Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/01809

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01809

                  Улаанбаатар хот

 

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Г /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.З.Х хороонд холбогдох,

 

Таван толгой ХК-ийн 1,719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ням-Очир, Б.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1998 оноос эхлэн “Таван толгой” ХК-ийн хувьцааг тухайн үеийн ханшаар 70-100 төгрөгөөр 1,719 ширхэг хувьцааг худалдан авч Брокер диллерийн “Ажнай инвест” компанийн 14-100512 дугаартай дансандаа байршуулсан.

Худалдаж авснаас хойш “Таван толгой” ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийдэггүй, хувьцааны ноогдол ашгийг бэлнээр тараадаггүй тул хувьцаандаа анхааралгүй хэдэн жил явсан байсан.

Ингээд 2007, 2008 оноос хувьцаагаа анхааран үзэхэд хувьцаа зарагдсан байсан бөгөөд би өөрөө хувьцаагаа зарах ямар нэгэн санал тавьж, хэн нэгэн хүнтэй хэлцэл хийгээгүй.

Гэтэл тус компани нь надаас зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар арилжаа хийж, миний нэр дээрх хувьцааг өөрийн толгой компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэх Н.Баяр-Од гэдэг хүнд нэг бүрийг нь 36 төгрөгөөр үнэлж худалдсан байх бөгөөд энэ хүний нэр дээрх 14-220010, 37-14111 тоот дансуудаар дамжин компанийн эзэн Д.Бат-Эрдэнийн дансанд шилжсэн байдаг.

Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар С.З.Хнд хандсанаар тус компанийн хийсэн хууль бус арилжааг хүчингүй болгож 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 263 дугаар тогтоол гарч хувьцааг хууль ёсны эздийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн.

Хувьцааг буцаан байршуулсны дараа иргэн Д.Бат-Эрдэнэ нь миний шударгаар олж авсан хувьцааг авсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээс 263 дугаар тогтоолын Д.Бат-Эрдэнэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосон. Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний дансанд байсан хувьцааг Д.Бат-Эрдэнийн өмчлөлд буцаан шилжүүлсэн байсан.

Би бодохдоо С.З.Х болон брокерийн компаниуд нь бидний хувьцаанд хяналт тавьж, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэж бодсон. Гэтэл хяналт шалгалт хийгдээгүйн улмаас миний хувьцаа хуурамчаар зарагдаад, би олон жил ноогдол ашиг авахгүй хохирсон байсан.

Гэхдээ С.З.Х миний хувьцаа эзэмших эрхийг сэргээсэн явдалд баярлаж явдаг. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шийдвэрийг үндэслэн С.З.Х миний өмчлөлд байсан хувьцааг буцаагаад Д.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн байсан. Үүнийг буруу гэж үзэж байна.

Учир нь надаас Н.Баярт-Од гэдэг хүн хууль бусаар аваад, түүнээс Д.Бат-Эрдэнэ авсан бөгөөд С.З.Хны 2008 оны 263 дугаар тогтоолын зөвхөн Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэсэг хүчингүй болж, бусад заалтууд нь хүчинтэй байгаа.

Ийм учраас С.З.Хг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж миний “Таван толгой” ХК-ийн 1,719 ширхэг хувьцаа эзэмших эрхийг сэргээж, дээрх хувьцааг миний 14-100512 тоот дансанд буцаан байршуулахыг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн анх нэр бүхий 23 иргэн өөрсдийн өмчлөлд байсан “Таван толгой” ХК-ийн хувьцааг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй хууль бусаар арилжаалсан хэмээн С.З.Хнд хандсан байдаг.

Үүний дагуу С.З.Х хянан, шалгаад 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 263 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Энэхүү тогтоол нь С.З.Хны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.6,  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 17.2, 19.2.8,  27.3.2, Иргэний хуулийн 107.2, 56.1.10 дахь заалтуудыг үндэслэн 2008 онд 263 дугаар тогтоолыг гаргасан.

Өөрөөр хэлбэл С.З.Хны энэхүү тогтоолоор 23 иргэний өмчлөлд байсан “Таван толгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар арилжсан 72 хэлцийг хүчингүй болгон тухайн хувьцааг нэр бүхий 23 иргэний өмчлөлд буцаан шилжүүлсэн байдаг.

Маргаан бүхий 263 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Д.Бат-эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский гэсэн 3 иргэн С.З.Хны хяналтын зөвлөлд хандсан байдаг.

Манай хяналтын зөвлөл Д.Бат-эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарыг гомдлыг хүлээж аваад гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь дээрх гурван иргэн нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд С.З.Хны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хандсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Д.Бат-эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарыг гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн хууль бус шийдвэр байна гээд манай  263 дугаар тогтоолын эдгээр 3 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч талаас С.З.Х 3 шатны шүүхийн шийдвэрийг буруу ойлгож байна. Энэ нь зөвхөн “...Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай...” хэмээн шүүхийн шийдвэрт заасан нь тухайн тогтоолын 3 дахь хэсгийг гэж ойлгоно хэмээн манай С.З.Хнд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргахдаа дурдсан байдаг.

Үндсэндээ 3 шатны шүүхээс С.З.Хны 263 дугаар тогтоолоор нэр бүхий 23 иргэний дансанд буцаан байршуулж бүртгэсэн “Таван толгой” ХК-ийн хувьцааны иргэн Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон учраас эдгээр хүмүүсийн харилцах дансанд нь хувьцааг нь буцаан байршуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан.

263 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болсон гэдэг нь Д.Бат-Эрдэнэд холбогдох 11 хэлцэл, С.Өлзийхишигт холбогдох 3 хэлцэл, К.Д.Ромаовскийд холбогдох 4 хэлцэл байгаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 263 дугаар тогтоолын Д.Бат-Эрдэнэд холбогдох 11 хэлцлийг хүчингүй болгоход нэхэмжлэгчийн 1,719 ширхэг хувьцаа дээрх 11 хэлцэлд байсан учраас бид нэхэмжлэгчийн данснаас гаргуулж Д.Бат-Эрдэнийн дансанд буцаан байршуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг “Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 3/135 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үүний дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч С.З.Хнд холбогдуулан “Таван толгой” ХК-ийн 1,719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч Ж.Ггийн 14-100512 тоот дансанд байсан “Таван толгой” ХК-ийн үнэт цаасны 458 кодтой 1,719 ширхэг хувьцаа нь 1998 оны 12 дугаар сарын 01-нд 385 дугаартай хэлцлээр 805 дугаартай арилжаагаар арилжаалагдаж 300451 дансанд, 1999 оны 3 дугаар сарын 15-нд 309 дугаартай хэлцлээр 874 дугаартай арилжаагаар арилжаалагдаж 300451 тоот данснаас 220010 дансанд, 1999 оны 11 дүгээр сарын 16-нд 123 дугаартай хэлцлээр 10466 дугаар арилжаагаар арилжаалагдаж 220010 тоот данснаас 506  тоот дансанд тус тус зарагдсан байна. /хх-ийн 11-12, 62 х/

 

Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ” гэж заасны дагуу С.З.Х хэрэгжүүлж 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолыг гаргажээ.

 

Хариуцагч С.З.Х нь нэхэмжлэгч Ж.Ггийн “Таван толгой” ХК-ийн 1,719 ширхэг хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөлгүй арилжаалсан гэж үзээд дээрх хэлцлүүдийг 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай”  263 дугаар тогтоолыг гаргаж, 1 дэх заалтаараа “хавсралтад дурдсан нэр бүхий 23 иргэний өмчлөлд байсан хувьцааг тэдний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар арилжаалсан нийт 72 хэлцлийг хүчингүй болгож”, ...3 дахь заалтаараа иргэн Д.Бат-Эрдэнийн 14-506 дугаартай ...хадгаламжийн дансуудад зохих хөрөнгийг 12 дугаар сарын 19-ний дотор байршуулан хороонд мэдэгдэхийг “Ажнай инвест” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 61 х/

 

Өөрөөр хэлбэл “Таван толгой” ХК-ийн хувьцааг эзэмшигчдийнх нь зөвшөөрөлгүй арилжсан гэсэн гомдлын дагуу С.З.Хноос нэр бүхий 23 иргэний хувьцаа хууль бусаар арилжаалсан болохыг тогтоож дээрх 263 дугаар тогтоолыг гарсан байх бөгөөд уг тогтоолын дагуу иргэн Д.Бат-Эрдэнийн 14-506 тоот дансанд 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шилжсэн байсан “Таван толгой” ХК-ийн 458 кодтой 1,719 ширхэг хувьцааг 2008 оны 12 дугаар сарын 19-нд нэхэмжлэгч Ж.Ггийн 14-100512 тоот дансанд буцаан шилжүүлсэн байна. /хх-ийн 11 х/

 

Гэтэл Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарын 3 иргэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр С.З.Хны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын Д.Бат-эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Романовский нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

С.З.Хны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ж.Ггийн 14-100512 тоот дансанд шилжсэн байсан “Таван толгой” ХК-ийн 458 кодтой 1,719 ширхэг хувьцааг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар шүүгчийн захирамжийн дагуу тусгаарласан байсныг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр С.З.Хны шийдвэрийг үндэслэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь иргэн Д.Бат-Эрдэнийн 7-600590 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 101, 105 х ар тал/

 

С.З.Хны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “С.З.Х ... нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлээр С.З.Хны бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авах, түүнийг бусдын дансанд шилжүүлэх эрх хэмжээг хуулиар С.З.Хнд олгоогүй.

 

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч хэрэгт авагдсан баримтаар С.З.Хны 263 дугаар тогтоолын зарим хэсэг хүчингүй болсноор  нэхэмжлэгч Ж.Ггийн данснаас “Таван толгой” ХК-ийн 458 кодтой 1,719 ширхэг хувьцаа 1999 оны 11 дүгээр сарын 16-нд 123 дугаартай хэлцлээр 10466 дугаар арилжаагаар арилжаалагдаж 220010 тоот данснаас 506 дансанд тус тус зарагдсан хэлцэл хүчин төгөлдөр үлдсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно...” гэж заасны дагуу 1999 оны 11 дүгээр сарын 16-нд 123 дугаартай хэлцлээр 10466 дугаар арилжаагаар арилжаалагдаж 220010 тоот данснаас 506 тоот дансанд арилжаалагдсан 1,719 ширхэг үнэт цаасыг худалдан авсан дараагийн өмчлөгчийг шударга өмчлөгч гэж үзэж эрх ашгийг нь хамгаалах хууль зүйн зохицуулалттай байдаг.

 

Өөрөөр хэлбэл дээрх хэлцэл хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр С.З.Хнд холбогдох “Таван толгой” ХК-ийн 1,719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, С.З.Хны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар С.З.Хнд холбогдох “Таван толгой” ХК-ийн 1,719 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг сэргээлгэж, хувьцааг өөрийн өмчлөлд буцаан байршуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА