Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00020

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00020

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01925 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ононд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 030 720 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Баярбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Намсрайжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар, Л.Гантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх хариуцагч Л.Онон нь Анод банктай 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 36 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Анод банк нь Капитал банктай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Анод банкны эрх хүлээн авагч болсон. Зээлдэгч Л.Онон зээл авснаас хойш гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү төлөхгүй барьцаа хөрөнгө дэх хаягт оршин суудаггүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй байсан учраас шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт өгч байсан. Шаардах эрх шилжүүлэн авсны дараа Л.Онон нь зээлийн төлбөрт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Үүний дараа Л.Ононгийн нөхөр 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10 000 000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зааж, 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Хариуцагч Л.Онон нь зээлийн төлбөрт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч, хариуцагч Л.Онон нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч Капитал банк нь өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь болно. Иймд хариуцагч Л.Ононгоос үндсэн зээлийн үлдэгдэл 34 218 075 төгрөг, зээлийн хүү 22 335 704 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 951 005 төгрөг нийт 60 030 720 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.Онон нь Анод банкинд ажиллаж байхдаа 2007 онд орон сууц худалдан авахад зориулж 36 000 000 төгрөгийг сарын 1 хувийн  хүүтэй 120 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд тэрээр зээлийн гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсан. Мөн Л.Онон нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан нөхцөл байдал нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Тус банк 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анод банкнаас Л.Ононгийн зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болно. Капитал банк нь Анод банк ХК дах эрх хүлээн авагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээнд ... 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Л.Ононгийн үндсэн зээл 34 255 889 68 төгрөг, балансын гадуурх хүү 4 867 420 төгрөг, хүү 45 675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 910 төгрөг нийт 39 206 894 төгрөгийг шилжүүлэв гэж бичигдсэн байна. Л.Онон гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсныг харгалзан тооцоход зээл шилжих үед үндсэн зээлээс 1 744 111 төгрөг, зээлийн хүүд 7 040 346 төгрөг төлсөн. Үндсэн зээл, хүүд нийт 8 000 000-9 000 000 төгрөг төлсөн байсан. Түүнчлэн хариуцагч Л.Онон 2009 оны 9 дүгээр сараас ажилгүй болж, зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн ба 2010 онд зээлийн шаардах эрхийг Анод банк нь Капитал банкид шилжүүлсэн. Зээл шилжүүлсэн тухайгаа ямар нэгэн байдлаар Л.Ононд огт мэдэгдээгүй тул зээлээ хаана, яаж төлөхөө тодорхой , санаатайгаар төлөөгүй асуудал биш юм. Капитал банк нь Л.Ононгийн зээлийн шаардах эрхийг шилжүүлж авсан тухайгаа түүнд мэдэгдэлгүй байсаар 1 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсний дараа мэдэгдснээр 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн ба Капитал банкинд зээл шилжиж ирснээс хойш нийт 12 200 000 төгрөгийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч тал дээрх төлөлтийн талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй бөгөөд уг төлөлт нь зээлийн дансны хуулгаас нь харахад Капитал банк зээлдэгчийн төлсөн мөнгийг хүүд тооцож авсан. Үндсэн зээлээс нь хасалгүйгээр төлсөн мөнгийг нь хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зааж, мөн хуулийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Уг заалт банкинд хамааралтай гэж үзэж байна. Капитал банк нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчиж Л.Ононгийн төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд нь авсан. Л.Ононгийн төлсөн 12 200 000 төгрөг нь үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй мөнгө байсан. Дээрх мөнгийг эхний ээлжинд үндсэн зээлэнд авах ёстой байсан. Зээл төлөх хуваарийг шүүхэд шинээр гаргаж өгөх болсон шалтгаан бол тухайн үед төлсөн цаг хугацаанд төлөх ёстой мөнгөнд хүрэлцэхгүй байсан. Тийм учраас үндсэн зээлэнд авах ёстой байсан гэдгийг харуулах зорилгоор гаргасан. Тухайн мөнгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээлийн хүүгийн хэмжээ багасах байсан. Иймд Анод банк дампуурлын байдалтай байсан, мөн зээлийн шаардах эрх шилжүүлсэн тухайгаа ямар нэгэн байдлаар Л.Ононд мэдэгдээгүй, зээлээ хаана, яаж төлөхөө тодорхой мэдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг зээл авах үед урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүссэн хүндрэлтэй байдлуудыг харгалзан үзэж, 2010-2012 оны зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү болох 6 764 037 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Капитал банк нь Л.Ононгийн төлсөн мөнгийг үндсэн зээлийнх нь төлбөрт тооцоогүй, хүүд тооцож авсан байх ба тухайн мөнгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээлийн хүүгийн хэмжээ багасах байсан. Хариуцагч талын тооцооллоор Капитал банкинд үндсэн зээл 22 018 075 төгрөг, хүү 10 263 562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 052 713 төгрөг, нийт 34 334 350 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ононгоос 47 962 246 төгрөг гаргуулж төгрөг гаргуулж, Капитал банк  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 068 473  төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Онон зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007145 дугаарт бүртгэгдсэн Л.Ононгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 18 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урдьчилан төлсөн 458 104 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ононгоос 397 761 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Л.Онон нь зээлийн төлбөрт 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 200 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлсөн ба уг мөнгийг үндсэн үүргээс хасахгүй зөвхөн хүүд тооцож байсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчжээ гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Учир нь Капитал банк нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ззэлийн гэрээний үлдэгдэл болох 34 218 075 төгрөг, үндсэн хүүнд 22 335 704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 951 005 төгрөг нийт 60 030 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэхдээ Л.Ононгийн зээлийн хүүнд төлсөн 13 200 000 төгрөгийг хасч тооцон нэхэмжилсэн байхад шүүх үндэслэлгүйгээр давхардуулан хассан нь ямар нэгэн тоо, тооцоолол байхгүй бөгөөд хэрхэн тооцож энэхүү дүнг гаргасан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаанд төлсөн хүүгийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь буруу, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлүүлнэ гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1 дэх хэсэгт "Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нъ зээлийн хүү болно" мөн хуулийн 24.3-д "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн бжлүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заасан. Банкны зээлийг үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01925 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь хэсэгт дурдсан 12 068 473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 60 030 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Онон давж заалдах гомдолдоо:

... Би анх 2007 онд Анод банкнаас орон сууц худалдан авахад зориулж 36 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 21 800 000 төгрөгийг төлсөн. Зээл авах үедээ миний бие Анод банкинд ажилладаг, тогтмол цалин орлоготой байсан тул зээл төлөх бүрэн боломжтой гэсэн үндэслэлээр тухайн зээлийг авсан. Гэтэл 2008 онд Анод банкид онцгой дэглэм тогтож, 2009 онд тус банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор бид ажилгүй болж, улмаар зээл төлөлтийн асуудал хүндэрсэн. Өнгөрсөн жилүүдэд ийнхүү ажилтай, ажилгүй явсаар зээл төлөлтийн асуудал бүр хүндэрсэн. Анод банк миний зээлийн гэрээний шаардах эрхийг 2010 оны 11 дүгээр сард Капитал банкинд шилжүүлэхдээ балансын гадуурх хүү болох 4 867 420 төгрөгийг мөн шилжүүлсэн байна. Зээлийн хүүг "Балансын гадуур гаргана" гэдэг нь банк татвар төлөх орлогоо хорогдуулах үүднээс тодорхой хугацаанд төлөгдөөгүй байгаа хүүг зардал болгон балансаасаа хасахыг хэлдэг. Иймд шаардах эрхээ шилжүүлсэн Анод банкны аль 2010 онд балансаас гадуур гаргаж зарлагадан хассан хүү болох 4 867 420 төгрөгийг шүүх хасч тооцоогүй байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01925 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, уг дүнг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн 47 962 246 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлбөр гаргуулах агуулгатай шаардлага гаргасан байгааг тодруулалгүй, уг шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 182/ШЗ2016/06013 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, уг захирамжаа өөрчилж залруулсан баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 20 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид заагаагүй нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа уг захирамжийн агуулга бүтэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан үндсэн шаардлагад нийцсэн байх атал шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2016/04812 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн заагаагүй орхигдуулжээ.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэж, тогтоох хэсэгт зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн төлсөн 208 046 төгрөг, хариуцагч Л.Ононгийн төлсөн 92 829 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО