Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Замчин 7-5 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэндамбын Төмөрчөдөр /РД:ТК54070171/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, УБТЗд холбогдох,

13,6375,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Т миний бие 1983 оноос 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын татах хэсгийн харьяа Багануурын 6 дугаар цуваанд машинчаар тасралтгүй 20 жил ажилласан. Миний бие эрхэлж байсан ажлын нөхцлөөс буюу дуу чимээ ихтэй, хэт халуун нөхцөл, түлшний хурц үнэр зэргээс шалтгаалсан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 2003 оны 7 дугаар сард группт орсон. 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон байсан бол 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0079376 тоот шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар нэмэгдүүлэн тогтоосон. Тиймээс миний бие Улаанбаатар төмөр замд хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч тус газраас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Иймд хариуцагчаас 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөр болох 13,635,738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч УБТЗ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2008 оны 07 сарын 17-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70%-иар тогтоосон. Дараа нь 2017 оны 06 сарын 22-ны өдөр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 80%-иар нэмэгдүүлэн тогтоосон байдаг. УБТЗ ХНН-ээс Ц.Тийг 2003 оны 06 сарын 05-ны өдөр сахилгын шийтгэлээр ажлаас халж хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байдаг. Үүний дараа 2010 онд хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор 2,630,286 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2010 онд 02 сарын 24-ны өдрийн 398 дугаартай шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансаар 2,630,286 төгрөгийг Ц.Тт олгосон. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33-р тогтоолын тайлбарын 25.1-дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөрийг нэг удаа заавал олгоно. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, ихэссэн, багассан тохиолдолд нөхөн олговор өгч болно гэсэн тайлбар байдаг. УБТЗ, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотой байгуулсан 2016-2017 хамтын гэрээний 5.5.7-д зааснаар урьд нөхөн төлбөр олгосон бол нөхөн төлбөрийн зөрүүг нэг удаа олгоно гэсэн байгаа. Иймд нэхэмжлэгчид 2010 онд 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Гэвч нэхэмжлэгчийн хөдөлмөр алдалтын хэмжээ ихэссэн тул хамтын гэрээний 5.5.7-д зааснаар 10 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрын зөрүү 2,922,540 төгрөгийг олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хэрхэн гарсныг мэдэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,713,198 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч УБТЗд холбогдуулан 13,635,738 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Т нь 1983 оноос 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд УБТЗын татах хэсгийн харъяа Багануурын 6 дугаар цуваанд машинчаар тасралтгүй 20 жил ажилласан ба түүний эрхэлж байсан ажлын нөхцлөөс буюу дуу чимээ ихтэй, хэт халуун, түлшний хурц үнэр зэргээс шалтгаалан мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилж, улмаар 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон тул  нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаартай шийдвэрийн дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 2,630,286 төгрөгийг хариуцагчаас авсан болох нь зохигчийн тайлбар болон шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0079376 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Тийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувь болгон нэмэгдүүлснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... нэхэмжлэгчид 2010 онд 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгосон. Гэвч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ ихэссэн тул хамтын гэрээний 5.5.7-д зааснаар 10 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн олговрын зөрүү 2,922,540 төгрөгийг олгох үндэслэлтэй тул 10,713,198 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэжээ.

Хэдийгээр хариуцагч УБТЗ болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн байгуулсан 2016-2017 хамтын гэрээний 5.5.7-д... урьд нөхөн төлбөр олгосон бол нөхөн төлбөрийн зөрүүг нэг удаа олгоно гэж заасан байх боловч  нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Тт 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг одоо авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн дунджаар тооцон 18 сарын дундаж цалинг 13,635,738 төгрөг гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч тал нь нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 398 дугаартай шийдвэрт заасан хэмжээгээр тооцно гэж тайлбарлаж байна. 

Шүүх нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсний хэмжээг тооцохдоо түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоос өмнөх 12 сарын цалингийн дунджаар тооцох нь зүйтэй гэж үзсэн ба 2002 оны 07 дугаар сараас 2003 оны 07 дугаар сарын цалин хөлсний дундаж хэмжээг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байдлаас тооцож үзвэл түүний 1 сарын цалингийн дундаж хэмжээ нь 305,040 төгрөг болж байх ба түүнийг 18 сараар тооцвол 5,490,720 төгрөг болж байна.

Иймд хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ц.Т нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч УБТЗаас нэхэмжлэгчийн 18 сарын цалингийн дундажтай тэнцэх 5,490,720 төгрөгний нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгож, үлдэх 8,145,018 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:  

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт  зааснаар  хариуцагч УБТЗаас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсаны нөхөн төлбөрт 5,490,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,145,018 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,859 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗаас улсын тэмдэгтийн хураамжид 102,802 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тт олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА