Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02383

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02383

 

 

 

А.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01943 дугаар шийдвэртэй, А.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал ТӨААТҮГ-т холбогдох, дутуу олгосон тэтгэмж 10 999 761 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч А.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улсад 36 жил ажилласны 19 жил нь Иргэний нисэхийн ерөнхий газар-ын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд ажилласан. Тус байгууллагын АБХА албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэрт гарсан. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг надад дутуу олгосон бөгөөд миний ажилласан 12 дугаар сарын цалин, тэтгэмж нийлүүлээд дансанд 26 194 305 төгрөг олгогдсон бөгөөд үүнээс бодоход 10 999 761 төгрөгийг дутуу олгосон байгаа тул гаргуулж өгнө үү. Шүүхэд тэтгэмж 11 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасган 10 999 761 төгрөг болгосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: А.Саранцэцэгт Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4.1-д заасны дагуу 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. А.Саранцэцэг нэг сарын дундаж цалин хөлс нь 1 047 732 төгрөг гарсныг 25 сараар тооцож, 12 дугаар сарын цалингийн хамт нийт 26 193 305 төгрөгийг олгосон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал ТӨААТҮГ-аас дутуу олгосон тэтгэмжид 6 542 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Саранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 456 875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Саранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 119 636 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Саранцэцэг давж заалдах гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн. Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар надад 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын хавсралтын 5-д зааснаар авч байсан дундаж цалин хөлсийг 12 сарын нийлбэрээс тооцоолох ёстой байтал шүүх 2016 оны сүүлийн 3 cap буюу 10,11,12 сараас дундаж цалинг тодорхойлж, өөрөөр хэлбэл дундаж цалин хөлс тодорхойлох журам -ын хавсралтын 7-ийн A заалтыг үндэслэн миний нэхэмжлэлээс 4 456 875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Сүүлийн 3 сарын цалин хөлснөөс миний дундаж цалин хөлс тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй. Цалин хөлсийг 12 сарын нийлбэрээс тооцоход 1 430 677 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн 25 сард үржүүлэхэд 35 766 937 төгрөг болох бөгөөд надад олгосон 24 991 064 төгрөгийг хасахад 10 999 761 төгрөг болно. Шүүх дундаж цалинг зөв тодорхойлж чадаагүйгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс 4 456 875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 4 456 875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын хөдөлмөрийн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч ажилтанд олгох тэтгэмжийн зөрүүг буруу тооцож гаргаснаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал ТӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 10 999 761 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А.Саранцэцэг нь улсад 36 жил, үүнээс Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Чингис хаан олон улсын нисэх буудалд 19 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаснаар ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас чөлөөлж, 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан тушаалын хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 6 дугаар тал/

Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын буудал ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4.1-д 19-25 жил ажилласан бол ажилтанд 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор зохицуулжээ. /ххийн 36 дугаар тал/ Хэдийгээр хэрэгт хамтын гэрээ нотлох баримтаар авагдаагүй боловч тэтгэмжийн хэмжээ буюу хэдэн сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар зохигчид маргаагүй.

Харин 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тооцохдоо 1 сарын дундаж цалин хөлсийг зөв тодорхойлсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын хавсралтын 5-д зааснаар тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дах нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохоор, уг журмын хавсралтын 6-д хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд тодорхой шалтгаанаар бүрэн ажиллаагүй тохиолдолд жинхэнэ ажилласан хугацаанд хуваахаар зохицуулсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 10 ,11, 12 дугаар сарын буюу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг хамааруулан тооцохдоо нэхэмжлэгч 11 дүгээр сард бүрэн ажиллаагүй байгааг анхаараагүй байна.

Хэргийн 53 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар/-т бичигдсэн 1-12 дугаар сарын цалингийн нийлбэрийг нэмж 12 сард хуваан 1 сарын дундаж цалин хөлсийг тогтоон /17 781154:12=1 481 766/ 25 сараар тооцоход дутуу олгогдсон тэтгэмж 10 850 766 /1 481 766*25=37 044 071-26 193 305/ төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжтой юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 6 542 886 /зургаан сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун наян зургаа/ гэснийг 10 850 776 /арван сая найман зуун тавин найман мянга долоон зуун далан зургаа/, 4 456 875 /дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга найман зуун далан тав/ гэснийг 148 985/ нэг зуун дөчин найман мянга есөн зуун наян тав/ гэж, 2 дах заалтын 119 636 гэснийг 188 562 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ