Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02384

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02384

 

 

 

Цэгэма ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01716 дугаар шийдвэртэй, Цэгэма ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Энхсувдад холбогдох 15 052 718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах, А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Э.Энхсувд нь Цэгэма ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажилласан. Манай байгууллага жил тутам санхүүгийн шалгалт хийдэг байсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөө 24-ний өдрүүдэд камерын шалгалт хийхэд Э.Энхсувд нь 2 өдөр дараалан мөнгөний хайрцгаас мөнгө халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан. Энэ байдал 2 удаад давтагдсан. Цэгэма ХХК-ийн хийсэн шалгалтаар 13 500 000 төгрөг дутсан. Шинэ баланс аудит ХХК-д хандсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нягтлан бодогч Э.Энхсувд нь 13 752 718 төгрөгийн тооцооны дутагдал гаргасан гэх албан ёсны дүгнэлт гарсан. Иймд Э.Энхсувдаас Цэгэма ХХК-д учруулсан хохирол 13 752 718 төгрөг, аудитын дүгнэлт гаргуулсны төлбөр 1 300 000 төгрөг, нийт 15 052 718 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Энхсувд шүүхэд гаргасан тайлбартаа: Цэгэма ХХК-д ажиллах хугацаанд захирал Б.Цэрмаатай зөвхөн байгууллагын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч удирдлагын даалгавраар эм зүйч /эм зарах/, эм найруулагч /усан эм найруулах/ гэх мэтийн мэргэжлийн бус ажил хийлгэсэн. Сap, улирал тутмын санхүү болон татварын тайлан тооцоог цаг тухайд нь чанартай сайн гаргаж байсан. Гэтэл намайг мөнгө халаасандаа авч хийсэн, тооцооны дутагдал гаргасан гэсэнд туйлын гомдолтой байна. Камерын бичлэг дээр бичигдсэн бичлэг нь мөнгө биш караокены тооцооны баримт юм. Мөн мөнгөний хайрцаг нь цоожгүй үргэлж онгорхой байдаг. Мөнгөний хайрцгаас өдөр тутам тооцооны баримт авдгийг нэхэмжлэл дээр дурдсан ажилтнууд нотолно. Мөн Шинэ баланс аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд би тооцоо хийхдээ тухай бүрт нь эд хариуцагч болох жор баригч, захиралдаа танилцуулдаг. Тухайн үед тооцооны дутагдал гарсан үед эд хариуцагч нар нь төлж байгууллагыг ямар ч хохиролгүй болгодог байсан бөгөөд тооллого хийх бүртээ тооллогын бүртгэлийг эд хариуцагч нарт нь өгч эм, барааны нэр, төрөл, үнэ, тоо ширхэг гарч байгаа тооцоо үнэн зөв эсэхийг хянуулсны үндсэн дээр үнэн зөв тооцоо гаргадаг байсан. Үүнийг тухайн үед жор баригчаар ажиллаж байсан Ц.Алтанцэцэг, Мажигсүрэн, Н.Уянга нар гэрчлэнэ. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр халах тушаал гарсан бөгөөд дараагийн тогтмол ажиллах нягтлан бодогч нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирж би ажлаа хүлээлгэн өгөөд гарахад ямар ч алдагдал дутагдалгүй байсан. Ажиллах хугацаандаа байгууллагын бэлэн болон дансан дахь мөнгөтэй захирлын зөвшөөрөлгүйгээр огт харьцдаггүй байсан бөгөөд байгууллагын бэлэн болон бэлэн бус орлого зарлагын гүйлгээг захирал Б.Цэрмаа нь бүрэн гардан хариуцдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Энхсувд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цэгэма ХХК-аас А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг тус тус гаргуулах, Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Шинэ баланс аудит ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлт нь санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримтад үндэслээгүй, тоонууд нь зохиомол, худлаа болох нь өөрөөр хэлбэл, үнэн зөв биш болох нь дараах баримтаар нотлогддог. Үүнд: Хан-Уул дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №1251 дугаартай прокурорын тогтоолд ...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10/2318 дугаартай Цэгэма ХХК-ийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтад мөнгөн хөрөнгийн тайлан, эд хариуцагчийн тайлан, борлуулалтын тайлан, эд хариуцагчийн бараа материал хүлээн авсан хүчин төгөлдөр падаан, тооллого, тооцоо бодсон санхүүгийн санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй учраас шинжилгээ хийхээс татгалзсан гэсэн, Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлангийн 5 дугаар хуудас дээр Цэгэма ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Дээр эмийн сангийн борлуулалтын орлогын тушаалт 205 277 935 төгрөг, 12 дугаар хуудас Доор эмийн сангийн борлуулалтын орлогын тушаалт 58 973 480 төгрөг, 18 дугаар хуудас Бөөн Эмийн сангийн борлуулалтын орлогын тушаалт 76 611 170 төгрөг гэсэн байна. Эдгээр нийлбэр нь 343 862 585 төгрөг гэж байна. Гэтэл дээрх хугацааны татварын байгууллагад тайлагнасан Цэгэма ХХК-ийн НӨАТ-ын тайланг cap бүрээр нь эх баримтаас түүвэрлэн нийлбэрийг гаргахад 108 167 623 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, Татварын байгууллагад тайлагнасан хууль ёсны баримтаар тогтоогдсон борлуулалтын орлогын дүнгээс Шинэ баланс аудит ХХК-ийн аудитын дүгнэлтээр гаргасан борлуулалтын орлогын дүн 235 694 962 төгрөгөөр илүү зөрүүтэй байгаа нь уг дүгнэлт үнэн зөв байх үндэслэлгүй. Цэгэма ХХК-д эмийн барааг хариуцаж байсан буюу эмийн барааг хүлээн авч, худалдан борлуулж, борлуулалтын орлого болох бэлэн мөнгөтэй харьцаж байсан н.Алтанцэцэг, н.Уянга, н.Төртогтох, н.Мажигсүрэн, ээлжээр ажилладаг оюутнууд бэлэн мөнгийг хүлээн авч, цаад нийлүүлэгч нарт төлбөр хийдэг захирал Б.Цэрмаа, эдгээр ажиллагаанд нягтлан бодох бүртгэл хөтөлдөг ня-бо н.Цэцэгдарь, Э.Энхсувд, н.Энхжин нарын олон ажилтнуудын хариуцлагын асуудал нь зааглагддаг, бараа материал, бэлэн мөнгөний дутагдал нь эд хариуцагчийн тооллого, тооцооны акт баримтаар тогтоогддог байтал яагаад ганцхан Э.Энхсувдын тооцооны дутагдал гэж аудитын дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Иймд Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №5/17 дугаартай гүйцэтгэсэн ажлын гэрээт тайлан буюу аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд шаардсан диплом, баримт бичгийг сайн дураараа бид эргүүлэн өгсөн. Аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь аудитын дүгнэлт суурилсан санхүүгийн анхан шатны баримтыг хүчин төгөлдөр байлгах иь нягтлан бодогчийн үүрэг, Э.Энхсувдын ажил үүргийн хуваарьт байдаг зүйл. Хариуцагчийн нэр дурдсан н.Цэцэгдарь нь манай байгууллагад 2013 оноос 2015 оны 6, 7 дугаар cap хүртэл ажилласан. Харин н.Энхжин нь нягтлан бодогч мэргэжилтэй боловч бараг л дадлагажигч, нягтлангийн туслахын чиг үүрэгтэй ажиллаж байсан. Иймд аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Цэгэма ХХК-ийн хариуцагч Э.Энхсувдад холбогдуулан гаргасан 15 052 718 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Энхсувдын нэхэмжлэгч Цэгэма ХХК-д холбогдуулан гаргасан Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Энхсувдаас нэхэмжлэгч Цэгэма ХХК-д холбогдуулан гаргасан Э.Энхсувдын А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 214 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрмаа давж заалдах гомдолдоо: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд: Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс бүрэн гүйцэд шинжлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас иш татвал камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Шинэ баланс аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт зэрэг авагдсан. Камерын бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагч нь кассын орлогыг авч байгааг нь тодорхой харж болно. Харин Шинэ баланс аудит ХХК-ийн гаргасан дүгнэлтээр 13 752 718 төгрөгийг эм ханган нийлүүлэгчээс худалдан авсан эмийн орлогын дутуу, тооцооны зөрүү гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байх ба чухам эдгээр нь нийт дүнд хэрхэн хуваагдаж байгаа нь тодорхойгүй байна гэжээ. Гэвч орлогын дутуу, тооцооны зөрүү гэсэн байгаа манай байгууллагад учирсан хохирлын хэмжээг ялган заагласан хэлбэр болохоос дутагдаагүй гэсэн ойлголт биш. Түүнчлэн шүүхээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг уг хэрэгт шинжээчээр томилж, уг байгууллагаас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот дүгнэлтэд Шинэ баланс аудит ХХК-ийн гаргасан хохирол гэж тооцсон 13 752 718 төгрөг нь тооцооллын хувьд зөв гэж дүгнэснээс үзэхэд аудит үнэн зөв юм. Гэвч анхан шатны шүүхээс тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтэд дурдсан 3 ширхэг хавтаст хэрэг, нотлох баримт гэж хаягласан 4 үдээстэй 14 ширхэг баримт, нотлох баримт гэж хаягласан 15-23 хүртэл дугаартай гар бичмэл 9ш дэвтэр зэрэг материалуудаар тухайн дутагдлын эхний үлдэгдэл гэж үзсэн мөнгөн дүнг үнэн зөв эсэхийг ... тогтоох боломжгүй байна , Шинжээч шүүх хуралдааны үеэр дэлгэрүүлэн тайлбарласан бөгөөд түүний тайлбарлаж байгаагаар Шинэ баланс аудит ХХК-ийн эхний үлдэгдэл гэх тоо нь эргэлзээтэй гэжээ.

Шүүхээс хуралдааны явцад гаргасан тайлбар, дүгнэлт нь хоорондоо эрс өөр байх бөгөөд уг асуудалд шүүхээс дахин шинжээч томилох хохирлыг тогтоох асуудлаар ажиллагаа хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Тодруулбал, эд хариуцагч гарын үсэг зураагүй гэсэн байх бөгөөд эд хариуцагч нь хариуцагч Э.Энхсувд өөрөө бөгөөд энэ хүн ажлын хариуцлагагүйн улмаас анхан шатны баримтад гарын үсэг зураагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Түүнчлэн шинжээч шүүх хуралдааны явцад аудитын дүгнэлт эргэлзээтэй гэдэг асуудлыг шинжээч ярьсан нь хэргийн оролцогчийн хувьд шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргах, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх зэрэг боломжуудыг хязгаарласан. Шүүхээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан байна. Энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг үүрэг бүхий албан тушаалтан нь нягтлан бодогч бөгөөд манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдэгт талууд маргадаггүй. Иймд хууль тогтоомж болон ажлын байрны чиг үүргийн хүрээнд уг төлбөрийг Э.Энхсувд хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн Шинэ баланс аудит ХХК-ийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 10-ны № 5/17 дугаартай гэрээт ажлын тайланг-аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Шүүх энэ шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-д зааснаар хүлээн авахаас татгалзах байтал хэрэгсэхгүй болгосон нь процессийн алдаа гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь хариуцагчийн талд гарсан ба хариуцагчаас шинжээчийн ажлын зардалд төлүүлэхээр шийдвэрлэсэн 400 000 төгрөгийг эс зөвшөөрч байна. Энэ нь гомдлын 1-р үндэслэлтэй шууд холбогдоно. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Цэгэма ХХК нь хариуцагч Э.Энхсувдад холбогдуулан 15 052 718 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Шинэ баланс аудит ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 5/17 дугаартай аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах, А-1102385 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Соёмбо дээд сургууль төгссөн дээд боловсролын дипломын эх хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.Энхсувд нь байгууллагын эд хөрөнгийг ашигласан, хулгайлсан гэх үндэслэлээр тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

Нэхэмжлэгчийн 13 500 000 төгрөгийг шаардах эрхийн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлэх явцад эд хөрөнгийн хохирол учруулсан, ашиглан шамшигдуулсан, эсхүл хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйгээр хохирол учруулсан гэж шаардаж байгаагийн аль нь болохыг шүүх тодруулаагүй нь буруу болно. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь хариуцагчийн хууль бус үйлдлээс учирсан хохирол буюу авах ёсгүй мөнгийг авсныг буцаан шаардаж буй гэж үзэхээр байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулснаар гэм хор учирснаас үүсэх үүрэг эсхүл эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлох нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх, хууль ёсны бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, зохигчдын шаардлага, татгалзалыг харьцуулан үнэлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн тул давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 233 214 төгрөгийг, хариуцагчийн 12 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ