Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02071

 

 

 

Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02660 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нарангаравт холбогдох,

 

Хүүхэдтэйгээ уулзахыг даалгах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нарангарав нь нэхэмжлэл гаргаж надаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж, уг шийдвэр баталгаажсан болно. Гэвч Б.Нарангарав нь одоог болтол намайг хүү Э.Машсаруултай минь уулзуулахгүй байгаа тул хүү Э.Машсаруулыг надтай уулзуулахыг даалгаж өгнө үү. Миний бие хүүтэйгээ 7 хоногт 2 өдөр уулзаж байх хүсэлтэй байна. Тодруулбал, 2 хоног хүүгээ авч, хүүтэйгээ хамт байхыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Эрхэмбаяртай танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2015 онд хүү Э.Машсаруул төрсөн. Би, Г.Эрхэмбаяраас 11 насаар дүү бөгөөд олон насаар ах хүн амьдралд тулгуур болоод зөв зүйтэй чиглүүлээд явах байх гэж итгэсний үндсэн дээр нэг гэрт орон 6 сар амьдарсан боловч хамтран амьдрах хугацаанд Г.Эрхэмбаярын амьдралын хэв маяг буруу бөгөөд хүнтэй харилцахдаа байнга зурагт, компьютер зэрэг дэлгэц ширтэж, тухайн харилцаанд орж байгаа хүний нүүр рүү харч ярьдаггүй. Гэр бүлтэйгээ хамт байх үедээ амьд харилцаа үүсгэдэггүй, хүү Э.Машсаруулыг утас, компьютерт донтуулсан бөгөөд өвчин тусах үед нь асран халамжилдаггүй, бүх хариуцлагыг Б.Нарангарав хариуцах ёстой хэмээн үзсэн учраас мөн 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүүгээ төрүүлээд 1 хоног болж байхад Г.Эрхэмбаярын эх Оюун миний эцэг эхэд танай охин бид нарт хэрэггүй ач хүүгээ л гэж бид ирлээ гэж хэлснээс үүдэн хүүгээ би өөрийн гэртээ гаргаж өсгөсөн. Мөн амьдрах хугацаанд Г.Эрхэмбаяр аав Ганболд толгой тархины гэмтлээс үүдэн эрүүл бус харилцаатай, уур уцаар ихтэй нэгэн бөгөөд удаа дараа намайг ална гэж сүрдүүлэн, хараалын үг хэлдэг. Энэхүү байдал нь Г.Эрхэмбаярт мөн ажиглагдсан. Надад Г.Эрхэмбаяр нь салах өргөдөл өгөх хэрэгтэй, би хүүгээ авмаар байна гэж хэлдэг байсан нь надад маш их дарамттай байсан учраас Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт цуцалснаас хойш хүү маань эмэг эхийн дэмжлэгтэйгээр миний асрамжид өсч торниж байна. Г.Эрхэмбаярын нэхэмжлэлд дурдсанаар миний бие хүү Э.Машсаруултай уулзуулахгүй байгаа гэсэн нь огтоос үндэслэлгүй. Г.Эрхэмбаяр нь гэрлэлт цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзах талаар 1 удаа асуусанд зөвшөөрсөн. Тэр үед миний бие болон хүү маань Багануур дүүрэгт эцэг эхийн минь гэрт байсан тул Багануурт ирж уулзахыг хүсч, ирж уулзахдаа миний эцэгтэй муудалцан айлган сүрдүүлсэн учраас тэр уулзалтыг зогсоосон. Дараа ахин уулзах хүсэлтийг би өөрөө тавин 2018 оны 7 дугаар сарын 16-нд уулзуулсан, мөн ахин уулзуулах хүсэлтийг би өөрөө 2018 оны 8 дугаар сарын 18-нд тавин уулзуулсан. Энэ бүх хугацаанд надад хүүтэйгээ уулзах хүсэлтийг өөрөө хэзээ ч тавиагүй, харин ч шүүхэд хандаж байгаад үнэхээр гомдолтой байна. Хүүг миний зүгээс гэр орноос нь өөр газар хоногоор хонуулах боломжгүй тул өдрийн цагаар сар 1 удаа авч явж уулзахыг санал болгож байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Нарангаравт холбогдох, 7 хоногийн 2 хоногт хүүхдээ авах, хүүхэдтэйгээ уулзуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Эрхэмбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Эрхэмбаярт, эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Нарангаравт тус тус даалгаж, Нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр нь Гэр бүлийн тухай хуульд заасан, эцгийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахдаа, хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй нөхцөлийг бүрдүүлэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Эрхэмбаяр би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Б.Нарангаравт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон. Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02660 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд Г.Эрхэмбаяр миний бие хүүтэйгээ 7 хоногт 2 хоног хүүгээ авч, хүүтэйгээ хамт байхыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх эрх зөрчигдсөн. Мөн хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол олгох, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох үүргээ хэрэгжүүлэх боломжийг хаасан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр нь хариуцагч Б.Нарангаравт холбогдуулан 7 хоногийн 2 хоногт хүүхдээ авах, хүүхэдтэйгээ уулзахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр, хариуцагч Б.Нарангарав нар нь 2013 онд танилцаж, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э.Машсаруул төрсөн байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/01049 дүгээр шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Э.Машсаруулыг эх Б.Нарангаравын асрамжид үлдээж, эцэг Г.Эрхэмбаяраас хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасан бөгөөд хүү Э.Машсаруулыг 7 хоногийн 2 хоногт өөртэйгөө хамт байлгах, хүүхэдтэйгээ уулзахыг даалгах тухай гаргасан Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй хэрэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Эрхэмбаяр нь нэхэмжлэлдээ гэрлэлт цуцлуулснаас хойш хариуцагч Б.Нарангарав нь хүү Э.Машсаруултай уулзуулахгүй байгаа гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч Б.Нарангарав нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол олгох, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох үүргээ хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх энэхүү нөхцөл байдал нь мөн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч болоод хүү Э.Машсаруулын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/02660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ