын 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот “Орон сууц хувьчлуулах тухай” хүсэлт зэргийг удаа дараа өгч байсан боловч шийдэж өгөлгүй 2016 оныг хүргэсэн. Миний бие 2005 оны 01 дүгээр сараас 2015 он хүртэл 10 жил галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой төмөр замын гол амин судас болох хуучнаар ТЗБ албаны “Захиран хувиарлах хэлтэс”-т 6 жил галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагчаар /ДНЦ/, 4 жил галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 14-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр “Хөдөлгөөний бус ажилд тэнцэнэ” гэсэн эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан. Энэ үед миний бие давхар, 10 дугаар сард жирэмсний болон амаржсаны амралт авах байсан тул “Захиран зохицуулах хэлтэс”-ийн дарга Ч.Мөнхцоож “Ажилаа хийж бай, харин амаржсаны дараа эргэж ажилдаа орохдоо хөдөлмөрийн нөхцөлөө өөрчлөх шаардлагатай шүү” гэж хэлсэн. Үүний дагуу 2015 оны 9 дүгээр сард хүүхдээ 9 сартай байхад нөхөр элэгний цироз өвчний улмаас группэд байдаг, оюутан 1, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг амьдарлын зайлшгүй шалтгаанаар ажилдаа орохын тулд тухайн үеийн УБТЗ-ын даргаЛ.Пүрэвбаатарт хөдөлмөрийн нөхцөлөө өөрчлөх хүсэлт тавьснаар 2015 оны 09 дүгээр сарын 05-ны Н-ийн Б-1-202 тоот тушаалаар шинээр байгуулагдаж буй “Тээврийн үйлчилгээний төв”-ийн “Хүний нөөцийн тасгийн дарга”-аар томилогдон ажиллах болсон. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн УБТЗ-ын Орон сууцны төв комиссын даргын 27 тоот “Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл”-ийг 3 дугаар сарын 01-нд хүлээн авсан. Энэ нь надад болон манай гэр бүлд маш хүндээр туссан. Үүний дагуу 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны төв комисс”-ын дарга Л.Халтарт хандсан боловч ажилтаныхаа үгийг сонсохгүй, өргөдөлийг мөн хүлээн аваагүй. Иймд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга асан X.Эрдэнэд өргөдөл гаргасаны дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-нд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны даргын 71 тоот  “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Г.Ганболд, гишүүн Д.Наранпүрэв, гишүүн Ч.Сүрэнхорлоо, Замын эдийн засаг, Санхүү эрхэлсэн орлогч дарга бөгөөд СНББ-ийн албаны дарга Усольцева С.Я,Хууль зүйн албаны дарга Яковенка Е.Р нарт хүргүүлсэн ба мөн өдрийн 21 цаг 30 минутанд телевизийн “ETV” сувгийн “Тод мэдээ”-гээр дээрхи асуудлаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга асан X.Эрдэнэ мэдэгдэл хийсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ Нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцуудыг үнэ төлбөргүйгээр эзэмшигчидэд нь хувьчлах асуудлыг УБТЗ-ын зүгээс санал оруулснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ Нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын протокол болон “Орон сууц хувьчлах хууль”-ийг үндэслэн Монгол улсын Засгийн газрын тогтоолоор орон сууцуудыг хувьчилдаг. Тус Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар байрны 9 айлын орон сууцыг хувьчлах асуудал нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий хорооны хурлын протоколд тусгагдсан ба миний амьдарч буй 1 орон сууцыг үлдээсэн билээ. ДГ-ийн гэх 10 байранд 7 ажилтан нь ДНЦ, ДГП нар амьдарч байгаад хувьчилж авсан. Харин дэвшин ажилласан ЗЗХ-ийн орлогч дарга-1, Хөдөлгөөний хэсгийн байцаагч-1, Хүний нөөцийн тасгийн дарга-1 миний бие 3 ажилтны хоёрыг нь хувьчилж миний байрыг үлдээсэн байна. Миний хувьд төмөр замдаа хоёргүй сэтгэлээр эмэгтэй хүний хувьд зохих хариуцлагатай, хүнд ажлуудыг энэ олон жил нэр хүндтэйгээр гүйцэтгэж, төмөр замдаа тодорхой хувь нэмэр оруулж өнөөдрийг хүрсэн, “Тэргүүний төмөр замчин” мэргэжлийн “Мэргэшсэн инженер”. Гэтэл одоо эрүүл мэндийн хувьд тухайн галт тэрэгний зохицуулагчийн ажилд тэнцэхгүй болж, өөр ажил гүйцэтгэх болсноор орон сууцгүй болгож чөлөөлүүлэхийг үндэслэлгүй, хууль бус асуудал ба үндсэн хуульд заасан ард иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж үзэж байна. Учир нь:

1/ ЗЗХ-ийн орлогч дарга Л. Бямбасүрэн нь урьд өмнө төмөр замаас байр хувьчлан авсан бөгөөд одоо амьдарч буй 83 дугаар байрны 3 өрөө орон сууцыг “Балансын үлдэгдэл үнээр хувьчлах”-аар протоколд оруулсан.

2/ Хөдөлгөөний хэсгийн байцаагч Т.Батзориг ДНЦ-ээс дэвшин байцаагчийн ажил гүйцэтгэдэг бөгөөд үнэ төлбөргүйгээр хувьчлахаар протоколд оруулсан.

УБТЗ-ын үе үеийн удирдлагуудын хууль бус үйлдэл, буруу шийдвэр, ар өврийн хаалга, танил тал зэрэг нь хэрээс хэтэрч дээрх хувьчлагдах эрх үүссэн байрыг олгохгүй башир арга хэрэглэж 2016 оны 11 дүгээр сарын 04-нд ТҮТ-ийн Хүний нөөцийн тасгийн дарга миний биеийг хууль бусаар ажлаас халж 5 сарын хугацаанд ажилгүй болгосноор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасанаар 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 79 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулж эвлэрсэн. Иймд миний бие нь 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дахь заалт, 9 дугаар зүйлийн 9.1 дэх заалт, Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтууд тус тус зөрчигдөж байна үзэж байгаа тул дээрх асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1991 оноос өнөөдрийн хүртэл 26 жил тасралтгүй УБТЗ-д ажиллаж байгаа. Миний ажил өөрчлөгдсөн шалтгаан нь 1991-2015 он хүртэл 24 жил хэвийн бус нөхцөлд ажилласан. 2005 оны 04 дүгээр сарын эмнэлгийн үзлэгээр миний биеийг хөдөлгөөний бус ажилд тэнцэнэ гэсэн дүгнэлт гарсан. Миний хийж байсан галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн ажил хөдөлгөөнтэй шууд хамааралтай байсан. Тухайн үед би жирэмсэн байсан учраас манай дарга надад жирэмсний амралтаа авах хүртлээ энэ ажлаа хийж бай гэж хэлсэн. Хөдөлгөөний бус ажилд хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлаас бусад ажлыг тооцдог. Ингээд хүүхдээ гаргасны дараа нөхөр маань группд гарсан. Тиймээс би амьдралын шаардлагаар ажилдаа буцаж орсон. 2016 онд тухайн үеийн замын даргад өргөдлөө өгөөд, өмнө нь эрхэлж байсан ажлаа өөрчлөх шаардлагатай байна гэдгээ хэлсэн. Замын дарга шинээр нээгдсэн тээврийн үйлчилгээний төвийн хүний нөөцийн тасгийн даргийн ажилд намайг томилсон. Миний ажил өөрчлөгдсөн учир би өөрийн хүсэлтээ өгч галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байх хугацаанд орон сууцны комиссоос надад мэдэгдэл өгсөн. Үүний дагуу УБТЗ-н нийгмийн асуудал хариуцсан н.Халтар даргад хандсан. Харин Халтар дарга эхлээд намайг албатайгаа уулз гэсэн хариуг өгсөн. Би тухайн үед сургуульд явах гээд цаг хугацаа бага байсан учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн Төмөр замчдын холбооны дарга н.Эрдэнэ рүү хандсан. Ингээд н.Эрдэнэ дарга УБТЗ-д Б.Над байрыг нь хувьчилж өг гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл тухайн үед УБТЗ-ын удирдлагууд солигдсон учраас энэ асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн үед намайг хууль бусаар ажлаас халсан. Ажлаас халагдсаны дараа төв комиссын хурлын шийдвэр гарсан байсан. Ерөнхий хорооны хурлаар албан тушаалын 10 орон сууцыг яг гал тэрэгний диспетчерүүдэд хувьчилсан эсэх нь тодорхой бус. Үүнд нь ахлах байцаагч 1, хүний нөөцийн тасгийн дарга 1, захиран зарцуулах хэлтсийн орлогч дарга мөн байсан. Бусад 7 нь гал тэрэгний диспетчер байсан. Энэ 10 байрыг бүгдийг нь хувьчилсан боловч ганц надад хувьчилж өгөөгүйд гомдолтой байна. н.Нямсүрэн дарга урьд нь УБТЗ-аас байр хувьчилж авсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг хариуцагчБ.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэлийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас гаргажээ. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

УБТЗнь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон төмөр замын тээврийн үйлдвэрлэл технологийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой ажилладаг зарим ажилтнуудад байгууллагын өмчлөлийн албан тушаалын орон сууцыг гэрээний үндсэн дээр ашиглуулдаг ба Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууц нь хувьчлагдаагүй, албаны орон сууц мөн эсэх талаар зохигчид маргаагүй /хх 8-12 хуудас/.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А-38 тушаалаар “Албан тушаалын орон сууцыг ашиглах журам”-ыг баталсан ба энэхүү журмын 1.3.1-д “УБТЗ-ын албан тушаалын орон сууц” гэдэгт УБТЗ хөрөнгөөр буй болсон тус нийгэмлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тухайн ажилтанд албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан Төв комиссын шийдвэрийг үндэслэн, албан тушаалын орон сууц ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны үндсэн дээр албан тушаалын орон сууцны зориулалтаар ашиглуулж байгаа орон сууцыг, 2.12-т “Албан тушаалын орон сууцанд амьдарч байсан ажилтан энэ журмын 2.9-д зааснаас бусад үндэслэлээр буюу захиргааны санаачилгаар болон өөрийн хүсэлтээр УБТЗ-ын байгууллага, салбар нэгжтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дуусгавар болгон ажлаас халагдсан тохиолдолд албан тушаалын орон сууцыг хөлслөн ашиглах гэрээний дагуу 1 сарын дотор уг орон сууцыг үл маргах журмаар суллан өгөх үүрэгтэй”, 2.13-т “Албан тушаалын орон сууц ашиглаж байсан албан тушаалтан ажлаас өөрчлөгдсөн, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дараагийн ажилтныг томилсон тухай бүр энэ талаар ажлын 5 хоногт багтаан харьяа алба, хэлтэс, төв, салбар нэгжүүд нь Төв комисст бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг хавсарган ирүүлнэ” гэж тус тус заажээ /хх 8-20 хуудас/. 

 

Хариуцагч Б.Н нь Улаанбаатар төмөр замын “Хөдөлгөөн зохион байгуулалтын алба”-ны “Захиран зохицуулах хэлтэс”-ийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар төмөр замын албан тушаалын орон сууц ашиглах ТК00215 тоот эрхийн бичгийг үндэслэн “УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-ний дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны 29 тоот 1 өрөө, 25.2 м2 талбайтай орон сууцыг ашиглаж байсан ба энэхүү орон сууц одоо Б.Нын эзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигчид маргаагүй /хх 48, 53-55, 119, 120 хуудас/.

 

Улаанбаатар төмөр замын “Тээвэрлэлт удирдлагын төв”-ийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 85 дугаар тушаалаар Б.Нын хүсэлтийг үндэслэж түүнийг Улаанбаатар төмөр замын “Захиран зохицуулах хэлтэс”-ийн галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчын ажлаас чөлөөлж, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын “Тээврийн үйлчилгээний төв”-ийн хүний нөөцийн ахлах менежерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна /хх 7, 121 хуудас/.

 

“УБТЗ” ХНН-ийн Орон сууцны төв комиссын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Б.Н нь өөр ажил, албан тушаалд шилжсэн учир Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 83 дугаар байр, 29 тоот “Захиран зохицуулах хэлтэс”-ийн диспетчерийн албан тушаалын сууцыг ашиглуулахаар 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ОСТК-оос Б.Над олгосон ТК00007 дугаартай эрхийн бичгийг хүчингүй болгож цуцлан, “УБТЗ” ХНН-ийн албан тушаалын орон сууцыг ашиглах журмын дагуу орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлэхээр, оронд нь шинээр томилогдсон Х.Мөнхбатад “Захиран хуваарилах хэлтсийн диспетчер”-ийн албан тушаалын сууцыг ашиглах эрхийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна /хх 35-44 хуудас/.

 

Дээрх “Орон сууцны төв комисс”-ын шийдвэрийн дагуу “Тээврийн үйлчилгээний төв”-ийн хүний нөөцийн тасгийн дарга Б.Над 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 27 тоот “Албан тушаалын орон сууц чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлснийг хариуцагч Б.Н 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авчээ /хх 47 хуудас, ар тал/.

 

“УБТЗ-ын албан тушаалын орон сууцыг хөлсөөр ашиглуулах гэрээ”-ний хоёр /Орон сууц хөлслөн ашиглагч Б талын үүрэг/-ын 1.1-д “УБТЗ-ын албан тушаалын орон сууц ашиглах журам, УБТЗ-ын орон сууцны дүрмийг мөрдөж, тухайн албан тушаалаас өөрчлөгдсөн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар зохих журмын дагуу суллан хүлээлгэн өгөх”-өөр заасан, энэ талаар талууд харилцан тохиролцсон тул Б.Н нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны, 29 тоот албан тушаалын орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч УБТЗнийгэмлэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ”, 311.2-т “Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна” гэж тус тус гэж заасан бөгөөд хариуцагч Б.Нын ажил, албан тушаал өөрчлөгдөж, хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч байгууллагад уг орон сууцыг Б.Нын эзэмшлээс буцаан шаардах эрх үүссэн гэж шүүхээс үзлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээсшаардах эрхтэй” гэж заасны дагуу Б.Нын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхтухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Төмөр замын 83 дугаар байрны 29 тоот орон сууцыг Б.Нын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийншийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гарданавснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдолгаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ