Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01943

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржгон овогтой, А.С нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 13 дугаар байр, 61 тоотод оршин суух/

 

Хариуцагч: Ч.Х холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, өөрийн байранд байрлах/

            Дутуу олгосон тэтгэмж 10.999.761 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 36 жил ажилласны 19 жил нь “Ч.Х-д ажилласан. Тус байгууллагын АБХА албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэвэрт гарсан. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг надад дутуу олгосон бөгөөд миний ажилласан 12 дугаар сарын цалин, тэтгэмж нийлүүлээд дансанд 26.194.305 төгрөг олгогдсон бөгөөд үүнээс бодоход 10.999.761 төгрөгийг дутуу олгосон байгаа тул гаргуулж өгнө үү. Шүүхэд тэтгэмж 11.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан хэдий боловч нэхэмжлэлийн шаардлагыг багасган 10.999.761 төгрөг болгосон гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ст хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4.1-д заасны дагуу 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. А.С нэг сарын дундаж цалин хөлс нь 1.047.732 төгрөг гарсныг 25 сараар тооцож, 12 дугаар сарын цалингийн хамт нийт 26.193.305 төгрөгийг түүнд олгосон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

А.Сийн нэхэмжлэлтэй, Ч.Х ТӨААТҮГ-т холбогдох, дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 10.999.761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ч.Х-н захирлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/506 дугаар тушаалаар “А.С нь өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, А.Ст 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Х ТӨААТҮГ-иас А.Сийн 2016 оны 12 дугаар сарын цалин 1.202.241 төгрөг, уг тушаалын дагуу 25 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн хамт нийт 26.193.305 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь А.Сийн Нийгмийн даатгалын дэвтэрийн 2016 оны 12 дугаар сарын бичилт, түүний Худалдаа хөгжлийн банкин дахь 451022032 тоот дансны хуулга, Ч.Х ТӨААТҮГ-ын Ажлаас чөлөөлөгдсөний 25 сарын тэтгэмж олгох тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас /26.193.305 төгрөгөөс 12 дугаар сарын цалин 1.202.241 төгрөгийг хасаж тооцон/ тэтгэмжид 24.991.064 төгрөгийг нэхэмжлэгч А.Ст олгосон байна гэж дүгнэв.

 

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал, А.Сийн 455317 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн “...2016 оны 10, 11, 12 дугаар саруудын дундаж цалин хөлс” 1.261.358 төгрөгийг 25 сараар тооцоход тэтгэмжид 31.533.950 төгрөг олгохоос 24.991.064 төгрөгийг Ч.Г ТӨААТҮГ-иас олгосон байх тул үлдэх 6.542.886 төгрөгийг нэхэмжлэгч А.С нь шаардах эрхтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Х ТӨААТҮГ-иас дутуу олгосон тэтгэмжид 6.542.886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.456.875 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Г ТӨААТҮГ-иас дутуу олгосон тэтгэмжид 6.542.886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.456.875 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Х ТӨААТҮГ-иас улсын тэмдэгтийн хураамжид 119.636 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД