Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02073

 

 

 

Мэргэн девелопмент ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01342 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Мэргэн девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Одгэрэл, М.Өлзийсайхан нарт холбогдох,

Гуравдагч этгээд: Д.Сугарсүрэн, О.Номин,

 

2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Мэргэн девелопмент ХХК-ийг тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ж.Алтанбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Сугар-Эрдэнэ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Очбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэн девелопмент ХХК нь Баянзүрх дүүрэгт худалдаа, үйлчилгээний барилга барьсан боловч барилгын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн их хэмжээний хэрэгцээ гарсан. Ингээд Ц.Одгэрэл санал тавьсны дагуу түүнээс зээл хүссэн. Ц.Одгэрэл нь Мэргэн девелопмент ХХК-ийг тухайн үед шүүхэд төлөөлөөд явж байсан Б.Алтангэрэлд Мэргэн девелопмент ХХК-ийн нэрийн өмнөөс 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 660 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 200 000 000 төгрөг зээлүүлэх гэрээг тус тус байгуулсан байдаг ба энэхүү гэрээг халхавчлах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №2015/01 тоот 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээг 10 сарын хугацаатайгаар Мэргэн девелопмент ХХК-тай байгуулсан мэтээр байгуулсан хэдий ч тус компанид мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Иргэний хуульд заасны дагуу мөнгө эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Энэхүү 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу Мэргэн девелопмент ХХК-д иргэн Ц.Одгэрэлээс ямар нэг эд хөрөнгө, мөнгө зээлдүүлсэн үйл баримт байдаггүй. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Түүнчлэн, хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар дугаар бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа ба эдгээр хөрөнгүүд нь цаашаа гуравдагч этгээдүүдийн нэр дээр шилжсэн. Ц.Одгэрэл нь Мэргэн девелопмент ХХК-д их хэмжээний мөнгийг зээлдүүлнэ, тийм учраас энэхүү зээлийн гэрээний баталгаа болгож үл хөдлөх хөрөнгүүдийг бидний нэр дээр шилжүүл, тэгсэн үед зээлийг шилжүүлнэ гэсэн тул үл хөдлөх хөрөнгүүдээ түүний нэр дээр шилжүүлсэн. Гэтэл зээлдүүлэгч Ц.Одгэрэл нь зээлдэгчид мөнгө шилжүүлсэн үйл баримтгүй мөртлөө эдгээр 4 орон сууцыг шилжүүлэн аваад байгаа энэхүү гэрээнүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус. Түүнчлэн, М.Өлзийсайхан бол анхнаасаа Ц.Одгэрэлтэй хувийн харилцаа, холбоотой хүн байсан тул М.Өлзийсайхан шүүхэд хандан Ц.Одгэрэлээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Ц.Одгэрэл нь Мэргэн девелопмент ХХК-ийн өмчийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул өөрийн нэр дээр нь байвал эргүүлээд шаардвал асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан үйл баримт тодорхой харагдаж байна. М.Өлзийсайхан гэдэг хүнээр шүүхэд нэхэмжлэл гаргуулаад байраа албадан чөлөөлүүлээд түүний нэр дээр шилжүүлсэн асуудал бий. М.Өлзийсайхан, О.Номин, Д.Сугарсүрэн, Ц.Одгэрэл нар нь гэр бүлийн харилцаатай, хоорондоо холбоотой хүмүүс. Бид нар мэдээгүй, бид шударга өмчлөгч гэж ярьж байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Б.Алтангэрэлтэй байгуулсан гэрээнүүдээс үндэслээд А.Уянга нь ямар хариуцлага хүлээгээд тооцоо нийлээд байгаа нь ойлгомжгүй. Гэтэл Б.Алтангэрэл гэж хүн мөнгө авсан, түүнийх нь өмнөөс Мэргэн девелопмент ХХК эд хөрөнгүүдээ шилжүүлсэн. Хуулийн этгээд гэж өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, өөрийн нэрээр эрх, үүрэг хүлээж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Мэргэн девелопмент ХХК зээл авсан бол тэр зээлийг төлөх үүрэг Мэргэн девелопмент ХХК-д байгаа. Мэргэн девелопмент ХХК-ийн ашиг сонирхол нь мөнгө байсан. Гэтэл үүн дээр нь дөрөөлөөд үл хөдлөх хөрөнгүүдийг авчхаад зээл өгнө, өнөөдөр 2 дахь өдөр байна, жаахан байж байгаад өгнө гэх мэтээр хуурсан. Үүний дараагаас Ц.Одгэрэл гэж хүн зээл өгөх нь тодорхойгүй юм байна гэдэг нь тодорхой болсны дараа шүүхэд хандсан байдаг. Анхнаасаа Мэргэн девелопмент ХХК-д зээл өгсөн юм бол яагаад Мэргэн девелопмент ХХК-ийн данс руу мөнгийг шилжүүлээгүй юм бэ? 450 000 000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь Мэргэн девелопмент ХХК-д шилжүүлэв гэж бичсэн байх хэдий ч Б.Алтангэрэл гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Б.Алтангэрэл компанид өгсөн талаарх баримт байхгүй. Мэргэн девелопмент ХХК нь огт аваагүй мөнгөнийхөө төлөө өөрийн үйл ажиллагааны явцад олсон 4 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдээ бусдын зээлийн гэрээний өмнөөс шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Өлзийсайхан бол энэхүү зээлийн гэрээнд ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дипломат резиденс хотхоны 35/3, 37/3 гэсэн хаягт байрлах хаусуудыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 642 000 000 төгрөгийн өр төлбөрт Ц.Одгэрэлээс тооцож авсан. Тийм учраас Мэргэн девелопмент ХХК-тай ямар нэгэн харилцаагүй, энэ талаар огт мэдээгүй. М.Өлзийсайхан эдгээр хаусын хууль ёсны шударга өмчлөгч юм. Анх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Нарантуул худалдааны төвийн хажууд Мэргэн девелопмент ХХК нь 6-7 давхар барилгын үйл ажиллагаа эхлэх гэж байхдаа Ц.Одгэрэлээс зээл хүссэн. Зээл хүсэхдээ тухайн үед албан ёсоор хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалтай Б.Алтангэрэл нь зээл олгооч гэсэн хүсэлт тавьсан байдаг. Түүний дагуу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 200 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Мөнгө зээлэхдээ Б.Алтангэрэл нь Баянзүрх дүүргийн Да хүрээ захын хажууд байрлах Мэргэн девелопмент ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Барьцаат зээл авахдаа Б.Алтангэрэл нь Мэргэн девелопмент ХХК-ийн барилгад хөрөнгө оруулж байгаа гэж хэлж, удаа дараа зээл авч байсан. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин хандан мөнгө зээлээч, өмнөх зээл барилга барихад хангалтгүй байна, томоохон хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна ... гэсэн тул Ц.Одгэрэл ... та нар өмнөх зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй байж ямар байдлаар, яаж баталгаа гаргах юм бэ гэхэд ... бид нар одоогийн байдлаар танд баталгаа гаргах зүйл байхгүй байна. Та бидэнд 450 000 000 төгрөг өгчих, бидний барьж байгаа барилгын хоёр давхрын үйлчилгээний талбай өгье гэж ярьсан зүйл байдаг. Үүний дагуу Ц.Одгэрэл өмнөх зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөөд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Алтангэрэл, Ц.Одгэрэл нар тооцоо нийлсэн акт үйлдээд, түүний дагуу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 гэсэн зээлийн гэрээг байгуулж, 450 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны гүйлгээний баримтаар тогтоогдоно. Тухайн үед яагаад Мэргэн девелопмент ХХК-ийн дансаар аваагүй юм бэ гэхээр Мэргэн девелопмент ХХК нь татвар төлнө, тиймээс хувийн дансаар авъя гэсэн. Ц.Одгэрэл зээлийн төлөлтөө удаа дараа шаардахад нэхэмжлэгч ганц ч удаа төлбөр төлөөгүй тул Ц.Одгэрэл та нар төлбөрөө төлсөнгүй, 4 хаусаа шилжүүл гэхэд 4 хаусаа шилжүүлсэн, шилжүүлэхдээ эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иймд Ц.Одгэрэл Монгол Улсын хуулийн дагуу авсан, ямар нэг байдлаар хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Д.Сугарсүрэн нь Ц.Одгэрэлээс 654 000 000 төгрөгийн авлагатай байсан. Тухайн үед Ц.Одгэрэл мөнгөө төлөхгүй болохоор нь Д.Сугарсүрэн 2016 оны 11 дүгээр сард шүүхэд хандахад Ц.Одгэрэл нь мөнгөгүй байна, надад Оранж таун хотхонд орон сууц байгаа, түүнийг төлбөртөө тооцуулъя гэж хүсэлт гаргасны дагуу талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдан, эвлэрлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч баталгаажуулсан байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө Ц.Одгэрэлийн өмчлөлөөс Д.Сугарсүрэнд шилжсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын яриад байгаа төлбөр тооцоо, зээлийн гэрээний харилцаа эсвэл хэн хэнийгээ хуурсан, халхавчилсан зүйл байгааг гуравдагч этгээд нарын хэн аль нь мэдэхгүй. Бид нар үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч. Хоёрдугаарт, О.Номин нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 167.5 м.кв талбайтай орон сууцыг зохих журмын дагуу шилжүүлж авсан. О.Номин нэхэмжлэгч, хариуцагчийн яриад байгаа асуудлыг огт мэдэхгүй. Тэрээр үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч юм. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардаад байгаа гуравдагч этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх гэсэн шаардлага үндэслэлгүй. Тухайн гэрээтэй холбоотой суурь хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл байхгүй. Иймд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг шүүх хамгаалж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.Одгэрэл болон М.Өлзийсайхан нарт холбогдуулан гаргасан Ц.Одгэрэл, Мэргэн девелопмент ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537 дугаартай 35/3, улсын бүртгэлийн Ү-2206066534 дугаартай 35/4 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 3 дугаар, 3/1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай хаусуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Мэргэн девелопмент ХХК-ийг тогтоолгох тухай Мэргэн девелопмент ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 000 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Мэргэн девелопмент" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Ц.Одгэрэл, М.Өлзийсайхан нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1342 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо "Мэргэн девелопмент" ХХК, Ц.Одгэрэл нарын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2015/01 тоот зээлийн гэрээ нь аливаа хэлцлийг халхавчлах зорилгыг агуулаагүй байна хэмээн дүгнэсэн байна. Иргэн Ц.Одгэрэл болон Б.Алтангэрэл нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, мөн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг иргэн Ц.Одгэрэл болон Б.Алтангэрэл нар байгуулсан байдаг. Үүний дараа иргэн Ц.Одгэрэл болон Б.Алтангэрэл нар нь 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 660 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Мөн иргэн Ц.Одгэрэл болон болон Б.Алтангэрэл нар нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 70 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл авахаар тохиролцсон байна. Нэг үгээр хэлбэл иргэн Ц.Одгэрэл нь Б.Алтангэрэлд нийтдээ 1 460 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцжээ. Эдгээр иргэдийн зээлийн харилцаагаа халхавчлах зорилгоор зээлдүүлэгч Ц.Одгэрэл нь "Мэргэн девелопмент" ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2015/01 тоот зээл гэрээ гэх 1 422 702 000 төгрөгийг 10 сар 4 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан бөгөөд дээрх 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ-ний дагуу Ц.Одгэрэл нь манай компанид зээл өгөөгүй, манай компани Ц.Одгэрэлээс нэг ч төгрөгийн зээл аваагүй болно. Энэ талаар хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт цугларсан боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Тухайлбал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.Одгэрэл болон иргэн Б.Алтангэрэл нарын хооронд нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Одгэрэл нь Б.Алтангэрэлд 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №3 тоот мөн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ц.Одгэрэл нь Б.Алтангэрэлд 200 000 000 төгрөгийг 70 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлэхээр тохиролцон гэрээг нотариатаар гэрчлүүлж, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 600 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Б.Алтангэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад сүрэн 6 гудамж, 23 тоот  хаягт байршилтай, 447 м.кв талбай бүхий газар болон 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээ байгуулсан байна. /хх221, 223, 224/, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.Одгэрэл, Мэргэн девелопмент ХХК нар хоорондын тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад ... 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Мэргэн девелопмент ХХК нь иргэн Ц.Одгэрэлд 972 702 000 төгрөгийн өртэй болохыг энэхүү актаар баталгаажуулж байна, ийнхүү мөн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.Одгэрэл нь зээлдэгч Мэргэн девелопмент ХХК-д 1 422 702 000 төгрөгийн зээлийг 10 сар 4 хоногийн хугацаатай олгохоор шийдвэрлэн 2015/01 тоот зээлийн гэрээг байгуулж, зээлдэгчийг төлөөлж захирал А.Уянга, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Б.Алтангэрэл нар гарын үсэг зурж, мөн компанийн тамгаар баталгаажуулсан байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ц.Одгэрэлээс 450 000 000 төгрөгийг Б.Алтангэрэлийн 1109230226 тоот дансанд шилжүүлсэн байна хэмээн Ц.Одгэрэл, Б.Алтангэрэл нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг бодиттойгоор үнэлэлгүйгээр хэт нэг талын тайлбар буюу хариуцагчийн тайлбарт нийцүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэн Ц.Одгэрэл болон Б.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор, зээл аваагүй Мэргэн девелопмент ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ-г байгуулсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасанчлан иргэн Ц.Одгэрэл, Мэргэн девелопмент ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэхэмжлэгч "Мэргэн девелопмент" ХХК болон хариуцагч Ц.Одгэрэл нар нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулах хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй бөгөөд зөвхөн зээлийн гэрээг байгуулсан гэж харагдуулах буюу уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан. Мөн энэхүү хэлцлийн дагуу нэхэмжлэгч "Мэргэн девелопмент" ХХК нь өөрийн нэр дээр нэг ч төгрөг хүлээж аваагүйг шүүх дүгнээгүй болно. Дүнжингаравын гудамжинд байрлалтай улсын бүртгэлийн Ү-2206046537 дугаартай 35/3 тоот үл хөдлөх хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Ү-2206046534 дугаартай 35/4 тоот үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 15-р хороо Оранж таун 3-р байр 3/1 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай үл хөдлөх хөрөнгийг буцааж нэхэмжлэгч "Мэргэн девелопмент" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх буюу шүүхийн журмаар өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгах ач холбогдолтой. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,-т "Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна", 9.4.-т "Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална", 9.4.2.-т "Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх", 56 дугаар зүйлийн 56.5.-т "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх сэргээх нь шударга ёсны зүйл юм. Түүнчлэн иргэн Ц.Одгэрэл, "Мэргэн девелопмент" ХХК нарын хооронд байгуулагдсан гэх хүчин төгөлдөр бус 2015 оны 8 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 6.1-т "зээлдэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага болгон худалдаа талбайн худалдах, худалдан авах гэрээ байгуулна." гэж заасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №15/57 тоот "Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ" байгуулжээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангах аргад "худалдах, худалдан авах" арга хийхгүй бөгөөд энэхүү харилцаа нь бусдын өмчлөлд төлбөртэйгээр эд хөрөнгө шилжүүлэх харилцаа тул тус хуулийн 243 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар нотариатчаар гэрчлүүлэх шаардлага тавьдаг. Иргэн Ц.Одгэрэл, "Мэргэн девелопмент" ХХК нарын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №15/57 тоот "Худалдааны талбайн худалдах, худалдан авах гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т "Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна хуульд заасан арга, хэлбэрээр хийгдээгүй болох нь үндэслэлтэй тул тус гэрээний дагуу аливаа эрх зүйн харилцааг үүсгэхгүй байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг буруу тайлбарлаж хариуцагчид ашигтай, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн бодиттой үнэлээгүй шийдвэр гаргасан байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №1342 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь хариуцагч Ц.Одгэрэл, М.Өлзийсайхан нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046537 дугаартай 35/3, улсын бүртгэлийн Ү-2206046534 дугаартай 35/4, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 байр, 3/1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2016 оны 1 сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 сарын 28-ны өдрийн /2016 оны 5 сарын 20/ орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Мэргэн девелопмент ХХК-ийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь хариуцагч Ц.Одгэрэлтэй 2015 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.Одгэрэл нь нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-д 1 422 702 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл хүсэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 63-66-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2015 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, зээлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх боловч нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б.Алтангэрэл нь хариуцагч Ц.Одгэрэлээс 2015 оны 3 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 660 000 000 төгрөг, 2015 оны 5 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг тус тус зээлдэн авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 221-223-р тал/

 

Б.Алтангэрэлийн зээлдэж авсан мөнгө нь нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-ийн барьж байсан барилгын хөрөнгө оруулалтад зориулагдсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь 2015 оны 8 сарын 26-ны байдлаар хариуцагч Ц.Одгэрэлд 972 702 000 төгрөгийн өртэй болох талаар харилцан тооцоо нийлсэн байх бөгөөд мөн өдөр буюу 2015 оны 8 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний 2.2 дахь заалтаар дээрх тооцоо нийлсэн актын дүнг тооцсон талаар харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн акт зэргээр нотлогджээ. /1-р хх-ийн63-65, 239-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-нийг зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Одгэрлээс мөнгөн хөрөнгийг шилжүүлж авсан гэх үндэслэлтэй бөгөөд 2015 оны 8 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 1 сарын 28-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, 35/3, 35/4, 37/3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, 2014 оны 12 сарын 28-н гэх огноотой 2016 оны 5 сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун 3 байр, 3/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч Ц.Одгэрэлд шилжүүлсэн болох нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, эрх шилжүүлэх гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон, дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай тус тус нийцсэн байна. /1-р хх-ийн 9-16-р тал, 110, 142, 174, 210-р тал/

 

Хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээний үндсэн дээр байгуулсан эрх шилжүүлэх гэрээ болон орон сууц худалдах, худалдан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-нийг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол мөн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 000 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ