Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02410

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02410

 

Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нарын нэхэмжлэлтэй хариуцагч М.Дэлгэрцэцэг, Б.Баатарзориг нарт холбогдох

 

7 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид Б.Баатарзориг, М.Дэлгэрцэцэг нартай "автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, "Тоёота приус 11" маркийн 52-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилгаа 600 000 төгрөг төлж, 500 өдрийн хугацаанд өдөрт 30 000 төгрөг /мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба/ төлөхөөр тохирч, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл мөнгөө бэлнээр болон бэлэн бусаар төлж үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэрээний хугацаа дуусахаар тээврийн хэрэгслийг С.Ням, Б.Мөнх-Эрдэнэ нар өөрсдийн өмчлөлд шилжүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл автомашины төлбөрийг төлж дуусмагц өөрсдийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохироод нэхэмжлэгч нар автомашинаа унаад, хариуцагчид тогтоосон хугацааны дагуу төлбөрөө төлөөд, гэрээ хэвийн үргэлжилж байсан. Гэтэл Б.Баатарзориг нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр машинаа хураан авч явсан. Энэ үйлдэл нь гэрээг дуусгавар болгосон бөгөөд гэрээг цуцалснаар бид автомашины өмчлөх эрхийг авах боломжгүй болсон тул гэрээний хугацаанд төлсөн төлбөрийг буцаан шаардаж байна. Иймд Б.Баатарзориг, М.Дэлгэрцэцэг нараас машины урьдчилгаанд төлсөн 600 000 төгрөг, 235 хоногийн төлбөр болох 7 050 000 төгрөг, нийт 7 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний дагуу Б.Баатарзориг өөрийн өмчлөлийн "Тоёота приус 11" маркийн 52-76 УНЕ улсын угаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн бөгөөд автомашины үнийг 15 000 000 төгрөгөөр буюу өндөр үнээр тохирсон учир нь би тухайн тээврийн хэрэгслийг шууд нэхэмжлэгч нарт зараагүй. Хэдийгээр автомашины үнэ нь шууд худалдаж авбал 15 000 000 төгрөгөөс хямд боловч Б.Баатарзориг нь бусдад автомашинаа удаан хугацаагаар, эрсдэл хүлээж эзэмшилд нь шилжүүлсэн учир өдрийн олох ёстой ашгийг нэмж гэрээ байгуулах саналыг тавьсан, тэд ч нэг дор мөнгийг төлөх чадваргүй учир автомашиныг сүүлд нь худалдаж авах нөхцөлтэй гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Гэрээ байгуулснаас хойш эхний хэдэн сар Б.Мөнх-Эрдэнэ түрээсийн төлбөрийг ямар ч асуудалгүй төлж байсан боловч сүүлдээ гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг хоцроож эхэлсэн. Түрээсийн автомашиныг хөдөө унаж явж болохгүй гэсэн заалтаа зөрчиж хөдөө явсан, торгууль авчихаад торгуулиа төлөхгүй байсныг Б.Баатарзориг өөрөө төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нар барьцаа 600 000 төгрөгөөс өөр бэлнээр мөнгө өгч байгаагүй, дансаар мөнгийг өгдөг байсан. Нэхэмжлэгч нар нийтдээ 7 650 000 төгрөг төлсөн гэж нэг яриад, 7 220 000 төгрөг төлсөн гэж яриад байна. Хүний машиныг унаж амьжиргаагаа дээшлүүлчихээд мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нарт 1 000 000 төгрөг л өгч чадна, бусдыг нь өгч чадахгүй. М.Дэлгэрцэцэг нь Баатарзоригийн эхнэр бөгөөд түүний дансаар зарим нэг төлбөр орж байснаас өөрөөр энэ маргаанд хамаагүй хүн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баатарзоригоос 1 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 650 000 төгрөгт болон хариуцагч М.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатарзоригоос 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүсчээ..." гэж гэж дүгнэснийг дараах нөхцөл байдал үгүйсгэж байна. Тухайлбал талууд тохиролцохдоо 500 хоногийн хугацаанд өдөр болгоны тогтмол төлөлт хийж автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нараас хэрвээ түрээсээр автомашины авна гэсэн бол уг гэрээг байгуулахгүй. Мөн хариуцагч нараас автомашины худалдаа зах зээлийн ханшнаас хэт өндөр үнээр худалдсан бөгөөд нэхэмжлэгч нар нь автомашины үнийг шууд төлөх боломжгүй байгаад аргагүйн эрхэнд хариуцагч нарыг тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Баатарзориг, Дэлгэрцэцэг нартай нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нар гэрээ байгуулаад гэрээний нэг хувийг нь өгөхгүй юм уу гэхэд 3 сарын дараа гэрээг чинь өгнө гэсэн боловч өгөөгүй. Гэрээгээ авах талаар удаа дараа шаардсан боловч өгөөгүй тус дүүргийн шүүхэд 2017.06.12-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлтээр 2017.09 сард анх гэрээтэйгээ шүүх дээр танилцсан тус гэрээ нь нэг талыг барьсан, хэт өндөр, бодит үнийн дүнтэй үл нийцэх гэрээ байсан ч 7 650 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш, харин ч мөн хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь гэрээний талууд анхнаасаа автомашиныг худалдах, автомашины төлбөрийг урт хугацаанд тогтмол төлөлт хийх зорилготойгоор гэрээг байгуулсан.

...Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ хариуцагч Б.Баатарзоригийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр автомашиныг дур мэдэн авч явахаас өмнө хоногийн төлөлтийг барьцаа 600 000 төгрөгөөс суутгуулахыг хэлсэн байсан. Энэ нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байхад шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын тэгш байдал бүрэн хангагдаагүй байхад энэхүү нөхцөл байдал, нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой зөрчлийг гаргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзан үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Ням нар нь хариуцагч М.Дэлгэрцэцэг, Б.Баатарзориг нарт холбогдуулан автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 7 650 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 1 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Баатарзориг, хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б.Баатарзориг нь өөрийн өмчлөлийн 52-76 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн суудлын автомашиныг түрээслүүлэх, түрээслэгч Б.Мөнх-Эрдэнэ нь барьцаанд 600 000 төгрөг төлж, 500 хоногийн хугацаанд нийт 15 000 000 төгрөг төлөх буюу гэрээнд заасан хугацаанд автомашины үнийг бүрэн төлсөн тохиолдолд автомашины өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр харилцан тохиролцож, түрээслүүлэгчээс гэрээний зүйл болох автомашиныг түрээслэгчид шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогджээ. / 1 дүгээр хх-227/

 

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөл, тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдох журам, нөхцөлүүд, хэрэгжсэн байдал зэргээс үзэхэд талуудын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэх эрхтэйгээс гадна гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болдог. Зохигчид автомашины үнийг 15 сая төгрөгөөр анх тохирсон, уг үнэ цаашид нэмэгдэх шинж агуулаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Баатарзориг нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг түрээсийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй гэж 2017 оны 03 дугаар сард автомашиныг буцааж авсан, энэ үед хариуцагч 7 650 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч тал хэдхэн өдрийн мөнгийг өгөөгүй, барьцаа хөрөнгөөс төлбөрөө суутгуулах талаар санал гаргасан гэх тайлбар гаргаснаас үзэхэд тэднийг түрээсийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна

 

Нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан түрээсийн эд хөрөнгийг хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 09ий өдөр буцаан авснаар түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон тул санхүүгийн түрээсийн гэрээний 7.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрөө 3 хоног хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч автомашиныг хураан авч гэрээг цуцална гэж зааснаар хариуцагч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т заасантай нийцсэн байна.

 

Иймд талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, түрээсийн гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг буцаах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох автомашиныг тодорхой хугацаанд ашигласан, уг ашиглалтыг буцаах үндэслэлгүй тул гэрээ үргэлжлэх хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж дүгнэж, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Аливаа гэрээний харилцаа нь гэрээний талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсгэх тул гэрээний оролцогч биш этгээдээс гэрээний үүргийг шаардах эрх гэрээнд оролцогчдын хэн алинд байхгүй тул нэхэмжлэгч нар М.Дэлгэрцэцэгт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас М.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч буюу түрээслүүлэгч Б.Баатарзориг нь гэрээний зүйл болох автомашиныг буцаан авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу түрээслэгчтэй байгуулсан Автомашины санхүүгийн түрээсийн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулахтай холбоотой маргаан үүссэн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22ы өдрийн 102/ШШ2017/02517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын төлсөн 121 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ