Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын .. гэдэг газар оршин суугч Х овогт Дгийн Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд /дарга Т.Цд/ хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн тухай”  хүссэн тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 20 минутад хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Т.Ц,  шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          1. Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын ... гэдэг газар оршин суугч Х овогт Дийн Л тус аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, бичгээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон нэг намын болон сумын даргын эрх ашгийн төлөө биш ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Монгол Ардын Намын сумын удирдлагад гадуурхагдсан. Надад дарамт шахалт хардлага сэрдлэг ихтэй, үнэхээр хүнд байсан. Нөгөө талаас миний бие УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч Бн сонгуулийн штабт шадар туслахаар ажиллаж Монгол Ардын Намын эсрэг сурталчилгаа хийсэн. Энэ бүгд миний Монгол Ардын Намаас гарах үндэслэл шалтгаан болсон гэж боддог.

          Үнэхээр хүнд байсан учир өөрийн хүсэлтээр Монгол Ардын Намаас гарах өргөдлөө 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сумын Монгол Ардын Намын тэргүүлэгч Т.Бд өгсөн. Энэ өргөдөл 8 сарын 28-д Тд очсон юм билээ. Миний бие: 1-рт: Монгол Ардын Намын үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6.1 дэхь заалтаар өөрийн хүсэлтээр Монгол Ардын Намаас гарсан. 2-рт: Мөн дүрмийн 6.2-т заасны дагуу өргөдлөө өгсөн.  3-рт: Дүрмийн 6.5.1-д зааснаар УИХ-д нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн зэрэг нь миний Монгол Ардын намаас гарах үндэслэл болсон гэж баттай ойлгож байгаа. Ингээд би сумын Ардчилсан намын санал болгосныг хүлээн авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Ардчилсан нам 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаараа хэлэлцэж дэмжиж миний биеийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшүүлсэн. Гэтэл сумын сонгуулийн хороо эрх барьж буй Монгол Ардын Намын даргын шахалтаар надад Монгол Ардын Намаас гараагүй гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь иргэн миний сонгогдох эрхийг зөрчиж ард түмний төлөө дуу хоолой болж нийгмийн захиалгыг биелүүлэхэд миний хүсэлтийг боогдуулсан гэж үзэж гомдол гаргаж байна. Би сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгож нэр дэвших эрхээ баталгаажуулахаар шүүхэд хандаж байна” гэжээ.

  2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолоор тус аймгийн Баянжаргалан сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Лыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг хүчингүй болгуулж, Д.Лийг нэр дэвшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Д.Лонь Монгол Ардын намын гишүүн байсан. Монгол Ардын Намын гишүүн гэсэн бичиг баримтаа Улаанбаатар хотын Нарантуул захад явж байгаад алдсан. Энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч тодорхойлолт гаргасныг хэрэгт хавсаргасан байгаа.

Монгол Ардын Намын дүрэмд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч болон өөр намын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан Монгол Ардын Намын гишүүнийг тус намын гишүүнээс хасна гэж заасан байдаг. Д.Л нь 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч Б.Бан сонгуулийн сурталчилгаанд шадар туслахаар ажилласан. Энэ нь Д.Лыг Монгол Ардын Намын дүрмийн дагуу Монгол Ардын Намаас хасагдсан болохыг харуулж байна.

Мөн Д.Л нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын дарга Ту эзгүй байсан тул тус сумын Монгол Ардын Намын тэргүүлэгч Бд Монгол Ардын Намаас гарах өргөдлөө бичгээр өгсөн байдаг.

Ийнхүү тус суманд Ардчилсан Намаас нэр дэвшиж байгаа Д.Л нь Монгол Ардын Намын гишүүн мөн байна гээд дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул Д.Лыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.

Тухайн үед Монгол Ардын Намын нэр дэвшүүлэх хурал болох гэж байна гэсэн зарыг намын тэргүүлэгч Б, дэд дарга Ц.Б нараас Д.Лод ирсний дагуу тэрээр тус хуралд суусан. Энэ хурал нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон. Д.Л нь Монгол Ардын Нам болон Арлчилсан Намын гишүүн биш тул Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж Ардчилсан Намаас санал тавьсны дагуу Ардчилсан Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон. Монгол Ардын Намын хуралд суугаад нэр дэвшиж чадаагүй мөртлөө Ардчилсан Намаас сонгогдож болохгүй гэсэн хууль, дүрэм байхгүй. Энэ бол хувь хүний итгэл үнэмшлийн асуудал. Иймд Сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгүүлж өгнө үү гэжээ.

            3. Хариуцагч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны дарга Т.Цэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “Тус сумын 2016 оны орон нутгийн хурлын сонгуулыг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдан дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд Сонгуулын хорооны дарга С.Ц, нарийн бичгийн дарга Т.Д, гишүүн С.Ц, Б.Ц, А.О.

Сумын сонгуулийн хороо нь хуулийн дагуу 2016 онд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авч хянан шийдвэрлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд хуралдаж хуулийн дагуу шийдвэрүүдийг гаргасан билээ.

Нэхэмжлэгч Д.Лын “Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын  6-ны өдрийн 2 тоот тогтоолыг хүчингүй болгон нэр дэвшигчээр бүртгэж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:иргэн Д.Лнь нэхэмжлэлийн үндэслэлдээ “Миний бие 2012 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон. Нэг намын, ганц сумын засаг даргын эрх ашгийн төлөө биш ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үгээ хэлж,үзэл бодлоо илэрхийлсний төлөө төлөө суман дахь  удирдлагадаа гадуурхагдаж Монгол Ардын Намын гишүүн байхад дарамт шахалт ихтэй үнэхээр хүнд байсан”......гэж Монгол Ардын Намаас гарах шалтгаан үндэслэлээ заажээ.

Энэ асуудал нь сумын сонгуулын хороотой хамааралтай асуудал биш бөгөөд тухайн намын дотоод асуудал юм.

Сумын Монгол Ардын Намаас ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 09 тоот баримтаар Д.Л нь Монгол Ардын Намын хорооны гишүүн, тэргүүлэгч гэдгийг баталсан. Мөн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын хорооны бүх гишүүдийн 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлээс үзэхэд Д.Л нь Монгол Ардын Намын гишүүн Ц.Бийн саналаар заалнаас нэр дэвшигдэн 17 нэр дэвшигч дээр санал хураахад олонхийн санал авч чадаагүй нэрсийн жагсаалтнаас хасагдсан нь Монгол Ардын Намын гишүүн гэдгийг батлаж байна гэж үзсэн. Нөгөө талаас Д.Лийг намаас хассан ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгээ албан ёсоор Монгол Ардын Намын дарга Г.Т мэдэгдсэн.

Иргэн Д.Л нь Монгол Ардын Намаас гарсан гэдгээ батлах ямар нэгэн албан ёсны баталгаа нотолгоо Сонгуулийн хороонд гаргаж өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

Сумын сонгуулийн хороо хуралдаад Ардчилсан намын дарга Х.Баас намын салбар байгууллага дотоод дүрэм журамд заасан хуралдаанаараа хэлцэж шийдвэрлэж хурлын шийдвэр, тэмдэглэлийг ирүүлэхийг хүсэхэд, сонгуулийн хорооноос шаардсан баримт материалыг тухайн хугацаанд ирүүлээгүй.

Мөн Сонгуулийн хороог эрх барьж байгаа намын даргын дарамт шахалтанд орж ийм шийдвэр гаргасан тухай нэхэмжлэлдээ иргэн Д.Л нь бичсэн байгаад Сонгуулийн хороог удирдаж байгаа хүний хувьд гүнээ харамсаж байна. 

Сонгуулийн хороонд ажиллаж байгаа гишүүд бие даан шийдвэр гаргах Сонгуулийн тухай хуулийн 33,34 дүгээр зүйлд заасны дагуу эрх зүйн хэм хэмжээний хүрээнд ажиллаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Бид аймгийн сонгуулийн хорооны тогтоол, шийдвэрээр албан ёсоор томилогдон, төрийн ажил хийж байгаагынхаа төлөө ямар нэгэн нам дотроо хагаралдаж зөрчилдсөн, маргалдсан хүмүүсийн золиос болохыг хүсэхгүй байна.

Мөн сумын сонгуулийн хороо аль нэг намыг илт дэмжсэн, давуу тал олгосон асуудал байхгүй хуулийн хэмжээнд хамтын шийдвэр гарган үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдэж байна.  Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Баянжаргалан сумын  иргэн  Д.Л нь  тус аймаг дахь захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд  Баянжаргалан сумын  сонгуулийн хорооны 2016 оны 9-р сарын 6- ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг хүссэн” нэхэмжлэлийн  шаардлагыг  сумын сонгуулийн хороонд холбогдуулан  гаргажээ. /хх-1-3/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1-д заасныг үндэслэн тус шүүх дээрх нэхэмжлэлийг 2016 оны 9-р сарын 13-ны өдөр хүлээн авч /хх-1/ захиргааны хэрэг үүсгэн /хх-16-17/ хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9-р сарын 06-ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Баянжаргалан сумын сонгуулийн  хороо  “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 02 тоот /хх-4,30/ тогтоолыг Д.Л нь Монгол Ардын Намын гишүүн, тэргүүлэгч байтал Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн явдал нь сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.6-д ”нам эвсэл  нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд  нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ”, 143 дугаар зүйлийн 143.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 143.1.3-т “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн”, 154 дүгээр зүйлийн 154.6-т “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно”, 158 дугаар зүйлийн 158.1.2-т ”нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй “ зэрэг үндэслэлүүдээр  гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар Дундговь аймгийн  Сонгуулийн хорооны 2016 оны 08-р сарын 12-ны өдрийн 01 тоот “Сумын сонгуулийн хороо байгуулах тухай” тогтоолоор Баянжаргалан сумын сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулсан /хх -26-27/,  ба  Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана”, 157.9-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд намуудаас ирүүлсэн баримтуудыг хуулийн хугацаанд  нягтлан шалгажээ.

Нэхэмжлэгч Д.Л нь 1983 оноос Монгол Ардын Намын гишүүн болж тус суман дахь намынхаа үүрт  харьяалагддаг болох нь сумын сонгуулийн хороонд өгсөн 1983-2016 “Монгол Ардын Намын харьяалалтай /хх-39,73/ гэх намтар, шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “миний бие 2012 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдсон” /хх-1/, Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 04 тоот “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” тогтоол /хх-116/-оор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тэргүүлэгчээр, мөн сумын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 02 тоот  “Намуудын бүлгийн ахлагчийг сонгож батлах тухай” тогтоол /хх-117/-оор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн ахлагчаар ажилладаг, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цын өгсөн “намын сонгуульт ажилтан гэдэгт намын нэрээр аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллахыг ойлгоно” гэх тайлбар, намын хуралдааны тэмдэглэл /хх-36-38/, сумын  сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл /хх-47-65/, намын үүрийн гишүүдийн бүртгэл/112-113/ зэргээр Д.Л нь Монгол Ардын намын гишүүн, Монгол Ардын Намын нэрийн  өмнөөс тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тэргүүлэгч, намын бүлгийн даргаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх тул Баянжаргалан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Д.Лийн би өөрийгөө намаас гарсанд тооцож байна гэх тайлбарын  тухайд:

Монгол Ардын намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно” гэсэн заалтыг үндэслэн Миний бие 2016 оны 8 дугаар сарын  27-ны өдөр Монгол Ардын Намаас гарах тухай өргөдлөө /хх-13/ намын үүрийн дарга Тд өгүүлсэн /хх-6/, мөн 2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар 16 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Бн шадар туслагчаар  ажилласан /хх-133/, намын батлахаа Улаанбаатар хотод хаяж гээсэн /хх-9/ зэрэг үндэслэлээр намаас өөрийгөө  гарсанд тооцно гэж нэхэмжлэлдээ болон хэрэгт хавсаргаж ирүүлсэн тайлбартаа /хх-1-3,13/ тус тус тайлбарлажээ.

Д.Л нь дээрх үндэслэлүүдээр өөрийгөө Монгол Ардын Намаас гарсан гэж тооцсон атлаа 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх Монгол Ардын Намын хуралдаанд оролцож нууц санал хураалтаар 24 хүнээс 11 санал авснаар /хх-121-123/ Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан “намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу Монгол Ардын Намын хуралдаанд оролцсон болох нь дээрх тайлбарыг үгүйсгэж байх тул түүнийг дахин өөр намаас нэр дэвшүүлэх боломжгүйг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж хуульчилж хоригложээ.

Д.Л нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй, намайг төлөөлөн Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно /хх- 93-94/ гэж  хүссэн  ба  2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн сумын Монгол Ардын Намын хорооны нэр дэвшүүлэх хурлын зарыг надад мэдэгдээгүй гэж бичгээр ирүүлсэн  тайлбартаа /хх-130-132/ тусгасан хэдий ч тэрээр тухайн хуралдаанд оролцсон ирц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн “намын дэд дарга Б, тэргүүлэгч Б нараас  Л гуайд мэдэгдсэнээр хуралдаа орсон гэж надад  өөрөө  хэлсэн тиймээс тэр өдрийн хурлын зарыг  албан  ёсоор мэдсэн гэж үзнэ” гэх тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Д.Л нь Монгол Ардын Намын бат илэрхийлэхээ Улаанбаатар хотод гээсэн гэж тодорхойлолт ирүүлсэн /хх-9/ байх ба гэрч Ц.Дын шүүхэд өгсөн мэдүүлэгт “Би тус суманд 2014 оны 7 дугаар сарын 1-нээс  эхлэн ажиллаж байна. Энэ хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй, Д.Л гуай надаас иргэний үнэмлэхээ хаясан яаж буцааж авах вэ гэж зөвлөгөө авахад нь би сумын Иргэний бүртгэлийн ажилтан мэргэжилтэн Жтай уулзаад шинээр гаргуулж авах талаар зөвлөсөн нь үнэн. Түүнээс өөрөөр миний хувьд тэр хүний Монгол Ардын Намын батлах үнэмлэхээ хаяж гээсэн талаар мэдэхгүй, би энэ талаар хэрэг материал үүсгэж шалгасан  зүйлгүй, би энэ тодорхойлолтыг гаргаж өгөх эрхгүй“/хх-107-109/ гэж мэдүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд ”намын батлахаа Улаанбаатар хотод хаясан юм билээ тэгээд тухайн үед Улаанбаатар хотын Нарантуул захын Цагдаад мэдэгдэж бүртгүүлсэн гэдэг боловч энэ баримтыг шүүхэд өгөөгүй“ /хх-137/ гэх зэргээр мэдүүлснээс үзэхэд Монгол Ардын Намын батлах үнэмлэхээ хаяж гээсэн гэх тайлбар нотлогдохгүй байх тул Монгол Ардын Намаас гарах өргөдлөө /хх-13/, өгсөн хэдий ч Монгол Ардын Намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө, 6.3-т “Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно” гэж заасан нөхцөл шаардлага хангагдахгүй.

Иймд тус сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

         1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9, 154 дүгээр зүйлийн 154.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лын Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд хариуцагдах, Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулж нэр дэвшигчээр бүртгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    3.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.С