Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00325

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00325

 

 

Ж.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 4ий өдрийн 184/ШШ2016/01359 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батпүрэвт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдүүлэгч Ж.Энхтуяа би 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Батпүрэвийн хүсэлтийн дагуу 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй 2 сарын хүү болон үндсэн зээлээ хугацаанд нь төлөөгүй одоог хүртэл намайг хууран мэхэлсээр байгаа тул шүүхэд хандсан болно. Хариуцагч Д.Батпүрэв нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 2 400 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зээлийн хүүнд 2 500 000 төгрөг бэлнээр төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр рарын 30-ны өдөр 32 400 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоо зээлийн гэрээний хугацааны төлөөгүй үлдсэн 2 сарын хүү 4 800 000 төгрөг, зээлийн үлдэгдэл болон алданги 20 000 000 төгрөг, нийт 24 800 000 төгрөг нэхэмжилж байгаа. Надад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 32 400 000 төгрөгөөс энэ өдөр хүртэлх хугацааны хүүнд 12 400 000 төгрөгийг тооцож, үлдсэн 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасагдана гэж тооцсон. Зээлийн гэрээнд зааснаар С.Батпүрэв надад үүргээ гүйцэтгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн 32 400 000 төгрөгөөс би алданги, хүүгээ суутган авсан. Иймд миний нэхэмжлэлийг хангаж, зээлийн үлдэгдэл алданги, хүү 24 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн баталгаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг дэх 4 өрөө орон сууцыг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Батпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа өгсөн мөнгөнүүд үнэн зөв. Өөр төлөлт хийгдээгүй. Одоо үлдэгдэл 7 600 000 төгрөг байгаа. 32 400 000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой юм. Тэгэхээр 7 600 000 төгрөгт алданги бодож болно гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл 7 600 000 төгрөгийн алданги, хүүгийн хамт төлнө. Мөн төлөгдөөгүй 2 сарын хүү буюу 4 800 000 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй. Алдангийг 7 600 000 төгрөгийн 50 хувиар бодох нь зөв гэж үзэж байна.

 

Хариуцагч Д.Батпүрэв шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Энхтуяа нь тухайн зээлийн гэрээ хийсэн өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г зээлийн гэрээний барьцаа гэж хийсэн. Миний бие гэрээний ихэнх хэсгийг төлсөн байхад нөгөө орон сууц Худалдах-худалдан авах гэрээ-г мөнгөө төлөөгүй гээд цуцалж өгөхгүй байна. Энэхүү гэрээ нь зээлийн нэг тал болох барьцааны гэрээ биш болохыг би одоо ойлголоо. Тухайн үед барьцаа болгож авч байгаа юм гэж ойлгуулсан боловч одоо харахад би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 97 тоот 48 м.кв 4 өрөө орон сууцаа 10 000 000 төгрөгөөр Ж.Энхтуяад худалдсан болохоо мэдлээ. Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 577 дугаарт "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Энхтуяа нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Батпүрэвт 40 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд нийт хүү болох үндсэн мөнгөнд нийт 37 300 000 төгрөг авсан. Үлдэгдэл хүү, зээл алдангид 24 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед Д.Батпүрэвийн үл хөдлөх гэрчилгээг барьцаанд тохиролцож авсан. Мөнгө өгсөн тохиолдолд уг үл хөдлөх гэрчилгээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй өөр хувийн сонирхол байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Батпүрэвээс 24 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхтуяад олгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 97 toot, 4 өрөө орон сууцыг худалдахаар Д.Батпүрэв, Ж.Энхтуяа нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Худалдах- худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдбөр бусд тооцож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 950 төгрөг, хариуцагч Д.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 281 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуяад, нэхэмжлэгч Ж.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 175 000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Батпүрэвт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Д.Батпүрэвийн гэрээний үүрэг зөрчсөн 123 хоногт тооцогдох алданги нь 24 600 000 төгрөг болох бөгөөд энэхүү алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар бодож 20 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 32 400 000 төгрөгөөс хасч тооцоход үлдэгдэл нь 7 800 000 төгрөг болох ба энэхүү үлдэгдлийг төлөгдөөгүй үндсэн зээл болох 40 000 000 төгрөгнөөс хасаж тооцоход зээлийн үлдэгдэл нь 32 200 000 төгрөг байна гэж тооцоолсон атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн дүгнэлтийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Учир нь хариуцагч нийт зээлийн хүүнд 4 900 000 төгрөг, үндсэн зээлд 32 400 000 нийт 37 300 000 төгрөг төлчихөөд байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, харин нэг ч төгрөг төлөөгүй бол ингэж тооцож болно. Харин хариуцагч нь шударгаар үндсэн зээлээс өөрийн төлсөн 40 000 000-32 400 000=7 600 000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны төлөгдөөгүй 2 сарын хүү 4 800 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн үнэ буюу 7 600 000 төгрөгийн 50 хувьд алданги төлөхөө илэрхийлж байгаа билээ. Иймд дээрх хэргийг хянан үзэж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 184/ШШ2016/01359 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зээлийн хүү, болон алдангийн тооцооны талаар алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь Ж.Энхтуяа хариуцагч Д.Батпүрэвт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч үндсэн зээлийн төлбөр 7 600 000 төгрөг 2 сарын хүү 4 800 000 төгрөг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөхийг хүлээн зөвшөөрч,

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Д.Батпүрэв нь 40 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон байна.

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Ж.Энхтуяа нь хариуцагч буюу зээлдэгч Д.Батпүрэвээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл, зээлийн хүү, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хоногт 0.5 хувиар алданги шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Батпүрэв нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2 400 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 2 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32 400 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг тооцохдоо хуулийн дээрх заалтыг баримтлаагүй байна.

 

Хариуцагч Д.Батпүрэв зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 600 000 төгрөг нийт 49 600 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгчийн 37 300 000 төгрөг төлөгдсөн байх тул хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 12 300 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд гэрээнд заасны дагуу Д.Батпүрэв нь төлвөл зохих үндсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр тооцох алдангийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцон 6 150 000 төгрөг, нийт 18 450 000 төгрөгийг /12 300 000 + 6 150 000/ гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 6 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч Д.Батпүрэв 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үед байраа барьцаанд тавьсан гэж ойлгож байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцаагаагүй, Худалдах-худалдан авах гэрээ бодиттой байсан гэж мэтгэлцээгүй, харин зээлийн гэрээний үүргээ биелүүлсний дараа байрыг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ талуудын тайлбар нотлох баримт болох тул анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтад нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 184/ШШ2016/01359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 24 800 000 төгрөг гэснийг 18 450 000 төгрөг гэж өөрчлөн мөн заалтад нэхэмжлэлийн шаардлагаас 6 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

 

Шийдвэрийн 3 дахь заалтын Д.Батпүрэвээс 281 950 төгрөг гаргуулж Ж.Энхтуяад олгож гэснийг 250 200 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусд заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Батпүрэвээс төлсөн 175 000 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО