Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00095

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Сувдаа,

өсвөр насны шүүгдэгч О.Б , түүний хууль ёсны төлөөлөгч С.Одонсувд, шүүгдэгч Б.Б , тэдний өмгөөлөгчөөр улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , О.Б  нарт холбогдох 1815000300020 дугаартай, 163/2018/0040/Э индекстэй эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй,  Х овогт Б.Б  

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Г овогт О.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б , О.Б  нар нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/  бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүйдийн шүтээн” гэх хийдэд нэвтрэн бурхан, судар зэргийг хулгайлж 765000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэт хотоос Булган аймгийн Тэшиг суманд очиж найзындаа нэг хоночихоод маргааш нь буюу 19-ны орой хийд рүү орсон. Тэр үед О.Б  хийдийн гадаа үлдсэн. Тэгээд би хийд рүү орж бурхан, судар зэргийг авчихаад 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэт явсан. Эрдэнэт орой нь найзуудтайгаа гадуур явж байгаад шөнө 3-4 цагийн үед цагдаад баригдаж Булган аймагт ирсэн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-нд манай гэрт Б.Б  ах ирсэн. Тэгээд Б.Б  ахтай найзынд нь очоод тэр айлаасаа гараад хойшоо хийд рүү явсан. Харин би гадаа нь байсан. Б.Б  ах хийдэд орж бурхан авсан гэх мэдүүлэг,

1815000300020 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.О өгсөн:....Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт байрлалтай “Зүйдийн шүтээн” нэртэй хийд нь миний хариуцаж эзэмшдэг газар юм. Би тэр хийдэд сум орныхоо иргэдийн сайн сайхны төлөө лам уриж ном хуруулж, би  өөрөө хүмүүс цуглуулж бясалгал хийдэг байсан. Би алга болсон эд зүйлүүдийг ерөнхий байдлаар нэрлэе. Миний мэдэхээр хананд өлгөөтэй байсан дэлгэмэл бурхан 1 ширхэг, гуйлан Очирваань бурхан 1 ширхэг, шохойгоор хийсэн суугаа байрлалтай бурхан 2 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг /богино хэмжээтэй/, гаанжуур судар 1 ширхэг, шохойгоор хийсэн жижиг бурханууд хэд хэд байхгүй байх шиг байсан. Би хэсгийн төлөөлөгчөөс хийдээс алдагдсан эд зүйлсийг өнөөдөр хүлээн авсан. Эд зүйл хүлээн авсантай холбоотой гомдол байна. Учир нь суугаа байрлалтай 2 бурханыг хагалж, ямар ч ашиглах боломжгүй болгосон байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-30  хуудас/,

Гэрч Л.Б өгсөн:...би хийд дотор байдаг бурхан болон бусад эд зүйлийг нэрлэж мэдэхгүй. Багцаагаар харахад шаргал өнгөтэй 3 ширхэг бурхан /2 бурхан нь ижилхэн байсан санагдаж байна/, хананд өлгөөтэй байсан даавуун дээр зурсан бурхан 1 ширхэг мөн тахил дээр өрөөтэй байсан гадуураа шар өнгийн баринтигааар ороосон судар 1 ширхэг, шар баринтигтай сударнууд дээр байсан бутархай 5000-6000 төгрөг байсан нь алга болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Ш.Б өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дөлгөөн бид хоёр хонох газаргүй болчихоод Дархан буудалд өрөө авсан байсан. Тэр өдөр үдээс хойш 15 цагийн үед гар утсаа асаахад Б.Б  над руу залгаад зардалгүй болчихлоо мөнгө бэлдээд байж байгаарай гэсэн. Орой 21 цагийн орчимд ирчихлээ гэхээр нь би 20000 төгрөг аваад Хүлэг захын урдаас тосож авсан. Тэгэхэд Б.Б  О.Б  гэх танихгүй залуутай хамт ирсэн. Би тэр хоёрыг дагуулан байрлаж байсан буудалдаа ирсэн. Б.Б  хэсэг сууж байснаа зүүн гарынхаа ханцуйнаас эвхээстэй зурмал бурхан гаргаж ирээд цүнхэнд чинь түр хийе гээд миний барьж явсан хар өнгийн цүнхэнд хоёр ширхэг шар өнгийн даавуун ороолттой судар, эвхээстэй зурмал бурхан зэргээ хийсэн. Би түүнээс чи юун бурхан авч яваа юм бэ яах гэсийм бэ гэхэд хөгшин нь Тэшигийн Хар толгойн өвөрт байдаг хийдээс авчихсан юм аа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Б.Д өгсөн:...Б.Б  ажил бүтсэнгүй паспортоо мартаад явсан байна гэж ярьж байснаа улаан цүнхэн дотроос шар өнгийн даавуугаар ороосон судар гаргаж иртэл сударны завсараас нугалаатай цаас гарч ирснийг Б.Б  жижиглэж ураад ширээн дээр байсан үнсний саванд хаясан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Гэрч С.О өгсөн:...удалгүй хаалга тогшихоор нь би хаалга онгойлготол цагдаа нар орж ирээд өрөөнд байсан хар болон улаан цүнхийг уудалж дотроос нь бурхан, шар даавуугаар ороож боосон судар ном шиг зүйлсийг гаргаж ирээд биднээс энэ хэний ачаа вэ гэхээр нь би мэдэхгүй ахаа манай найз нарынх байх гэсэн. Тэр үеэр манай нөгөө хэд бүгд сэрсэн. Ингээд бид нарыг цагдаа руу авч явсан. Би тэр хоёрыг бурхан авч явааг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 хуудас/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 хуудас/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 хуудас/,

эд зүйлийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-57 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 82 хуудас/ болон бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Б  нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт байрлах “Зүйдийн шүтээн” гэх үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хийдэд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад 765000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б ын...19-ны орой хийд рүү орсон..., О.Б  хийдийн гадаа үлдсэн...гэх, өсвөр насны шүүгдэгч О.Б ийн...Б.Б  ахтай найзынд нь очсон…, тэр айлаасаа гараад хойшоо хийд рүү явсан. Харин би гадаа нь байсан. Б.Б  ах хийдэд орж бурхан авсан гэх, хохирогч Д.Оюун-эрдний....хананд өлгөөтэй байсан дэлгэмэл бурхан 1 ширхэг, гуйлан Очирваань бурхан 1 ширхэг, шохойгоор хийсэн суугаа байрлалтай бурхан 2 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг /богино хэмжээтэй/, гаанжуур судар 1 ширхэг, шохойгоор хийсэн жижиг бурханууд хэд хэд байхгүй байх шиг байсан гэх, гэрч Л.Батцэцэгийн...шаргал өнгөтэй 3 ширхэг бурхан /2 бурхан нь ижилхэн байсан санагдаж байна/, хананд өлгөөтэй байсан даавуун дээр зурсан бурхан 1 ширхэг мөн тахил дээр өрөөтэй байсан гадуураа шар өнгийн баринтигааар ороосон судар 1 ширхэг, шар баринтигтай сударнууд дээр байсан бутархай 5000-6000 төгрөг байсан нь алга болсон байна...гэх, гэрч Ш.Баярцэнгэлийн...Б.Б  хэсэг сууж байснаа зүүн гарынхаа ханцуйнаас эвхээстэй зурмал бурхан гаргаж ирээд цүнхэнд чинь түр хийе гээд миний барьж явсан хар өнгийн цүнхэнд хоёр ширхэг шар өнгийн даавуун ороолттой судар, эвхээстэй зурмал бурхан зэргээ хийсэн. Би түүнээс чи юун бурхан авч яваа юм бэ яах гэсийм бэ гэхэд хөгшин нь Тэшигийн Хар толгойн өвөрт байдаг хийдээс авчихсан юм аа гэсэн...гэх, гэрч Б.Дөлгөөний...улаан цүнхэн дотроос шар өнгийн даавуугаар ороосон судар гаргаж иртэл сударны завсараас нугалаатай цаас гарч ирснийг Б.Б  жижиглэж ураад ширээн дээр байсан үнсний саванд хаясан гэх, гэрч С.Очироогийн...цагдаа нар орж ирээд өрөөнд байсан хар болон улаан цүнхийг уудалж дотроос нь бурхан, шар даавуугаар ороож боосон судар ном шиг зүйлсийг гаргаж ирээд биднээс энэ хэний ачаа вэ гэхээр нь би мэдэхгүй ахаа манай найз нарынх байх гэсэн гэх мэдүүлэгүүд, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Б  нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Өсвөр насны шүүгдэгч О.Б , шүүгдэгч Б.Б  нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч О.Б , шүүгдэгч Б.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгаж эдлүүлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Б  нь бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан...ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хуульд зааснаар оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй бөгөөд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 765000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн бөгөөд  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  

Эд мөрийн баримтаар хураагдсан үзүүр хэсэг нь хагас муруйсан 39 см урттай арзгар төмөр 1 ширхэг, 34 см урттай, хуучин төмөр шаантагтай сүх 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Х овогт Б.Б , өсвөр насны шүүгдэгч Г овогт О.Б нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зорилулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б ыг 01 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б ийг 01 жилийн хугацаагар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан 01 /нэг/, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Б өд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б , О.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 34 см урттай, хуучин төмөр шаантагтай сүх 1 ширхэг, үзүүр хэсэг нь хагас муруйсан 39 см урттай арзгар төмөр 1 ширхэг  тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Б  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилөн, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН