Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00399

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2413 дугаар магадлалтай

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

“Н”-д холбогдох

“Н”-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат, П.Цэрэн-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирлаар 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр томилогдож 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл буюу 3 жил гаруй хугацаанд ажиллаж байсан. Гэтэл “Н” 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б/86 тоот захирамжаар сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, бэлнээр зарцуулсан гэх үндэслэлээр ажлаас халсан. Уг захирамжид БСШУ-ны сайдын 2008 оны 98 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн тул 04 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсугай гэсэн байгаа. Тухайн сургуулийн спорт заал нь жижиг талбайтай, биеийн тамирын хичээл явуулах стандартыг хангадаггүй, мөн гадны байгууллагад ямар нэгэн байдлаар сургуулийн захирал өөрөө шийдвэр гарган түрээслүүлж, орлого олж байсан зүйл байхгүй. Мөн Ч.А- гэдэг хүний гарын үсэгтэйгээр 985 000 төгрөг хурааж аваад ямар нэгэн байдлаар зарцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Санхүүгийн шалгалтын явцад мөн тогтоогдоогүй гэж үзэж байгаа учраас үндэслэлгүйгээр ажлаас халсан, ажлын хэсгийн дүгнэлт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчиж хийсэн. Мөн 98 дугаар тушаал нь өөрөө хүчингүй эрх зүйн акт болох нь Хууль зүй дотоод хэргийн яамны албан бичгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг мөн үндэслэсэн байгаа боловч нэхэмжлэгч нь уг заалтыг зөрчөөгүй, ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй байхад холбогдох байгууллагын дүгнэлтээр яаж тогтоосон нь тодорхой бус байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот “Н”-ын сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж нь өөрөө хууль зөрчиж гарсан байгаа учраас хүчингүй болгож, ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н”-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 тоот захирамжаар 67 дугаар сургуулийн захирал Ч.А-ийг ажлаас халсан сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, “Н”-ын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжаар ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн дүгнэлтээр дараах зөрчлүүд тогтоогдсон. Энэ нь 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 саруудад сургуулийн спорт заалыг түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, кассаар бэлнээр зарцуулсан. Мөн хүчингүй болсон Гэгээрлийн сайдын 1999 оны 244 дугаар тушаалыг үндэслэн хүүхэд, хөгжлийн сангийн ажлаар хүүхэд бүрээс 1,000 төгрөг хурааж, нийт 1 485 000 төгрөг, мөн сургуулийн сонингийн мөнгө хэмээн 894 000 төгрөг тус тус хурааж зарцуулсан боловч санхүүгийн тайланд тусгаагүй. Мөн сургуулийн ойн хүрээнд ахмад багш болон ажилчдаас өгсөн хандивын 11 326 000 төгрөгийг бэлнээр зарцуулж мөн тайланд тусгаагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15.2, 17.3-д тус тус заасныг зөрчсөн. 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар, мөн 2017 оны 01 дүгээр сард спортыг заал түрээсэлсэн нь Боловсролын тухай хуулийн 45.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14.1, 14.2.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварын хуулбар 3.1, 3.11 дэх заалтыг тус тус зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь тус сургуулийн захирал өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн. Хөдөлмөрийн гэрээний 5-д заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсон Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.6-д заасныг зөрчсөн учраас Ч.А-эд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.А-ийг урьд эрхэлж байсан ажил буюу Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4 969 338 төгрөгийг хариуцагч “Н”-ын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.А-эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Н”-ын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар Ч.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.05.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Н”-ын тамгын газраас 94,459 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2413 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат, П.Цэрэн-Очир нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, өмгөөлөгч Ш.Ганбат, П.Цэрэн-Очир бид магадлалыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардан авч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн доорх гомдлыг гаргаж байна:

Үүнд: 1. ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар аудитор Б.Уранбилэг, сургуулийн нярав Р.Батболд, биеийн тамирын багш Г.Бүдрагчаа нарын мэдүүлгийг үнэлээгүй гэх тухайд:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дугаартай шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаж нотлох баримтад үндэслэн үнэлэлт дүгнэлтийг бүрэн өгсөн байна. Үүнд: Аудитор Б.Уранбилэгийн мэдүүлэг дүгнэлтийг анхан шатны шүүх үнэлэхдээ “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн аж ахуй нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд шууд ба шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасан. Хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдоогүй байхад төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан нь буруу гэж үзэхээр байна. Үүнээс гадна төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулах шийдвэрийг хэн гаргасан, удирдамжид гарын үсэг зурсан этгээдийг эрх бүхий этгээд гэж дүгнэх баримтыг хариуцагч баримтаар нотлоогүй мөн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “Н”-ын бүрэн эрхийг ямар үндэслэлээр Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдаж байсан Засаг даргын орлогчид шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй болно.” гэж мэдүүлгийг үгүйсгэн үнэлсэн байна.

Мөн гэрч аудитор Б.Уранбилэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг /хх 184- 187/ үнэлэх боломжгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй харин эсрэгээрээ хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг сүүлд нөхөн гаргаж өгснийг нотолж хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн болно.

Гэрч Р.Батболд, Г.Бүдрагчаа нарын мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлэхдээ “Спорт заалны мөнгө гэх бичилт бүхий бэлэн мөнгөний тайлан гэх баримтаас үзэхэд Г.Бүдрагчаа, Э.Амартүвшин, Г.Нямхорол, Ц.Өнөтулга гэсэн нэр бүхий багш нар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд түрээсийн төлбөр авч байсан, харин захирал Ч.А- дээрх мөнгийг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх баримтын эх хувь нь байхгүй учраас 2017 оны 06 дугаар сард авсан гэх тайлбар, мөн мөнгө хүлээн авсан баримтад хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байх тул хуульд заасан журмын дагуу бэхжигдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.А-ийг сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээсэлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм гэсэн дүгнэлт өгчээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг шүүхийн зүгээс бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгч хууль ёсны дагуу шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад буруу дүгнэлт өгч, ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.

2. Магадлалд дурдсан оролцогчийн эрхийг зөрчиж ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгтэй нийцээгүй гэсэн дүгнэлтийн тухайд:

Хариуцагч нь нотлох баримтыг нөхөн гаргаж хуульд заасан журмыг зөрчсөн болох нь анхан шатны шүүхийн 2 удаагийн бүрэн хэлэлцүүлэг, мэтгэлцээний явцад хариуцагчийн төлөөлөгчийн эх хувьгүй учраас 2017 оны 06 дугаар сард нөхөн авсан, эх хувиас баталгаажаагүй гэж тайлбарласан тайлбар, гэрч Р.Батболд шүүхэд тодорхойлолт гаргахдаа 2017 оны 06 дугаар сарын 07-нд захиралд баримтуудыг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 04 дүгээр сард эх хувиар нь Ч.А- захирал авсан гэх зөрүүтэй тодорхойлолт, мэдүүлэг, гэрч Б.Уранбилэг тухайн баримтууд үдэж хавтаслаад архивт хүлээлгэн өгч хадгалагдсан байх ёстой, үдэгдээгүй задгай байсан, би нүүр тайланг хуулбарлаж авсан, ямар нэгэн тамга тэмдэг даруулаагүй, шалгалтаар явсан үедээ би тамга тэмдэг даруулж аваагүй, гэрээ хэлцэл байгаагүй, ер нь ашиглаад дууссан бол архивт өгөх ёстой, удирдамжийн хүрээнд шалгасан гэх мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 67 дугаар сургуулийн архив гэсэн гарын үсэг огноогүй хэн хуулбарласан нь тодорхойгүй баримтыг 185 дугаартай Сүхбаатар дүүргийн нотариатч гэрчилсэн баримтуудаар тогтоогдсон юм.

Нэгэнт дээр дурдсанаар сургуулийн архив гэсэн цулгай тамга бүхий хуулбар материалыг нотариатч 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн үйл баримт тодорхой байхад бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гэх бичмэл баримтыг нотариатч хэзээ ямар баримтын эх хувийг үзэж баталсан болохыг тодруулаагүй гэх магадлалын заалт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нотариатч баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ тухайн баримт бичгийн эх хувийг үндэслэн түүнээс хуулбарласан бол тухайн баримтад 67 дугаар сургуулийн архив гэсэн тамга тэмдэг байх ёсгүй.

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн байгууллагын архивт Ч.А-ийн гарын үсэгтэй бэлэн мөнгөний зарлагын баримтын эх хувь байхгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчид ийм баримт байхгүй түүнийг Р.Батболдоос хүлээж аваагүй гэдгээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр тайлбарласан, 67 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлцэхдээ өөрт байгаа бүх зүйлээ ажлын хэсэгт хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн болно. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр болон өөрийн санаачлагаар удаа дараа нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх, гэрч асуулгах боломжоор нь бүрэн хангасан гэж үзэж байна.

Тийм учраас Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2413 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.А- “Н”-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт заагаагүй орхигдуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3., 38.6., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.  дахь заалтыг зөрчсөн” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс үнэлж, дүгнэлт хийх боломжтой тул нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаараа шийдвэрт заагаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүссэн нотлох баримт нэхэмжлэгчид  байхгүй гэж тайлбарласныг үндэслэн нэхэмжлэгчид өөрт нь байхгүй баримтыг албадан гаргуулах боломжгүй тул хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3. дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3., 38.6., 105 дугаар зүйлийн 105.2. дахь заалтыг зөрчсөн гэх магадлалд заасан дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаан, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр ажилтан хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ч.А- нь “Н”-ын 2013 оны А/313 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн боловсролын газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/86 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө “сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж, бэлнээр зарцуулсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 98 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд дээрх зөрчил нь Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, “Н”-ын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/-ын 2008 оны 98 дугаар тушаалын 2-т “Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалыг гадны байгууллага, аж ахуйн нэгжид урт, богино хугацаагаар гэрээгээр ашиглуулж байгааг зогсоож, тусгай хуваарийн дагуу суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулж байхыг сургуулийг захирал нарт даалгасугай” гэж, ажилтны ажил олгогчийн төлөөлөгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.6.-д “...Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, “Н”-ын орлогч Ш.Анхмаа нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргаж, зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор хяналт шалгалт явуулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1., 8 дугаар зүйлийн 8.1.1., 8.2.3.-т заасныг үндэслэн Ажлын хэсгийн удирдамжийг баталсан байна.

Тус удирдамжаар явуулсан шалгалтын дүгнэлтийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуультай холбогдох хэсгийн 8.6.2.-т “2016 оны 11-12 дугаар сар,  2017 оны 1 дүгээр сард спорт заал түрээслэн 985 000 төгрөгийн орлого олж кассаар бэлнээр зарцуулсан нь БСШУС-ын 2008 оны 98 дугаар тушаалын 2 дахь ...заалтыг зөрчсөн” гэжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, ... хийнэ”, 52.2.-т “энэ хуулийн 52.1.-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтын ажлыг ...эхлүүлнэ”, 52.3.-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ”, 52.5.-д “энэ хуулийн 52.1.-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, “Н”-ын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх Ажлын хэсгийн удирдамж нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Түүнчлэн Ш.Анхмаа нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8.1.1., 8.2.3 дахь заалтад заасан “Н”-ын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн байх бөгөөд тухайн шийдвэрийг гаргуулахаар “Н”ас бүрэн эрхээ шилжүүлсэн үндэслэлийг баримтаар нотлоогүй байна.

Иймд хууль зөрчиж явуулсан шалгалтыг үндэслэн ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2413 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР 

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД