Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 411

 

 С аймгийн С сумын А намын бүлгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн

 Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:          Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0498 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:                             

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын Хуралд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын Хуралд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 03 дугаар, Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 04 дүгээр, 2019 оны үндсэн чиглэл батлах тухай 05 дугаар, 2019 оны төсөв батлах тухай 06 дугаар, 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн батлах тухай 07 дугаар, Боловсрол эрүүл мэндийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай 08 дугаар, Соёлын төвийн үзвэр, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай 09 дүгээр, Багийн хилийн зааг тогтоох тухай 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0498 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. гэж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэгт олгосугай гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг магадлалыг эс зөвшөөрч дараах гомдпыг гаргаж байна. Миний бие Л овогтой Б нь Сүхбаатар сумын 2-р багийн иргэн, иргэдийн хурлын төлөөлөгч.

4. Сүхбаатар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хурапдаан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдож ИТ Хуралдах намын бүлгүүд завсарлага авсаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үрэлжлүүлэн хуралдаж, сумын 2019 оны төсөв, үндсэн чиглэл зэрэг 8 асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан.

5. Хуралдаанд ардчилсан намын 10, ардын намын 10 төлөөлөгч оролцсон. Ардчилсан намын 10 төлөөлөгч тухайн үеийн нөхцөл байдлаас хурлыг орхин гарсан. Энэ нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд хуралдааныг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцно гэж заасан байдаг. Үлдсэн 10 төлөөлөгчийн 1 нь түдгэлзсэнээ, хавтаст хэрэгт гэрчээр авсан байцаалтанд тодорхой хэлсэн байдаг. Үлдсэн 9 төлөөлөгч нь хурлаас гарсан тогтоолуудыг дэмжиж баталсан.

6. Үүнээс харахад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 20 төлөөлөгчийн 11 нь 7-р хуралдаанаас гарсан тогтоолуудыг батлахад эсрэг санал өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25.1-д хурлаас гарсан тогтоолыг олонхоороо батлана гэсэн заалтыг зөрчсөн харагдаж байна.

7. Анхан шат болон давах шатны шүүх нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7-р хуралдаанаас гарсан тогтоолуудыг хууль зөрчсөнийг дүгнээгүй зөвхөн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахгүй этгээд гэж дүгнэсэн. Би иргэн хүний хувьд, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд нэхэмжлэх гаргах эрхтэй гэж үзэж байгаа, энэ талаараа давах гомдолдоо тодорхой бичсэн.

8. Миний бодлоор хяналтын шатны шүүх нь хуралдаанаас гарсан тогтоолуудыг 50 хувьдаа хүрэхгүйгээр баталсаныг хянан үзэж хууль зөрчсөнийг тогтоохгүй бол Монгол Улсын 330 сум нь ийм маягаар хуралдаан хийж хууль зөрчих эхлэл суурийг тавьж өгөх гээд байна. Ийм учраас анхан шатны шүүхийн тогтоол, давах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Л.Б нь “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг ирц дутуу хуралдаж шийдвэрлэсэн. …тус хуралдаанд 21 төлөөлөгч ирэхээс, Монгол ардын намын 10 төлөөлөгч, Ардчилсан намын 10 төлөөлөгч ирсэн бөгөөд Ардчилсан намын 10 төлөөлөгч хурлыг орхин гарсан, 1 төлөөлөгч санал өгөлгүй түдгэлзсэн. Гэтэл тус ээлжит 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг тухайн Хурлын 9 төлөөлөгчийн саналаар баталж тогтоол гаргасан буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэсэн заалтыг зөрчсөн...” гэж маргасан байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгахаар, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар тус тус заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч буй нь тодорхой тусгагдсан байхаар хуульчилсан, хэрэв нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх түүнийг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм.

12. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулалгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

13. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны тэмдэглэл, тус хуралдаанаас гаргасан тогтоолууд, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдаанд ирвэл зохих 20 төлөөлөгч бүрэн ирснээр хуралдааныг эхлүүлсэн байх боловч Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгч хурлыг орхин гарч, 1 төлөөлөгч санал өгөөгүй түдгэлзсэн байхад үлдсэн 9 төлөөлөгчийн саналаар, тус хуралдаанаар хэлэлцвэл зохих асуудлууд болох сумын 2019 оны үндсэн чиглэл, 2019 оны төсөв, 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох, Багийн хилийн зааг тогтоох болон бусад олон асуудлуудыг хэлэлцэн баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-т “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална” гэсэнд нийцсэн эсэх талаар тухайн хуралд санал гаргах, таслах эрхтэй оролцдог Хурлын төлөөлөгч “бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэсэн үндэслэлээр маргах эрхтэй байна.

14. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, “...тус ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолууд нь нэхэмжлэгчид чиглэгдээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй. Мөн Хурал дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид бүгдээрээ нэгдэж шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх талаар саналаа илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй” гэж, давж заалдах шатны шүүхээс “...энэхүү тохиолдолд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ардчилсан намаас нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг нь хуулийн этгээдийн эрх зүйн чадваргүй, бусад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөө шүүхэд төлөөлөх эрхгүй” гэсэн өрөөсгөл дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

15. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулж, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2019/0498 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА