Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00043

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00043

 

 

Ц.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02918 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

 

18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13 635 738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Эрдэнэхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Төмөрчөдөр нь 1983 оноос 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын Татах хэсгийн харьяа Багануурын 6 дугаар цуваанд машинчаар тасралтгүй 20 жил ажилласан. Тэрээр эрхэлж байсан ажлын нөхцлөөс буюу дуу чимээ ихтэй, хэт халуун нөхцөл, түлшний хурц үнэр зэргээс шалтгаалсан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 2003 оны 7 дугаар сард группт орсон. 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байсан бол 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0079376 тоот шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар нэмэгдүүлэн тогтоосон. Тиймээс Ц.Төмөрчөдөрийг Улаанбаатар төмөр замд хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч тус газраас 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Иймд хариуцагчаас 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөр болох 13 635 738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар нэмэгдүүлэн тогтоосон байдаг. Улаанбаатар төмөр замын зүгээс Ц.Төмөрчөдөрийг 2003 оны 6 дугаар сарын 5-ны өдөр сахилгын шийтгэлээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. Үүний дараа 2010 онд хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор 2 630 286 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаартай шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансаар 2 630 286 төгрөгийг Ц.Төмөрчөдөрт олгосон. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолын тайлбарын 25.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөрийг нэг удаа заавал олгоно. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, ихэссэн, багассан тохиолдолд нөхөн олговор өгч болно гэсэн тайлбар байдаг. Улаанбаатар төмөр замын Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан 2016-2017 хамтын гэрээний 5.5.7-д зааснаар урьд нөхөн төлбөр олгосон бол нөхөн төлбөрийн зөрүүг нэг удаа олгоно гэж заасан тул нэхэмжлэгчид 2010 онд 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Гэвч нэхэмжлэгчийн хөдөлмөр алдалтын хэмжээ ихэссэн тул хамтын гэрээний 5.5.7-д зааснаар 10 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрын зөрүү 2 922 540 төгрөгийг олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хэрхэн гарсныг мэдэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 713 198 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1зааснаар  хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсаны нөхөн төлбөрт 5 490 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 145 018 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 859 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 102 802 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөрт олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү давж заалдах гомдолдоо:

... Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлсийг тодорхойлох журам-ын 7А-д тус тус заасныг баримтлан шүүх дундаж цалин хөлсийг тодорхойлох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх цалингийн дундаж тодорхойлохдоо нэхэмжлэгчийн 12 сарын цалингийн дунджаар бодсон, ямар хуулийг баримталсан нь тодорхойгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь 2010 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, хариуцагчаас 2 630 286 төгрөг авсан. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан болох нь тогтоогдсон тул сүүлийн 3 сарын тэтгэвэрийн орлогын дунджаар бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нөхөн төлбөрийг тооцохдоо одоогоос 14 жилийн өмнө авч байсан цалингийн дунджыг үндэслэн хариуцагчаас 5 490 720 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3-д зааснаар хариуцагч нь хамтын гэрээнд амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг тусгаагүй нь нэхэмжлэгч тэтгэвэрийн орлогоо цалин хөлстэй адилтган тооцуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Түүнчлэн нэхэмжлэгч 2010 оноос хойш 2017 он хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 80 хувь болж нэмэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд цалингийн хэмжээ нэмэгдсэн байх учиртай. Уг хугацаанд нэхэмжлэгч ямар нэгэн ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан бөгөөд түүний тэтгэврийн орлогыг цалин хөлстэй адилтган үзэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын тогтоосноор нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээ 293 420-оос 757 541 төгрөг болж нэмэгдсэн. Анхан шатны шүүх тэтгэврийн орлогыг цалин хөлстэй адилтган үзэх боломжтой байтал тэтгэврийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглсэн байх тул 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02918 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөр нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13 635 738 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөр нь хариуцагч байгууллагын татах хэлтсийн харъяа Багануурын 6 дугаар цуваанд машинчаар тасралтгүй 20 жил ажилласан байх бөгөөд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, тус комиссын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0079376 дугаар шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувь болгон өөрчилжээ. /хх-ийн 12-14 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөр нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаар шийдвэрээр хариуцагч байгууллагаас 2 630 286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөрт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулна гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх 2002 оны 7 дугаар сараас 2003 оны 7 дугаар сарын дундаж цалин хөлсний 1 сарын дундаж хэмжээг 305 040 төгрөгөөр тооцож, нийт 18 сарын хугацааны 5 490 720 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн тэтгэврийн орлогын сүүлийн 3 сарын дундаж болох 757 541 төгрөгөөр тооцоогүй, амьжиргааны өртөгтэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3 дахь хэсэгт амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд талууд хамтын гэрээнд энэ талаар тусгаагүй, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр 1 сарын цалинг тооцсоныг буруу гэж үзэхгүй.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй ч талууд уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй, шийдвэр биелүүлсэн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарахгүй гэж дүгнэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Төмөрчөдөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО