Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02120

 

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Индустр ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 41 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Энхтүвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Анударь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга угсралтын Индустр ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Ц.Уранбайгалтай тохиролцож, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Замчдын гудамжинд шинээр баригдсан 16 давхар үйлчилгээний төвтэй, 90 айлын орон сууцны барилгад норм, стандартаар баригдах ёстой хүүхдийн тоглоомын талбайг 49 дүгээр байрны баруун талын 240 м2 талбайд хорооны тохижилтыг сайжруулах, оршин суугч, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хүүхдийн тоглоомын талбайг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлнэ, мөн хорооны иргэний танхимыг бүрэн засвар хийхээр тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 11 өдөр 01 дугаартай хамтран ажиллах тухай гэрээг хийж барилга угсралтын Индустр ХХК-ийн ерөнхий захирал Р.Бадамдоржоор батлуулсан. Гэтэл барилга угсралтын Индустр ХХК нь иргэний танхимыг хагас дутуу засвар хийсэн. Харин өнөөдрийг хүртэл хүүхдийн тоглоомын талбайг огт барьж байгуулаагүй байгаа юм. Гэрээний 1.6-д хүүхдийн тоглоомын талбайг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгаад нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх. 5.1-д Б тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хүүхдийн тоглоомын талбайг барих зардал 25 000 000 төгрөгийг А талд шилжүүлэх. 5.3-д Б тал нь гэрээнд заасан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги төлнө гэсэн заалтуудыг зөрчиж мөн гэрээний 7.4-д зааснаар тохиролцоонд эс хүрсэн тул манай хорооны зүгээс хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах 25 000 000 төгрөг, үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувийн алдангийг 11 сараар тооцож, 16 500 000 төгрөг, бүгд 41 500 000 төгрөгийг барилга угсралтын Индустр ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Барилга угсралтын Индустр ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Замчдын гудамжинд баригдсан үйлчилгээтэй, 85 айлын орон сууцны барилгын хүүхдийн тоглоомын талбайг орон сууцны 49 дүгээр байрны баруун талын одоо байгаа хүүхдийн тоглоомын талбайг сэргээн тохижуулж, байгуулахаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороотой хамтран ажиллах тухай гэрээ 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоот гэрээ байгуулсан. Бид хүүхдийн тоглоомын талбайг байгуулахгүй гэсэн ямар нэгэн санаа агуулаагүй бөгөөд барилгын байгууллагуудын хямралын үед компанийн санхүүгийн байдал хүндэрч цалингаа тавьж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй дансаа хаалгасан байдалтай байна. Харин 1 дүгээр хорооны Засаг дарга Ц.Уранбайгалийн саналын дагуу иргэний танхимыг 10 гаруй сая төгрөг зарцуулж, сэргээн засварлаж, хүлээлгэн өгснийг ... хагас дутуу ... гэсэн нь үндэслэлгүй байна. 2018 онд хөрөнгө оруулалт шийдэж сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө /2018 оны 9 дүгээр сарын 01-ээс/ хүүхдийн тоглоомын талбайн байршил, төхөөрөмжийг хороотой тохирч байгуулж өгөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Индустр ХХК-иас 12 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд олгож, үлдсэн 29 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Индустр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 214 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж шийдвэрлэсэн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01670 дугаар шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид тухайн маргаад байгаа гэрээнээс үүдэлтэй хохирол учраагүй, гэрээний үндсэн төлбөрийг гаргуулах үндэслэл байхгүй гэж үзсэн атлаа гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох алдангийг тооцож, манай компаниас гаргуулахаар шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Манай компани ямар нэг хууль, журмаар зохицуулагдаагүй, аливаа дүрэм, журамд заагдаагүй өөрийн барьсан барилгаас өөр барилгын урд тоглоомын талбай барихаар сайн дураараа зөвшөөрч гэрээ зурсан. Уг гэрээгээ мөн биелүүлж, тоглоомын талбайг барихаа хүлээн зөвшөөрөөд байхад манай компаниас алдангийн мөнгө гаргуулахаар шийдэж байгаа нь шударга бус гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нь Индустр ХХК-д гэрээний үүрэгт нийт 41 500 000 төгрөг гаргуулах эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо нь хариуцагч Индустр ХХК-тай 2017 оны 1 сарын 11-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээнд хариуцагч Индустр ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Замчдын гудамжинд 16 давхар, 90 айлын орон сууцны барилгад баригдах ёстой 240 м.кв талбайд хүүхдийн тоглоомын талбайг засварлаж /барьж байгуулах/, хорооны иргэний танхимд бүрэн засвар хийх нөхцлийг харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Хариуцагч татгалзахдаа ... талуудын байгуулсан гэрээ нь ямар хууль, дүрэмд үндэслэж байгаа нь ойлгомжгүй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоол нь Нийслэлийн нутаг дэвсргэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах тухай байгаа. Энэ журмаас яагаад тоглоомын талбай барих ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, бидэнд өгсөн зураг төсөл дээр тоглоомын талбай огт тусгагдгаагүй ... гэжээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 1.1-д хүүхдийн тоглоомын талбайг засварлах талаар тусгасан боловч гэрээний 1.2-д хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр заасан байна. /хх-ийн 8-р тал/

 

Түүнчлэн талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ, 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар мэтгэлцсэн байх бөгөөд гэрээний 1.3-т 90 айлын орон сууцны орчимд хүүхдийн тоглоомын талбай барих хангалттай зай талбай байхгүй тул 49-р байрны зүүн талд хавсралт зургийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг байгуулах,

1.6-д Б тал буюу хариуцагч Индустр ХХК нь өөрийн хөрөнгөөр, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлж авах журмын дагуу шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд гэрээгээр хүүхдийн тоглоомын талбайг засварлах, эсхүл шинээр барьж байгуулахаар тохиролцсон эсэх, тухайн тоглоомын талбай нь барилгын зураг төсөлд тусгагдсан эсэх нь тодорхойгүй, гэрээний 1.3-т зааснаар гэрээний хавсралт зураг хэрэгт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар , дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ