Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02413

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02413

 

МАГАДЛАЛ

 

Ч.Алтансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Алтансүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат, П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирлаар 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр томилогдож 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл буюу 3 жил гаруй хугацаанд ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б/86 тоот захирамжаар сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, бэлнээр зарцуулсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Уг захирамжид БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн тул 4 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсугай гэсэн байгаа. Тухайн сургуулийн спорт заал нь жижиг талбайтай, биеийн тамирын хичээл явуулах стандартыг хангадаггүй, мөн гадны байгууллагад ямар нэгэн байдлаар сургуулийн захирал өөрөө шийдвэр гарган түрээслүүлж, орлого олж байсан зүйл байхгүй. Мөн Ч.Алтансүх гэдэг хүний гарын үсэгтэйгээр 985 000 төгрөг хурааж аваад ямар нэгэн байдлаар зарцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Санхүүгийн шалгалтын явцад мөн тогтоогдоогүй гэж үзэж байгаа учраас үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажлын хэсгийн дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж хийсэн. Мөн 98 дугаар тушаал нь өөрөө хүчингүй эрх зүйн акт болох нь Хууль зүй дотоод хэргийн яамны албан бичгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг мөн үндэслэсэн байгаа боловч нэхэмжлэгч нь уг заалтыг зөрчөөгүй, ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй байхад холбогдох байгууллагын дүгнэлтээр яаж тогтоосон нь тодорхой бус байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот Нийслэлийн засаг даргын сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж нь өөрөө хууль зөрчиж гарсан байгаа учраас хүчингүй болгож, ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот захирамжаар 67 дугаар сургуулийн захирал Ч.Алтансүхийг ажлаас халсан сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн дүгнэлтээр дараах зөрчлүүд тогтоогдсон. Энэ нь 2016 оны 11 сараас 12 сар, 2017 оны 01 саруудад сургуулийн спорт заалыг түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, кассаар бэлнээр зарцуулсан. Мөн хүчингүй болсон Гэгээрлийн сайдын 1999 оны 244 дугаар тушаалыг үндэсэн хүүхэд, хөгжлийн сангийн ажлаар хүүхэд бүрээс 1,000 төгрөг хурааж, нийт 1 485 000 төгрөг, мөн сургуулийн сонингийн мөнгө хэмээн 894 000 төгрөг тус тус хурааж зарцуулсан боловч санхүүгийн тайланд тусгаагүй. Мөн сургуулийн ойн хүрээнд ахмад багш болон ажилчдаас өгсөн хандивын 11 326 000 төгрөгийг бэлнээр зарцуулж мөн тайланд тусгаагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15.2, 17.3-д тус тус заасныг зөрчсөн. 2016 оны 11 сараас 12 сар, мөн 2017 оны 01 сард спортыг заал түрээслэсэн нь Боловсролын тухай хуулийн 45.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14.1, 14.2.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварын хуулбар 3.1, 3.11 дэх заалтыг тус тус зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний 5-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсон Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн учраас Ч.Алтансүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтансүхийг урьд эрхэлж байсан ажил буюу Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4 969 338 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Алтансүхэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Алтансүхийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Ч.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 94,459 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн дотоод аудитын албаны эрсдэлийн удирдлагын хэлтсийн аудитор Б.Уранбилэг, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн нярав ажилтай Р.Батболд нар нь шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө "...тус сургуулийн багш, сурагчдаас бэлэн мөнгө хураасан санхүүгийн баримтыг үзэж дүгнэлт гаргасан. Ч.Алтансүхийн гарын үсэг цохолттойгоор бэлэн мөнгийг зарцуулж байсан, санхүүгийн анхан шатны баримтуудыг сургуулийн Ч.Алтансүхэд өөрийн биеээр эх хувиар нь гаргаж өгсөн" гэж мэдүүлсэн тул хариуцагчийн зүгээс уг санхүүгийн орлого, зарлагын анхан шатны баримтуудыг нэхэмжлэгч Ч.Алтансүхээс гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хэт нэг талын барин хүсэлтийг хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 38.3-д заасныг зөрчин хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Хууль зүй дотоод хэргийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1-43576 дугаар албан бичгийг гарган өгсөн бөгөөд дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй тул захиргааны хэм хэмжээний акт биш бөгөөд тус яаманд бүртгүүлэх шаардлагагүй гэснийг үнэлж үзээгүй нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот захирамжаар 67 дугаар сургуулийн захирал Ч.Алтансүхэд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа сургуулийн спорт заалыг түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, кассаар бэлнээр зарцуулсан зөрчил гаргасан гэж үзжээ.

Нэхэмжлэгч Ч.Алтансүх дээрх захирамжийг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа дээрх зөрчлийг гаргаагүй, спорт заалыг гадны байгууллагад түрээслэж байгаагүй гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч тал Ч.Алтансүхийн гаргасан зөрчил ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж маргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж, аудитор Б.Уранбилэг, сургуулийн нярав Р.Батболд, биеийн тамирын багш Г.Бүдрагчаа нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч уг мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт заагаагүй орхигдуулжээ.

Мөн ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл болсон Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гэх бичмэл баримтыг нотариатч хэзээ, ямар баримтын эх хувийг үзэж баталсан болохыг тодруулаагүй атлаа хуульд заасан журмын дагуу бэхжигдээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2017/08212 тоот захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.

Байгууллагын архивт хадгалагдаж байх ёстой санхүүгийн баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн Ч.Алтансүхэд байхгүй гэж дүгнэн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хязгаарласан нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эрхийг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ