Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02441

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02441

 

 

 

УБТТС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02704 дүгээр шийдвэртэй, УБТТС ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Оюунмандахад холбогдох, автомашин түрээслэх гэрээний үүрэгт 3 878 698 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чимэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: УБТТС ХХК нь Т.Оюунмандахтай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тт-13-051 дугаартай автомашин түрээслэх тухай гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тт-14-460 автомашины санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан ба түрээслэгч Т.Оюунмандах нь 1591 УНС улсын дугаартай Hyundai elantra автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг эзэмших, ашиглахад бүрэн бүтэн байдлаар нь хүлээлгэн өгч, хүлээн авсан актаар баталгаажуулан гэрээ хэрэгжиж эхэлсэн. Түрээслэгчийн түрээсийн үйл ажиллагааг дэмжиж 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Х.Ганболд, Д.Энхбаяр нар батлан даалт гаргаж баталгааны гэрээ байгуулсан. Түрээслэгч иргэн Т.Оюунмандах нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн орлого 25 хоногийн 750 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 11 удаагийн торгуулийн төлбөр 651,400 төгрөгийг төлөөгүй тул түрээслүүлэгч талаас тт-14-460 дугаартай гэрээний үүргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, түрээсийн зүйл болох 1591 УНС улсын дугаартай Hyundai elantra автомашиныг хүлээн авч акт үйлдэн оношилгоо үзлэгт оруулж, холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн 2 543 698 төгрөг, бусад зардал буюу автомашины суудлын бүрээс, урд, хойд амортизатор, хойд босоо тэнцүүлэгч, хойд крыло, агаар шүүгч, салоны агаар шүүгч зэргийн 433 600 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй. Тухайн үед түрээсийн орлогын үлдэгдэл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, засвар үйлчилгээ, оношилгооны зардал төлбөрийг танилцуулж шийдвэрлэх боломжийг талууд харилцан ярилцахад иргэн Т.Оюунмандах нь төлбөрийг барагдуулахгүй өдийг хүрсэн. Түрээслэгч Т.Оюунмандах нь тт-14-160 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 500 000 төгрөгийг нийт төлбөр 4 378 698 төгрөгийн үнийн дүнгээс хасаж тооцон 3 878 698 төгрөгийг иргэн Т.Оюунмандахаас Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Оюунмандах шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр УБТТС ХХК-тай 21 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг машиныг хүлээлцэх явцад тус баазад нь 4 автомашин байсан ба хамгийн бага 24 000 километр явсан 1591 УНС улсын дугаартай Hyundai elantra автомашины урд купер хагарсан, хойд зүүн талын хаалга, хойд шанаа зэрэг нь сэвтэй, хойд купер зураастай байсан ба хүлээлцэж байсан менежер 7 хоногийн дараа баазад сэлбэг ирнэ, дээрх асуудлуудыг бүгдийг нь засварлаж, янзална гэж хүлээлгэн өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Мөн түрээслэгч талаас гэрээнд сарын 1.4 хувийн хүү, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сар бүр төлөх, мөн 20 000 км явах тутамд тос, масло, амортизатор зэргийг солино гэж заасан ч үүргээ биелүүлээгүй. Тус компани нь гэрээг дахин шинэчлэх шаардлагатай гэсний дагуу 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сарын хүүг 1.4-2.0 хувь болгон өсгөсөн ба 2017 оны 5 дугаар сард орлогын үлдэгдэлтэй гэх шалтгааны улмаас машинаа хураалгасан. Орлогын үлдэгдэл болох 750 000 төгрөгөө авч очиж машинаа буцаан авах хүсэлт гаргасан боловч гэрээг цуцалсан гэсэн хариу өгсөн. 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд тус компанид 23 380 000 төгрөг тушаасан. Иймд УБТТС ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 750 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг нь үндэслэлгүй тул хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Т.Оюунмандахаас 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгон, үлдэх 3 128 698 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 22 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чимэд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт: /автомашины оношлогоо, үзлэгийн хуудсаар 17 төрлийн эд зүйлийг засах, солих шаардлагатай гэж тэмдэглэсэн боловч Монгол хьюндай автомотив ХХК-аас авсан сэлбэг хэрэгсэл болон үйлчилгээний нэр төрөл нь зөрүүтэй, засварын үнэ болох 2 543 698 төгрөгийг Монгол хьюндай автомотив ХХК-д шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул Монгол хьюндай автомотив ХХК-ийн бараа материалын зарлагын баримт, засвар үйлчилгээний хуудас,нэхэмжлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйллийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна/ гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үзлэг оношлогооны хуудсанд оношлогдсон эд ангийг засварлахад өөр гэмтэл нэмэгдэж гарч ирдэг, бас нэг эд ангийг засварласнаар өөр эд ангийн тохиргоо өөрчлөгдөх, мөн дагалдах эд ангийг солих шаардлагатай байдаг. Жишээ нь рулийн аппарат сольход тэнхлэг тохиргоог заавал хийлгэдэг, моторын тос сольход тосны шүүр заавал сольдог гэх зэрэг зэрүүтэй зүйлүүд байгаа үүнийг үзлэг, оношлогоо хийдэг байгууллагууд бүгд л дагалдах засвар гэж үнийг тусад нь бодож авдаг. Иймд үзлэг оношлогооны хуудас, нэхэмжлэх нь зөрүүтэй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндсэслэлтэй. 433 600 төгрөг бүхий суудлын бүрээс, аккумлятор, агаар шүүгч зэрэг сэлбэг болон автомашины хэрэгслийн үнийг Т.Оюунмандах нь санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед УБТТС ХХК-аар авахуулан хэрэглэсэн талаар санхүүгийн баримтууд хавтаст хэргийн 49-50 дугаар талд байсаар атал Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тогууль 1651 400 төгрөг нь Т.Оюунмандахын эзэмшиж байсан 1591 УНС улсын дугаартай автомашин нь УБТТС ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй тул торгууль төлөх үүрэг УБТТС ХХК-д үүсэн байгаа. Торгуулийг манай компаний нярав ажилтай н.Уранчимэг гэх хүн төлсөн боловч мөнгө нь УБТТС ХХК-аас гарсан. Иймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэвэл зохистой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс дээрх асуудлуудыг залруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Оюунмандахаас 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгон, үлдэх 3 128 698 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Чимэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд төлбөр төлөгч Т.Оюунмандах нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тт-14-460 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 878 698 төгрөгийн төлбөрөөс төлбөр авагч УБТТС ХХК-ийн орлогын өр болох 750 000 төгрөг төгрөгөөс татгалзан төлбөр төлөгч нь 3 128 698 төгрөгийг төлөх, төлбөр төлөгч нь дээрх төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 200 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 128 698 төгрөг нийт 3 128 698 төгрөгийг бэлэнээр УБТТС ХХК-ийн Голомт банк ХХК-ийн 1105034817 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэн талаар заасан байна.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч УБТТС, хариуцагч Т.Оюунмандах нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02704 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч УБТТС ХХК нь 750 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Т.Оюунмандах нь 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тт-14-460 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 878 698 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөрт 200 000 төгрөгийг, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 128 698 төгрөгийг УБТТС ХХК-ийн Голомт банк ХХК-ийн 1105034817 тоот дансанд шилжүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 020 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Б.НАРМАНДАХ