Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02372

 

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/02372

 

 

Ж.Ганхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01809 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Ганхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох

 

Таван толгой ХК-ийн 1 719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Ганхүү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Очир, Б.Долгорсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1998 оноос эхлэн Таван толгой ХК-ийн хувьцааг тухайн үеийн ханшаар 70-100 төгрөгөөр 1 719 ширхэг хувьцааг худалдан авч Брокер диллерийн Ажнай инвест компанийн 14-100512 дугаартай дансандаа байршуулсан. 2007, 2008 оноос хувьцаагаа анхааран үзэхэд хувьцаа зарагдсан байсан. Би хувьцаагаа зарах ямар нэгэн санал тавьж, хэн нэгэн хүнтэй хэлцэл хийгээгүй. Гэтэл тус компани надаас зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар арилжаа хийж, миний нэр дээрх хувьцааг өөрийн толгой компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Н.Баяр-Од гэдэг хүнд нэг бүрийг нь 36 төгрөгөөр үнэлж худалдсан байх бөгөөд энэ хүний нэр дээрх 14-220010, 37-14111 тоот дансуудаар дамжин компанийн эзэн Д.Бат-Эрдэнийн дансанд шилжсэн байдаг. Энэ асуудлыг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар тус компанийн хийсэн хууль бус арилжааг хүчингүй болгож, 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 263 дугаар тогтоол гарч хувьцааг хууль ёсны эздийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн. Хувьцааг буцаан байршуулсны дараа иргэн Д.Бат-Эрдэнэ нь шударгаар олж авсан хувьцааг авсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээс 263 дугаар тогтоолын Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосон. Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний дансанд байсан хувьцааг Д.Бат-Эрдэнийн өмчлөлд буцаан шилжүүлсэн байсан. Үүнийг буруу гэж үзэж байна. Учир нь надаас Н.Баярт-Од гэдэг хүн хууль бусаар аваад, түүнээс Д.Бат-Эрдэнэ авсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 263 дугаар тогтоолын зөвхөн Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэсэг хүчингүй болж, бусад заалтууд хүчинтэй байгаа. Иймд Таван толгой ХК-ийн 1 719 ширхэг хувьцаа эзэмших миний эрхийг сэргээж, дээрх хувьцааг 14-100512 тоот дансанд буцаан байршуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэр бүхий 23 иргэн өөрсдийн өмчлөлд байсан Таван толгой ХК-ийн хувьцааг зөвшөөрөлгүй хууль бусаар арилжаалсан хэмээн Санхүүгийн зохицуулах хороонд хандсаны дагуу Санхүүгийн зохицуулах хороо хянан шалгаад 263 дугаар тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор 23 иргэний өмчлөлд байсан Таван толгой ХК-ийн хувьцааг хууль бусаар арилжсан 72 хэлцийг хүчингүй болгон тухайн хувьцааг нэр бүхий 23 иргэний өмчлөлд буцаан шилжүүлсэн байдаг. Маргаан бүхий 263 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Д.Бат-эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский гэсэн 3 иргэн Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд хандсан бөгөөд хяналтын зөвлөл гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь дээрх гурван иргэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр манай 263 дугаар тогтоолын эдгээр 3 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хороо 3 шатны шүүхийн шийдвэрийг буруу ойлгож байна, энэ нь зөвхөн ...Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай... хэмээн шүүхийн шийдвэрт заасан нь тухайн тогтоолын 3 дахь хэсгийг гэж ойлгоно хэмээн манай Санхүүгийн зохицуулах хороонд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргахдаа дурдсан байдаг. Үндсэндээ 3 шатны шүүхээс Санхүүгийн зохицуулах хорооны 263 дугаар тогтоол бол нэр бүхий 23 иргэний дансанд буцаан байршуулж бүртгэсэн Таван толгой ХК-ийн хувьцааны иргэн Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарт холбогдох хэсгийг харилцах дансанд нь буцаан байршуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан. 263 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно гэдэг нь Д.Бат-Эрдэнэд холбогдох 11 хэлцэл, С.Өлзийхишигт холбогдох 3 хэлцэл, К.Д.Романовскийд холбогдох 4 хэлцэл байгаа. Эдгээр хэлцлийг хүчингүй болгоод тухайн хэлцлээр арилжсан хувьцааг иргэн Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарын дансанд буцаан байршуулах процесс явагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос Нийслэлийн захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийж ажилласан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 263 дугаар тогтоолын Д.Бат-Эрдэнэд холбогдох 11 хэлцлийг хүчингүй болгоход нэхэмжлэгчийн 1 719 ширхэг хувьцаа дээрх 11 хэлцэлд байсан учраас бид нэхэмжлэгчийн данснаас гаргуулж Д.Бат-Эрдэнийн дансанд буцаан байршуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3/135 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Таван толгой ХК-ийн 1 719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ганхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэлийн гол санаа нь Захиргааны хэргийн шүүхээс Санхүүгийн Зохицуулах Хорооны 263 дугаарт тогтоолын Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгож байгаа нь надад холбогдсон хэсгийг хүчингүй болго гэсэн заалт биш, зөвхөн Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг /14-506 дугаартай дансны арилжаанууд/ хүчингүй болго гэж заасан байхад миний хувьцааг буцаан авч Д.Бат-Эрдэнийн дансанд байршуулсан нь буруу гэж байгаа юм. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр ...263 тогтоолоос Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж заасан. Энэ нь 263 дугаарт тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3-т орсон Д.Бат-Эрдэнийн хийсэн 1999.11.16-ны өдрийн 123 дугаартай хэлцлийг хүчингүй болгосон шийдвэр юм. Цаана нь жагсаалтын 3 дахь хэсэгт бичигдэж 263 тогтоолоор хүчингүй болгосон 385, 309 гэсэн 2 хэлцэл хэвээр үлдэж байгаа. Энэ 2 хэлцэл Д.Бат-Эрдэнэд хамаагүй. Хууль бус хэлцэл СЗХорооны тогтоолоор хүчингүй болоод Ж.Ганхүүд хувьцааны эрх нь сэргэн хувьцаа нь оччихсон байсан. Үүнийг эргүүлэн хүчингүй болгож Ж.Ганхүүгээс хувьцааг нь ав гэсэн ямар ч заалт шүүхийн шийдвэрт байхгүй.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт 1999.11.16-ны өдрийн 123 дугаарт хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна гээд дараа хүчин төгөлдөр учир Д.Бат-Эрдэнэ нь шудрага эзэмшигч гэж дүгнэжээ. 123 дугаарт хэлцэл нь 263 дугаарт тогтоолоор хүчингүй болоод эргээд шүүхийн шийдвэрээр хүчинтэй болсон нь үнэн. Тэгэхдээ зөвхөн 14-220010 буюу 14-506 гэсэн хоёр дансны хоорондын арилжаа. 1719 ширхэг ч биш бүр 15756 ширхэг хувьцааг авч өгөлцсөн асуудал. Энэ хэлцлийг л шүүх сэргээж өгсөн. Гэхдээ энэ хэлцэл хүчин төгөлдөр боллоо гээд өмнөх 2 хэлцэл сэргэчихэж байгаа юм биш. Д.Бат-Эрдэнийн хувьд Ж.Ганхүүтэй хийсэн арилжаа огт байхгүй тул Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг гэдэгт Ж.Ганхүү огт хамаагүй. Жагсаалтын 3 дахь хэсгийн 1, 2 дахь арилжаанууд СЗХорооны 263 дугаарт тогтоолд хамрагдсан хэвээр гэсэн үг. 385 цугаартай хэлцлээр 1719 ширхэг, 309 дугаартай хэлцлээр 5292 ширхэг хувьцаа арилжигдсан хэлцлүүд байдаг.

СЗХ нийт хүчингүй болгосон 72 хэлцэл байгаа түүнээс Д.Бат-Эрдэнэд холбогдох 11 хэлцэл байсан түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу буцаан байршуулсан гэдэг. Жагсаалтад 72 хэлцэл байгаа нь үнэн. Түүнээс Д.Бат-Эрдэнэтэй холбоотой /14-506 данснаас арилжаа хийгдсэн/ 12 хэлцэл байдаг. Шүүхийн шийдвэр зөвхөн тэр 12 хэлцлийг СЗХороо 263 тогтоолоор хүчингүй болгосон байсныг эргүүлэн сэргээсэн. Тэр 12 хэлцэл нь жагсаалтад он, сар, данс дугаартайгаа бичигдчихсэн байгаа. Үүнээс харахад СЗХ нь шүүхийн шийдвэрийг буруу хэрэгжүүлсэн байгаа бөгөөд Ж.Ганхүүгийн хувьцааг Д.Бат-Эрдэнэд байршуулж өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.

Ийнхүү хууль ёсны эзэмшигч Ж.Ганхүүгээс хувьцааг нь шууд булаан авсан нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг зөрчиж, 93 дугаар зүйлийн 93.2 дах хэсэгт заасан эрхэнд халдсан байх бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлд шудрага эзэмшигчийн талаар заахдаа шудрага эзэмшигчийг тухайн эд хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах эзэмших тухай ойлголт огт байхгүй, зөвхөн өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа хадгалсан арчилсан зардлыг нэхэх эрхтэй болоод өмчийг эрх бүхий этгээдэд эргүүлэн өгөх тухай заасан байдаг. Буцаан өгөхөөс татгалзах ганцхан л тохиолдол байна. Эдгээр хуулийг огтхон хамааралгүй шууд хууль ёсны эзэмшигчийн өмчид халдсан нь туйлын буруу. Шүүх Д.Бат-Эрдэнийг шудрага эзэмшигч гэсэн. Шудрага эзэмшигч ямар эрхтэйг, хууль ёсны эзэмшигч ямар эрхтэйг СЗХ мэдэх ёстой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ганхүү нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулж, Таван толгой ХК-ийн 1719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулна гэж заажээ.

 

Гэтэл шүүгчээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх ажиллагааг өөрөө хэрэгжүүлээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 21, 80/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ганхүүгийн гаргасан эсрэг талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, хуульд заасан шаардлага хангасан буюу нотариатаар батлуулан.... ирүүлэхийг... Санхүүгийн зохицуулах хороонд даалгажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас шүүхийн шаардсан нотлох баримтуудыг ирүүлэхдээ шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй, гаргаж өгсөн баримтууд нь /хх-ийн 61-69/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан ба төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22.1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн нэхэмжлэгч, эсхүл хариуцагч тал өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тэмдэглэгээ дарснаар уг хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Нөгөө талаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан үүргээ биелүүлж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй..., хохирсон нэр бүхий 23 иргэний эрх ашгийг хамгаалах, хохиролгүй болгох арга хэмжээг авах ёстой бөгөөд ...иргэн биднийг хохироосоор байна... гэж тодорхойлсон байхад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн үндэслэл ойлгомжгүй байхаас гадна тухайн маргаанд оролцоогүй этгээдийн шударга өмчлөлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт нийцээгүй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01809 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Ганхүүгийн төлсөн 132 084 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ