Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 03

 

Б.Ичинноровт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 155/2016/0064/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Д.Оюунбилэг,

           Ялтан: Б.Ичинноров,  

Ялтны өмгөөлөгч: Д.Намжилмаа,

Хохирогч: Г.Лхагвасүрэн, Б.Баяржаргал,

Хохирогчийн өмгөөлөгч: С.Оюунжаргал,       

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ичинноров, ялтны өмгөөлөгч Д.Намжилмаа нарын давж заалдах гомдлоор Б.Ичинноровт холбогдох эрүүгийн 201522000394 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан Б.Ичинноров нь Хөвсгөл Титаник ХХК-ний хүнсний бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд онц их хэмжээний буюу 122 724 422 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор: “...Шүүгдэгч Хотгойд Батдоржийн Ичинноровыг бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар шүүгдэгч Хотгойд Батдоржийн Ичинноровт ногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Ичинноровт оногдуулсан 100.000 /нэг зуун мянга/төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5/тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ичинноровоос 105.619.722 /нэг зуун таван сая зургаан зуун арван есөн мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл Титаник хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 07 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 08 сар гэж хаягласан, 1-182 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 09 сар гэж хаягласан, 1-161 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 10 сар гэж хаягласан, 1-148 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв. худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 11 сар гэж хаягласан, 1-135 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 12 сар гэж хаягласан, 1-145 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2015 он 01 сар гэж хаягласан, 1-132 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2015 он 02 сар гэж хаягласан, 1-90 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник" ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2015 он 03 сар гэж хаягласан, 1-114 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2015 он 04 сар гэж хаягласан, 1-108 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 01 сар гэж хаягласан, 1-155 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 02 сар гэж хаягласан, 1-83 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 03 сар гэж хаягласан, 1-175 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 04 сар гэж хаягласан. 1-219 гэж дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 05 сар гэж хаягласан, 1-228 дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, бөөний төв, худалдагч Ичинноровын тооцооны баримт материал, 2014 он 06 сар гэж хаягласан, 1-208 дугаарласан санхүүгийн баримт, Хөвсгөл Титаник” ХХК, Б.Ичинноров нарын хооронд 2013 оны 03 сарын 31, 2015 оны 05 сарын 01-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 02 сарын 28-нд “Хөвсгөл Титаник” ХХК, Б.Ичинноровтой тооцоо нийлсэн акт 1 хуудас, Хөвсгөл Титаник ХХК-нд өр төлбөр барагдуулах амлалт 1 хуудас зэргийг Хөвсгөл Титаник хязгаарлагдмал хариуцлагатай компанид, 2 ширхэг дэвтэр, 1 ширхэг тэмдэглэлийн дэвтэр нийт 3 ширхэг дэвтрийг шүүгдэгч Б.Ичинноровт тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгаж,  Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас: Б.Ичинноровт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Намжилмаа давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй. ЭБШ хуулийн 80.1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ийг нарийн тогтоогоогүй. Шүүх Б.Ичинноровыг Хөвсгөл Титаник ХХК-ийн бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд онц их хэмжээний буюу 105,619,722 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Гэтэл Б.Ичинноров 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Титаник ХХК-д няраваар ажилд орсон болох нь Хөдөлмөрийн гэрээгээр болон мөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Хохирогч Г.Лхагвасүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт Б.Ичинноров 2013.05.01 ний өдрөөс энэ бөөний цэгт худалдагчаар ажиллаж эхэлсэн.... мөн хохирогчийг дахин байцаасан тэмдэглэлд... 2014.7.1-нээс эхлээд зөрчил дутагдал илэрсэн анх 2013.4 сард нярваар ажилд авч тооцоондоо сайн байна гэхээр нь 5 сард бөөний төвийн худалдагчаар шилжүүлэн авч 2015.4.31-ний /4 сарын 31-ний өдөр гэж байдаггүй/ өдрийг хүртэл ажиллуулсан. /42-45 хуудас/гэх Хохирогчоор С.Намжилмаагийн өгсөн мэдүүлэгт: ...2014.6.30 хүртэл худалдагч Б.Ичинноровын авч байсан барааны тооцоо эцсийн үлдэгдэл нь сумдуудад авлага болж гарч байсан. Тэр үед тооцоог нь шахаж үзэхэд дутагдал гараагүй... 2014 оны 1 сараас 2014 оны 6 сар хүртэлх сумдын өр авлагыг сум сумдаар нь гаргахад 30 гаран сая төгрөг болж байсан. Одоо манай байгууллагад Ичинноров 122,724,422 төгрөгийн дутагдал гаргасан. Мөн сумдаас авлага тусгасан боловч мөнгө нь манай байгууллагын дансанд орж ирээгүй 25,105,260 төгрөг нийт 147,829,682 төгрөгийн дутагдал буюу өр төлбөр гарсан байгаа. /50хуудас/ 52 хуудас/ гэх, Б.Баяржаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг Б.Ичинноровын тооцоог 2014 оны 2 сараас 2014 оны 6 сарыг дуустал хөдөөний харилцагч нарт зээлээр өгсөн бүтээгдэхүүнийг тухайн зээлээр авсан сумын хүний нэрээр авлага үүсгэж байгаад сар бүр зээлээр өгч байгаа сумдын авлага их болоод байсан тул удирдлагуудтай ярилцаад зээлээр өгсөн барааг Ичинноров дээр авлага үүсгэж эхэлсэн гэх, Аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус шинжээч Д.Гэрэлчулууны гаргасан дүгнэлтэд: .... Б.Ичинноровын тушаасан орлого харилцах кассын орлогын баримт 2013.4.01-нээс 2015.05.01 хүртэл .../ххийн 237/ ...Шинжилгээнд ирүүлсэн 2014.01.01-нээс 2015.04 сарыг дуустал хугацаанд ажилласан бөөний төвийн худалдагч Б.Ичинноровын орлого, зарлагын баримтыг тулган шалгахад 122.774.922 төгрөгийг Б.Ичинноров дутагдуулсан нь нотлогдож байгаа тул Б.Ичинноров хариуцна. /хх-ийн 238/ Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчдийн дүгнэлтэд: мөн 2014.01.01-нээс 2015.04 сарыг дуустал Хөвсгөл Титаник ХХ-ний санхүүд гаргаж байсан эд хариуцагчийн тайлан орлого зарлагын баримтуудыг тулган шалгахад 122,724,422 төгрөгийг дутагдуулсан байна гэх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа зөрүүтэй цаг хугацааг нарийн тогтоогоогүй. Мөн Аймгийн эдийн засгийн орон тооны бус шинжээч Д.Гэрэлчулууны дүгнэлтэд 122.774.922 төгрөг дутагдуулсан, МУШШҮХ-ийн шинжээчдийн дүгнэлтэд 122.724.422 төгрөг дутагдуулсан, хохирогч нар Б.Ичинноровоос 147.829.682 төгрөгийг нэхэмжилнэ, тухайн компанийн ерөнхий ня-бо С.Намжилмаа 17.000.000 сая төгрөг /зөвхөн дансаар авсан нь нотлогдсон тул/ авснаа хүлээн зөвшөөрсөн мөн хавтаст хэрэгт гэрчүүд өглөгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байхад эдгээрийг хасч тооцоогүй хохирлын хэмжээг нэг мөр болгож нарийвчлан тогтоогоогүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүгдэгч Б.Ичинноров...  төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэх боловч чухам завшсан эсхүл үрэгдүүлсэн гэмт хэргийн алийг нь үйлдсэнийг буюу аль хэлбэрээр яаж үйлдсэнийг тогтоогоогүй байж Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1. Шүүгдэгч Хотгойд Батдоржийн Ичинноровыг бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэсэн ба Б.Ичинноровын үйлдэлд бусдын эд хөрөнгийг завших /бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан/ үйлдэл тогтоогдоогүй байхад үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. ЭБШ хуулийн 80.1.3. гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Энэ гэмт хэргийн субъектив тал нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай байдаг бөгөөд гэмт этгээд нь хууль ёсны өмчлөгч бусад эзэмшигчийн эд зүйлс өмч хөрөнгөөс үнэт зүйл материаллаг ашиг олох гэсэн зорилготой байдаг. Гэтэл Б.Ичинноров байгууллагын бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж сумдад зээлээр өгч түүнээс орсон орлогыг тухай бүрт нь байгууллагад болон байгууллагын удирдлагуудад тушааж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон харин өөрийн хувийн хэрэгцээнд зарж үрэгдүүлсэн эсхүл завшсаныг нотлох баримт байхгүй ба үүнээс Б.Ичинноров ашиг олох хувьдаа завших шунахайн сэдэлт шууд санаа огт байхгүй нь харагддаг.

 2. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан. Хавтаст хэрэгт зөвхөн Б.Ичинноровын дансаар мөнгөө хийдэг гэрчүүдийг гэрчээр асуусан, бусад гэрчүүдийг /байнга байгууллагын дансанд мөнгөө шилжүүлдэг/ асуулгах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангаагүй, тухайн байгууллагад санхүүгийн аудитын шалгалт оруулаагүй, Титаник ХХК-ийн дансанд зөвхөн утасны дугаараар орсон эзэн нь мэдэгдэхгүй төлбөрүүдийг шалгаж хаанаас орсон болохыг тогтоогоогүй, Гармаагийн Лхагвасүрэн гэсэн дансаар мөнгө шилжүүлж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байхад тухайн дансыг шалгаагүй, мөн тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан тус компанийн ерөнхий нягтлан бодогч С.Намжилмаагийн бүрдүүлж өгсөн сар бүрийн тооцоо нийлсэн акт гэх Б.Ичинноровын гарын үсэггүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж хийсэн баримтуудыг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн.

3. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн субъект нь итгэмжлэгдэн хариуцсан этгээд байхыг заасан. Харин итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь ААН, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Б.Ичинноров Титаник ХХК-ийн Цагаан-Уул захад байрлах бөөний төвийн худалдагчаар буюу тухайн компанийн хувьд байнгын ажлын байран дээр ажилладаг ажилтан байсан байна. Тэгвэл байнгын ажлын байран дээр ААН, байгууллага буюу ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн харилцаа болон түүнээс үүдэх эрх үүрэгтэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Нэгэнт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Мөн хуулийн 24.3 Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б.Ичинноровтой байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээ нь хуурамч болох нь 2 шатны Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг. Эрх зүйн журам нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг. Хуулиар хамгаалагдахын тулд хуулиа, эрх зүйн журмаа баримталсан хууль зөрчөөгүй үйлдэл байх ёстой.

4.  ЭБШ хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа ... Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай гэж танилцуулсан ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн Б.Ичинноровын нэр дээр байх хашаа байшинг хэрхэх нь тодорхойгүй байна. /Уншиж танилцуулсан хэсгийг шүүх хуралдааны видео бичлэгээс татаж үзнэ үү/ Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ялтан Б.Ичиноров давж заалдах гомдолдоо: ... Би 2013 оны 4 дүгээр сарын 1-нд Хөвсгөл Титаник ХХК-нд нярваар орж 1 сар ажилаад 2013 оны 5 сараас эхлэн “Цагаан-Уул” захад бөөний төвийн худалдагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сумдад зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгдөг байсан. Харилцагчид байгууллагын болон миний дансаар тооцоогоо хийдэг байсан. Сарын эцэст би бэлэн тушаасан мөнгөний баримт болон падаануудаа жолоочоор явуулж, нягтланд өгдөг байсан ба нягтлан баримтуудыг ерөөсөө тоолж хүлээж авдаггүй байсан. Өмнө нь 2013 оны 05 дугаар сарын 1-нээс 2014 оны 6 сар хүртэл сар бүр тоолдог байсан боловч 2014 оны 07 сараас огт тоолж сар бүр тооцоо нийлж байгаагүй. Сар болгон надтай уулзаж тооцоо нийлсэн акт ч хийж байгаагүй бөгөөд гэнэт нэг өдөр буюу 2015 оны 02 дугаар сард ийм их өрөнд орсныг хэлсэн. Ийм учраас би гомдолтой байна. Энэ их мөнгийг би хувьдаа авч идэж ууж завшсан зүйл огт байхгүй ээ. Мөн Хөвсгөл Титаник ХХК-ийн ерөнхий нягтлан Намжилмаа нь надаас орлого орсон бол миний дансанд хийчих гэдэг байсан. Нягтлан нь надаас дансаар болон бэлнээр мөнгө авдаг байсан. Би энэ хүнийг байгууллагын ерөнхий нягтлан болохоор итгэж, мөнгө өгч миний өр авлаганаас хасагдаж байгаа гэж боддог байсан. Өөрөө ч өр авлаганаас хасна гэж хэлдэг байсан. Би байгууллагын дансаар орж ирж байгаа сумдын орлогыг харж үзэж болдоггүй учраас нягтландаа итгэж байсан. Мөрдөн байцаагч болон шүүх нь зөвхөн миний дансанд тулгуурлаж ийм мөнгө орж гардаг байсан байна гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн санхүүгийн шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байна. ...Тооллого хийх үү гэж нягтлангаасаа асуухад би завгүй байна, өөрөө тоолчих гэдэг байсан. Мөн амралт, чөлөө авахдаа хүний нөөц болон захирал Г.Лхагвасүрэнд биеэр очиж хэлж, чөлөө авдаг байсан ба орлох хүн байна уу гэхэд дүүгээ зогсоочих гэдэг байсан. Миний дансанд бараа зээлээр авдаг 10 гаруй хүн мөнгөө хийдэг байсан нь үнэн. ...Тухайн үед мобайл банктай байсан. Энэ дансаараа ч Нягтлан Намжилмаад мөнгө шилжүүлдэг байсан. Гэтэл 2015 оны 2-р сард нягтлан намайг дуудаж уулзаад 122 754 000 мөнгө дутлаа гэж хэлэхэд ийм их мөнгө дутах ёсгүй гэж хэлсэн. Тэгээд 2-3 хонож байхад ажил дээр нягтлан Баяржаргал нь ирээд 79 000 000 зөрсөн тооцоо нийлсэн акт барьж ирээд та гарын үсгээ зурчих, захирлыг тайвшруулж байгаад дараа нь учрыг нь олъё гээд гуйж байгаад зуруулсан. Энэ бүгд нь зөвхөн захирлыг тайвшруулах зорилготой байсан. Ийм их хэмжээний мөнгө идэж уугаад өөртөө болон гэр орондоо авч ашиглаагүй байхад захирал Г.Лхагвасүрэн болон нягтлан Б.Баяржаргал нар нь ээж нь 45 000 000 төгрөг чинь байгаа төлнө гэсэн гэж худлаа яриад мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Тухайн үед байгууллагын программ 2 удаа солигдож өөрчлөгдсөн. Энэ их мөнгийг идэж, ууж завшаагүй, өгөх чадваргүй тул та бүхэн энэ хэргийг үнэн зөвөөр шийдэх өгөхийг хүсч байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Б.Ичинноров нь Хөвсгөл Титаник ХХКомпанийн хүнсний бөөний төвд худалдагчаар ажиллаж байхдаа 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөө орон нутгийн харилцагчдаас шилжүүлсэн борлуулалтын орлогын нийт 122 724 422 төгрөгийг хувьдаа завшиж, үрэгдүүлэн тус компанид онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Г.Лхагвасүрэн, Б.Баяржаргал болон гэрчүүдийн мэдүүлэг, Б.Ичинноровын бусдаас авах авлагын жагсаалт, 2014 оны 01-р сараас 2015 оны 4-р сарыг дуусталх тооцоо, Хөвсгөл аймаг дахь Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус шинжээч Д.Гэрэлчулууны дүгнэлт, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус комиссын хурлын тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 178 тоот шинжээчийн дүгнэлттэй холбоотой баримтууд, Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол,  Б.Ичинноровыг анх Хөвсгөл Титаник ХХК-нд 2013 оны 03 дугаар сарын 31-нд бэлэн бүтээгдэхүүний нярваар ажилд авсан тушаал, Мөрөн сумын 1-37-1 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авахдаа авсан /Б.Ичинноровын Хөвсгөл Титаник ХХК-нд өр төлбөрөө барагдуулах талаар өгч байсан амлалтуудын хуулбар/, Б.Ичинноровтой холбоотой банкнуудад 2013 оны 05 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар  сарын 01-ныг хүртлэх хугацаанд хийж байсан орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээний мэдээллүүд, Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх Б.Ичинноровт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан байхад зөвхөн бусдын эд хөрөнгийг завшсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн завших ба үрэгдүүлэх хэлбэрийн адилхан шинж тэмдэг нь хөрөнгийн эзэн буюу бусад өмчлөгчид гэмт этгээд тодорхой нөхцөлтэйгөөр эд зүйлс, өмч хөрөнгийг захиран зарцуулах, тээвэрлэх зэрэг эрх хэмжээ олгосныг урвуугаар өөрсдийн мэдэлд оруулсанд оршдог бөгөөд Б.Ичинноровын тухайд 122 724 422 төгрөгийг завшсан, үрэгдүүлсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...ЭБШ хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа ... Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай гэж танилцуулсан ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн Б.Ичинноровын нэр дээр байх хашаа байшинг хэрхэх нь тодорхойгүй байна... гэх гомдол нь үндэслэлтэй байх тул түүний гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Ичинноровын өмчлөх эрхийн 000290695 гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой, 10 дугаар баг 47 дугаар гудамжны 14 тоотод байрлах 606.5 кв.м 2 хашааны газрыг битүүмжилсэн болохыг дурдаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...завшиж... гэсний дараа үрэгдүүлж гэж нэмж, 6 дахь заалтыг Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Ичинноровын өмчлөх эрхийн 000290695 гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой, 10 дугаар баг 47 дугаар гудамжны 14 тоотод байрлах 606.5 кв.м 2 хашааны газрыг битүүмжилсэн болохыг тус тус дурдсугай гэж өөрчилсүгэй,

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, ялтан Б.Ичинноровын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                                Ц.ТУЯА

                                                        Н.БАЯРХҮҮ