Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00279

 

Э.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2056 дугаар магадлалтай,

Э.Аийн нэхэмжлэлтэй

“ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 240 902 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ОСНААУГ”-т 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс бараа материалын нягтлан бодогч, мөнгөн урсгалын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газрын даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ингээд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар 2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01756 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг маань хариуцагчаас гаргуулан надад олгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч тал шат, шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч намайг ажилд маань авахгүй байсан учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан бөгөөд ”ОСНААУГ”-ын дарга Ж.Батсайхан 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай Б/612 тоот тушаал гаргасан. ”ОСНААУГ”-ын хууль бус, үндэслэлгүй шийдвэрээс болж миний бие эдийн засгийн болон сэтгэл санааны ихээхэн хохирол амссан учраас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд 13 290 902 төгрөг, 2017 оны жилийн урамшуулалт цалин 1 950 000 төгрөг нийт 15 240 902 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт нь банкны программаар мөнгөний урсгалыг өдөр бүр батлагдсан хувь хэмжээ, үйлчилгээний нэр төрлөөр зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг боловсруулж удирдлагад танилцуулахаас гадна мөнгөний урсгал касс харилцахын гүйлгээнд хяналт хийх, өдөр бүрийн мөнгөн урсгалын гүйлгээг нэр төрлөөр нь зөв ангилах, бүртгэлээр хяналт шалгалт хийх үүрэгтэй ажилтан байтал өөрийн ажилладаг хэлтэс болох Санхүү, эдийн засгийн хэлтсийн зарим ажилтнуудын цалингийн 2017 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшууллыг газрын даргын тогтоосон хэмжээнээс 500 000 төгрөгөөр хэтрүүлэн ямар ч үндэслэлгүй нэмэгдүүлэн тооцож мөнгөний зардал гарч байхад мөнгөний орлого болон зарлагад хяналт тавиагүйн улмаас ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Э.Аийн нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэхдээ ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулсан болно. Талуудын энэ асуудлаар шүүхээр хэрэг хянан хэлэлцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шатны шийдвэр байгаа нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах 1 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд шүүхэд хэрэг хянагдаж эцэслэн шийдвэрлэх өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговрыг өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дүгээр шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 10 644 525 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 596 377 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 185 262 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 154 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2056 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайхан хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Тухайлбал: Хариуцагч тал Э.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Бадамгарав, Ахлах мэргэжилтэн П.Ананд, Эрхзүйн мэргэжилтэн Д.Гансүх нарыг томилсон байхад Б.Бадамгаравт хурлын танхимд хурал эхлэх цагаас 5 минутын өмнө хэрэг танилцуулан гарын үсэг зуруулсан, П.Анандад хурлын тухай зар мэдэгдээгүй байгаа нь дээрх хуулийн холбогдох заалт хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа ...хариуцагч байгууллагыг төлөөлж Б.Бадамгарав, Д.Гансүх нар оролцон мэтгэлцжээ. Түүнчлэн хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Б.Бадамгарав нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...хариуцагч нь нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардаж авснаас хойш нэхэмжлэлийн шаардлагын тайлбар болох татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно гэжээ. Хариуцагч талын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дугаарт заасан өөрөө олж авах боломжгүй. Тухайлбал: нэхэмжлэгч Э.А 2017оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд гадаадад зорчсон, сургуульд сурсан, хувийн компани дахь ажлаа буюу өөр ажил хөдөлмөр эрхлэн явуулсан гэх ажиллагааны нотлох баримтыг гаргуулах хүсэлт боломжоо алдсан юм. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэр, магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцжээ. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “ОСНААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15 240 902 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Э.А нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын санхүү эдийн засгийн хэлтэст бараа материалын нягтлан бодогчоор, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөнгөн урсгалын нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан тул шүүхэд гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01765 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2331 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00331 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалинг авахаар болжээ. /хх-11-21/

Ажил олгогч нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/612 дугаар тушаалаар Э.Аийг ажилд нь эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ний өдрөөс ажилд эгүүлэн авсан 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хууль бус тушаалын улмаас ажлаас халагдаж ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл цалин хөлсөөр хохирсон ба энэ хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэхийг Хөдөлмөрийн тухай хуульд заажээ. Түүнчлэн дээрх хугацаанд ажилтан өөр ажил эрхэлсэн, орлого олсон нь хууль бус тушаал гаргасан ажил олгогчийг цалин хөлс олгох үүргээс нь чөлөөлөх үндэслэл болдоггүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой тусгажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, тухайн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар   сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/01561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2056 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА