Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2018/02704

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О-д холбогдох

Автомашин түрээслэх гэрээний үүрэгт 3,878,698 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У ХХК нь иргэн Т.О-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “тт-13-051” дугаартай автомашин түрээслэх тухай гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “тт-14-460” автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан ба түрээслэгч иргэн Т.О нь 1591 УНС улсын дугаартай “Hyundai elantra” автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг эзэмших, ашиглахад бүрэн бүтэн байдлаар нь хүлээлгэн өгч, хүлээн авсан актаар баталгаажуулан гэрээ хэрэгжиж эхэлсэн байна. Түрээслэгчийн түрээсийн үйл ажиллагааг дэмжиж 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Х.Г, Д.Э нар батлан даалт гаргаж баталгааны гэрээ байгуулсан байна. Түрээслэгч иргэн Т.О нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн орлого 25 хоногийн 750,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 11 удаагийн торгуулийн төлбөр 651,400 төгрөгийг төлөөгүй тул түрээслүүлэгч талаас “тт-14-460” дугаартай гэрээний үүргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгож, түрээсийн зүйл болох 1591 УНС улсын дугаартай “Hyundai elantra” автомашиныг хүлээн авч акт үйлдэн оношилгоо үзлэгт оруулж, холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн 2,543,698 төгрөг, бусад зардал буюу автомашины суудлын бүрээс, урд, хойд амортизатор, хойд босоо тэнцүүлэгч, хойд крыло, агаар шүүгч, салоны агаар шүүгч зэргийн 433,600 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй. Тухайн үед түрээсийн орлогын үлдэгдэл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль, засвар үйлчилгээ, оношилгооны зардал төлбөрийг танилцуулж шийдвэрлэх боломжийг талууд харилцан ярилцахад иргэн Т.О нь төлбөрийг барагдуулахгүй өдийг хүрсэн. Түрээслэгч Т.О нь “тт-14-160” тоот гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 500,000 төгрөгийг нийт төлбөр 4,378,698 төгрөгийн үнийн дүнгээс хасаж тооцон 3,878,698 төгрөгийг иргэн Т.О-аас Монгол Улсын Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4 дэх хэсэг, мөн 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “У” ХХК-тай 21,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг машиныг хүлээлцэх явцад тус баазад нь 4 автомашин байсан ба хамгийн бага 24,000 километр явсан 1591 УНС улсын дугаартай “Hyundai elantra” автомашины урд купер хагарсан, хойд зүүн талын хаалга, хойд шанаа зэрэг нь сэвтэй, хойд купер зураастай байсан ба хүлээлцэж байсан менежер 7 хоногийн дараа баазад сэлбэг ирнэ, дээрх асуудлуудыг бүгдийг нь засварлаж, янзална гэж хүлээлгэн өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй. Мөн гэрээнд түрээслэгч талаас гэрээнд сарын 1.4 хувийн хүү, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сар бүр төлөх, мөн 20000 км явах тутамд тос, масло, амортизатор зэргийг солино гэж заасан ч үүргээ биелүүлээгүй. Тус компани нь гэрээг дахин шинэчлэх шаардлагатай гэсний дагуу 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр сарын хүүг 1.4-2.0 хувь болгон өсгөсөн ба 2017 оны 5 дугаар сард орлогын үлдэгдэлтэй гэсний улмаас машинаа хураалгасан. Орлогын үлдэгдлээ төлж чадаагүй шалтгаан болох “Миний бие муу нурууны суулт өгсөн, эмнэлгээр үзүүлж байна” гэдгээ хяналтын байцаагч н.Төрөөд хэлсэн. Мөн орлогын үлдэгдэл болох 750,000 төгрөгөө авч очин машинаа буцаан авах хүсэлт гаргасан боловч гэрээ цуцалсан гэсэн хариу өгсөн. Миний зүгээс гэрээ цуцалсан гэж хариу хэлсний үндсэн дээр хамаатан, садангийн машин дээр ээлжийн жолоочоор явъя гэхэд удаа дараа эсэргүүцсэн. Миний бие 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд тус компанид 23,380,000 төгрөг тушаасан нь үнэн болно. Мөн байгууллагын дотоод сүлжээгээр намайг сар бүр хэдэн төгрөг тушааж байсныг мэдэх болно. Иймд “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 750,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг үндэслэлгүй байх тул хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Т.О-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 750,000 төгрөг, засварын зардалд 2,543,698 төгрөг, торгуулийн төлбөр 651,400 төгрөг, бусад зардал 433,600 төгрөг, нийт 4,378,698 төгрөг гаргуулахаас гэрээний урьдчилгаанд төлсөн 500,000 төгрөгийг хасан, 3,878,698 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзахдаа “. . . автомашиныг анх хүлээн авахад эвдрэл гэмтэлтэй байсан, автомашины үнийг 28,029,466 төгрөгөөр тохирсон, гэрээний хугацаанд 14 орчим сая төгрөг төлсөн, гэтэл уг автомашиныг бусдад 17,774,542 төгрөгөөр түрээслүүлсэн байгаа нь шударга ёсонд нийцэхгүй” хэмээжээ.

Зохигчдын хороонд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулж, гэрээний үүргийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон, дахин 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн ТТ-14-460 дугаартай гэрээг байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч 2010 онд үйлдвэрлэгдсэн Элентра маркийн, суудлын автомашиныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч автомашиныг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, түрээсийн төлбөрт 1 сард 660,000 төгрөг буюу ажлын нэг өдөрт 30,000 төгрөг, нийт 28,029,466 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дуусахад автомашиныг өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 6-9, 18-38/

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг хуульд заасан шаардлагад нийцүүлж, гэрээг байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Зохигчид гэрээ цуцалсан үндэслэл, журам, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоногийн талаар маргаагүй. 

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй төлбөр, учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч гэрээ цуцалсан үндэслэл, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоногийн хувьд маргаагүй бөгөөд төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх тул хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй.

Гэрээ байгуулсан өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Т.О элентра маркийн 1591 УНС улсын дугаартай автомашиныг хүлээлцэх акт үйлдэн хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мөн автомашин хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгчээ. /хх-94, 40/

Нэхэмжлэгч байгууллага автомашинд засвар үйлчилгээ хийхдээ автомашин хүлээлцсэн акт болон тус өдөр хийсэн автомашин оношилгоо, үзлэгийн хуудсаар автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношилгоо гэх 8 төрөл, цахилгаан тоноглол болон бусад дотор салоны ажиллагаа гэх 21 төрөл, хөдөлгүүр, явах анги болон тос, тосолгооны систем гэх 20 төрлийн үзүүлэлтээр оношилгоог явуулж, хийвэл зохих засварын төрөл, үнийг тодорхойлж, засварыг “Монгол хьюндай автомотив” ХХК-аар хийлгэсэн гээд нийт 2,543,698 төгрөгийг шаардсан. /хх-41, 62-82/ 

Автомашины оношилгоо, үзлэгийн хуудсаар 17 төрлийн эд зүйлийг “засах, солих” шаардлагатай гэж тэмдэглэсэн боловч “Монгол хьюндай автомотив” ХХК-аас авсан сэлбэг хэрэгсэл болон үйлчилгээний нэр төрөл нь зөрүүтэй, засварын үнэ болох 2,543,698 төгрөгийг “Монгол хьюндай автомотив” ХХК-д шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн бараа материалын зарлагын баримт, засвар үйлчилгээний хуудас, нэхэмжлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс гэрээнээс учирсан хохиролд хамааруулан, засварын зардалд 2,543,698 төгрөг гаргуулах шаардлага хангагдахгүй. /хх-61-82/

Автомашины суудлын бүрээс, урд, хойд амартизатор, босоо тэнцвэржүүлэгч, хойд крыло, агаар шүүгч, салоны шүүгчийн үнэ болох 433,600 төгрөгийг гэрээ цуцлахаас өмнө Т.О төлөх үүрэгт хүлээсэн гэх үндэслэлээр шаарджээ. Хариуцагч эдгээр эд зүйлийг хүлээн авсан, үнийг төлөх үүргийг хүлээсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуульд 651,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд торгуулийн төлбөрийг “Уранчимэг” гэх хүн төлсөн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.О-аас 750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгон, үлдэх 3,128,698 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.