Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00457

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/00457

 

 

 

Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Түмэндэлгэрт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 240 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн машины үнийн зөрүү болох 23 912 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Түмэндэлгэр 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй Солонгос улсаас барилгын материал оруулж барилгын дотор засал хийхээр зээлж авсан. 2014 оны 2 сарын 17-ны өдөр 9 492 000 төгрөг нэмж авсанаа төлсөн. 2015 оны 5 дугаар сарын 1-ний дотор зээл хүүгээ бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон боловч төлөлт хийгдээгүй. Эхний үед зээлийн хүүгээ төлж байгаад сүүлдээ төлөхөө больсон. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээл, хүү төлөгдөөгүй учраас 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34 492 000 төгрөг, үндсэн хүү 32 008 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 401 710 төгрөг нийт 72 902 280 төгрөгийн төлбөр хуримтлагдсан. Зээлдүүлэгчийн зүгээс энэхүү хуримтлагдсан төлбөрийн нэмэгдүүлсэн хүүгийн хэсгээс татгалзаж үндсэн зээл, хүүг нэхэмжилж байна. Энэ нь 66 500 570 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа төлөгдөөгүй зээл болон зээлийн хүүг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тооцож 51 240 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 000012286 тоот гэрчилгээтэй, Ү-2205001096 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 98 тоот орон сууцаар хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.Түмэндэлгэр шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч 2012 оны 1 дүгээр сарын З0-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Зээлж авсан мөнгөө зээлийн гэрээнд заасан хүү болох сарын 800 000 төгрөгийг 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 4 853 350 төгрөгийг төлсөн, Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2012 оны 9 дугээр сарын 2-ны өдөр 800 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 1 920 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 3 840 000 төгрөг нийт 10 560 000 төгрөг төлсөн. Энэ нь зээлээс төлсөн учраас үндсэн зээлээс хасагдана гэж үзэж байна. 2014 оны 2 сарын 17-ны өдөр 9.492.000 төгрөг зээлж авсан боловч буцааж төлсөн. Уг зээлийг төлсөн учраас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. 25 000 000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ хугацаандаа 4 853 350 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн гэрээний дагуу тооцохоор нийт 14 440 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 14 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Түмэндэлгэрээс 51 186 650 төгрөгийг гаргуулан "Мөнгөн зоос кредит ББСБ ХХК олгож, нэхэмжлэлээс 53 350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Түмэндэлгэр машины үнийн зөрүү болох, 3 912 000 төгрөгийг "Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж, нэхэмжлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 413 883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 275 500 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:...М.Түмэндэлгэр нь Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-иас 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээнд заасан хугацаанд сар бүр 800 000 төгрөгийг 2012 оны 01 сарын З0-ны өдрөөс 8 сарын 02-ны өдөр хүртэл төлж хүүнд нийт 4 853 350 төгрөг төлсөн байна. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш дараах төлөлтийг хийсэн байна. Үүнд: 2012 оны 9 дүгээр сарийн 02-ны өдөр 800 000 төгрөг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1 920 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 3 840 000 төгрөг, нийт 10 560 000 төгрөг төлсөн бөгөөд өмнөх хүүнд төлсөн мөнгөтэй нийт 15 413 350 төгрөгийг төлсөн байдаг юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ" байгуулагдсан байна гэж үзээд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу нийт 52 сарын хүү 41 600 000 төгрөгөөс төлсөн мөнгө болох 15 413 350 төгрөгийг хасч 26 186 650 төгрөг, үндсэн зээл болох 25 000 000 төгрөг нийт хариуцагчаас 51 186 650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн хүү болон үндсэн төлөлтийг хийгээгүй бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх заалт юм. Гэтэл шүүгч гэрээний хугацааг огт тооцолгүй төлөөгүй бүх хугацаа гэж хэт явцуу утгаар тайлбарлаж шийдвэрлэсэн юм.

Хэрэв ззэлийн гэрээний маргааныг энэ ойлголтоор шийдвэрлэх юм бол анхнаасаа гэрээнд хугацаа гэсэн ойлголт байх шаардлагагүй байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 6 сарын хугацаатай байгуулагдсан. Энэ хугацааны болон нэмэгдүүлсэн хүү л тооцох ёстой. Харин төлөх хүртэл хугацааны хүүг тооцно гэдэг нь хэтэрсэн бүх хугацааг оролцуулан тооцно гэж зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах учиргүй юм.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь хариуцагч М.Түмэндэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 51 240 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 14 440 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг нь эс зөвшөөрөн маргасан байна.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машины үнийн зөрүү 23 0912 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Талууд 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч буюу хариуцагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь зээлдэгч буюу хариуцагч М.Түмэндэлгэрт 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3.2 хувийн хүүтэй зээлүүлжээ. / хэргийн 8-12/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК нь зээлдэгч буюу хариуцагч М.Түмэндэлгэрээс үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүд 6 401 710 төгрөгийн хэмжээгээр шаардлагаа багасгажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар хариуцагчийн төлбөл зохих зээл, хүүгийн хувиарийг харилцан тохиролцож баталсан байна. Эргэн төлөлтийг хуваариас үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаад зээлийн хүүг сар бүр 800 000 төгрөгөөр төлж, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн 25 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./ хэргийн 10 дугаар хуудасны ар тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээний нийт хүүд 4 853 350 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 800 000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 1 920 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 3 840 000 төгрөг нийт 10 560 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан бөгөөд талуудын тохиролцсноор хариуцагчийн 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төлсөн 4.853.350 төгрөгөөс 4.800.000 төгрөгийг зээлийн хүүд тооцох бөгөөд дээрх гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бусад мөнгөн хөрөнгийг үндсэн зээлээс хасч, хэтэрсэн хугацааны хүү төлүүлэхээр тооцох нь дээрх хуулийн заалтад нийцэх юм.

Иймд зээлдэгчийг 2012 оны 8 дугаар сарын 2-ны үндсэн зээлд 24 946 650 төгрөг /25 000 000-53 350=24 946 650/, төлөх үндсэн үүрэгтэй байсан гэж үзнэ.

Тодруулбал 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл төлөгдөөгүй үндсэн зээлийн үүрэг 24 946 650 төгрөгт ногдох төлөгдсөн хэтэрсэн хугацааны хүү 798 292, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 20 946 650 төгрөгт хэтэрсэн хугацааны хүү 3 477 119 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүртэл төлөгдөөгүй үндсэн зээлийн үүрэг 19 226 650 төгрөг, үүнд ногдох хэтэрсэн хугацааны хүү 1 127 822 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх төлөгдөөгүй үндсэн зээл 17 106 650 төгрөгт ногдох хэтэрсэн хугацааны хүү 2 399 487 төгрөг төлөх үүрэг хариуцагч буюу зээлдэгч М.Түмэндэлгэрт үүссэн тул үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүүд 27 142 899 төгрөг төлөх үүрэгтэй байна гэж үзнэ.

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар М.Түмэндэлгэрээс төгрөгийг 27 142 899 төгрөгийг гаргуулан "Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24.097.101 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Түмэндэлгэр шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 24 дүгээр байрны 98 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн 3 дахь заалтын 413 883 төгрөг гэснийг 293 664 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн төлсөн 342000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО