Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2016/01359

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 04 өдөр           Дугаар184/ШШ2016/01359            Улаанбаатар хот

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 90 дүгээр байр, 602 тоотод оршин суух, Жамъяндоржийн Энхтуяа /регистрийн дугаар: ЧР67112402/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байр, 97 тоотод оршин суух, Захчин овогт Дэлгэрмөрөнгийн Батпүрэв /регистрийн дугаар : РЭ92022712/-д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 24,800,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “Орон сууц худалдах, худалдан авах 577 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхтуяа, хариуцагч Д.Батпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдүүлэгч Ж.Энхтуяа би 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Батпүрэвийн хүсэлтийн дагуу 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй 2 сарын хүү болон үндсэн зээлээ хугацаанд нь төлөөгүй одоог хүртэл намайг хууран мэхэлсээр байгаа тул шүүхэд хандсан болно.

Хариуцагч Д.Батпүрэв нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 2,400,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хүүнд 2,500,000 төгрөг бэлнээр төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32,400,000 төгрөг дансаар шилжүүлсэн.

Одоо зээлийн гэрээний хугацааны төлөөгүй үлдсэн 2 сарын хүү 4,800,000 төгрөг, зээлийн үлдэгдэл болон алданги 20,000,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөг нэхэмжилж байгаа.

Надад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 32,400,000 төгрөгөөс энэ өдөр хүртэлх хугацааны хүүнд 12,400,000 төгрөгийг тооцож, үлдсэн 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасагдана гэж тооцсон. Зээлийн гэрээнд зааснаар Д.Батпүрэв надад үүргээ гүйцэтгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн 32,400,000 төгрөгөөс би алданги, хүүгээ суутган авсан.

Иймд миний нэхэмжлэлийг хангаж, зээлийн үлдэгдэл алданги, хүү 24,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн зээлийн баталгаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг дэх 4 өрөө орон сууцыг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Д.Батпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “Би 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа өгсөн мөнгөнүүд үнэн зөв. Өөр төлөлт хийгдээгүй.  Нэхэмжлэгч 32,400,000 төгрөг авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо үлдэгдэл 7,600,000 төгрөг байгаа. 32,400,000 төгрөг нь үндсэн зээлээс хасагдах ёстой юм. Тэгэхээр 7,600,000 төгрөгөнд алданги бодож болно гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл 7,600,000 төгрөгийн алданги, хүүгийн хамт төлнө. Мөн төлөгдөөгүй 2 сарын хүү буюу 4,800,000 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй. Алдангийг 7,600,000 төгрөгийн 50 хувиар бодох нь зөв  гэж үзэж байна.

Мөн  2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д.Батпүрэв би 40,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар Ж.Энхтуягаас зээлж, зээлийн гэрээг байгуулж нотаритаар гэрчлүүлсэн. Уг зээлийн гэрээний дагуу зээлийн хүүний төлбөрт 4,900,000 төгрөг, үндсэн зээлэнд 32,400,000 төгрөг, нийт 37,300,000 төгрөгийг Ж.Энхтуяад төлсөн. Гэтэл Ж.Энхтуяа нь тухайн зээлийн гэрээ хийсэн өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг зээлийн гэрээний барьцаа гэж хийсэн. Миний бие гэрээний ихэнх хэсгийг төлсөн байхад нөгөө орон сууц худалдах худалдан авах гэрээг мөнгөө төлөөгүй гээд цуцалж өгөхгүй байна. Энэхүү гэрээ нь зээлийн нэг тал болох барьцааны гэрээ биш болохыг би одоо ойлголоо. Тухайн үед барьцаа болгож авч байгаа юм гэж ойлгуулсан боловч одоо харахад би өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байр, 97 тоот 48 м.кв 4 өрөө орон сууцаа 10,000,000 төгрөгөөр Ж.Энхтуяад худалдсан болохоо мэдлээ.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 577 дугаарт “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ж.Энхтуяа нь 2015 оны 3 дугаар сарын 30-нд Д.Батпүрэвт 40,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд нийт хүү болох үндсэн мөнгөнд нийт 37,300,000 төгрөг авсан. Үлдэгдэл хүү, зээл алдангид 24,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үед Д.Батпүрэвийн үл хөдлөх гэрчилгээг барьцаанд тохиролцож авсан. Мөнгө өгсөн тохиолдолд уг үл хөдлөх гэрчилгээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй өөр хувийн сонирхол байхгүй” гэв.

                                                                                                              

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь хариуцагч Д.Батпүрэвт  холбогдуулан зээл, хүү, алдангид 24,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Батпүрэв нь нэхэмжлэгч Ж.Энхтуяад холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Батпүрэв нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Ж.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн гэрээнд зээлийн хүүг нэг сард 6 хувь байхаар, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

   Хариуцагч Д.Батпүрэв нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрт 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,400,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг тус тус бэлнээр төлсөн бөгөөд үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32,400,000 төгрөг дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид нь дээр дурьдсан зээл олгосон болон буцаан төлсөн төлбөрийн талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хариуцагч Д.Батпүрэв нь зээлийн гэрээний эхний хоёр сарын хүүнд 2,900,000 төгрөг бэлнээр төлсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 32,400,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Шилжүүлсэн 32,400,000 төгрөгөөс энэ өдөр хүртэлх хугацааны хүүнд 12,400,000 төгрөгийг тооцож, үлдсэн 20,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасагдана гэж тооцсон. Зээлийн гэрээнд зааснаар Д.Батпүрэв надад үүргээ гүйцэтгээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Иймээс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн 32,400,000 төгрөгөөс би алданги, хүүгээ суутган авсан ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Ж.Батпүрэв нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... дансаар шилжүүлсэн 32,400,000 төгрөгийг үндсэн зээл 40,000,000 төгрөгөөс хасах ёстой. Одоо зээлийн үлдэгдэл 7,600,000 төгрөг байгаа. Зээлийн үлдэгдэл 7,600,000 төгрөгөнд алданги бодож болно. Мөн төлөгдөөгүй 2 сарын хүү буюу 4,800,000 төгрөгийг төлөхөөс татгалзахгүй...” гэж тайлбарлажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч Д.Батпүрэв нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 123 хоног зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь энэхүү хэтэрсэн хугацаанд алданги тооцож шаардах эрхтэй ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 32,400,000 төгрөгөөс үүргээ биелүүлээгүйн улмаас бодогдсон алдангийг суутган тооцох эрхтэй байна.

 

            Хариуцагч Д.Батпүрэвийн гэрээний үүрэг зөрчсөн 123 хоногт тооцогдох алданги нь 24,600,000 төгрөг болох бөгөөд энэхүү алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар бодож 20,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 32,400,000 төгрөгөөс хасаж тооцоход үлдэгдэл нь 7,800,000 төгрөг болох ба энэхүү үлдэгдлийг төлөгдөөгүй үндсэн зээл болох 40,000,000 төгрөгөөс хасаж тооцоход зээлийн үлдэгдэл нь 32,200,000 төгрөг болохоор байна.

 

   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.

 

Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч Д.Батпүрэв нь үндсэн зээл болон  зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн хоног тутамд тооцогдох алдангийг нэхэмжлэгч Ж.Энхтуяад төлөх үүрэгтэй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Ж.Энхтуяагийн 24,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь хариуцагч Д.Батпүрэвтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Д.Батпүрэвийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 19 дүгээр байрны  97 тоот, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнтэй байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Д.Батпүрэв нь зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа боловч уг орон сууцыг барьцаалахдаа барьцааны журмаар бус худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн  58.2.1-д зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийснийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

 

Иймд хариуцагч Д.Батпүрэвийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 19 дүгээр байрны  97 тоот, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Батпүрэвээс Ж.Энхтуяад шилжүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдбөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаад  шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Батпүрэвээс 24,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхтуяад олгосугай.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, 19 дүгээр байрны  97 тоот, 4 өрөө орон сууцыг худалдахаар Д.Батпүрэв, Ж.Энхтуяа нарын хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдбөр бусад тооцсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,950 төгрөг, хариуцагч Д.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 281,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуяад, нэхэмжлэгч Ж.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Батпүрэвт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР