Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02411

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02411

 

 

Б.Лхамжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01865 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Лхамжавын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газарт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 10 216 995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн 27 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст Архив бичиг хэргийн эрхлэгчээр, 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 113 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст Архив бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/118 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 3943 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тул 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 449 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 10 216 995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүтэц орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны Б/72, Б/108 дугаар тушаалаар дүүргүүдийн бичиг хэрэг, архивын эрхлэгчийн албан тушаал нь Төрийн тусгай албан хаагчийн ангилал зэрэглэлд орж, цэргийн цолтой болсон. Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 91 дүгээр тушаалаар баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 2.1.3, 2.2.1-т тус тус заасны дагуу дүүргийн Онцгой байдлыг хэлтэст хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бичиг хэрэг, архивын эрхлэгчийн орон тоонд зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан шаардлага хангасан ахлагч бүрэлдэхүүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилж ажиллуулсан. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албаны ангилалд ордог бөгөөд тухайн албанд ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулах, ажиллуулах үйл явц Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дүрэм журмаар зохицуулагддаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг үндэслэл болгон Төрийн үйлчилгээний ажилтан Б.Лхамжав болон бусад ажилчдын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн 10/174 дугаар албан бичигт дуудлага хүлээн авагч бэлтгэх анхан шатны сургалтад Б.Лхамжавыг оролцуулж Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллуулах саналыг Онцгой байдлын ерөнхий газарт тавихад ажилтан Б.Лхамжав хөдөө ажиллахгүй шалтгаанаар хүлээж аваагүй, Нийслэлийн онцгой байдлын даргын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны үйлчлэгчийн ажилд томилсон боловч ажиллаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 216 995 /Арван сая хоёр зуун арван зургаан мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лхамжавт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,430 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэсээс улсын тэмдэгтийн хураамжид 178,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лхамжавт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/118 дугаар тушаалаар бүх дүүргийн бичиг хэрэг, архивын эрхлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй ч иргэн Б.Лхамжавын ажлын байрны ангилал зэрэглэл өөрчлөгдөж, Төрийн албаны хуулиар зохицуулагдах болсон тул хуульд заасан болзол, шаардлага хангахгүй ч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10/174 дугаар албан бичгээр дуудлага хүлээн авагч бэлтгэх анхан шатны сургалтад иргэн Б.Лхамжавыг оролцуулж Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллуулах саналыг Онцгой байдлын ерөнхий газарт тавихад иргэн Б.Лхамжав хөдөө ажиллахгүй шалтгаанаар хүлээж аваагүй. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Б.Лхамжавыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны үйлчлэгчийн ажилд томилсон боловч урьд ажиллаж байсан ажлаа хийнэ гэсэн шалтгаанаар ажиллаагүй. Нийслэлийн Онцгой байдлын газар нь иргэн Лхамжавын хүсэлт болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжийг хангаж ажилласан гэж үзэж байна. Иргэн Б.Лхамжавын нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байсныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хангах байна гэх үндэслэлээр нэхэмжлэлээ Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны гаргаж, шүүх Нийслэлийн Онцгой байдлын газрыг хариуцагчаар татаж хэрэг үүсгэн, нотлох баримт тайлбаруудыг авч эцсийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага болох 10 216 995 төгрөгийг хариуцагчаар оролцоогүй Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гаргуулах шийдвэр гаргаж ИХШХШТХ зохих зүйл, заалтуудыг ноцтой зөрчиж гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хоорондох Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийг буруу тодорхойлсон байх тул зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Лхамжав нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэлийн онцгой байдлын газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 10 216 995 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас татгалзсан байна. /хх-69/

 

Нэхэмжлэгч Б.Лхамжав нь Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн архив бичиг хэргийн эрхлэгчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3943 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 15-19/

 

Нэхэмжлэгч Б.Лхамжав нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Нийслэлий онцгой байдлын газар нь дээрх шийдвэрийг биелүүлээгүйн улмаас ажилгүй байж, олох ёстой байсан орлого болох 10 216 995 төгрөгөөр хохирсон гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллах санал тавихад хүлээж авааагүй, Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны үйлчлэгчийн ажилд томилсон боловч ажиллаагүй гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3943 дугаар шийдвэрийг хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газар биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Лхамжав нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаандаа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь түүний ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Нэхэмжлэгч Б.Лхамжавын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дунджаар тооцоход нэхэмжилсэн үнийн дүнгээс нь хэтэрч байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10 216 995 төгрөг гэж тодорхойлсон тул анхан шатны шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Дээр дурдсанаар хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжийг хангаж ажилласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Лхамжавын нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан маргаан байх тул уг хэргийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх байсан гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3943 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийг болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01865 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хариуцагчийг буруу тодорхойлсон байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 182/ШШ2017/01865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дах заалтад Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс гэснийг Нийслэлийн Онцгой байдлын газраас гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ