Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 01670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “И” ХХК/РД: /-д холбогдох,

 

41 500 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Уранбайгаль, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч П.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилга угсралтын “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал, Бны засаг дарга Ц.Уранбайгаль бид нарын хооронд хамтран тохиролцож, Бны нутаг дэвсгэр дэх Замчдын гудамжинд шинээр баригдсан 16 давхар үйлчилгээний төвтэй, 90 айлын орон сууцны барилгад норм стандартаар баригдах ёстой хүүхдийн тоглоомын талбайг 49-р байрны баруун талын 240 м2 талбайд хорооны тохижилтыг сайжруулах, оршин суугч, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хүүхдийн тоглоомын талбайг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлнэ, мөн хорооны Иргэний танхимыг бүрэн засвар хийхээр тохиролцож, 2017 оны 01 сарын 11 өдөр 01 дугаартай “Хамтран ажиллах тухай гэрээ”-г хийж Барилга угсралтын “И” ХХК-ийн ерөнхий захирал Р.Бадамдоржоор батлуулсан.

Гэтэл барилга угсралтын “И” ХХК нь Иргэний танхимыг хагас дутуу засвар хийсэн. Харин өнөөдрийг хүртэл хүүхдийн тоглоомын талбайг огт барьж байгуулаагүй байгаа юм.

Гэрээний 1.6-д хүүхдийн тоглоомын талбайг 2017 оны 06 сарын 01-ний өдөр барьж дуусгаад нийлэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх.

5.1-д “Б” тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд хүүхдийн тоглоомын талбайг барих зардал 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг “А” талд шилжүүлэх.

5.3-д “Б” тал нь гэрээнд заасан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги төлнө гэсэн заалтуудыг зөрчиж мөн гэрээний 7.4-д зааснаар тохиролцоонд эс хүрсэн тул манай хорооны зүгээс хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах 25 000 000/хорин таван сая/ төгрөг, үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алдангийг 11 сараар тооцож, 16 500 000 төгрөг, бүгд 41 500 000/дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Барилга угсралтын “И” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Бны өмгөөлөгч Ч.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран ажиллах гэрээг байгуулахдаа талууд гарын үсгээ зурж, тамга дарсан байгаа нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэрээ гэж үзэж байгаа. Гэрээний 1.6-д хариуцагч нь 2017 оны 06 сарын 01-ний өдөр хүүхдийн тоглоомын талбайг хүлээлгэн өгөх ёстой гэж заасан байгаа. Ямар мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна гээд байна. Гэтэл гэрээний 5.3-т гүйцэтгээгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,2 хувь гээд зааснаар алданги нэмээд 41 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Авто машины зогсоолыг барьж байгуулж өгье гэж тохиролцоод манай талаас тэнд байсан бүх гаражийг зайчлаад талбайг нь гаргаж өгөөд байхад одоог хүртэл шороо нь бужигнасан байдалтай байгаа. Мөн барьсан барилга нь хэл ам дагуулсан байдалтай байгаа тул энэ компанид итгэх итгэл байхгүй болсон. Иймд тус мөнгийг өөр компанитай гэрээ байгуулж хийлгэх саналтай байна.” гэв.

 

Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Барилга угсралтын “И” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Бны нутаг Замчдын гудамжинд баригдсан үйлчилгээтэй, 85 айлын орон сууцны барилгын хүүхдийн тоглоомын талбайг орон сууцны 49-р байрны баруун талын одоо байгаа хүүхдийн тоглоомын талбайг сэргээн тохижуулж, байгуулахаар Бтой “Хамтран ажиллах тухай” гэрээ 2017 оны 01-р сарын 11-ний өдөр 01 тоот гэрээ байгуулсан. Бид хүүхдийн тоглоомын талбайг байгуулахгүй гэсэн ямар нэгэн санаа агуулаагүй бөгөөд барилгын байгууллагуудын хямралын үед компаний санхүүгийн байдал хүндэрч цалингаа тавьж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй дансаа хаалгасан байдалтай байна.

Харин 1-р хорооны засаг дарга Ц.Уранбайгалын саналын дагуу Иргэний танхимыг 10 гаруй сая төгрөг зарцуулж, сэргээн засварлаж, хүлээлгэн өгсөнийг “... хагас дутуу ...” гэсэн нь үндэслэлгүй байна.

2018 онд хөрөнгө оруулалт шийдэж сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө/2018 оны 09-р сарын 01-ээс/ хүүхдийн тоглоомын талбайн байршил, төхөөрөмжийг хороотой тохирч байгуулж өгөх болно.” гэжээ.

 

Хариуцагч “И” ХХК-ийн өмгөөлөгч П.Анударь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь Бны Засаг даргатай тус гэрээг байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь тус гэрээ нь хуульд нийцсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Гэрээг үндэслэж байгаа хууль, дүрэм журам нь ямар ч ойлгомжгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 175 дугаар тогтоол нь нийтийн эдэлбэр газар авто зогсоол гаргах тухай гэсэн авто зогсоолын журам байгаа. Энэ журмаас яг юуг нь баримтлаад тоглоомын талбай барих ёстой гэж үзээд байгааг нь ойлгохгүй байна. Бидэнд өгсөн зураг төсөл дээр тоглоомын талбай огт тусгагдаагүй. Угаасаа энэ барилгын гадаа тоглоомын талбай барих талбай байхгүй байсан гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан байгаа. Эндээс ямар хууль, дүрэм журмаар зураг төсөлдөө тусгагдаагүй тоглоомын талбайг шал өөр байшингийн урд бариулах гээд байгааг ойлгохгүй байна. Тоглоомын талбайг барихад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 166 тоот Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөх, байгуулах журмаар зохицуулагддаг. Энэ журамд заасны дагуу Засаг дарга хаана ямар нийтийн эдэлбэр газрыг хэрхэн ашиглах гэж байгаа саналаа Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулаад, тендер зарласны дагуу төсвийн хөрөнгөөр барьдаг. Харин иргэд болон хуулийн этгээдийн хөрөнгөөр тохижуулахаар байвал иргэн, хуулийн этгээд өөрөө саналаа гаргадаг. Тохижуулахаар бол газрыг нь ашиглуулах давуу эрх олгодог журамтай. Гэтэл өөр байрны урд тоглоомын барь, барихгүй бол мөнгийг нь буцааж өгнө гэсэн зүйл ямар дүрэм журам дээр байгаа, мөн тэр мөнгийг аваад юунд ашиглах гэж байгаа нь ойлгохгүй байна. Гэрээ гэдэг нь хуульд нийцсэн байх ёстой. Манай компаниас гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй гэж хэлээгүй. Хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа учраас хугацаа өгөөч гэдэг саналыг илэрхийлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа манай компанийг иргэний танхим дутуу тохижуулсан гэсэн зүйл бичсэн байдаг. Манай компаний хувьд тэрийг нь 10 000 000 төгрөгөд нь ном журмынх нь дагуу бүрэн тохижуулалт хийсэн. Дутуу тохижуулсан гэдгээ нотлох баримтад үндэслэн тайлбарлах байх аа гэв.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг, алдангид 16 500 000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг, бүгд 41 500 000/дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “И” ХХК нь хүүхдийн тоглоомын талбайн байршил, төхөөрөмжийг хороотой тохирч байгуулж өгөх болно гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Н.Мөнхжаргалд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Н.Мөнхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Н.Мөнхжаргалын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01 дугаар Хамтран ажиллах тухай гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 1.4, 1.5, 3, 4-т зааснаар хариуцагч нь Баянгол дүүрэг, 1-р хороо, 49-р байрны баруун талын 240/хоёр зуун дөч/ м.кв талбайд хүүхдийн тоглоомын талбайг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлэх, мөн хорооны Иргэний танхимд бүрэн засвар хийх, нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авах үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана:”, 476.3.4-т “удирдлагын бүтэц, эрх, үүрэг;”, 476.3.5-д “ашиг, алдагдлыг хуваарилах журам;”, 476.3.6-д “гэрээнээс гарах журам;”, 477 дугаар зүйлийн 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж заасан.

 

Гэрээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 476.3.4, 476.3.5, 476.3.6, 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт заасан стандарт нөхцлийг буюу удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, дундаа өмчлөх хөрөнгийн тухай, хамтын үйл ажиллагаанаас олсон орлогыг хувь тэнцүүлэн хуваарилах тухай тусгаагүй байх тул зохигчийн байгуулсан тус Гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.”, 189.5-д “Энэ хуулиар ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэрлэгдээгүй Гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний танхимын засвартай холбоотой шаардлага гаргаагүй болно.

 

Гэрээний 1-ийн 1.5-д зааснаар хариуцагч нь хүүхдийн тоглоомын талбайг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барьж гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй байх ба хариуцагч нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 5-ын 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тоглоомын талбайг барих зардалд 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 25 000 000/хорин таван сая/ төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь алдангид 16 500 000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Гэрээний 1-ийн 1.5-д заасан хүүхдийн тоглоомын талбайг барьж гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Гэрээний 5-ын 5.3-т зааснаар зохигчид анзыг 0.2/тэг аравны хоёр/ хувь байхаар тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 5-ын 5.1-т зааснаар зохигчид хүүхдийн тоглоомын талбайг барьж гүйцэтгэх зардлыг 25 000 000/хорин таван сая/ төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 12 500 000/25000000х0.2%=50000, 50000x365=18250000, 25000000:2=12500000/ /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох үндэслэлтэй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бнд олгож, үлдэсэн 29 000 000/25000000+4000000=29000000/ /хорин есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 12 500 000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бнд олгож, үлдсэн 29 000 000/хорин есөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Бны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 214 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ