Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0227/З |
Дугаар | 221/МА2018/0171 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0171
Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Э.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, түүний өмгөөлөгч П.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Н.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У нарын гаргасан давж заалдах гомдлоор, Э.Ч Д.М нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байршилтай 183 м.кв талбйатай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-н нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203032577 дугаарт бүртгэсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 000459162 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Н.А-н нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203032587 дугаарт бүртгэгдсэн бүртгэл болон үүний үндсэн дээр олгогдсон дугаар 000459163 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгож.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Э.Ч, Д.М нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2203025863, Ү-2203025864 дугаарт бүртгэсэн бүртгэлүүд болон үүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гуравдагч этгээд Н.А-н бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: Иргэн Э.Ч, Д.М нарын нэхэмжлэлтэй Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, гуравдагч этгээд Н.А-н зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нар нь Н.А-н нэр дээрх улсын бүртгэлийн Ү-2203032577, Ү-2203032578 дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ энэхүү бүртгэлийг давхардуулж хийлгэсэн гэж тодорхойлж, анхан шатны шүүх ч энэ үндэслэлээр буюу Э.Ч-н нэр дээрх бүртгэл нь цаг хугацааны хувьд Н.А миний нэр дээрх бүртгэлээс түрүүлж хийгдсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18-р зүйлийн 18.1.8-ийг зөрчсөн байна гэж үзэж, шийдвэр гаргажээ.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “... Н.А-н нэр дээр үл хөдлөх хөрөнгүүдийг давхардуулан бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байна , бодит байдал дээр 1 үл хөдлөх хөрөнгөнд 2 гэрчилгээ олгосон нь ч мөн бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй” гэжээ. Улмаар шүүх Н.А-н нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгосноороо тухайн эд хөрөнгийн бүртгэл үнэн зөв болж байгаа гэж үзэв.
Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгүүдийг давхардуулан бүртгэсэн гэж байгаа ч яг бодит байдал дээр Э.Ч 2013 оны 4 сарын 22-ны өдөр 80 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгө дээр бүртгэл хийлгэхдээ “алдаатай зураг”, материал ашигласан буюу өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөхүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр хариуцагчийг төөрөгдүүлж, хууран мэхэлсэн. Э.Ч нь үл хөдлөхийн гэрчилгээ авахдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 6 сарын 6-ны өдрийн 162-р захирамжаар олгогдсон 18641332608316 нэгж талбарын дугаар бүхий газар дээр баригдсан гэж материал бүрдүүлсэн хэдий ч үнэндээ энэ газар дээр эдгээр үл хөдлөхүүд байдаггүй. Өөрөөр хэлбэл байхгүй хөрөнгө дээр бүртгэл хийлгэж, гэрчилгээ гаргуулан авсан.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.5-д зааснаар “...эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэнэ” гэж тодорхойлсноос харахад бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг баталгаажуулж байна. Гэвч нэхэмжлэгч байхгүй эд хөрөнгийн өмчлөгч гэж бүртгэл хийлгэсэн буюу байхгүй эд хөрөнгийг өмчлөх эрх баталгаажуулж авсан.
Харин Н.А нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн газар дээрээ баригдсан үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх ёстой бүх л баримт, материалыг бүрдүүлэн өгч улсын бүртгэлийн Ү-2203032577, Ү-2203032578 дугаар бүхий бүртгэл болон гэрчилгээг гаргуулан авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхийн тулд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хаяг авдаг, хаяг олгохдоо тухайн хүсэлт гаргасан газарт хаяг давхардуулдаггүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын бүрдүүлэн өгсөн материалд энэхүү хаяг нь өөр байгаа. Э.Ч-н бүрдүүлэн өгсөн материалд хавсаргасан тухайн хаягт тэрхүү үл хөдлөх хөрөнгүүд бодит байдал дээр байдаггүй.
Маргаанд хариуцагчаар оролцож байгаа Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “А-н мэдүүлгийг үндэслэн ...шүүлт хийхэд, мэдээллийн сангаас давхардсан гэсэн мэдээлэл гарч ирээгүй” гээд үүний үндэс нь иргэний овог нэр, регистрийн дугаар, эд хөрөнгийн албан ёсны хаягаар мэдээллийн санд шүүлт хийдэг болохыг тайлбарласан. Нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн энэ талаарх бүхий л баримт, мэдээлэл өөр өөр байдаг нь түүнийг давхцаагүй болохыг харуулна.
Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.5.4-д заасан энэхүү бүртгэлийн нэг чухал үндэс болсон зүйл бол газрын мэдээлэл болох эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хуулбар гэж тусгай шалгуур тавьдаг. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.4-д “нэгж талбар” (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект байхаар заасны дагуу маргаж байгаа талууд улсын бүртгэлд өгсөн баримтын нэг болох газар эзэмших эрхийн гэрчилгээ өөр өөр нэгж талбарын дугаартай байгаа нь Н.А-н Ү-2203032578, Ү-2203032577 дугаар бүхий бүртгэл, мөн нэхэмжлэгчийн Ү-2203025863, Ү-2203025864 дугаар бүртгэл давхардаагүй болохыг нотолдог.
Давхардуулж бүртгэл хийсэн учраас “бүртгэл үнэн зөв байх” зарчим зөрчигдөж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч Э.Ч нь Н.А-н эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн газар дээр байгаа мэтээр кадастрын зураг хийлгэн, бүртгүүлсэн байдаг. Н.А-н гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгосноороо Э.Ч-н энэхүү худал бүртгэлийг “Үнэн зөв” болгож байгаа хэрэг юм. Үүнийг яавч бүртгэл үнэн зөв байх зарчим хангагдлаа гэж үзэж болохгүй.
Үүнийг өмнө нь шүүх ч дүгнэсэн, мөн нэхэмжлэгч нар ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг ч “зураг хийж өгсөн байгууллага алдаа гаргасан, бидний буруу байхгүй” гэдэг. Гэхдээ тэрхүү алдааг ашиглаж, материал нь үнэн зөв биш гэдгийг мэдсээр байж шүүх тэрхүү бүртгэлийг хамгаалах нь буруу юм.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилт нь аливаа этгээдийн хууль ёсны дагуу, үнэн шударгаар олж авсан эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, өмч хөрөнгийг баталгаажуулж, хамгаалах байдаг. Гэвч энэхүү маргаан бүхий тохиолдолд эд хөрөнгөнд худал, хуурамч баримт материал ашиглаж өмчлөх эрх гаргуулсныг анхан шатны шүүх зөвтгөж, түүнийхээ үндэслэлийг “Бүртгэл үнэн зөв байх ёстой” гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал юм.
Өмнө нь Э.Ч-н гаргуулан авсан Ү-2203025863, Ү-2203025864 дугаартай болон бусад 4 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг иргэн Д.Г, Б.П нар гаргаж байсан, энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр байгаа тул анхан шатны шүүх Н.А миний бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх энэ тохиолдолд буруу дүгнэлт хийсэн. Учир нь, иргэн Д.Г, Б.П нар нь Э.Ч-н нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болж байсан нь үнэн боловч өмнө нь шүүх нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэдгийг, тодруулбал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан гэдгийг харгалзан үзэж, зөв дүгнэлт хийж чадсангүй.
Б.П-н нэхэмжлэлийн тухайд , Улсын дээд шүүхийн 2017 оны 312-р тогтоолд « Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 сарын 16-ны өдрийн 6732 захирамжаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээс нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан тул Б.П-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв» гэж дүгнэжээ.
Д.Г-н нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэл гаргах эрхгүй буюу эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Эндээс харахад дээрх иргэдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Н.А миний бие даасан шаардлагыг өмнө нь уг үйл баримтыг дүгнэсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Н.А миний бие өөрийнхөө эд хөрөнгө өмчлөх эрхээ хамгаалах, баталгаажуулахын тулд бие даасан шаардлага гаргаж байгаа, өмнөх нэхэмжлэл гаргасан Д.Г, Б.П нараас эрх зүйн байдлын хувьд болоод нөхцөл байдлын хувьд өөр, эрх ашиг нь ч өөр байдлаар хөндөгдөж байгаа этгээд гэдгийг анхан шатны шүүх ялгаж салгаж чадсангүй. Иймд анхан шатны шүүх бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Н.А миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад маргаан бүхий бүртгэлүүдийг дахин шинэ акт гарах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Э.Ч, Д.М-с гуравдагч этгээд Н.А-н нэр дээр бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг “...Н.А нь бидний өмчийн 2 байшин дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын дугаар дахин гаргуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг давхардуулан гаргуулсан..” гэж, гуравдагч этгээд Н.А-с нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэгдсэн бүртгэл болон гэрчилгээг “...нэхэмжлэгч Э.Ч нь Санзайн гудамж 98/1, 98/2 гэсэн хаяг ашиглаж, “Т” ХХК-аар хуурамч кадастрын зураг гаргуулан, өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр хариуцагчийг төөрөлдүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан...” хэмээн тус тусын бүртгэл гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Н.А-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032577 дугаарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байрлах 183 м.кв талбай бүхий хувийн сууцыг бүртгэж, 000459162 дугаартай гэрчилгээг, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203032578 дугаарт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байрлах 183 м.кв талбай бүхий хувийн сууцыг бүртгэж, 000459163 дугаартай гэрчилгээг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус олгосон байна.
Хариуцагчаас дээрх бүртгэл хийгдсэн талаар иргэн Э.Ч, Д.М нарын нэр дээр өмчлөлийн Ү-2203025863, Ү-2203025864 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ Санзайн зам 98/1, 98/2 тоот хувийн орон сууцнууд нь дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэйгээр авсан фото зурагтай, гуравдагч этгээд Н.А-н өмчлөлд бүртгүүлсэн 385 А/1, 385 А/2 тоот хувийн сууцнуудаас хаяг болон газар эзэмшигчийн нэр, газрын кадастрын зураг, гүйцэтгэлийн фото зураг зэрэг баримтууд нь зөрүүтэй байсан тул эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон хэмээн тайлбарласан байна.
Харин нэхэмжлэгч Э.Ч болон Д.М нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэсэн бүртгэл, түүнд үндэслэн олгогдсон гэрчилгээнүүд дараах байдлаар бүртгэгдсэн байна.
Иргэн Э.Чнь анх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ Санзайн зам 98/1, 98/2 тоот хаягт байрлах 80 хувийн гүйцэтгэлтэй 183 м.кв хувийн орон сууцнуудыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, мэдүүлэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамж, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, дуусаагүй барилгын фото зураг, хот төлөвлөлтийн газрын байршлын хаяг зэргийг хавсаргаж ирүүлснийг үндэслэн Э.Ч-н нэр дээр дээрх дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Улмаар Э.Ч-с 98/1 тоот хаягт байрлах 1 хувийн сууцаа худалдах худалдан авах гэрээгээр иргэн Д.М-н өмчлөлд шилжүүлснийг улсын бүртгэлийн газар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч Э.Ч нь өөрийн эзэмшлийн 18641332608316 нэгж талбарын дугаартай газарт байхгүй үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2015 оны 8/4786 тоот албан бичиг, газрын кадастрын зургаар тогтоогдсон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим, мөн зүйлийн 7.6 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгөх”-өөр, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах”-аар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох”-оор тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийг нэг үл хөдлөх эд хөрөнгөд давхар хийхгүй бөгөөд бүртгэхэд үндэслэл болсон мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн баримт нь хуурамч, алдаа мадагтай бол тухай бүртгэлийг түдгэлзүүлж, эрх бүхий этгээдээр шалгуулах, мөн бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримтгүй бол мэдүүлэг гаргагчид буцаахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар 2 үл хөдлөх эд хөрөнгөд давхар бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдсон, дээр дурдсанаар нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд Н.А-г үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг давхардуулан гаргуулсан гэж, гуравдагч этгээд Н.А-с өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр хариуцагчийг төөрөлдүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан гэж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хамтран хөрөнгө оруулалт хийж барьсан хэмээн маргасан байхад хариуцагчаас уг асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад эс зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Тиймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгч Э.Ч болон гуравдагч этгээд Н.А нарт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг сайтар тодруулж, хянан шалгасны үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг дахин шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Э.Ч болон гуравдагч этгээд Н.А нарын шүүхэд гаргаж буй тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд өөр өөрсдийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн асуудлаар маргаантай гэж үзэхээр байх ба энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
Хариуцагчаас маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэх шаардлага, нөхцөл байдлыг сайтар шалгаж тогтоосны үндсэн дээр акт гаргах үүргээ биелүүлээгүй нь шүүхээс түүнийг хүчингүй болгох бус зөвхөн дахин шинэ акт гаргуулахаар биелэлтийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах үндэслэл хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа тул маргаан бүхий бүртгэлүүдийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд Н.А-н бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь иргэн Д.Г-с маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан Э.Ч-той хамтран хөрөнгө оруулалт хийж, дундын хөрөнгөөр барьж бий болгосон гэсэн үндэслэлээр бүртгэл болон гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн үйл баримтыг энэ хэргийн гуравдагч этгээд Н.А-с өөрийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгэсэн, өөрийн эзэмшлийн газар дээр баригдаагүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн газар дээр баригдаж байгаа мэтээр Э.Ч бүртгүүлсэн нь миний эрхийг зөрчиж байна хэмээн бие даасан шаардлага гарган маргаж байгаа захиргааны хэргийн үйл баримт хэмээн татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0938 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 14 дүгэр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/1 тоот хаягт байрлах иргэн Н.А-н нэр дээр 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203032577 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 385 А/2 тоот хаягт байрлах иргэн Н.А-н нэр дээр 183 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203032578 дугаарт бүртгэсэн бүртгэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт 3 дугаар хэсэг гудамж, 98-1 тоот хаягт байрлах иргэн Д.М-н нэр дээр 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203025863 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт /14092/ 3 дугаар хэсэг гудамж, 98-2 тоот хаягт байрлах иргэн Э.Ч-н нэр дээр 183 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2203025864 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий бүртгэл түүнд үндэслэн олгосон гэрчилгээнүүд хүчингүй болсонд тооцохыг хариуцагчид мэдэгдсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ