Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02137

 

 

 

Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02296 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Болдбаярт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 10 110 930 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батмэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Болдбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар дээр Бэйбэн /Beiben/ маркын 07-83 УНХ улсын дугаартай чирэгч, 54-59 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөний улмаас Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал, М.Билигт, М.Бишрэлт, М.Гүнбилгүн нарын сууж явсан Тоёота приус маркын 02-97 дугаартай автомашин дээр хариуцагчийн ачиж явсан контейнер унаж зорчигчдод хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүдийг учруулсан. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэхүү зам тээврийн ослын талаарх асуудлыг хянаад 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 30 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор М.Болдбаярыг дээрх зам тээврийн осолд гэм буруутай буюу зам тээврийн осол түүнээс болж гарсан, улмаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохыг тогтоосон. Хариуцагч нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа бидэнд учирсан хохирлын зарим хэсгийг гаргаж өгсөн бөгөөд эрүүгийн шүүхээс ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний шүүхээр нэхэмжлэх боломжтойг танилцуулсан. Иймд бид хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд М.Болдбаярт холбогдох 1703000010072 тоот эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шилжсэн байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Болдбаяр нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Л.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нартай уулзаж хэлцэл хийсэн. Осол гарснаас хойш М.Болдбаяр нь нийт 16 065 000 төгрөгийг хохирогч нарт төлсөн байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 126 000 төгрөгийг М.Болдбаяр бэлнээр төлсөн. Тодруулбал осол гарсан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 31 191 000 төгрөгийг М.Болдбаяр нь бидэнд төлсөн. Бид анх осол гарснаас хойш М.Болдбаяраас сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролд нийтдээ 38 278 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч М.Болдбаяр ...шүүхэд ямар нэг хохиролгүй гэж хэлээд өгөөч, нас дээр гарсан тул ялаа хөнгөрүүлэхгүй бол болохгүй нь гэж гуйж байсан тул бид харилцан тохирч нийт нэхэмжилсэн 38 278 000 төгрөгөөс 31 191 000 төгрөгийг нь хүлээн авч, үлдэх 7 087 000 төгрөгийг дараа авахаар хэлцэл хийсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бидний зүгээс энэхүү үлдэх 7 087 000 төгрөгийн асуудлыг яриагүй. Учир нь хэрэв бид хохирлыг хариуцагч барагдуулаагүй талаар ярьсан бол тэрээр шүүхээс хорих ял зайлшгүй авах байсан. Нэгэнт энэ хүн бидэнд учруулсан хохирлоо барагдуулна гэж ярьж байсан учраас итгээд уг хохирлын үлдэх төлбөрийг яриагүй, ийм ч учраас М.Болдбаярыг шүүхээс учруулсан хохирлоо барагдуулсан гэж үзээд тэнссэн байдаг. Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Болдбаяртай байгуулсан хэлцлийн дагуу үлдэх 7 087 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бидний автомашин дээр унасан контейнерийн эзэн буюу хариуцсан этгээд болох МКМИ ХХК, Эс би ложистик ХХК-иас хамгийн сүүлд гарсан эмчилгээний зардалд 1 874 330 төгрөг нэхэмжилсэн. Учир нь энэхүү зам тээврийн осол гарахад тухайн хуулийн этгээд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэн, тухай компанид энэ асуудлаас болж ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Гэвч 1 874 330 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхээс ... тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна гэж дүгнээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Уг дүгнэлтийг ч давж заалдах шатны шүүх хянаад үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Иймд бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хурал хүртэл сүүлд гарсан эмчилгээний зардал 1 874 330 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар магадлалд биднийг цаашид гарах гэм хорын хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гарсан эмчилгээ, эм тариа, оношилгооны зардалд нийт 1 149 600 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 10 110 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нар нь надад холбогдуулж 10 110 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М.Болдбаатар миний бие 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны уулзвар дээр 07-83 УНХ улсын дугаартай чирэгч, 54-59 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахад ачиж явсан контейнер нь Тоёота приус маркын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж зорчигч 3 настай М.Билэгтийн эрүүл мэндэд хүнд, 15 настай М.Бишрэлтийн эрүүл мэндэд хүнд, 7 настай М.Гүнбилгүний эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Баасанжаргалын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота приус маркын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 105 000 төгрөгийн, контейнер унахад замын асфальт цацагдсанаас зам дээр зогсож байсан Б.Отгонтуулын эзэмшлийн Хьюндай тьюсон /Hyandai Tucson/ маркийн 96-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 956 700 төгрөгийн хохирол, Ж.Өлзийхишигийн эзэмшилийн Тоёота приус 91-62 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 465,000 төгрөгийн хохирол, Ч.Хүрэлбаатарын эзэмшлийн Тоёота платц /Toyota platz/ маркын 88-24 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 197 600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдож СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М.Болдбаярыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн тэнсэх ял оногдуулсан юм. Мөн М.Болдбаярыг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэдгийг тус тогтоолд дурдсан байдаг. Хохирогч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарын хувьд эрүүл мэнд болон эд хөрөнгийн хувьд хохирсон хэмээн баримтын үндсэн дээр бодит хохирол гэж 19 248 063 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Харин М.Болдбаяр нь хохирогчид нийт 31 191 000 төгрөгийг төлсөн бөгөөд 11 942 937 төгрөгийн илүү төлөлт хийсэн билээ. Хохирогч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарын зүгээс илүү төлөлттэй холбоотой гарсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь баримтаар 19 248 063 төгрөг болсон ба хариуцагчаас бодит хохирлоос гадна илүү 11 942 937 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Болдбаяраас 9 660 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450 770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 169 513 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02296 дугаартай шийдвэрийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байх тул харуцагчаас дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч М.Болдбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны уулзвар дээр Бэйбэн маркын 07-83 УНХ дугаартай чирэгч, 54-59 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөний улмаас Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал, М.Билэгт, М.Бишрэлт, М.Гүнбилгүүн нарын сууж явсан Тоёота приус маркын 02-97 дугаартай машин дээр хариуцагчийн ачиж явсан контейнер унаж хөнгөн, хүндэвтэр гэмтэлүүдийг учруулсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаартай магадлалаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон юм. Нэхэмжлэгч нараас эмчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд 38 278 000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг 19 248 063 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг тогтоож нотлох баримтын шаардлага хангаагүй 7 087 000 тогрөгний хохирлын баримтыг хассан болно. Хариуцагчийн зүгээс өөрийн учруулсан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 19 248 063 төгрөг гарсан нийт 31 191 000 төгрөгийг төлж илүү төлсөн 11 723 800 төгрөгийг хойшид гарах эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж хэлж байсан юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 19 248 063 төгрөг гарсан хохирлыг дүгнэж хариуцагчийн эмчилгээний зардалд 31 191 000 төлсөн болохыг тогтоосон. Гэтэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02296 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас 38 278 000 төгрөгийн бодит хохирол учруулсныг хариуцагчаас 31 191 000 төгрөгийг төлж үлдэх 7 087 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогч нар нь шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй талаар дурдсан юм. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан нэхэмжлэлийн шаардлагуудын эмчилгээний баримтууд нь шийтгэх тогтоол гарахаас өмнөх баримтууд болно. Нөгөөтэйгүүр 7 087 000 төгрөгийн баримт, 1 874 330 төгрөгийн баримтууд нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтууд болно. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02296 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нар нь хариуцагч М.Болдбаярт холбогдуулан гэм хорын хохиролд 10 110 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны уулзварт хариуцагч М.Болдбаяр нь Бэйбен маркын 07-83 УНХ улсын дугаартай чирэгч, 54-59 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас ачиж явсан контейнер нь Тоёота приус маркын 02-97 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж, зорчигч 3 настай М.Билигт, 15 настай М.Бишрэлт нарын эрүүл мэндэд хүнд, 7 сартай М.Гүнбилгүн, жолооч Д.Мөнхбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Баасанжаргалын эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг тус тус учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 30-50 дугаар тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч М.Болдбаярын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Мөнхбаатар болон түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас гэм хорын хохирлыг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Бусдад гэм хор учруулсан үйлдэлдээ хариуцагч М.Болдбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, Ч.Баасанжаргал нарт 31 191 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нийт 38 278 000 төгрөгөөс 7 087 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж талууд гарын үсгээ зурсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсантай холбогдуулж нэхэмжлэгчийн шаардсан 38 278 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд 31 191 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 21-ний өдөр төлж, 7 087 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх хариуцагчаас 7 087 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Хариуцагч давж заалдах гомдолдоо мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтын шаардлага хангаагүй 7 087 000 төгрөгийн хохирлын баримтыг хассан гэх боловч энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1 874 330 төгрөг, эм, тариа, оношилгооны зардалд нэхэмжилсэн 1 149 600 төгрөгийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл эмчилгээний зардалд зарцуулсан зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ... гэж заасан шаардлагыг хангаагүй байна.

Харин хэргийн 7 дугаар тал /30 000 төгрөг/, 8 дугаар тал /30 000 төгрөг/, 10 дугаар тал /65 000 төгрөг/, 11 дүгээр тал /220 000 төгрөг/, 13 дугаар талд /449 200 төгрөг/ байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, эмчилгээний зардалд зарцуулсан баримт гэх үндэслэлтэй байх тул дээрх баримтын хүрээнд буюу 794 200 төгрөгийг, 7 087 000 төгрөгийн хамт нийт 7 881 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 9 660 160 төгрөг ... гэснийг, 7 881 200 төгрөг гэж, ... 450 770 төгрөг ... гэснийг 2 229 730 төгрөг гэж,

2 дахь заалтын ... 169 513 төгрөг ... гэснийг 141 049 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ