Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02056

 

 

 

Э.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч И.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 240 902 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Алтангэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-т 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс бараа материалын нягтлан бодогч, мөнгөн урсгалын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газрын даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ингээд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01756 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг маань хариуцагчаас гаргуулан надад олгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч тал шат, шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч намайг ажилд маань авахгүй байсан учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ын дарга Ж.Батсайхан 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай Б/612 тоот тушаал гаргасан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хууль бус, үндэслэлгүй шийдвэрээс болж миний бие эдийн засгийн болон сэтгэл санааны ихээхэн хохирол амссан учраас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 13 290 902 төгрөг, 2017 оны жилийн урамшуулалт цалин 1 950 000 төгрөг нийт 15 240 902 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Алтангэрэл нь хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт нь банкны программаар мөнгөний урсгалыг өдөр бүр батлагдсан хувь хэмжээ, үйлчилгээний нэр төрлөөр зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг боловсруулж удирдлагад танилцуулахаас гадна мөнгөний урсгал касс харилцахын гүйлгээнд хяналт хийх, өдөр бүрийн мөнгөн урсгалын гүйлгээг нэр төрлөөр нь зөв ангилах, бүртгэлээр хяналт шалгалт хийх үүрэгтэй ажилтан байтал өөрийн ажилладаг хэлтэс болох Санхүү, эдийн засгийн хэлтсийн зарим ажилтнуудын цалингийн 2017 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшууллыг газрын даргын тогтоосон хэмжээнээс 500 000 төгрөгөөр хэтрүүлэн ямар ч үндэслэлгүй нэмэгдүүлэн тооцож мөнгөний зардал гарч байхад мөнгөний орлого болон зарлагад хяналт тавиагүйн улмаас ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Э.Алтангэрэлийн нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэхдээ ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулсан болно. Талуудын энэ асуудлаар шүүхээр хэрэг хянан хэлэлцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шатны шийдвэр байгаа нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах 1 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж эцэслэн шийдвэрлэх өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговрыг өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 10 644 525 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Алтангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 596 377 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Алтангэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 185 262 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 154 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй", мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д "хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах , гаргаж өгөх үүрэгтэй" мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэд нийцсэн байна" гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гардаж авснаасаа хойш нэхэмжлэлийн шаардлагын тайлбар болох татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно гэжээ. Тус шүүхэд нэхэмжлэгч Э.Аптангэрэлийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ыг төлөөлөн оролцох хэргийн оролцогч болох зарим итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй зөвхөн хурал эхлэхийн өмнө танилцуулсан, хурлын зар мэдэгдээгүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дугаар зүйлд заасан өөрөө олж авах боломжгүй нотлох баримт бүрдүүлэх бололцоог хангаж өгөөгүй учир давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Алтангэрэл нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 15 240 902 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Алтангэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын санхүү эдийн засгийн хэлтэст бараа материалын нягтлан бодогчоор, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөнгөн урсгалын нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халсан байна.

 

Ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Э.Алтангэрэл нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00331 дүгээр тогтоолоор Э.Алтангэрэлийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хх-ийн 11-21 дүгээр тал/

 

Улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/612 дугаар тушаалаар Э.Алтангэрэлийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э.Алтангэрэлийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй бөгөөд тэрээр нийт 175 хоногийн цалинг хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй болно. /хх-ийн 8 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Э.Алтангэрэлийн ажилгүй байсан хугацааны нэг өдрийн цалинг 49 683 төгрөгөөр, 175 хоногт тооцож 8 694 525 төгрөг, урамшуулалт цалин 1 950 000 төгрөг, нийт 10 644 525 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ. /хх-ийн 11-14 дүгээр тал/

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материалыг хурал эхлэхийн өмнө танилцуулсан, хурлын зар мэдэгдээгүй, нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч байгууллага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Бадамгарав, П.Ананд, Д.Гансүх нарыг томилсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хариуцагч байгууллагыг төлөөлж Б.Бадамгарав, Д.Гансүх нар оролцон мэтгэлцжээ. /хх-ийн 23-28, 32, 37-42-р тал/ Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Б.Бадамгарав нар 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй байна. /хх-ийн 39 дүгээр тал/

 

Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ И.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ