Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар Дугаар 182/ШШ2018/00881

 

 

 

 

2018 оны 05 сарын 03 өдөр             Дугаар 182/ШШ2018/00881           Улаанбаатар хот

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: К.Банк ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О /РД:000000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 63.755.755 төгрөг 10 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх А.Банктай Л.О 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц болон барьцааны гэрээ байгуулж, 36.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 18 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. А.Банк нь К.Банктай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу К.Банк А.Банкны эрхийг хүлээж авсан. Зээлдэгч Л.О зээл авснаасаа хойш гэрээний үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү төлөхгүй барьцаа хөрөнгө дэх хаягт оршин суудаггүй, хаана оршин суудаг нь тодорхойгүй байсан учраас шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт өгч тухайн хаяг дээрээ оршин суудаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Шаардах эрх шилжүүлэн авсны дараа Л.О нь зээлийн төлбөрт 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн.  ... Үүний дараа Л.Огийн нөхөр 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг заасан. Мөн хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Хариуцагч Л.О нь зээлийн төлбөрт 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч, хариуцагч Л.О нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн тул   нэхэмжлэгч К.Банк өөрийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хариуцагч Л.Огоос  үндсэн зээлийн үлдэгдэл 34.218.075 төгрөг 84 мөнгө, зээлийн хүү 22.694.064 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 6.843.615 төгрөг 17 мөнгө, нийт 63.755.755 төгрөг 10 мөнгийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Л.О нь А.Банкинд ажиллаж байхдаа 2007 онд орон сууц худалдан авах зориулж 36.000.000 төгрөгийг сарын 1 хувийн  хүүтэй 120 сарын  хугацаатай зээлж авсан. Л.О нь зээлийн гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсан. Тухайн үед А.Банк төлбөрийн чадваргүй болж Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкинд 2008 онд онцгой дэглэм тогтоон, 2009 онд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч тус банкинд томилогдсон зэргээс зээлдэгчийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Л.О нь 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхэд төрүүлж, хүүхэд асрах чөлөө авсан нөхцөл байдал нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Тус банк 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Банкнаас Л.Огийн зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болно.

“К.Банк” ХХК нь А.Банк ХК дах эрх хүлээн авагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээнд “... 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Л.Огийн  үндсэн зээл 34.255.889 төгрөг 68 мөнгө, балансын гадуурх хүү 4.867.420 төгрөг, хүү 45.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.910 төгрөг нийт 39.206.894 төгрөгийг шилжүүлэв” гэж бичигдсэн байна. Л.О гэрээний дагуу эхний жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байсныг харгалзан тооцоход зээл шилжих үед үндсэн зээлээс 1 744 111 төгрөг, зээлийн хүүд 7.040.346 төгрөг төлсөн. Үндсэн зээл, хүүд нийт 8.000.000-9.000.000 төгрөг төлсөн байсан. Түүнчлэн хариуцагч Л.О 2009 оны 09 дүгээр сараас ажилгүй болж, зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн ба 2010 онд зээлийн шаардах эрхийг А.Банк, К.Банк руу шилжүүлсэн. Зээл шилжүүлсэн тухайгаа ямар нэгэн байдлаар Л.Од огт мэдэгдээгүй тул зээлээ хаана, яаж төлөхөө тодорхой мэдээгүй. Санаатайгаар төлөхгүй байгаагүй. К.Банк нь Л.Огийн зээлийн шаардах эрхийг шилжүүлж авсан тухайгаа түүнд мэдэгдэлгүй байсаар 1 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсний дараа мэдэгдснээр 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг төлсөн. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус төлсөн. Л.О К.Банкинд зээл шилжиж ирснээс хойш нийт 12.200.000 төгрөгийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч тал дээрх төлөлтийн талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Эдгээр төлөлт нь зээлийн дансны хуулгаас нь харахад К.Банк зээлдэгчийн төлсөн мөнгийг хүүд тооцож авсан. Үндсэн зээлээс нь хасалгүйгээр төлсөн мөнгийг нь хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан. ... Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг заасан. Мөн хуулийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал дараа нь үндсэн үүрэг эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Уг заалт банканд хамааралтай гэж үзэж байна. К.Банк нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчиж Л.Огийн төлсөн мөнгийг нэмэгдүүлсэн хүү, хүүд нь авсан. Л.Огийн төлсөн 12.200.000 төгрөг нь үүргийн гүйцэтгэлийн төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй мөнгө байсан. Дээрх мөнгийг эхний ээлжинд үндсэн зээлэнд авах ёстой байсан. Зээл төлөх хуваарийг шүүхэд шинээр гаргаж өгөх болсон шалтгаан бол тухайн үед төлсөн цаг хугацаанд төлөх ёстой мөнгөнд хүрэлцэхгүй байсан. Тийм учраас үндсэн зээлэнд авах ёстой байсан гэдгийг харуулах зорилгоор гаргасан. Тухайн мөнгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээлийн хүүгийн хэмжээ багасах байсан. Иймд А.Банк дампуурлын байдалтай байсан, мөн зээлийн шаардах эрх шилжүүлсэн тухайгаа ямар нэгэн байдлаар Л.Од мэдэгдээгүй, зээлээ хаана, яаж төлөхөө тодорхой мэдээгүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг зээл авах үед урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүссэн зэрэг хүндрэлтэй байдлуудыг харгалзан үзэж, нэмэгдүүлсэн хүү болох 6.764.037 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. К.Банк нь Л.Огийн төлсөн мөнгийг үндсэн зээлийнх нь төлбөрт авахгүй, хүүд тооцож авсан байх ба тухайн мөнгийг үндсэн зээлээс хассан бол үндсэн зээлийн хүүгийн хэмжээ багасах байсан. ... Иймд бидний тооцооллоор К.Банкинд үндсэн зээл 22.018.075 төгрөг төлөхөөр байх тул уг зээлийн үлдэгдэлд ногдох хүүг энэ мөнгөн дүнгээс тооцон нэхэмжлэлд дурдсан хүүний дүнгээс хасч өгнө үү гэв.

 

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Банк ХХК нь хариуцагч Л.Огоос зээлийн гэрээний үүрэгт 63.755.755 төгрөг 10 мөнгийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба, нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Хариуцагч Л.О нь А.Банктай байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр 36.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 15 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод байрлах 000 м.кв талбайтай, 00 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч К.Банк ХХК нь А.Банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Шаардах эрх болон ипотек шилжүүлэх” гэрээгээр зээлдэгч Л.Огийн зээлийн болон барьцааны гэрээний эрхийг шилжүүлэн авсан байх тул хариуцагчаас 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 К банк ХХК нь А.Банк ХК дахь эрх хүлээн авагчаас Л.Огийн  зээлийн болон барьцааны гэрээний эрхийг шилжүүлэн авсан байх ба шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээний 2.1-д 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34.255.889 төгрөг 68 мөнгө, балансын гадуурх хүү 4.867.420 төгрөг,  хүү 45.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.910 төгрөг нийт 39.206.894 төгрөг, 68 мөнгө гэж шаардах эрхийн хэмжээг тодорхойлжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар тохиролцож, 2008 оны 01 сарын 10-наас 2008 оны 12 сарын 10 хүртэл сар бүр зээлийн хүүг төлөхөөр, 2009 оны 01 сарын 10-наас 2017 оны 11 сарын 10 хүртэл сар бүр зээл болон зээлийн хүүд 550.000 төгрөг, 2017 оны 12 сарын 10-нд үлдэх 544.720 төгрөгийг төлж дуусгахаар зээл, зээлийн хүү төлөх хуваарь хийсэн байх ба, хариуцагч Л.О  гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Л.О нь зээлийн төлбөрт 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 12.200.000 төгрөгийг төлсөн тухайд талууд маргадаггүй бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч К.Банк хариуцагч Л.Огийн үндсэн зээлд тооцоогүй, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч К.Банк анхны шаардлагадаа үндсэн зээлд  34.218.075 төгрөг 84 мөнгө, зээлийн хүүд 22.335.704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.951.005 төгрөг, нийт 60.030.720 төгрөгийг нэхэмжилсэн байх ба,  нэхэмжлэлийн тооцооны баримт/хх-ийн 4-р хуудас/-ыг үзэхэд үндсэн зээлийн үлдэгдлээс гадна зээлийн хүү, Анодоос шилжиж ирсэн хүү, мөн нэмэгдүүлсэн хүүг 3.4769.939 төгрөг 73 мөнгө гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага дээр  нэмэгдүүлсэн хүүд 4.951.005 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас зээлийн тооцооны талаар тодорхой тайлбарлаж, нотолж чадаагүй болно.

Мөн “шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34.255.889 төгрөг 68 мөнгө, балансын гадуурх хүү 4.867.420 төгрөг,  хүү 45.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.910 төгрөг нийт 39.206.894 төгрөг, 68 мөнгө гэж шаардах эрхийн хэмжээг тодорхойлохдоо  балансын гадуурх хүү 4.867.420 төгрөг,  хүү 45.675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.910 төгрөг гэж тооцсон тооцооллыг хэрхэн хийсэн тухай нотлох баримтгүй байна.

Иймд 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “шаардах эрх болон ипотек шилжүүлэх гэрээ” байгуулсан өдрөөс хойш талуудын тохиролцсон зээл төлөх хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүд 550.000 төгрөг төлөхөөр тохиролцсон тооцооллын дагуу  хариуцагч Л.Огийн төлсөн 12.200.000 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 05-наас хойш 2012 оны 09 сарын 10 хүртэлх зээл болон зээлийн хүүд хасч тооцож, үлдэх 100.000 төгрөгийг  2012 оны 9 сарын зээл болон хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Л.О хэдийгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх боловч гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-нд дууссан байна.

Иймд зээлийн гэрээний хугацаанд төлсөн 12.200.000 төгрөгийг бүхэлд нь үндсэн зээлээс хасч тооцох, хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйл хамаарахгүй тул хариуцагч Л.Огийн зээл болон зээлийн хүүг төлөх үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүд  тооцогдоно.

Мөн тухайн төлөлтийг зөвхөн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцсон тухай нэхэмжлэгчийн тайлбар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч К.Банкнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээлд 34.218.075 төгрөг 84 мөнгө, зээлийн хүүд 22.694.064 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүүд 6.843.615 төгрөг 17 мөнгө, нийт 63.755.755 төгрөг 10 мөнгийг нэхэмжилсэн.

Иймд хариуцагч Л.Огоос үндсэн зээлд 28.118.075 төгрөг, 2012 оны 9 дүгээр сараас 2018 оны 4 сарын 17 хүртэлх зээлийн хүүд 21.679.966 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 10-наас хойшхи нэмэгдүүлсэн хүүд 1.407.790 төгрөг, нийт 51.205.831 төгрөгийг гаргуулж К.Банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007145 дугаарт бүртгэгдсэн Л.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 7 дугаар хороо, 01 дугаар  хороолол, 000 дугаар байрны 00 тоотод байрлах 000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Огоос 51.205.831 төгрөг гаргуулж К.Банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.549.924 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.О шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Л.Огийн өмчлөлийн  Баянзүрх дүүргийн, 7 дугаар хороо, 15 дугаар  хороолол, 01 дугаар байрны 000 тоотод байрлах 000 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч К.Банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.655 төгрөгнөөс төлбөл зохих 476.729 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 55.926 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Л.Огоос 413.979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Банк ХХК-д тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ