Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 02296

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/02296

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Д.М /РД:/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Н овогт Ч.Б /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Т овогт М.Б /РД: /-т холбогдох,

 

гэм хорын хохиролд 10,110,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, Ч.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол /0730/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М, Ч.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар дээр Бэйбэн /Beiben/ маркын 00-00 УНХ улсын дугаартай чирэгч, 00-00 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтой зөрчсөний улмаас Д.М, Ч.Б, М.Б, М.Б, М.Г нарын сууж явсан Тоёота приус маркын 00-00 дугаартай автомашин дээр хариуцагчийн ачиж явсан контейнер унаж зорчигчдод хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүдийг учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэхүү зам тээврийн ослын талаарх асуудлыг хянаад 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 30 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолоор М.Б ыг дээрх зам тээврийн осолд гэм буруутай буюу зам тээврийн осол түүнээс болж гарсан, улмаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохыг тогтоосон. Хариуцагч нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа бидэнд учирсан хохирлын зарим хэсгийг гаргаж өгсөн бөгөөд эрүүгийн шүүхээс ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний шүүхээр нэхэмжлэх боломжтойг танилцуулсан. Иймд бид хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1/ М.Б т холбогдох 1703000010072 тоот эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шилжсэн байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Б нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Л.М, Ч.Б нартай уулзаж хэлцэл хийсэн. Осол гарснаас хойш М.Б нь нийт 16,065,000 төгрөгийг хохирогч нарт төлсөн байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15,126,000 төгрөгийг М.Б бэлнээр төлсөн. Тодруулбал осол гарсан өдрөөс хойш 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 31,191,000 төгрөгийг М.Б нь бидэнд төлсөн. Бид анх осол гарснаас хойш М.Б аас сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролд нийтдээ 38,278,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч М.Б“...шүүхэд ямар нэг хохиролгүй гэж хэлээд өгөөч, нас дээр гарсан тул ялаа хөнгөрүүлэхгүй бол болохгүй нь” гэж гуйж байсан тул бид харилцан тохирч нийт нэхэмжилсэн 38,278,000 төгрөгөөс 31,191,000 төгрөгийг нь хүлээн авч, үлдэх 7,087,000 төгрөгийг дараа авахаар хэлцэл хийсэн. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бидний зүгээс энэхүү үлдэх 7,087,000 төгрөгийн асуудлыг яриагүй. Учир нь хэрэв бид хохирлыг хариуцагч барагдуулаагүй талаар ярьсан бол тэрээр шүүхээс хорих ял зайлшгүй авах байсан. Нэгэнт энэ хүн бидэнд учруулсан хохирлоо барагдуулна гэж ярьж байсан учраас итгээд уг хохирлын үлдэх төлбөрийг яриагүй, ийм ч учраас М.Б ыг шүүхээс учруулсан хохирлоо барагдуулсан гэж үзээд тэнссэн байдаг.  Иймд 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Б тай байгуулсан хэлцэлийн дагуу үлдэх 7,087,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

2/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бидний автомашин дээр унасан контейнерийн эзэн буюу хариуцсан этгээд болох “М” ХХК, “Э.б.л” ХХК-иудаас хамгийн сүүлд гарсан эмчилгээний зардалд 1,874,330 төгрөг нэхэмжилсэн. Учир нь энэхүү зам тээврийн осол гарахад тухайн хуулийн этгээд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэн, тухай компанид энэ асуудлаас болж ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн. Гэвч 1,874,300 төгрөгийн хохирлыг анхан шатны шүүхээс “...тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгсэлийн эзэмшигч хариуцна” гэж дүгнээд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Уг дүгнэлтийг ч давж заалдах шатны шүүх хянаад үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Иймд бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хурал хүртэл сүүлд гарсан эмчилгээний зардал 1,874,330 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

3/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар магадлалд биднийг “цаашид гарах гэм хорын хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж дурдсан. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гарсан эмчилгээ, эм тариа, оношилгооны зардалд нийт 1,149,600 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 10,110,930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.М, Ч.Б нар нь надад холбогдуулж 10,110,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М.Б миний бие 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны уулзвар дээр 00-00 УНХ улсын дугаартай чирэгч, 00-00 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахад ачиж явсан контейнер нь Тоёота приус маркын 00-00УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж зорчигч 3 настай М.Б ийн эрүүл мэндэд хүнд, 15 настай М.Б ийн эрүүл мэндэд хүнд, 7 настай М.Г ний эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Б ын эрүүл мэндэд хөнгөн, Тоёота приус маркын 00-00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,105,000 төгрөгийн, контейнер унахад замын асфальт цацагдсанаас зам дээр зогсож байсан Б.О ын эзэмшилийн Хьюндай тьюсон /Hyandai Tucson/ маркийн 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 956,700 төгрөгийн хохирол, Ж.Ө ийн ззэмшилийн Тоёота приус 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 465,000 төгрөгийн хохирол, Ч.Х ын эзэмшлийн Тоёота платц /Toyota platz/ маркын 00-00 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслэлд 197,600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдож СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр М.Б ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль , түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн тэнсэх ял оногдуулсан юм. Мөн М.Б ыг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэдгийг тус тогтоолд дурдсан байдаг. Хохирогч Д.М, Ч.Б нарын хувьд эрүүл мэнд болон эд хөрөнгийн хувьд хохирсон хэмээн баримтын үндсэн дээр бодит хохирол гэж 19,248,063 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Харин М.Б нь хохирогчид нийт 31,191,000 төгрөгийг төлсөн бөгөөд 11,942,937 төгрөгийн илүү төлөлт хийсэн билээ. Хохирогч Д.М, Ч.Б нарын зүгээс илүү төлөлттэй холбоотой гарсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирол нь баримтаар 19,248,063 төгрөг болсон ба хариуцагчаас бодит хохирлоос гадна илүү 11,942,937 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ М.Б т холбогдох 1703000010072 тоот эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шилжсэн байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Б нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Л.М, Ч.Б нартай уулзаж хэлцэл хийсэн эсэх талаар маргахгүй. Гэхдээ 7,087,000 төгрөгийг хариуцагч одоо бол төлөх үндэсгүй. Учир нь осол болсон өдрөөс хойш хохирогч буюу нэхэмжлэгч нар нь эмчилгээ, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, өмгөөлөгчийн хөлс, хүнс, шатахуун зэрэгт нийт 38,278,000 төгрөг нэхэмжилж байсан. Гэвч эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ердөө 19,248,063 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон. Ийм ч учраас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “...илүү төлөгдсөн 11,723,800 төгрөгийг хохирогч тал холбогдох баримтаа гаргаж, шүүгдэгч М.Б тай тооцоо нийлсний үндсэн дээр дараа гарах эмчилгээ болон бусад зардлаа нэхэмжлэх эрхтэй” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр 19,248,063 төгрөгийн хохирол нэхэмжлэгч нарт учирсан боловч хариуцагчийн зүгээс 11,723,800 төгрөгийг илүү төлсөн. Нийтдээ 31,191,000 төгрөгийг хохирогч нарт төлж тэднийг бүрэн гомдолгүй болгосон. Хэдийгээр М.Б 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэлд “...7,087,000 төгрөг төлнө” гэсэн агуулгаар өөрийгөө илэрхийлсэн боловч үнэндээ өөрийн учруулсан хохирлоо бүрэн, илүү төлж дуусгасан.  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгчийн яриад байгаа үлдэх 7,087,000 төгрөгийн асуудал яригдсан эсэх, мөн нэхэмжлэгчийг “...хохирлоо бүрэн авсан” гэж хэлснээс болж хариуцагчийн гэм буруу, хүлээх хариуцлага багассан эсэхийг тухайн хэрэгт би ороогүй учраас мэдэхгүй байна. 

2/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч нар “М” ХХК, “Э.б.л” ХХК-иудаас хамгийн сүүлд гарсан эмчилгээний зардал гэж 1,874,330 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэвч уг хэсгийг эрүүгийн шүүхээс хянаад хэрэгсэхгүй болгосон. Нэгэнт шүүхээр өмнө нь эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал учир өнөөдөр иргэний шүүхэд 1,874,330 төгрөгийн хохирлын асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд энэхүү шаардлагыг зөвшөөрөхгүй.   

3/ 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гарсан эмчилгээ, эм тариа, оношилгооны зардалд нийт 1,149,600 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцагчаас шаарджээ. Гэвч хэрэгт цугларсан баримтууд нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Тухайлбал нэхэмжлэгч буюу хохирогч нарын эмчлүүлэгсдийн картанд ямар эмчилгээ хийлгэх, ямар эм уухыг тодорхой заагаагүй байхад нэхэмжлэгч нар баахан үндэслэлгүй баримтууд дээр тулгуурлаж мөнгө нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны уулзвар дээр “Бэйбен” /Beiben ND4190CS4J/ маркын 00-00 УНХ улсын дугаартай чирэгч, 00-00 АЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас ачиж явсан контейнер нь “Тоёота приус” /Toyota prius/ маркын 00-00УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унаж, зорчигч 3 настай М.Б ийн эрүүл мэндэд хүнд, 15 настай М.Б ийн эрүүл мэндэд хүнд, 7 сартай М.Г ний эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.Б ын эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг тус тус учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

Хариуцагч М.Б тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас Д.М болон түүний гэр бүлийн гишүүдэд учруулсан гэм хорын хохиролд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 31,191,000 төгрөг төлснийг болон үүнээс хойш гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна /хх 37, 38 хуудас/.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.М, Ч.Б нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоос гадна насанд хүрээгүй хохирогч М.Б, М.Б, М.Г нарын төлөөлөгчөөр тогтоогджээ. 

 

Нэхэмжлэгч Д.М, Ч.Б нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай байгуулсан хэлцлийн дагуу 7,087,000 төгрөг, эрүүгийн шүүх хуралдаанаар “Э.б.л” ХХК болон “М” ХХК-иас сүүлд гарсан эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1,874,330 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гарсан эм тарианы эмчилгээ, оношилгооны зардал 1,149,600 төгрөг, нийтдээ 10,110,930 төгрөгийг хариуцагчаас шаардаж шүүхэд хандсан   

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1/ 7,087,000 төгрөгийн шаардлага:

 

Бид эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад М.Б аас 5 хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохиролд нийтдээ 38,278,000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч хариуцагчийн хүсэлтийн дагуу энэхүү үнийн дүнгийн хэмжээг 31,191,000 төгрөг болгон багасгасан. Учир нь тухайн үед хариуцагчид ийм хэмжээний мөнгө байгаагүй бөгөөд хэрэв хохирогч нар гомдолтой байсан тохиолдолд түүнд хорих ял оногдох эрсдэл байсан учир хариуцагчийн “...үлдэх 7,087,000 төгрөгийг дараа нь төлнө” гэсэн бичгээр болон амаар гаргасан хүсэлтийг бид зөвшөөрсөн гэж 7,087,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар тайлбарлаж байна.

Хариуцагч эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө 31,191,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болон “...эрүүл мэндийн хохиролын үлдэгдэлд 7,087,000 төгрөг төлнө” гэж Д.М, Ч.Б нартай харилцан тохирсон, мөн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “7,087,000 төгрөг”-ийн асуудал хэлэлцэгдээгүй талаар зохигчид маргаангүй.

 

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.М, Ч.Б нарт “...7,087,000 төгрөг төлнө” гэсэн агуулгаар өөрийгөө илэрхийлсэн боловч үнэндээ өөрийн учруулсан бодит хохирлоо хангалттай төлж дуусгасан гэсэн агуулгаар хариуцагч М.Б өөрийн татгалзлаа тайлбарласан.

 

Хэдийгээр хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байгаа боловч дээр дурдсанчлан нэхэмжлэгч болон хариуцагч нар 7,087,000 төгрөгийг төлөхөөр болсон талаараа маргаагүй тул хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлын хэмжээ, түүнийг хэрхэн барагдуулах талаар харилцан тохирч, үүрэг гүйцэтгэхээр тохирсон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч М.Баас 7,087,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр хохирогч нар гомдол саналгүй гэсэн тайлбарыг үндэслэж М.Б т оногдуулах эрүүгийн хариуцлагыг шүүхээс хөнгөрүүлсэн байгааг давхар дурдах нь зүйтэй /хх49 ар тал/.   

 

2/ 1,874,330 төгрөгийн шаардлага:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь “Э.б.л” ХХК болон “М” ХХК-иас эмчилгээний зардалд 1,874,330 төгрөгийг нэхэмжилсэн байна. 

 

Гэвч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн хуулийн үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т заасан байдаг.

 

Эрүүгийн хэргийн шүүхээс нэхэмжлэгч нарт учирсан хохирол болох 1,874,330 төгрөгийг “Э.б.л” ХХК болон “М” ХХК-иуд хариуцахгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байх тул хариуцагчийн “...уг асуудлыг шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн дахин хэлэлцэх учиргүй” гэх тайлбар үндэслэл муутай болжээ. Мөн 1,874,330 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч нар давхардуулан нэхэмжилсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдээр зохицуулжээ. 

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч М.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.М болон түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн хохирол учирсан нь тогтоогдсон. 

 

Нэхэмжлэгч Д.М болон түүний гэр бүлийн гишүүдэд осолд орсонтой холбоотойгоор эмчилгээ, сувилгаанд хамрагдах, эм худалдан авах, хүүхдийн сургалтын хоцрогдлыг арилгахаар сургалтад хамрагдах зэрэг зайлшгүй шаардлага гарсан нь хариуцагч М.Б ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцан арилгах үндэслэлтэй. 

 

Харин 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч талаас гарсан гэх М.Б ийг эмнэлэгт эргэж очиход зарцуулсан буюу түүнд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 11,276 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр М.Б ийг хамрын хийдэд явуулсан зардал 72,000 төгрөг,  автобусаар зорчих карт цэнэглэсний болон шатахууны зардал нийт 50,000 төгрөгт холбогдох хэсгүүдийг хангах боломжгүй /хх 17, 19, 22 хуудас/. 

 

3/ 1,149,600 төгрөг гаргуулах шаардлага:

 

Эрүүгийн шүүх хуралдаан болсноос хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны эм тариа, эмчилгээний зардалд 1,149,600 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Дээр дурдсанчлан хариуцагч М.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.М болон түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн хохирол учирсан нь тогтоогдсон тул хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй. 

 

Харин Ч.Б ын 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр худалдан авсан “Спирт денатурат”-ын үнэ  250 төгрөг, М.Б эд 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан “Клотри денк” кремны үнэ 36,300 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түүнд зарцуулсан гэх 6,500 төгрөгийн зардал, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр худалдан авсан “Пантошка” эмийн үнэ  51,000 төгрөг, М.Б д 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан “Тайлол хот”-ын үнэ 6,000 төгрөг, М.Г нд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан витамины үнэ  3,500 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан витамины үнэ 14,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр худалдан авсан “Амтарглиц” эмний үнэ 1,200 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан “Цайрын исэлттэй тос”, “Синафлан”-ы үнэ 10,000 төгрөг, Д.Мт 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан “Микосист”-ын үнэ 21,250 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авсан “Вонтаксим”-ны үнэ 39,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Учир нь дээр дурдсан эмийг нэхэмжлэгч буюу хохирогч нар ослын улмаас зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Б с 9,660,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М, Ч.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 169,513 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                        Н.ХАНГАЛ

 

                             ШҮҮГЧ                                           Б.АЗБАЯР

 

М.МӨНХТӨР