Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02055

 

Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч И.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 934 415 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин,

Хариуцагчийн төлөөлөгч: О.Мягмарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Жаргалсайхан нь Залуучууд хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сард ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсан байдаг. Улмаар ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү маргааныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дугаар шийдвэрээр Б.Жаргалсайханг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 7 246 380 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул Б.Жаргалсайхан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ажил олгогчоос шаардсаны дүнд тус хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/24 тоот тушаалаар мэргэжилтнээр эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан байдаг. Уг тушаалаар Б.Жаргалсайханы урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүйн улмаас түүнд ажиллах боломж олдоогүй. Улмаар Б.Жаргалсайхан нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч нь шүүхийн шийдвэрт заасан 7 246 380 төгрөгийн цалин хөлсний нөхөн олговрыг Б.Жаргалсайханд олгосон байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 63 хоногийн цалин хөлсийг олгоогүй тул нэг өдрийн дундаж цалин хөлсийг 30 705 төгрөгөөр тооцож, 1 934 415 төгрөгийг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Жаргалсайхан нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон. Манай байгууллагын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээр удаа дараа Б.Жаргалсайхантай холбогдохыг хичээж бүхий л арга замыг нь хайж байсан боловч БНСУ-д байсныг мэдсэн. Улмаар Б.Жаргалсайхан 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анх удаа манай байгууллагатай холбогдоход ажилдаа ирж ор гэдэг саналыг хэлсэн. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын А/24 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон. Энэ хугацаанд цалингийн нөхөн олговор болох 7 246 380 төгрөгийг бүрэн төлж барагдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Б.Жаргалсайхан нь ар гэрийн гачигдал, өөрийн биеийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай, цаашид ажиллах боломжгүй тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, ажлаас чөлөөлүүлэх өргөдлийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Уг өргөдлийг үндэслэн манай байгууллагын зүгээс 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/30 дугаар тушаалаар олгож шийдвэрлэж мөн тус хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлд дурьдсанаар Б.Жаргалсайхан нь ажилд эгүүлэн томилох тушаал гарсан хэдий ч ажил олгогч нь урьд ажиллаж байсан орон тоон дээр ажиллаж байгаа хүнийг чөлөөлөөгүй учраас ажиллах боломж олдоогүй гэх зэргээр бичиж байгаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхдөө гаргасан өргөдөлтэй зөрүүтэй байна. Тус өргөдөлдөө ар гэрийн гачигдал, өөрийн биеийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай байна гэж дурьдсан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хоорондох хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Б.Жаргалсайхан нь өөрөө саад учруулж БНСУ-д байсантай холбоотой ажилд эгүүлэн авах тушаал гарах хугацааг хойшлуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн авах тушаал гарсан хэдий ч Б.Жаргалсайхан нь хариуцлагагүй үйлдэл гаргаж ажилдаа ирээгүй, үүргээ ухамсарлаагүй. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг судалж 1 934 415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 934 415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жаргалсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 45 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 183/ШШ2018/01717 шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Үүнд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан Б.Жаргалсайханы гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэхэмжлэлд дурдсан урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүй улмаас ажиллах боломж олдоогүй. Улмаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг тайлбар, манай хэлтсийн зүгээс хариу тайлбартай дурдсан нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь ар гэрийн гачигдал, өөрийн биеийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон цаашид ажиллах боломжгүй тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өөрийн биеэр бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр заасныг үндэслэн нотлох баримтыг үнэлээгүй хэт нэг талыг барьж үнэлсэн гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нь миний бие 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралттай байсан хугацаа нь ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр нотлогдох боломжтой. Тус хугацаанд 2018 оны 7 дугаар сарын 05 өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсад аялж байсан нь гадаад паспортын штампаар нотлогдоно. Хариуцагчийн төлөөлөгчид шүүх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн мөрдөж ажиллаагүй хариуцагчийн төлөөлөгч надад мэдэгдээгүй улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн 25 дугаар зүйлд заасны дагуу хуульд заасан эрхийг эдлүүлэх, шүүх хуралдаанд үгээ хэлэх, мэтгэлцэх, нотлох баримтыг гаргаж өгөх зэрэг боломжийг олгоогүй эрх тэгш зарчмыг хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1 934 415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/00259 дүгээр шийдвэрээр Б.Жаргалсайханг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/24 дугаар тушаалаар Б.Жаргалсайханыг мэргэжилтнээр томилсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Жаргалсайханы эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй, тэрээр нийт 63 хоногийн цалинг хариуцагчаас шаардах эрхтэй болно. /хх-ийн 6, 16, 21 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Жаргалсайханы нэг өдрийн цалинг 30 705 төгрөг, ажлын 63 хоногоор тооцож 1 934 415 төгрөгийг хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгч Б.Жаргалсайхантай удаа дараа холбогдохыг хичээсэн боловч тэрээр БНСУ-д байсантай холбоотойгоор ажилд томилох боломжгүй байсан гэх тайлбар, гомдол гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юм.

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх боловч шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх тул түүнийг шүүх хуралдааны товыг мэдээгүй гэх үндэслэлгүй болно. Нөгөө талаар, хариуцагчийн гаргасан хүсэлтэд дурьдсан шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэж хариуцагчаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 37-р тал/

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ээлжийн амралттай, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжтой байтал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ И.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ