Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 26

 

Ц.А, Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Ц.А, Ч.Б нарт холбогдох 1829000000050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй,

1999 оны 9 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял,

2002 оны 9 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заснаар 200.000 төгрөгөөр торгох ял,

2004 оны 7 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан,  Б овогт Ч.Б;

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2014 оны 2 дугаар сарын 6-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,  Х овогт Ц.А.

Ч.Б, Ц.А нар нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б, Ц.А нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар шүүгдэгч Ч.Быг 13 жил хорих, шүүгдэгч Ц.Аийг 12 жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Б, Ц.А нарын цагдан хоригдсон 263 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 4.992.852 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Д.П нарт олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.П, М.Э нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 381.750 төгрөг гаргуулах тухай Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4”,

5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар”,

7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар”,

8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар...” гэснийг тус тус хассугай” гэж,

6 дахь заалтыг  “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 2.496.426 төгрөгийг гаргуулан М.Эрт /РД:ФБ69101168/, 2.496.426 төгрөгийг гаргуулан Д.Пд /РД:ГВ69010908/ олгож” гэж өөрчилж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ч.Бын цагдан хоригдсон 303 хоног, Ц.Аийн цагдан хоригдсон 303 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Б гаргасан гомдолдоо: “... Би 2018 оны 4 дүгээр сарын 1-ний орой замд цуг явдаг байсан Бтэй таарсан. Б намайг 100 татах уу гэж хэлээд машин дээрээ дагуулж очиход халамцсан 4-5 хүн байсан. Би жолооны хүрдийн ард сууж ярилцаж, хийж өгсөн 100 грамм хүрэхгүй архийг нь уусан. Тэгээд хүндээр бие засахаар машинаас бууж, харин тэд маргалдаад үлдсэн. Машинаас хойш 20 м газар сууж хүндээр бие засаж байхад чангаар хашгирч пижигнэх чимээ сонсогдсон. Намайг буцаад очтол нэг хүн газар хэвтэж байсан. Хажууд нь А гэдэг залуу зогсож байсан. Юу болоод байна вэ гэж асуухад хэн ч дуугараагүй. Би мөрнөөс нь 2 удаа босгох гэж татаад хөдлөхгүй болохоор нь оруулж унтуулаарай гэж хэлээд, сайн сэтгэл агуулж бичиг баримттай байж магадгүй гэж бодоод паскийг нь аваад явсан юм. Маргааш нь паскийг нь буцаан өгөхөөр өглөө 07 цагийн үед очиход талийгаач машины урд талын суудалд сууж, намайг А зодсон. Аийг олж өгөөч гэж хэлж байсан. Би талийгаачийн гуйснаар Аийг хайгаад явж байтал араас машин ирж дотроос нь цагдаагийн дэслэгч Энхтүвшин, цагдаагийн ахлах дэслэгч Санжаадорж, Бат-Эрдэнэ, талийгаач Э нар бууж ирж, эмнэлэг явж байна гэсэн. Харин талийгаач би бүх явдлыг санаж байна, яаж зодуулснаа ч санаж байна, надад Аийг олж өгөөч гэж байсан. Эмнэлэгт очоод эмч Мандахад талийгаачийн биеийг үзүүлэхэд Б наад хүнийг чинь Хөвсгөлийн гаралтай хүн зодсон гэж гэрчилсэн байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр намайг цагдаа нар баривчилж, Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийн цагдан хорих байранд хоригдсон. 2018 оны 5 дугаар сард А “хохирлоо та төлчих, тэгвэл би таныг өшиглөөгүй гэж үнэнийг чинь хэлнэ” гэж цагдан хорихын цэвэрлэгч хоригдлоор хэлүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 4-нд шүүхийн хэлэлцүүлэгт очихоор машинд хамт суусан А надад “чи шүүх хуралд талийгаач бид хоёрыг хэрэг болохын урьд өдөр Б гутлаар толгой түрийгүй зодож гэмтээсэн. Маргааш нь талийгаачийн нүүр хавдартай харагдаж байсан гэж хэл” хэмээж тулгасан. Энэ яриа болж байхад миний өмгөөлөгч Энхтөр хажууд байсан. Тэр хүн гэрчилнэ.

2018 оны 11 дүгээр сард дээрхтэй адил утгатай захиа ирсэн. Үүнийг тэр үед хамт хоригдож байсан А, Н нар гэрчилнэ. Анхан шатны шүүх хуралдааны дараа А миний хоригдож байсан өрөөний хажуугаар өнгөрөхдөө захиа шидсэн. “Чи хохирлоо миний нэр дээр хий, өмгөөлөгчөөсөө сайн асууж лавла. Би чамайг хохирогчийг өшиглөж байхыг чинь хараагүй гэж үнэнийг чинь хэлнэ. Тэгээд хохирлоо чамаар хийлгээд давна” гэсэн утгатай байсан. Цагдан хорихоос нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр хамт явахад “Б кабинд байж байгаад гарч ирээд хохирогчийн нүүр рүү хоёр удаа өшиглөөд зугтаагаад алга болсон гэж хэл. Ингэж хэлбэл чамайг өшиглөөгүй гэж үнэнийг чинь хэлнэ” гэсэн. Аээс “Б эхний мэдүүлэгтээ хараагүй гэсэн байсан, энэ бол нэг гарц юм шүү. Энэ хэрэгт би л буруутай, миний буруугаас болж энэ хүний эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэж хэлнэ” гэсэн үгтэй захиа ирсэн. Энэ захиаг тэр өдөр цагдан хориход ээлж ахалж байсан дэслэгч Батаа хураан авсан. Бат-Эрдэнэ намайг талийгаачийг өшиглөж байхыг машины хаалганы арын цонхоор харсан гэж мэдүүлсэн байсан. Тэр цонх нь битүү цэцгэн хээтэй хуулга наалттай байсан. Тэр компанийн бүх машинууд тийм хуулга наасан байдаг.

А мэдүүлэхдээ намайг өөрийнх нь араар давж буусан гэж хэлсэн байдаг. Бидний сууж байсан машин “Норд Бенз” маркийн хүнд даацын автомашин байсан. Машины кабинд жолооч, би зорчигчийн хоёр суудалтай суудлын хооронд кропны аппарат байрласан байдаг. Тэр орой би жолоочийн суудалд, талийгаач зорчигчийн суудалд, А талийгаачийн талын хаалгыг онгойлгоод цонхыг нь тохойлдоод гишгүүр дээр зогсож байсан. Арын оронд Б, Б бас нэг үл таних хүнтэй унтаж байсан. А нь эхлээд надаар Бийг гүтгүүлж өөрөөсөө энэ хэргийг түлхэх гэж төлөвлөөд намайг зөвшөөрөхгүй болохоор намайг гүтгэлээ. Би 59 нас хүрч байна. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй учир надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч И.Олонмөнх гаргасан гомдолдоо: “...Ч.Быг Ц.Атэй бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үзэлгүй, зөвхөн шүүгдэгч Ц.Аийн мэдүүлгийг үндэслэл болгон Ч.Бд ял оногдуулахдаа хуулийн дагуу авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дурдалгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...

Энэ хэрэгт холбогдогч Ц.А, талийгаач М.Э, гэрч н.Б, н.Б, Дундговийн Б гэх Э нар хэрэг болохоос 1-2 хоногийн өмнөөс нийлж олон шил архи уусан байдаг. Ч.Б нь “2018 оны 4 дүгээр сарын 1-ний орой явж байгаад Бтэй таарч ганц 100 татах уу гээд машин дээрээ дагуулж очиход 4-5 хүн нэлээд халамцуухан байцгааж байсан. Нөгөө авч ирсэн архиа ууж элдэв юм яриад маргаж байхад Ч.Б нь бие засахаар машинаас буугаад чиргүүл чигт 15-20 м газар очиж хүндээр бие засаад байж байхад пижигнээд дуугарсан. Тэгээд ирэхэд нэг хүн хэвтэж байсан. Кабины гэрэл бүдэг асаж байсан, ойчсон байгаа хүн дээр очоод зүүн мөрнөөс нь 2 татсан, 3-4 алхамын цаана Ц.А гэх залуу зогсож байсан. Яасан юм гэхэд дуугараагүй. Тэгээд тэр хүнийг дахиад татахад босоогүй. Энэ хүний юм алга болчих вий гээд оруулж унтуулаарай гэж хэлээд паскийг авч яваад маргааш өглөө нь эргэж очсон. Тэгэхэд Э урд талын суудал дээр байсан, яасан бэ, юу болсон гэж асуухад Ц.А зодсон, Ц.Аийг олоод өгөөч гэж хэлж байсан. Би өчигдөр авч явсан паскийг өөрт нь өгсөн. Ийм л зүйл болсон” гэж мэдүүлсэн байдаг.

Энэ болсон хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нар Ч.Б талийгаачийг зодсон талаар гэрчилдэггүй, харин талийгаач амьд байхад нь уулзаж ярьж хэлж байхыг хажууд нь байсан, сонссон гэрч Ц.Б /хх-47/, Ч.Э /хх-220/, С.Б /хх-36/ нар 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Э кабинд орж ирээд ...нөгөө өөрийгөө Хөвсгөлийн бөх гээд байсан залуу намайг зодчихлоо” гэж хэлсэн талаар анхнаасаа нотолж мэдүүлсэн байдаг юм. Мөн дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Санжаадорж гэрчээр мэдүүлэхдээ /хх-81/ “...Бээс Эыг хэн зодсон талаар асуухад ... Хөвсгөлийн гаралтай аймгийн цолтой гэж танилцуулж байсан нэг залуу зодсон ...” гэж хэлснийг мэдүүлсэн байдаг юм. Гэрчээр мэдүүлэг өгсөн анхны тусламж үзүүлсэн эмч Г.Мандах мэдүүлэхдээ /хх-54/ “...Тэр хүнийг дагуулж ирсэн жижиг биетэй согтуу залуу хэлэхдээ “наад хүнийг чинь Хөвсгөлийн гаралтай хүн зодсон, нэрийг мэдэхгүй харвал танина” гэж хэлж байсан. Тэгэхэд Санжаадорж цагдаа хамт байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Ц.Б /хх-47/ мэдүүлэхдээ “нэг сэрэхэд гадаа харанхуй болчихсон би арын орон дээр Этай зэрэгцээд унтаж байсан. Харин жолоочийн суудал дээр үс нь арзайчихсан, нүүр ам нь хавдчихсан нэг хүн сууж байхаар нь би цочоод, ийм хүнтэй архи уугаагүй дээ гээд кабины гэрлээ асаагаад хэн бэ гэхэд Б байна аа, нөгөө Хөвсгөлийн барилддаг гээд байсан залуу намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь хохирогч амьд байхдаа өөрөө хэрхэн, хэнд зодуулснаа шууд хэлж, буруутай этгээдийг өөрөө зааж хэлж байсныг дээрх гэрч нар нотолж хууль сануулсан мэдүүлгээрээ гэрчилсэн билээ.

Мөн Б нар нь “Хөвсгөлийн залуутай /Атэй/ 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр тааралдахдаа “...чи тийм хөгшин хүнийг тэгтлээ зодчихдоо яадаг юм, арай дэндүүлсэн байна” гэхэд тэр залуу “би зодоогүй” гэхээр нь би “чамайг хүмүүс харсан байна лээ, Б ах тэгтлээ тасартлаа согтоогүй, чамд зодуулснаа мэдэж байна” гэж тулгаж хэлэхэд “тэр ах чинь өөрөө эхлээд намайг хоёр цохиод авсан, би зөрүүлээд хоёр гурав балбаад хаячихсан” гэж Болд ахыг зодсон талаараа тэр залуу хэлсэн. Хөвсгөлийн гэх залуу Б ахыг зодсон талаар бид цагдаа нарт хэлсэн. Тэгээд тэр залууг цагдаа нартай хамт хайж, Цагаан хад хавиар хэсэг явсан боловч олж чадаагүй...” гэж мэдүүлсэн байдаг.

Ц.А нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Буяннэмэх нартай уулзаж учир байдлыг мэдээд нуугдаж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 4-ний 19 цагт баригдаж гэрчээр мэдүүлэхдээ “Ч.Быг Эын нүүрний баруун талын хэсэгт зүүн талын хөлөөрөө өшиглөж байсныг харсан. Би цээж хавьд нь өшиглөсөн” гэж мэдүүлсэн нь талийгаачийн амь нас хохирсон гэмтлийг би учруулаагүй гэсэн санаа явж байгаа нь харагдаж байна. Мөн тухайн хэрэг учрал гарах үеийн цагийн байдал, орчны үзэгдэх гэрэл гэгээ ямар байсан, машин тэрэгний байрлал, талийгаач машинаас хэр зайтай хэвтэж байсан, харагдах орчин зэргийг шалгаж тогтоогоогүй зэрэг нь гэрч Бийн хоёр дахь удаагийн мэдүүлгийг хэрхэн дүгнэж байгаа болон бусад гэрч болох Б, Э, М, С нарын хууль сануулан өгсөн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн талаар үндэслэх хэсэгтээ дурдаагүй байж зөвхөн холбогдогч Ц.Аийн мэдүүлгийг үндэслэн Ч.Б, Ц.А нар нь бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн судлан шинжилж дүгнэж үзэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй боллоо гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 тоот шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 тоот магадлалыг хянан үзэж, Ч.Быг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж холбогдох заалтуудыг хүчингүй болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э гаргасан гомдолдоо: “...Ц.А, Ч.Б нарт холбогдох 18290000000050 дугаартай эрүүгийн хэрэгт хууль ёсны хохирогч М.Э би анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гомдол мэдүүлж байсан. Гэвч анхнаасаа болон явцын дунд эдгээр гомдлыг хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг баримталж байгаад гомдолтой байна. Энэ хэрэгт хууль ёсны хохирогч Д.П болон М.Э гэх хоёр хүн байхад зөвхөн Д.Пг хохирогч мэт үзэж намайг үгүйсгэх хандлагатай байна.

Д.П нь хохирогч гэж байгаа боловч энэ хэрэгт холбоотой ямар ч үйл явцыг хамаагүй мэтээр үл ойшоож, яаж шийдвэрлэгдэх нь хамаагүй гэж үзэж байгаа. Би анхнаасаа оршуулгын үйл явцыг өөрөө зохион байгуулж хийсэн, бүх зардал мөнгө, баримт материалыг өөрийн гараар бичиж гаргаж өгсөн. Мөн гомдол саналыг шүүх, прокурорт би хэлж байдаг. Тэгэхэд Д.Пгийн ямар ч оролцоо байхгүй байхад түүнд нэхэмжилсэн оршуулгын зардлыг өгөх шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Анхан шатны эрүүгийн шүүх хурал дээр дансаар 3.700.000 төгрөг, 1.300.000 төгрөг бэлнээр Ц.Аийн өмгөөлөгч Д.Пд өгсөн. Тухайн нэхэмжилсэн хохирлын 50 хувийг Д.П авсан. Одоо үлдсэн хохирлын мөнгө болох 4.992.852 төгрөг үлдсэн байгаа. Гэвч хохирогч Д.Пд хохирлын 5 сая төгрөг олгосон байхад миний нэхэмжилснээс үлдсэн хохирлыг бас дахин хувааж 2.496.426 төгрөг тус бүр олгоно гэсэн тогтоол гарсанд гомдолтой байна.

Иймд хохирлын 9.985.704 төгрөгнөөс үлдсэн 4.992.852 төгрөгийг би материал бүрдүүлж, оршуулгыг зохион байгуулж, мөн нэхэмжилсэн хууль ёсны хохирогчийн хувьд авах ёстой гэж үзэж байна. Мөн Ц.А, Ч.Б нарын үйлдсэн хүн амины хэргийг хуулийн хүрээнд зөв шийдэж, бидний энэ гомдлыг хүлээн авч зохих шийтгэлийг оноож өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б, Ц.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн М.Эыг зодож санаатай алах хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй нотолсон байна. Харин энэ хэргийн хохирогчоор амь хохирогчийн эхнэрийг тогтоосон нь зөв боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд төрсөн дүүг нь хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.А, Ч.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ц.А, Ч.Б нарыг 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч М.Эыг бүлэглэн зодож, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар шүүгдэгч Ц.Аийг 12 жил хорих ял, шүүгдэгч Ч.Быг 13 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Д.П нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гэм хорын нэхэмжлэл гаргах эрхийг тэгш хангаж, шүүгдэгч Ч.Баас гаргуулах 4.992.852 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, Д.П нарт тэнцүү хэмжээгээр хуваан олгуулахаар шийдвэрлэж, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эийн гаргасан “...хохирлын 9.985.704 төгрөгнөөс үлдсэн 4.992.852 төгрөгийг би хохирогчийн хууль ёсны хохирогчийн хувьд авах ёстой гэж үзэж байна...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуульчлагдаагүй тул шүүгдэгч Ч.Бын “...Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй учир надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Ч.Быг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН       

                                                                                                                        Б.БАТЦЭРЭН  

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН